Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/169

 

2022        09           15                                   2022/ШЦТ/169

 

 

                  

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Ариунболд, шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ургийн овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2*******5000000198 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: **************.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.******* нь Ховд аймгийн ******* сумын Төгрөг гол багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр урьдын таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.*******н нүүрэн тус газар мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2*******5000000198 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас);

- Хохирогч С.*******гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас);

- Гэрч Э.Батзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Гэрч Т.Цэцэнхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас);

- Хохирогч С.*******н биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10976 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.*******аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч С.*******н “2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би Ховд аймгийн төвөөс ******* суман дахь гэртээ очсон. Гэртээ байж байтал манай ангийн хүүхдүүд над руу залгаад “ангийн охин Сувд-Эрдэнийн хуримд очъё” гэхээр нь би яваад очиход манай ангийнхан хуримаас гараад гол дээр байсан. ...Намайг очиход нэг шил архи задлаад хоёроос гурван удаа тойруулсан. Тэгэхэд Ө.******* ангийнхантай барилдаад байж байсан. Би ангийнхаа хэсэг хүмүүстэй юм яриад зогсож байтал Ө.******* миний урдаас ирээд хавираад намайг унах гэхэд татаж аваад миний хамар луу мөргөсөн. ...Намайг зогсож байхад баруун хөлөөрөө хавираад би тэнцвэр алдахад хоёр гараараа жийнсэн куртикнээс татаж хамар хэсэгт мөргөсөн. ...2019 онд архи ууж байгаад бас маргалдаж зодолдож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас);

- Гэрч Э.Батзаяагийн “...Ө.******* буцаж ирээд С.*******г барьж аваад мөргөчихсөн. ...С.******* Ө.*******ы эхнэрийг урьд нь янхан гэж хэлсэн гээд тухайн үедээ хэлж хэрэлдэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Гэрч Т.Цэцэнхүүгийн “...Ө.******* гол дээр очоод буцаж ирээд С.*******г хавираад унахгүй зууралдахад нүүрэн хэсэгт мөргөчихсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас);

- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч Ө.*******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн С.*******н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар Ховд аймгийн ******* сумын Төгрөг гол багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 29-ний шөнө шүүгдэгч Ө.******* нь урьдын таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.*******н нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч С.******* “...2019 онд архи ууж байгаад бас маргалдаж зодолдож байсан” гэж (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), гэрч Э.Батзаяа “...С.******* Ө.*******ы эхнэрийг урьд нь янхан гэж хэлсэн гээд тухайн үедээ хэлж хэрэлдэж байсан” гэж (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас) тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг урьдын таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн биед халдсан гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.*******ы үйлдлийн улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал гэмтлүүд учирчээ. Хохирогчийн биед учирсан уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд болох нь шинжээчийн 10976 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас)-ээр нотлогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ө.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч С.*******н “Сүхбаатар овогтой ******* миний бие нь эрүүгийн 2*******6000000198 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцсон. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), шүүгдэгч Ө.*******аас хохирогч С.*******н эцэг Д.Сүхбаатарын Хаан банк дахь 5853063190 дугаарын дансанд 3’000’000 төгрөгийг шилжүүлсэн болохыг нотолсон Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримт зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь нотлогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ө.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), шүүгдэгч Ө.*******ы яллагдагчаар өгсөн “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурор, шүүгдэгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.*******д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ө.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА