Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/292

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2221003040285 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, ******* овогт ******* /РД: *******/

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р баг “Дөрөө хороолол”-ын 421 тоот хашаанд   2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *******ийн толгойн тус газарт төмөр хувин шидэж, түүний эрүүл мэндэд зулайн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хохирогч нь хүүхэддээ орон сууц авч өгнө гэж надаас 10000.000 төгрөг авсан ба мөн нэмж 8000.000 нийт 18000.000 төгрөг авсан байдаг. Үүнээс 7400.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөрийг нь 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 7 тугалтай үхэр өгөхөөр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн. Хохирогч нь надад 3 тугалтай үхэр өгсөн боловч хамгийн муу малаа өгсөн байсан. Гэсэн ч миний хувьд тухайн тугалтай үхрийг нь 4500.000 төгрөгт тооцож авсан. ... үлдэгдэл 4 тугалтай үхрээ авъя гэтэл намайг хэл амаар доромжилсноор энэ асуудалд хүрсэн. Миний хувьд хохирогчийн толгой руу цохисон нь миний буруу. Энэ үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна...гэв.

 

       Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүгдэгч өнөөдрийн мэдүүлэгтээ намайг өөрийг нь хэл амаар доромжилж дайрсан гэж байна. Би 50 гаран настай, худлаа ярих хүн биш. Шүүгдэгч нь намайг Дашбалбар сумын төвөөр худлаа ярьж доромжилж, манайд өглөө, орой ирж хэрүүл хийдэг байсан. Би энэ хүнээс авсан мөнгөө өгөөгүй биш увуулан цувуулан өгч байсан. Бид хоёрын хувьд мөнгө өгөх талаар өмнө нь харилцан тохиролцсон зүйл байсан тул нөхрийгөө эмнэлгээс гарсны дараа өгөх нь тодорхой байхад манайд ирж санаатайгаар намайг зодож, “чамайг алаад хаясан ч яадаг юм, би хуулийг дийлнэ, чи мөнгөгүй, чи юу дийлэх юм” гэж хэлсэн. Намайг үнэн ярьж байгааг Дашбалбар сумын иргэд хэлээд өгнө. Миний ах дүү нар баян байж болох ч бүгд тус тусдаа амьдралтай. Миний хувьд тухайн мөнгийг өөртөө аваагүй хүүхэддээ байр авч өгсөн боловч манай хүүхэд тэр мөнгийг алдсан. Бид хоёрын хувьд 06 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцсон ба ******* нь 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос ирж, 07 дугаар сар гаргаад манайд ирэхэд нь 3 тугалтай үхэр өгсөн. Үүний дараа манай нөхрийн бие муудаж эмнэлэгт хэвтсэн. Үлдэгдэл 4 тугалтай үхрийг нь зүүн урдаас авч өгөх талаар тохиролцсон байсан боловч намайг манай гэрт очиж доромжилж, цохисныг нь ойлгохгүй байна. Чиний хэлсэн үгнүүдийг хэлбэл өчнөөн үг байна. Би нэг ч үг худлаа хэлэхгүй, чи бол үнэхээр худалч юм байна. Дашбалбар сумынхан хүртэл чамайг онгироо, наймаачинтай болсон талаар ярьж байсан. Хүнд боломжтой, боломжгүй үе байж болно. Гэхдээ би чамд өгье гэсэн хугацаандаа юмаа өгч байсан. 70 литрийн сав манай гэрийн гадаа байж байна. Мөн манай хивс дрож илжирсэн байдалтай байна. Мөн миний монетон ээмэгний нэг нь хаягдсан байна. Чиний хувьд надад сэтгэлээрээ биеэ эмчлүүлээрэй гэж мөнгө өгөөгүй. Энэ хэрэг гарсан өдрөөс хойш миний даралт хөдлөөд буухгүй байна. Миний толгойноос цус гарч сумын эмнэлэгт оёдол тавиулсан. Иймд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1500.000 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ миний хувьд өмнө нь шүүхийн байгууллагаар явж үзээгүй тул эмчилгээний баримт байхгүй байгаа...гэв.

 

   Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нөхөр хамт үлдэгдэл авлагаа асуухаар Дашбалбар сумын 5 дугаар багт оршин суух гэрт очоод авлагаа авах талаар ярилцахад шүүхдээ өгөөд ав гэж хэлсэн учраас манай нөхөр уурлаад гэрт байсан хувинтай усыг өшиглөж асгасан юм. Гэтэл Уранхайч уурлаж манай нөхрийн араас маажсан. Нөхөр ч маажуулсандаа уурлаж гадаа байсан төмөр хувин аваад Уранхайч руу шидэхэд түүний толгойг онож, толгойноос нь цус гарч байсан...” гэжээ. /хх-ийн 11-15 тал

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 472 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед зулайн зүүн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-26 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар:  Төмөр хувин 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг “Дөрөө хороолол”-ын 421 тоот хашаанд   2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч *******тай маргалдсаны улмаас  толгойн тус газарт төмөр хувин шидэж, түүний эрүүл мэндэд “зулайн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн болон хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 472 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “шүүгдэгчээс эмчилгээ болон замын зардалд нийт 1500.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “төмөр” хувин 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******ид буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогч ******* нь эмчилгээний болон замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “төмөр хувин” 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******ид буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ