| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2022/0286/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/291 |
| Огноо | 2022-09-23 |
| Зүйл хэсэг | 24.7.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/291
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч С.Ариунаа
Иргэний хариуцагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 221001680287 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******. /РД: *******/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Дорнод аймгийн сумын 4-р багийн нутаг “” гэх газарт Пропокс маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж улмаар хуримтлагдсан өвснөөс гал гарч хээрийн түймэр гарч бэлчээрийн зориулалттай 25,301 га, хилийн хориотой зурвас 30,724 га буюу нийт 56,025 га талбай шатаж байгаль экологид 155,398,742 (нэг зуун тавин таван сая гурван зуун ерэн найман мянга долоон зуун дөчин хоёр) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 07 цаг өнгөрч байхад ******* бид хоёр Хавирга өртөө рүү явж байсан. ... Хавирга өртөө таарахгүй байхад нь буруу замаар орсон гэдгээ мэдсэн. Гэхдээ бид хоёрын явж байсан зам их тод байсан учир цааш явсан. Нэлээн явж байгаад айл таарсан ч бид хоёр зам асуулгүй цааш явж байгаад өвс ачсан машинтай таарсан. Тухайн машинаас зам асуухад бид хоёрыг Хилийн замаар явж байна, баруун талын тод замаар яваарай гэж хэлсний дагуу тухайн замаар цааш явсан. Тэр зам нь тод байж байгаад сүүлдээ бүдгэрч замгүй болсон. Тэр үед хойд талд айл харагдаж байсан тул айлаас зам асуух гээд өвс багатай газраар явж айл руу очиж зам асууж, айлыг тойроод цааш явж байтал хүмүүс хашгиралдсан. Улмаар зогсоод хартал бид хоёрын машин байрлуулсан байсан дөрвөлжин мөрөн дотор гал гарч байсан. Тухайн галыг унтраах гэтэл айлын хүмүүс машин чинь шатаж байна гэхэд нь машин руугаа эргэж очиж машинаа хөдөлгөхөд машин доор асаж байсан гал бүрэн зогссон. Машины гал зогсож, нөгөө гал руугаа очиж унтраах гэсэн боловч тэр үед салхи ихтэй байсан тул тухайн галыг алдсан. Ийм л зүйл болсон...гэв.
Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед бид хоёр хамт явж байсан ба Хавирга өртөө хүрэх ёстой юм даа гэж бодсон боловч замдаа төөрсөн. ... замд өвс ачсан машин таарч зам асуухад тод замаар яваарай гэж зам зааж өгсөн боловч тухайн зам нь сүүлдээ байхгүй болсон. Бид хоёр цааш явж байхад айл таарч тухайн айлаас зам асуухаар очсон. Бид хоёрын хувьд тэр үед түймэр гарна гэж огт бодоогүй, бид хоёрт тийм ойлголт байгаагүй. Бид хоёрын тухайд төлбөр мөнгийг хувааж төлнө гэж ярьсан зүйл бол байгаа. Гэхдээ шинжээчийн зардал болох 3000.000 төгрөгийг төл гэж надад хэлээгүй. Миний хувьд энэ мөнгийг төлөх талаар сая мэдэж байна...гэв.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчим сумын Засаг даргын тамгын газрын дарга утсанд сумын 4-р багийн иргэн залгаж ... “” гэх газар хээрийн түймэр гарсан гэх дуулга ирсэн. ... түймэрийг тамгын газраас хүн гаргаж унтраасан. Түймэр унтраахад гарсан зардлыг гаргуулж авсан харин байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед хээрийн түймэр гарсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 33 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын 4 дүгээр багийн гэх газарт эцэг, эхийн хамтаар мал маллан амьдардаг. Тухайн өдөр 13 цагийн орчим манай гэрт 2 эмэгтэй хүн ирээд зам асуугаад хөдлөхөд уг машин зогсож байсан газар өвс шатахад нь би гүйж очиж унтраагаад хойшоо харахад гал гарч байсан...” гэжээ. /хх-ийн 62-66 тал/
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/40 тоот дүгнэлтэд:
1. Уг хээрийн түймрийн улмаас байгаль орчинд нийтдээ 155.398,742 төгрөгийн хохирол учирсан байна.
2. Дорнод аймгийн хохирлын акт тогтоох ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/01 дугаартай хохирол тогтоосон акт нь үндэслэлгүй байна.
3. Шууд хохирол нь 155.398,742 төгрөг бөгөөд шууд бус хохирлын хэмжээг шинжээчийн зүгээс тогтоох боломжгүй байна.
4. Түймэрт өртсөн нийт талбай нь 56,025 га боловч бэлчээрийн зориулалттай талбай нь 25,301 га, үлдсэн 30724 га талбай нь хилийн хориотой зурвас дахь талбай байна гэжээ. /хх-ийн 62 тал/
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 045/07 тоот дүгнэлтэд:
Хариулт-1. Боломжтой.
Хариулт-2. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, оролцогч нарын мэдүүлэгтэй уншиж танилцахад уг тээврийн хэрэгсэл нь ой, хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй хаврын хуурайшилтын улирлын үед замгүй газраар өндөр ургасан өвстэй газраар зорчин явснаас тээврийн хэрэгслийн доод хэсэг болох явах эд ангиуд, хөдөлгүүрийн доод хэсэгт өвс хуримтлагдаж, улмаар яндангийн халах гадаргууд хялбар шатах өвс ургамал хүрэлцсэнээс цонолт өгч уугин шатаж, улмаар тээврийн хэрэгслийн доод хэсэгт хуримтлагдсан өвс ургамалд тархан дэлгэрч шатлага явагдсан байна.
3. Үгүй гэжээ. /хх-ийн 73 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12-17 тал/
- *******гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41, 79-80 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт Пропокс маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж улмаар хуримтлагдсан өвснөөс хээрийн түймэр гарч бэлчээрийн зориулалттай 25,301 га, хилийн хориотой зурвас 30,724 га буюу нийт 56,025 га талбай шатаж байгаль экологид 155.398,742 (нэг зуун тавин таван сая гурван зуун ерэн найман мянга долоон зуун дөчин хоёр) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/40 тоот дүгнэлт, бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 045/07 тоот дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 155.398,742 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 155.398,742 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 155.398,742 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас гал түймрийг унтраахад 1580.500 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гал түймрийг унтраахад гарсан зардлыг Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт бүрэн төлж барагдуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан ба байгаль орчинд учирсан хохиролд “Нуман-Алтай” ХХК-нь шинжээчийн дүгнэлт гаргаж, түүний зардалд 3000.000 төгрөг зарцуулсныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэн шүүгдэгч *******гаас гаргуулах нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба шүүгдэгч *******гаагийн унаж явсан Пропокс маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч *******ийн өмчлөлийх болох нь шүүгдэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогдож байх тул байгаль экологид учирсан 155.398,742 төгрөгийг тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэний хариуцагч *******ээс гаргуулах нь зүйтэй ба шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “...гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж багасгаж болно” гэж зааснаар түүний байгаль экологид учруулсан хохирлыг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар иргэний хариуцагч *******ийн эд хөрөнгийн байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 155.398,742 төгрөгийг багасган 1.553.987 /нэг сая таван зуун тавин гурван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 155.398,742 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар иргэний хариуцагч *******ээс байгаль экологид учирсан гэм хорын хохиролд нийт 1553.987 /нэг сая таван зуун тавин гурван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайвны өргөн чөлөөний 59Б-д байрлах “Нуман Алтай” ХХК /ХТА5611 5417422/-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түймэр унтраахад гарсан зардал 1580.500 төгрөгийг Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ