Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 182

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр

Улсын яллагч: Б.Уранчимэг,

Шүүгдэгч Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Саранчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Бямбасүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031475 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол Улсын харъяат, 2001 оны 7 дугаар сарын 07-нд Завхан аймгийн Идэр суманд төрсөн, нас 15, хүйс эрэгтэй, боловсрол бүрэн бус дунд, мэргэжил байхгүй, 33 дугаар сургуулийн 10г дугаар ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, сансар-13 гудамж, 1 тоотод суух, Өөлд овогт Баяндалайгийн Бямбасүрэн /регистрийн дугаар ИЖ-01270731/

Шүүгдэгч Б.Бямбасүрэн нь насанд хүрээгүй Д.Мөнхдөлгөөн, Г.Амгалантөр нартай бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байранд нэвтэрч

  • 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо  Хувьсгалчдын-Г 18 дугаар гудамж, 459А тоотод суух Н.Мөнхзулын эзэмшилийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн зурагт хулгайлж 250.000 төгрөгийн;

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын-Г 18 дугаар гудамж, 459Б тоотод суух Д.Чулуунчимэгийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж 42 инчийн зурагт хулгайлж 800.000 төгрөгийн, нийт 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                   ТОДОРХОЙЛОХ НЬ:    

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүгдэгч Б.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 10-нд 2 найзтайгаа хамт тоглоом тоглож явж байхад Амгалантөр анх хулгай хийх санааг гаргаад Мөнхдөлгөөн тэр айлыг эзэнгүй байна гээд би дагаад орсон. Тэгсэн Амгалантөр 32 инчийн зурагт аваад гарч ирсэн. Тэгээд бид гурав Баянхошууны колонкийн буудал руу яваад Амгалантөр дэлгүүрт уг зурагтийг 30.000 төгрөгөөр зарсан. Мөн наадмын дараа бид гурав тоглоомын талбай дээр тоглож байтал Амгалантөр нөгөө айлд чинь дахиад хүн байхгүй байна, доод талын айл руу орьё гээд Мөнхдөлгөөн бид хоёр дагаад орсон. Уг нь би тэр айл руу орохгүй гэхэд Мөнхдөлгөөн, Амгалантөр хоёр өмнөх хэргийг чинь аав, ээжид чинь хэлнэ шүү гэж айлгаад хамт орж хулгай хийгээд гудамжаар 42 инчийн зурагтийг авч явж байгаад цагдаад баригдсан гэв.

 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 Эд зүйлийн үнэлгээ,

 Хохирогч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 09-нөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны хооронд гэр бүлээрээ хөдөө явчихаад ирсэн. Тэгтэл гэрийн хаалганы цоож эвдэрсэн гэрт байсан зурагт байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг,

 Гэрч Д.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын-Б 11 дүгээр гудамж 65 тоотод үйл ажиллагаа явуулах Их буянт хүнсний дэлгүүр дээр худалдагчаар ажиллаж байсан юм. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр намайг дэлгүүр дээрээ ажиллаж байхад 15, 16 цагийн орчимд санаж байна. Гаднаас 10 орчим насны нэг эрэгтэй хүүхэд орж ирээд зурагт авах уу? 30.000 төгрөг гэж хэлсэн тэгээд би тухайн хүүхдээс юун учиртай зурагт юм бэ? Хулгай хийсэн юм биш үү гэхэд тэр хүүхдийн хажуу талд дэлгүүрт үйлчлүүлж байсан эмэгтэй наад зурагтыг чинь би худалдаж авъяа гээд байхаар нь би юу ч гэсэн худалдаж аваад дараа нь ямар нэгэн асуудал гарвал шууд гаргаж өгнө гэж бодоод хэлсэн үнээр нь худалдаад авчихсан юм. Тэгээд тэр асуудлаас хойш 08 сарын эхээр цагдаа нар ирээд тухайн зурагтыг хулгайн зурагт байна гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн зурагтыг шууд гаргаж ирж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн юм. Би тухайн зурагтыг эвдэрсэн шатсан зурагт юм байх гэж бодоод нилээд хэд хоногийн дараа шалгаж үзтэл зүгээр ажиллаж байсан. Тэгээд тухайн үедээ шууд хулгайн зурагт гэдгийг мэдсэн бөгөөд хэрэв тухайн зурагтыг сураглаж хүн ирвэл шууд гаргаж өгнө гэсэн бодолтой гэртээ хадгалж байсан юм. Би ганцаараа олон хүүхэд харж дэлгүүр ажилуулдаг юм. Тэгээд тухайн үедээ тэгж зурагтых нь араас хөөцөлдөж явах зав болон боломж надад байгаагүй. Би тэр хүүхдийг танихгүй, сайн мэдэхгүй гэх мэдүүлэг,

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Эд зүйлийн үнэлгээ,

Хохирогч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтанд дахин өгсөн: ...манай хүүхдүүд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хөдөө явсан юм. Явахдаа надад гэрээ харж байгаарай гэж захисан бөгөөд манай гэрээс тэдний хашаа харагддаг юм. Тэгээд маргааш нь намайг үсчинд үсээ засуулж байхад утсаар хажуу айлын хүн залгаад танай хүүхдийн гэрт нь хулгай орсон байна гэж хэлсэн. Би сандарч гараад шууд гэрт нь очиход хашааны хаалга нь онгорхой, гэрийн хаалганы цоожийг нь эвдээд цоожин дээр нь зүүчихсэн гэрт нь зурагт нь байхгүй байсан тэгээд би цагдаад мэдэгдсэн тэгтэл тэр хүүхдүүд нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр баригдсан байсан. Би цагдаагийн хэлтэс дээр ирэхэд миний зурагтыг гаргаж өгсөн юм гэх мэдүүлэг,

  Яллагдагч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г-18-459А тоот айлд хулгай хийдэг өдөр 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Амгалантөр анх хулгай хийх санааг гаргасан. Тэгтэл Мөнхдөлгөөн тус тоот айл эзэнгүй байна, энэ айлаас хулгай хийе гэдэг санааг гаргасан юм. Тэгээд бид 3 тус айлийн онгорхой байсан хашааны хаалгаар ороод гэрийх нь цоожийг би төмрөөр эвдлээд би гэрт орж Амгалантөр гэрийн хойморт байсан зурагтыг ганцаараа өргөөд бид 3 гэрээс гараад Баянхошууны колонкын тэнд байдаг нэг дэлгүүрт Амгалантөр ороод 30.000  төгрөгөөр зарчихаад гараад ирсэн. Дараа нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г-18-459Б тоот айлаас наадмын дараахан Амгалантөр, Мөнхдөлгөөн бид гурав тоглоомын талбай дээр тоглож байхад Амгалантөр эхлээд нөгөө хулгай хийсэн айлд хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр айлын хашааны цаад талын буланд байсан нүхээр бид 3 ороод Мөнхдөлгөөн гэрийн хаалганы цоожийг хөшөөд дийлэхгүй болохоор туслаач гэхээр нь би очиж Мөнхдөлгөөн бид хоёр хамт тэр айлын хаалганы цоожийг хөшөөд гэрт нь бид 3 орж 42 инчийн зурагтыг нь хулгайлаад гудамжаар явж байгаад цагдаад баригдсан. Амгалантөр, Мөнхдөлгөөн бид 3 тоглож байгаад Амгалантөр, Мөнхдөлгөөн тэр 2 намайг ятгаж хулгай хийе гэдэг санааг гаргаж байсан юм. Бид гурав хэрэг үйлдэх талаар анх санаа төрсөн бөгөөд намайг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг ямар нэгэн хүн байхгүй. Сүүлд хулгай хийдэг өдөр Мөнхдөлгөөн, Амгалантөр хоёр намайг чи хулгай хийхгүй бол өмнөх хэргийг чинь гэрийхэнд чинь хэлнэ гэж айлгаад байсан учираас би айсандаа тэр хоёртой хамт хулгай хийсэн юм. Бид гурав 10.000 төгрөгөөр нь хувааж аваад мөнгөөрөө юм авч идээд компьютер тоглоом тоглосон гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Бямбасүрэн нь насанд хүрээгүй Д.Мөнхдөлгөөн, Г.Амгалантөр нартай бүлгглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байранд нэвтэрч

  • 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо  Хувьсгалчдын-Г 18 дугаар гудамж, 459А тоотод суух Н.Мөнхзулын эзэмшилийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн зурагт хулгайлж 250.000 төгрөгийн;

-2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын-Г 18 дугаар гудамж, 459Б тоотод суух Д.Чулуунчимэгийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж 42 инчийн зурагт хулгайлж 800.000 төгрөгийн, нийт 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  Хохирогч Н.Мөнхзулын ...2016 оны 7 дугаар сарын 09-нөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны хооронд гэр бүлээрээ хөдөө явчихаад ирсэн. Тэгтэл гэрийн хаалганы цоож эвдэрсэн гэрт байсан зурагт байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Би цагдаагийн хэлтэс дээр ирэхэд миний зурагтыг гаргаж өгсөн юм гэх мэдүүлэг,

  Гэрч Д.Мөнхчимэгийн …Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын-Б 11 дүгээр гудамж 65 тоотод үйл ажиллагаа явуулах Их буянт хүнсний дэлгүүр дээр худалдагчаар ажиллаж байсан юм. … Гаднаас 10 орчим насны нэг эрэгтэй хүүхэд орж ирээд зурагт авах уу? 30.000 төгрөг гэж хэлсэн тэгээд би тухайн хүүхдээс юун учиртай зурагт юм бэ? Хулгай хийсэн юм биш үү гэхэд тэр хүүхдийн хажуу талд дэлгүүрт үйлчлүүлж байсан эмэгтэй наад зурагтыг чинь би худалдаж авъяа гээд байхаар нь би юу ч гэсэн худалдаж аваад дараа нь ямар нэгэн асуудал гарвал шууд гаргаж өгнө гэж бодоод хэлсэн үнээр нь худалдаад авчихсан юм. Тэгээд тэр асуудлаас хойш 08 сарын эхээр цагдаа нар ирээд тухайн зурагтыг хулгайн зурагт байна гэж хэлсэн юм…гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Бямбасүрэнгийн …Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г-18-459А тоот айлд хулгай хийдэг өдөр 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Амгалантөр анх хулгай хийх санааг гаргасан. Тэгтэл Мөнхдөлгөөн тус тоот айл эзэнгүй байна, энэ айлаас хулгай хийе гэдэг санааг гаргасан юм… Дараа нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г-18-459Б тоот айлаас наадмын дараахан Амгалантөр, Мөнхдөлгөөн бид гурав тоглоомын талбай дээр тоглож байхад Амгалантөр эхлээд нөгөө хулгай хийсэн айлд хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр айлын хашааны цаад талын буланд байсан нүхээр бид 3 ороод Мөнхдөлгөөн гэрийн хаалганы цоожийг хөшөөд дийлэхгүй болохоор туслаач гэхээр нь би очиж Мөнхдөлгөөн бид хоёр хамт тэр айлын хаалганы цоожийг хөшөөд гэрт нь бид 3 орж 42 инчийн зурагтыг нь хулгайлаад гудамжаар явж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна

Шүүгдэгч нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн эх, эцэг нь манай хүүхэд зан төлөвийн хувьд эвдрээгүй хичээл сурлагандаа сайн хойшид бид засарч хүмүүжихэд нь анхаарна гэсэн тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт Баяндалайгийн Бямбасүрэнг 14 насанд хүрээгүй Д.Мөнхдөлгөөн, Г.Амгалантөр нартай бүлэглэж, давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 1050000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Б.Бямбасүрэнг эд хөрөнгө хураалгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар ялтанд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Бямбасүрэнд 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилээр хойшлуулж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх Г.Саранчимэгт хариуцуулахыг дурдсугай.  

 

5. Шүүгдэгч Б.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ё.ЦОГТЗАНДАН