Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0357

 

     

 

 

 

 

 

 

 

 

    “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,              

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газар

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 288 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0117/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Татварын ерөнхий газарт  холбогдуулан “М” ХХК-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 288 дугаар шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдолд хариу өгөхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. Орхон аймгийн хэлтсээс (газар) 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр "М" ХХК-ийг хууль тогтоомжийн дагуу АМНАТ төлөгчөөр бүртгэн, 2023 оны 10 дугаар 19-ний өдөр 296,246,239.36 төгрөгийн АМНАТ ногдуулсан. "М" ХХК нь дээрх татварын албаны шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 35/23 дугаар "Асуудал шийдвэрлүүлэх тухай" албан бичгээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт гомдол гаргасан байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т "гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг ойлгохоор заасан. "М" ХХК-ийн дээрх албан бичгийн агуулгаас үзвэл Орхон аймгийн татварын хэлтсийн АМНАТ төлөгчөөр бүртгэж, АМНАТ ногдуулсан үйл ажиллагааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн ба тус шийдвэрийг хянан үзэж, шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул "гомдол"-ын шинжийг агуулж байна.

3.2. Улмаар тус гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2-т заасны дагуу Татварын ерөнхий газраас хянан шийдвэрлэх зохицуулалттай ба Татварын ерөнхий газар нь гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч татварын албаны шийдвэр үндэслэлтэй талаарх хариуг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэнийг нотлох үйл баримт юм.

3.3. Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ өөрөө нягталж гомдлыг зөвшөөрөх, эсхүл үндэслэл бүхий тайлбар өгч татгалзсанаар шүүхийн үр ашиггүй маргаан үүсэхээс сэргийлэх явдал байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хянан үзэж, дүгнэлт өгөлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 2. Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2-т заасны дагуу татвар төлөгч нь татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалттай ба мөн хуулийн 81.2-т "Энэ хуулийн 81.1.1, 81.1.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй" гэж заасан.

3.4. Гэтэл "М" ХХК нь Татварын ерөнхий газрын шийдвэр буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар албан бичгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газарт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 49/23 дугаар албан бичгээр гомдол гаргасан нь хуульд заасан гомдол гаргах журмыг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр бол захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарсан шийдвэрийг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд гомдол гаргаж байгаа хэлбэр юм. Мөн татварын хууль тогтоомжид зааснаар Татварын ерөнхий газраас дээд шатны татварын алба гэж байхгүй болно. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 49/23 дугаар албан бичгийг Татварын ерөнхий газар шийдвэрлэж хариуг өгөөгүй, эс үйлдэхүй гаргасан гэж маргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан.

3.5. Өөрөөр бол хуульд заасан хугацаанд амаар, цахимаар, бичгэн гэх хэлбэрүүдээр огт хариу өгөөгүй бол эс үйлдэхүй болно. Татварын ерөнхий газар нь "Мй" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 49/23 дугаар албан бичгийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Том татвар төлөгчийн газарт шилжүүлсэн. Учир нь тухайн асуудлаар татвар төлөгч өмнө нь хандсан ба зохих хариуг авсан байсан. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас тус албан бичгийг Татвар төлөгчтэй харилцах хэлтэс болон Эрдэс баялгийн хэлтсийн татварын улсын байцаагч нарт цохсон ба тухайн татварын улсын байцаагч нар албан бичгийн шийдвэрлэлтээ утсаар болон уулзалтаар хариу мэдэгдсэн талаарх тэмдэглэлээ Teams программд үлдээсэн. Уг үйл баримтыг шүүхээс үзлэг хийж тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл ажиллагааг гомдолд эцэслэн хариу өгөөгүй эс үйлдэхүй гэж үзэж, "МЭко" ХХК-ийн гомдол гаргах, гомдлын хариугаа авах эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. нэхэмжлэгч “М” ХХК-иас Татварын ерөнхий газарт холбогдуулан “2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариу өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2.  Нэхэмжлэгчээс “...Татварын удирдлага, олон улсын татварын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Татварын ерөнхий газарт хандан гомдол гаргасан, ...гомдол гаргаснаас хойш хариу өгөхийг 30 хоног хүлээсэн боловч аливаа байдлаар хариу өгөөгүй” гэж, хариуцагчаас “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна, ...өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

2.3. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй.Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж, 99 дүгээр зүйлийн 99.1-д “Гомдлыг хянан шийдвэрлэсэн захиргааны байгууллага энэ тухай захиргааны акт гарсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор  гомдол гаргагч этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэж, түүнийг баримтжуулна” гэж тус тус заажээ.

2.4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-иас Татварын удирдлага, олон улсын татварын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Татварын ерөнхий газарт хандан гомдол гаргасан байх бөгөөд  тус гомдлыг хянаж, хариу өгөхийг Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчийн харилцах хэлтэс болон Эрдэс баялаг олон улсын татварын хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэсэн, тус хэлтсүүдээс ...ирсэн гомдолд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, гомдол гаргагчид утсаар болон уулзаж зөвлөгөө өгсөн талаар программд тэмдэглэсэн байх боловч гомдол гаргагч компанийн ямар дугаарын утсанд холбогдож хариу өгсөн, мөн компанийн ямар албан тушаалтантай уулзаж зөвлөгөө өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд хариуцагчийг гомдол гаргагчид хариу өгсөн гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...улсын байцаагч нарт цохсон ба тухайн татварын улсын байцаагч нар албан бичгийн шийдвэрлэлтээ утсаар болон уулзалтаар хариу мэдэгдсэн” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

           ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

                      ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН