Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0346

 

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0346

Улаанбаатар хот

 

 

 

Д.О-ын  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Д.О;

 

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: С.Я

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэртэй;

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.С,

Хариуцагч Ч.С,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Н нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 113/2019/0009/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.О-аас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин 23.962.161 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.

 

  2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0002 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын  нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгч Д.О-аас давж заалдах гомдолдоо: ... нэхэмжлэгч Д.О миний бие Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч миний бие Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг 2024 оны 04 сарын 24-ний өдөр гардан авсан болно. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь,

 

3.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Дээрх нэхэмжлэлийг гаргах урьдчилсан нөхцөлд захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс /эс үйлдэхүй/ эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулснаас нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн байх, түүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байхыг шаардана. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхгүй байгаа хууль бус үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ байхаас гадна тухайн үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр гарах үед бодитой хохирол учирсан учирсан байгаа тохиолдолд л шүүх нэхэмжлэлийг хангана” гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 12 сарын 15-ны өдөр тодруулж өгөхдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 болон 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу Д.О намайг хууль бусаар ажлаас халсан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас надад учирсан хохиролд 23 962 161 төгрөг нэхэмжилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж тодорхойлсон. Д.О намайг ажлаас хууль бусаар халсан болохыг Төрийн албаны зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгох тухай” 376 дугаар тогтоолоор тогтоож, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг зарга 2020 оны 12 сарын 14-ний өдөр Д.О намайг ажилд эгүүлэн томилсон болно. Өөрөөр хэлбэл, миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол буюу хууль бусаар ажлаас халсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

3.1.1. Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа нь Д.О намайг хууль бусаар ажлаас халсан сумын Засаг даргын захирамж бөгөөд тухайн захирамжийг хууль бус гэдгийг холбогдох эрх бүхий байгууллага нь нэгэнт тогтоосон учир тухайн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байгаа билээ. Талууд цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөхгүй байгаа талаар огт маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Уг нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхгүй байгаа хууль бус үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй байх” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаагүй асуудлыг тусгаж, хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Мөн “тухайн үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр гарах үед бодитой хохирол учирсан байгаа тохиолдолд л шүүх нэхэмжлэлийг хангана” гэж дүгнэн хуулийн буруу тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д “шүүхийн шийдвэр гарах үед бодитой хохирол учирсан байх” гэсэн урьдчилсан нөхцөл тавигдаагүй бөгөөд харин ямар хохирол учирсан болохыг нэхэмжлэгч тодорхойлж шүүхээс тухайн хохирлыг бодитой хохирол мөн эсэхэд дүгнэлт хийхээр байна.

 

3.1.2. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Д.О намайг хууль бусаар ажлаас халсны улмаас надад учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 23 962 161 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх хохирол нь үндэслэлтэй эсэх буюу бодитой тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийх учиртай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж хүчингүй болгосон тул тус хэрэг анхны нэхэмжлэл гаргасан байдалдаа очсон буюу миний гаргасан нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэгдээгүй байгаа гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага тодруулсан. Өөрөөр хэлбэл, тус хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хүчингүй болсон шийдвэрээс өмнөх нөхцөл байдал сэргэж байгааг анхаарах шаардлагатай бөгөөд хүчингүй болсон шийдвэрийг биелүүлсэн нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд нөлөөлөх ёсгүй. Гэтэл анхан шатны шүүх “шүүхийн шийдвэр гарах үед бодитой хохирол учирсан байх” гэж хэргийг нөхцөл байдлыг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн. Нөгөө талаас, тус захиргааны хэргийг Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэдий ч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга нь тус шүүхийн шийдвэрийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 14-ний өдрийн 02 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлсэн байдаг.

 

3.1.3. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болсон Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаар захирамжийг гуравдагч этгээд С.Я шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас хянуулж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 123/ШТ2023/0002 тогтоолоор хүчингүй болгосон, тус тогтоол одоо хүчин төгөлдөр байгаа болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ.” гэж заасан.

 

Мөн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 123/ШТ2023/0002 тогтоолын 3-т “...биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлэхийн дурдсугай” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хүчингүй болгосон биелэгдсэн шийдвэрийг хэрхэх талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Захирамжийг хүчингүй болгох” тогтоол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу заавал биелэгдэх ёстой буюу Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаар захирамж хүчингүй болсон тул тус захирамжийн дагуу хийгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цуцлагдах эсэх асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой боловч дүгнэлт хийлгүй нэхэмжлэгч намайг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авсан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлсэн тул нэхэмжлэгчид бодитой хохирол учраагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

 

3.1.4. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д “Гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосон бол энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ажиллагааг цуцална.” гээд 119 дүгээр зүйлд 119.1-д “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ.” гэж заасан хуулийн заалтыг харгалзан үзээгүй.

 

3.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Гэтэл нэхэмжлэгч Д.О-ын хувьд шүүхээс шалтгаалахгүйгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар маргаан бүхий актууд хүчингүй болж, эрх бүхий албан тушаалтан урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул захиргааны эрх зүйн ерөнхий зарчим болох эрх сэргэх тухай ойлголт энэ тохиолдолд яригдах боломжгүй юм” гэж ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Учир нь, хариуцагчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлтийг Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмын дагуу биелүүлсэн бөгөөд энэ талаарх баримт болох гүйцэтгэх хуудас хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх “шүүхээс шалтгаалахгүйгээр ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

Нэг. Маргаан бүхий үйл баримтын талаар;

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Д.О-аас “...Шивээговь сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас надад учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор /нэг жил 9 сар гаруй ажилгүй байсан хугацааны цалин/ 23,962,161 төгрөгийг Шивээговь сумын Засаг даргаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн байна.

1.2. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаартай тогтоолоор сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаартай захирамжийг хүчингүй болгосон тул ... Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/24 дугаартай захирамжаар Д.О-ыг Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилсон. ...Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний А/138 дугаар захирамжаар Д.О-ын  ...ажилгүй байсан хугацааны 23,962,161 төгрөгийг олгож, ... нийгмийн даатгалын 100220090 данс руу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхээр шилжүүлсэн. ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн” гэж тайлбарлажээ.

1.3. Дээрх үйл баримтад тулгуурлан анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Д.О-ын хувьд шүүхээс шалтгаалахгүйгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар маргаан бүхий актууд хүчингүй болж, эрх бүхий албан тушаалтан урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсөн болох нь нотлогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хоёр. Хууль хэрэглээний талаар;

2.1. Нэхэмжлэгч Д.О нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны Б/09, 2020 оны Б/13 дугаар захирамжуудыг хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж заасантай нийцжээ.

2.2. Төрийн албаны зөвлөл нь Д.О-ын гомдлоор Шивээговь сумын Засаг даргын 2019 оны Б/09, 2020 оны Б/13 дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, Төрийн албаны тухай хуулийн 65, 75, 76 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар тогтоолоор хууль зүйн үндэслэлгүйд тооцон хүчингүй болгож, урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн нь одоо хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.

2.3. Гуравдагч этгээд С.Я-ээс /хуучин Сумын засаг дарга байсан/ Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 376 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2023/6020 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.4. Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг үндэслэн хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А/138 дугаартай захирамж гарган нэхэмжлэгчид нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны 23,962,161 төгрөгийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр нийгмийн даатгалын 100220090 тоот дансанд шилжүүлснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн;” гэж заасан хуулийн зохицуулалтын дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

2.5. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дурдсан 23,962,161 төгрөгийг 2021 оны 09 сард хариуцагчаас авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэснээр нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бодитоор биелүүлснээ нотолсон байна.

2.6. Нэгэнт биелэгдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийг үндэслэн цуцлах талаар шийдвэр гаргаагүй, талууд энэ талаар маргаагүй болох нь тогтоогдож байх ба Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана:”, 61.1.1-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, ... авах;” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.О-ын  төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа авах эрх хөндөгдөөгүй байна.

2.7. Хэрэв нэхэмжлэгчээс нэгэнт биелэгдсэн шийдвэртэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдсөн захиргааны шийдвэр гарсан тохиолдолд шүүхэд хандах эрх нь нээлттэй болно.

2.8. Төлбөр төлөгч болох хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар маргаагүй, бодитойгоор биелэгдсэн байхад нэхэмжлэгчийн “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, 119 дүгээр зүйлийн 119.1-д “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох...” гэж заасан хуулийн заалтыг харгалзан үзээгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч 2021 онд бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгчээс ажил үүргээ гүйцэтгэж хөдөлмөрлөх эрх, цалин олговроо авах, эрх хуулийн дагуу бүрэн хамгаалагдсан, тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд буюу 2020 оноос 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул анхан шатны шүүх “... нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхгүй байгаа хууль бус үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ байхаас гадна тухайн үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр гарах үед бодитой хохирол учирсан байгаа тохиолдолд л шүүх нэхэмжлэлийг хангана” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн заалттай нийцжээ.

4. Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн113/ШШ2024/0002 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.1” гэж нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН                                

ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ 

 

ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА