Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ДШМ/57

 

  2019          07            23                                         2019/ДШМ/57

Г.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай  

                                                                                                                             

             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Т.Цэнд-Аюуш,

            Шүүгдэгч: Г.Н,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбаатар, Ж.Эрдэнэбилэг,

            Хохирогч нарын өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч: Б.Бат-Эрдэнэ,

            Иргэний нэхэмжлэгч: Ч.Бямбасүрэн,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Н-д холбогдох, эрүүгийн 1819003530031 дугаартай, 4 хавтас, 844 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын гомдлыг тус тус үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Э” ХХК-нд менежер ажилтай байсан, Дорноговь аймгийн Д сумын 5 дугаар баг, Олон-Овоо, Төмөр зам гудамж, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Таванхонгор овогт Галсангийн Н /РД:МЗ...1/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Д сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б, 3.7.а, 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчин урсгал сөрж 37-70 УНС улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.М, О.О, Х.Г нарын амь нас хохирч, хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүнд, хохирогч Н.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Таванхонгор овогт Галсангийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Г.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг,

шүүгдэгч Г.Н цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдаж, хэргийн газрын үзлэгийн явцад хийсэн дуу, дүрсний бичлэгийг хэргийн хамт хадгалахаар,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Наас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлд 5454015 төгрөг, Б.Оюунгэрэлд 6154703 төгрөг, Х.Түмэндэлгэрт 3443594 төгрөг, хохирогч Д.Б-д 1378972 төгрөг, Н.Э-д 441300 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Сансарт 506611 төгрөг, П.Норжинлхамд 120000 төгрөг, Ч.Бямбасүрэнд 17342850 төгрөг, Э ХХК-д 16000000 төгрөгийг,

Иргэний хариуцагч Э ХХК-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлд 2337435 төгрөг, Б.Оюунгэрэлд 2637730 төгрөг, Х.Түмэндэлгэрт 1475826 төгрөг, Ч.Бямбасүрэнд 7432600 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор,

Нэхэмжлэлээс иргэний нэхэмжлэгч Х.Түмэндэлгэрийн 10000000 төгрөгийг, хохирогч Д.Бын 1240000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэнгийн 10800000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар Х.Түмэндэлгэр, Д.Оюунгэрэл нар нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:Шүүхээс Г.Н-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байхад шүүхээс Г.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд 2019/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Т.Цэнд-Аюуш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2019.06.25-ны өдөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн байгаа. Үндэслэл нь шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч 5 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Энэ нь хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулах байтал 4 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулъя гэж эсэргүүцэл бичсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах гэхээр Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтээр 2019.04.25-ны өдөр Улсын их хурлаас өөрчлөлт оруулаад давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хүндрүүлж өөрчлөлт оруулах боломжгүй болсон тул эсэргүүцэлдээ өөрчлөлт оруулаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндэслэлийг гаргаж байна. Нэгэнт шүүхэд эсэргүүцэл бичигдсэнээс хойш ийм нөхцөл байдал үүсч байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн осол болох үед шүүгдэгч Г.Н-ын жолоодон явсан 92-23 дугаартай тээврийн хэрэгсэл нь Э ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд компанийн удирдлагаас Г.Н-д шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний хариуцагчийн тайлбараар тогтоогддог. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч Э ХХК бүрэн хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирол төлбөрийг хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад Э ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулаад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийн зохих хэсгийг төлж барагдуулсан, өөрийн эрүүл мэндийн байдал муу зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь ял хүндэдсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг  багасгаж, гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг иргэний хариуцагч Э ХХК-аас гаргулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид хохирол яаж гарна, төлнө.  Миний биеийн байдал, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би эрүүгийн хэрэгт Э ХХК-д холбогдуулан 4 шаардлага гаргасан бөгөөд 3 шаардлагыг буюу хавтангийн үнэ, машины эвдрэлийн үнэ, осол болсоны дараа гарсан зардал нийт 24775000 төгрөгийг хангаж шийдвэрлэж, ингэхдээ шүүгдэгч Г.Н-аас хохирлын 70 хувийг, Э ХХК-аас 30 хувийг гаргуулахаар шийдвэрлэж, олох байсан орлогод нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь: 1. Хохирлыг хувааж хариуцуулсан нь үндэслэлгүй. Яагаад өмч хөрөнгөө бусдад ашиглуулах боломж олгодог, хяналт байхгүй, хариуцлагагүй үйл ажиллагаатай хуулийн этгээдийн өмнөөс хэсэг хүмүүс хохирч үлдэх ёстой юм бэ, Э ХХК эд хөрөнгөдөө хайнга хандаж, ажлын бус цагаар тээврийн хэрэгслээ бусдад ашиглуулаагүй бол бид ингэж хохирох уу. Шүүх хохирлын асуудлыг шүүгдэгч, иргэний хариуцагчаас хуваарилан гаргуулахдаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг анхаараагүй. Э ХХК нь тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Над ажлын бус цагаар хэрэглэхийг зөвшөөрсөн байсан талаараа мэдүүлдэг. Тэгэхээр Иргэний хуулийн 499.4-т зааснаар эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлтэй ашиглаж байсан нь тогтоогдвол бусдад учирсан хохирлыг эзэмшигч, өмчлөгч өөрөө харилцан арилгах үүрэгтэй байгаа юм. Гэтэл шүүх Ныг замын осол гаргасан гол буруутай гэж 70 хувийг хариуцуулсан нь үндэслэлгүй байна. Дээрх хуулийн зохицуулалтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ жолоодон явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу Э ХХК нь хохирлыг хариуцах үүрэгтэй бөгөөд тэрээр дараа нь шүүгдэгч Г.Наас нэхэмжлэх эсэх нь тухайн өмчлөгчийн эрх юм. Иймд надад учирсан хохирлыг иргэний хариуцагч Э ХХК-аас гаргуулж өгнө үү.

2. Олох байсан орлого 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх миний зүгээс өгсөн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар баримт, мөн одоо явуулж буй тээврийн хэрэгслээс олсон ашгийг нэхэмжилж буй сул зогсолтын мөнгөтэй адилтган шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэл заасан. Би өөрөөс шалтгаалах бүхий л нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн, хуулбар хувийг нотлох баримтаар үнэлэхгүй, хуулбарыг заавал нотариатаар батлуулсан байна гэсэн хуулийн шаардлага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй тул шүүгч үнэлэх боломжтой байсан. Нөгөөтэйгөөр одоо явуулж буй тээврийн хэрэгслээс олсон ашгийг нэхэмжилж буй сул зогсолтын мөнгөтэй адилтган шийдвэрлэх боломжгүй гэж яагаад үзсэн нь ойлгомжгүй байна. Би тухай үед олох байсан орлогоо тодорхойлсон, энэ талаарх гэрээ болон бүхий л баримтыг хэрэгт хавсаргасан. Нэг машин яваагүйн улмаас би цаг хугацаа, тухайн тээврийн хэрэгслээр олох байсан орлогоо алдсан талаараа л нэхэмжилсэн. Миний олох байсан орлогыг хэрэгт өгсөн нотлох баримтаас хангалттай харах боломжтой. Би нэг машинтай байсан бол 4 сар машинаа тавьчихбал энэ нь олохгүй байгаа орлого гэж үзнэ. 1 машин 4 сард 8 удаагийн тээвэр хийчихсэн байгаа. Түүний тал хувийг нь нэхэмжилж байгаа. Нөгөө машинуудаараа олох ёстой орлого ийм байх ёстой гээд нотлох баримтуудыг нь гаргаж өгсөн. Энэ хүмүүс ийм хариуцлагагүй үйлдэл хийгээгүй бол мөрөөрөө ажил хөдөлмөрөө эрхлээд олох байсан орлогоо олоод явах байсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн олох байсан орлого 10 000 000 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас үүссэн гэм хорыг арилгахад эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй тухай заасан боловч хуульд ямар хэмжээгээр хариуцах талаар тусгаагүй тул анхан шатны шүүх дээрх байдлаар шийдвэрлэснийг шударга ёсны зарчимтай нийцнэ гэж үзэж байна.

Харин иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн нийт 35575500 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 10800000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 21775500 төгрөгийн 7432650 төгрөгийг Э ХХК-иас, 1734285 төгрөгийг Г.Наас тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн болон түүний тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Оюунбаатар нар 3770 УНС улсын дугаартай машинд 636 ширхэг хавтан ачиж явсан ба 478 ширхэг хавтан эвдэрч гэмтсэн тухай мэдүүлсэн. Гэтэл хавтаст хэрэгт 3770 УНС улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлд яг хэдэн ширхэг хавтан байсан болон хэд нь эвдэрч гэмтсэнийг тогтоосон баримт огт байдаггүй. Үүнийг тогтоосон ажиллагааг ч хийгээгүй байна. Ийм байхад Ч.Бямбасүрэнгийн нэхэмжлэлээс 21775500 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлээс хангасан 21775500 төгрөг нь хэдэн ширхэг хавтангийн төлбөр болох, 1 ширхэг хавтанг хэдээр үнэлсэн болон хэдэн төгрөг нь 3770 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан болох нь огт тусгаагүй байна. Уг хавтангийн хэд нь хилээр орж ирсэн талаар баримт байхгүй, машинд хэдэн хавтан байсан талаар баримт байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт эзэмшигч мөн хариуцах үүрэгтэй. Хуульд ижилхэн хэрэглэх заалтуудыг заачихсан түүнээс биш түүнээс хэдэн хувь, нөгөөгөөс нь хэдэн хувь гэж заагаагүй. Заагаагүй учраас шүүгдэгчийн үйлдэл, талуудын гэм хорын хэмжээ, нийгмийн аюулын хэр хэмжээ, энэ хэр хэмжээг харгалзан шүүхээс 70%, 30% гэж хуваасныг би үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч болон шүүгдэгч нар Э ХХК-д ажиллаж байсан хүмүүс байгаа. Тийм учраас хохирогч нарын хохирлыг 70%, 30% гэж хуваасныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Бямбасүрэнгийн хохирол төлбөрийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ажлын бус цагаар маршрутын бус замаар шөнө оройн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болсон асуудал юм. Хохирогч нар шүүгдэгчид та жолоогоо шилжүүлээ, эсрэг урсгал руу ороод байна гэж хэлсэн байдаг. Тэгтэл шүүгдэгч би та нарыг үхүүлэхгүй аваачаад өгнө гэж хэлсэн байдаг. Энэ нь өөрөө гэм буруугийн хэр хэмжээ, 3 хүний амь нас өнгөрсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ хангалттай байгаа тул хохирол төлбөрийг шүүгдэгч Н хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Эдгээр хохирлыг Э ХХК бүгдийг хариуцаад явах юм бол шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ялаас гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийн тухайд хуулийг зөвтгөж байгаа учраас ялыг хүндрүүлсэн зүйл биш гэж үзэж байна гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүчингүй болгох үндэслэл гэхэд хэцүү байгаа. Яагаад гэхээр энэ хэрэг дахин хэлэлцэгдээд явах гэхээр 3 хүнээ алдсан, хохирсон хүмүүсийн эрх ашиг гэж байгаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт байгаа ч гэсэн давж заалдах шатны шүүх гэм буруугийн асуудал дээр хүндрүүлэхгүйгээр 4 жилийг 5 жил болгоод өөрчлөх бүрэн боломжтой. Хохирол төлбөрийн хувьд хэрэгт авагдсан хохирлын баримтууд зөвхөн 3 хүнээ оруулахтай холбоотой зан үйлд зарцуулсан зардлыг нэхэмжилж байгаа. Шүүх гэм буруугийн асуудлыг авч хэлэлцэхдээ хувь тэнцүүлэн гаргасан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэсний дагуу шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, иргэний хариуцагчийн хариуцах хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд 70%, 30% гэсэн байдлаар тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хохиролтой холбоотой асуудлыг хэвээр үлдээж өгнө үү гэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр буюу анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал шүүгдэгч Г.Н согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Д сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б, 3.7.а, 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчин урсгал сөрж 37-70 УНС улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.М, О.О, Х.Г нарын амь нас хохирч, хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүнд, хохирогч Н.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Прокуророос түүнийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг, Анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгчийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж, шүүгдэгч Г.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн талаарх дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой эсэхийг бүрэн гүйцэд үнэлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлийн явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

            Түүнчлэн хэрэгт шинжлэн судлахаас татгалзсан, хүчингүйд тооцсон нотлох баримтгүй болох нь шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, тэдгээрийг хавтаст хэргийн материалтай танилцуулсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон баримт болох шинжээчийн №02/099 /хх-132/, 02/097 /хх-155/, 01/009 /хх-159/, 02/0137 /хх-165/, 02/0138 /хх-206/, 02/080 /хх-222/ 02/079 /хх-238/, 02/076 /хх-243/ дугаар дүгнэлтүүдийг тэдэнд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогчоос дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар “...тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ял оногдуулахдаа” хугацааг хуульд зааснаас өөрөөр буюу  4 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.    

Мөн шүүхээс “Нотлох баримтыг шалгаж үнэлэх” хуульд заасан журмыг зөрчсөн буюу иргэний нэхэмжлэл, хохиролтой холбоотой хавтас хэрэгт тусгагдсан нотлох баримтуудын аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тодорхойлоогүй, нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн баримтад үндэслэж, нэхэмжлэлийг шийдвэрлээгүй буюу хэрэгт байгаа нотлох баримтаас зөрүүтэй төдийгүй нэхэмжлэлээс хангаагүй хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн зарим хэсэг нь бодит байдалд  нийцээгүй, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэнгийн нэхэмжлэлээс хангаагүй хэсгийг дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

            Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар  “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр” анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх эрх, хэмжээтэй учир шүүгдэгчид оногдуулсан 4 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар “хүндрүүлж” шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй учир дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хангаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх, давж заалдах гомдлуудыг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Харин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн, иргэний нэхэмжлэгч Э ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын иргэний нэхэмжлэл, хохирол төлбөртэй холбоотой гомдлуудад болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар эцэслэн дүгнэлт хийгээгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн, иргэний нэхэмжлэгч Э ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Н нь 46 хоног цагдан хоригдсоныг дурдаж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА