Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

2022        09           13                                     2022/ШЦТ/165

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Э.Ариунболд, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны  танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т  холбогдох 2236001930193  дугаартай 178/2022/0164/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны  өдөр хялбаршуулсан  журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд ******* оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ард захчин, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа гэр хоёр, пронтер маркын авто машин нэг, 450 толгой мал, жилийн өрхийн орлого хорин сая төгрөг, ял шийтгэлгүй, **************  дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* 

             Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.******* нь  Ховд аймгийн ******* сумын багийн нутаг  “Муруй” гэх газар 2022 оны 06 дугаар сарын 13- ны өдөр эхнэр Ц.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан малын шилбүүрээр зодож, түүний биед баруун мөрний хэсгийн цус хуралтууд, баруун далны зүүн доод хэсгийн цус  хуралт, зүүн суганы ар доод хэсгийн цус  хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн цус  хуралт бүхий хөнгөн  гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн...  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед эхнэрийгээ “сааль хийсэнгүй, ямааныхаа сүү зарлаа” гэж маргалдсан.  Эхнэр бид хоёр эвлэрсэн. Хамтдаа амьдарч байгаа. Цаашид  дахин алдаа гаргахгүй амьдарч чадна.  Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл... / хэргийн 05-06 дугаар  хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар  сарын 21- ний өдрийн 535 дугаартай...Ц.*******ийн биед гэмтэл учирсан байна. Ц.*******ийн биед баруун мөрний хэсгийн цус хуралтууд, баруун далны зүүн доод хэсгийн цус  хуралт, зүүн суганы ар доод хэсгийн цус  хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ц.*******ийн  биед учирсан дээрхи  гэмтлүүд нь  мохоо  зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.*******ийн  биед учирсан дээрхи  гэмтлүүд нь  гэмтлийн зэрэгт хамаарна.  Ц.*******ийн биед учирсан  дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.*******ийн  биед учирсан дээрхи  гэмтлүүд нь  ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.*******ийн биед учирсан дээрх цус  хуралтууд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...гэх дүгнэлт, гэрэл зураг  / хэргийн 22-23 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч / Ховд аймгийн ******* сумын багт оршин суух, 1982 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй/  Отгууд ургийн овогт Цэдэнбалын *******ийн өгсөн... Ховд аймгийн ******* сумын багийн “Муруй” гэх газар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ямаагаа холбох гэж байтал манай нөхөр Г.******* шалтгаангүй уурлаж, ямаа холбож байсан дээсээр миний нуруу, мөр, гар хэсэгт нэлээн хэдэн удаа цохисон. Намайг зүгээр байгаач гэхээр өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Манай охин А.Алтанцэцэг нь намайг өмөөрөхөд малын шилбүүр аваад миний гар, нуруу хэсэгт мөн цохисон. Намайг зугтах гэхээр хашааны буланд зогсоод гаргахгүй байсан. Тэгээд намайг ”ямаа саа” гээд  хүчээр ямаа саалгуулсан. Ямаагаа саагаад  гэртээ орсон. Г.******* адуундаа явсан. Орой болохоор нь би гэрээсээ зугтаасан. Тэр шөнө яваад хүргэн ах Д.Заяатын гэрт очсон. Бид хоёр 2005 онд гэр бүл болсон. Дөрвөн хүүхэдтэй, хамт амьдраад 17 жил болж байна. Манай нөхөр архи уудаг, архи уухаараа зоддог байсан. Одоо  сүүлдээ эрүүл зоддог болсон. Ер нь архины хамааралтай хүн байгаа...гэх мэдүүлэг  /хэргийн 40-41 дүгээр хуудас/   

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай хүүхдүүд ямаагаа сааж байгаад нэгнийгээ үхсэн зүүлэг чинь гээд хараагаад байхаар нь та нар нэгнийгээ яагаад хараагаад байгаа юм, ээж чинь намайг тэгж хараадаг гээд эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад ямаа холбож байсан дээсээр эхнэрийнхээ зүүн мөрөн дээгүүр хоёр удаа цохисон. Манай эхнэр зугтаахаар нь малын шилбүүрний модоор зүүн хөлийн шилбэ рүү хоёр удаа цохисон. Тэгээд  дахин маргалдаж байгаад адуундаа явсан. Адуунаас ирэхэд л манай эхнэр уурласан   байдалтай чимээгүй байсан. Би дахин хэрүүл маргаан болоогүй. Шөнө мал үргэхээр нь малаа хураачихаад орж ирэхэд манай эхнэр байхгүй байсан. Шөнө 11 цаг 40 минут болж байсан. Тэгээд шөнө эхнэрээ хайгаад олоогүй. Өглөө нь уулын толгойд нар цохисон үед *******  сумын “Улаан халцгай”  гэх  газар өөдөөс нь мотоцикльтой хүн тосож авч байсан. Би сургуульд суугаагүй, айлын дөрөв дэх хүүхэд, эхнэртэйгээ 2005 онд гэр бүл болсон. Дөрвөн хүүхэдтэй, *******0 толгой малтай, Увс аймагт цэргийн алба хаасан. Манай эхнэр хамт амьдарна гэвэл цаашид хамт амьдарна...гэх мэдүүлэг / хэргийн 51-52 дугаар хуудас/  зэрэг болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи  нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Г.******* нь  Ховд аймгийн ******* сумын багийн нутаг  “Муруй” гэх газар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр   саалийнхаа ямаагаа холбож байх үедээ эхнэр Ц.*******тай “ сааль хийсэнгүй, сүүгээ зарлаа, хүүхдүүдээ хоорондоо маргалдлаа” гэх шалтгаанаар  ямаа холбож байсан дээсээр эхнэр Ц.*******ийн мөр нуруу, гар, мөн малын шилбүүрийн модоор хөл, гар  нуруу хэсэг рүү нь цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...баруун мөрний хэсгийн цус хуралтууд, баруун далны зүүн доод хэсгийн цус  хуралт, зүүн суганы ар доод хэсгийн цус  хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн цус  хуралт...гэх гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******,  хохирогч Ц.******* нар нь  2005 оны 09 дүгээр сарын 27- ны өдөр гэр бүл болсон нь  гэрлэлтийн  бүртгэлд бүртгүүлсэн нь хэргийн10 дугаар хуудас дахь 8*******287091025  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь  эхнэр Ц.*******ийг  ямаа холбож байсан дээсээр болон малын шилбүүрийн модоор нуруу, хөл гаранд нь цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь өөрийн эхнэр Ц.Олонтунгалагтай урьд нь маргалдаж байсан, архи уудаг, эрүүл үедээ маргалдаж зоддог  байсныг хохирогч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, хэргийн 05-06  дугаар  хуудас дахь “аюулын зэргийн үнэлгээ”- гээр ...Хүчирхийлэл үйлдэгч нь согтууруулах ундаа хэрэглэдэг, хэл амаар доромжилдог...гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.*******ийг  ямаа холбож байсан дээс болон малын шилбүүрийн модоор эхнэр Ц.*******ийн гар, мөр, нуруу хэсэгт цохиж,  эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл  учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэж үзэх  үндэслэлтэй байна.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэргийн 2.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...гэх хүндрүүлэх шинжтэйгээр гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-дахь хэсэгт  зааснаар зүйлчлэхээр заажээ. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.*******ийг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун  тавин мянган  төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Г.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ц.******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Г.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан  “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                          2.Хохирол хор уршигийн талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* нь хэргийн материал танилцах үедээ ямар нэгэн гомдол санал байхгүй талаараа  тэмдэглэсэн байх тул шүүгдэгч Г.******* нь  энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                                    3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.******* нь  нь анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь хэргийн 60 дугаар хуудас дахь “ Эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас ”- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******ийн хувийн байдлын талаар... иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, 2021 онд 386 толгой мал тоолуулсан тухай мал тооллогын бүртгэл, Ховд аймгийн ******* сумын багийн Засаг даргын...Манай багийн иргэн *******ын ******* нь ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт  манай багт байнга оршин суудаг...гэх тодорхойлолт, гэрч Н.Сүхбатын өгсөн...Миний зээ дүү Г.******* нь ******* онд Ховд аймгийн ******* суманд төрсөн, сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй, цэргийн алба хаасан, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт мал маллаж амьдардаг. Би хамт амьдардаггүй болохоор гэр бүлдээ ямар ааш гаргадаг талаар мэдэхгүй. Г.*******ийн хувьд хүн чанар сайтай. Эхнэр хүүхдүүдийн хамт  мал маллаж амьдардаг. Амьдралын хувьд боломжийн. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч З.Цэндхүүгийн өгсөн... Г.******* нь багаасаа мал малласан. Эцэг, эхийн хамт амьдарч байгаад тусдаа гарсан. Одоо эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт мал маллаж амьдарч байна. Манай бэр Ц.*******ч ч  сайн хүн. Г.*******ийн хувьд хүнтэй нэг их дуугараад байдаггүй, дуугүй мал маллаад явж байдаг. Г.******* нь урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг  зэрэг болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.******* нь  хохирогчид  төлөх төлбөргүй,  гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             Шүүгдэгч Г.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Г.*******ийн  үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   зааснаар шүүгдэгчид  таван зуун  тавин нэгжтэй тэнцэх  тэнцэх хэмжээний  таван зуун тавин  мянган  төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.*******т  оногдуулсан  таван зуун тавин  мянган төгрөгний торгох ялыг  шүүгдэгчийн  өмгөөлөгчийн  дүгнэлт,  улсын яллагчтай ял тохиролцсон  байдал  зэргийг  харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4  сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж,  шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 2236001930193  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,   шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон          ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан  “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т   таван зуун  тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун  тавин мянган   төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн 2236001930193  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,   шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Г.*******т  оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Г.*******т тайлбарлаж, шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

              ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА