| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2022/0117/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/127 |
| Огноо | 2022-08-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ч, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Энхболд (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б ургийн овогт М-гийн А, Т ургийн овогт Ц-гийн Ө, Н Д ургийн овогт Б-гийн Б, Б ургийн овогт Г-ын Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135001870061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б ургийн овогт М-гийн А, 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, нөхөр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 28-27 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ос...............................
Монгол Улсын иргэн Т ургийн овогт Ц-гийн Ө, 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 2-2 тоотод оршин суудаг (Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 13-19А тоотод оршин суух хаягтай), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ой......................
Монгол Улсын иргэн Н Д ургийн овогт Б-гийн Б, 1959 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл хоёр, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороонд түр оршин суудаг (Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 21-32 тоотод оршин суух хаягтай), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ою............................
Монгол Улсын иргэн Б ургийн овогт Г-ын Т, 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом суманд хими цэвэрлэгээ ажиллуулдаг, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Дэвшил хотхоны 1-1 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ой...........................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь нийтийн албан тушаалтнаар буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 702 дугаартай “Хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын хавсралтад заасан Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүртгэлтэй байсан 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын тээврийн хэрэгслийг 1’000’000 төгрөгөөр, 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг 500’000 төгрөгөөр тус тус нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалах зөвшөөрлийн дагуу дуудлага худалдааг зохион байгуулахдаа 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг тухайн газарт жолоочоор ажиллаж байсан Б.Б-д өгөхөөр урьдчилан амласан, мөн зохион байгуулах ажлын хэсэг байгуулж дуудлага худалдааг явуулах эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, дуудлага худалдааны үйл ажиллагаанд явцын хяналт хийгээгүйгээс, дуудлага худалдааг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хэлбэрийн төдий, хууль бус болох нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгож 22’360’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт;
Шүүгдэгч Ц.Ө нь нийтийн албан тушаалтнаар буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 702 дугаартай “Хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын хавсралтад заасан Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүртгэлтэй байсан 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын тээврийн хэрэгслийг 1’000’000 төгрөгөөр, 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг 500’000 төгрөгөөр тус тус нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалах зөвшөөрлийг үндэслэн, нэгжийн удирдлага буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тушаалгүйгээр 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуудлага худалдааг хэлбэрийн төдий зохион байгуулж, тус газар жолоочоор ажиллаж байсан Б.Б, өөрийн найз Г.Т нарыг 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын автомашины нээлттэй дуудлагын худалдаанд оролцуулж, шүүгдэгч Б.Б-ыг ялуулж, түүгээр дамжуулан 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын тээврийн хэрэгслийг өөртөө авсан. Мөн 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг худалдахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан нийтлэг журмыг зөрчиж тухайн байгууллагад жолоочоор ажиллаж байсан Б.Б-д давуу байдал бий болгож 550’000 төгрөгөөр худалдаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож 22’360’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт;
Шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогч Ц.Ө-ын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын автомашины дуудлагын худалдаанд оролцон ялж, уг тээврийн хэрэгслийг Ц.Ө-ын хамаатан Б.Т-ын нэр дээр шилжүүлэн өгч түүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож 12’360’000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн. Мөн Увс аймгийн Мал эмнэлгийн газрын дарга М.А, ерөнхий нягтлан бодогч Ц.Ө нартай харилцан тохиролцож 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын автомашины дуудлагын худалдаанд ганцаараа оролцож ялагчаар шалгарч өөртөө давуу байдал бий болгож 10’000’000 төгрөгийн буюу нийт 22’360’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт;
Шүүгдэгч Т нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогч Ц.Ө-ын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүртгэлтэй 40-80 УВА улсын дугаартай Ланд крузейр-80 загварын автомашины дуудлагын худалдаанд оролцож, Ц.Ө-ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлж 12’360’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135001870061 дугаартай эрүүгийн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Л-ийн илтгэх хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 4 дүгээр хуудас);
- Гэрч Б.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 28-29, 31-32 дугаар хуудас);
- Шүүгдэгч Б.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 46-48 хуудас);
- Гэрч Д.Б-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 50-51, 64 дүгээр хуудас);
- Гэрч Г.Г-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 53, 55 дугаар хуудас);
- Гэрч Б.Т-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 58 дугаар хуудас);
- Гэрч Э.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 60 дугаар хуудас);
- Гэрч Д.М-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас);
- Гэрч С.Д-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас);
- Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 74-77 дугаар хуудас);
- УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас);
- Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын ажилд томилох тухай тушаал, уг тушаалын хавсралтуудын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас);
- Увс аймгийн Мал эмнэлгийн газрын нягтлан бодогчийн ажил байдлын тодорхойлолтын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас);
- Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 103 дугаар хуудас);
- Увс аймгийн Мал эмнэлгийн газрын нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 104-109 дүгээр хуудас);
- Увс аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 47/110 дугаартай албан бичиг, дуудлага худалдаатай холбоотой баримт бичгийн хуулбаруудыг (1 дэх хавтаст хэргийн 114-136 дугаар хуудас);
- Увс аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаартай албан бичгийг (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар хуудас);
- Увс аймгийн Мал эмнэлгийн газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу явуулсан албан бичиг, хавсаргасан баримтын хуулбаруудыг (1 дэх хавтаст хэргийн 141-183 дугаар хуудас);
- Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/42 дугаартай тушаалын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 239 дүгээр хуудас);
- Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 240-245 дугаар хуудас);
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай тогтоолын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас);
- Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг (2 дахь хавтаст хэргийн 35 дугаар хуудас);
- Шинжээчийн ажлын тайланг (2 дахь хавтаст хэргийн 36-49 дүгээр хуудас);
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолуудыг (2 дахь хавтаст хэргийн 73-79, 88-94, 103-108, 117-122 дугаар хуудас);
- Шүүгдэгч М.А-ээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (2 дахь хавтаст хэргийн 83, 86-87 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Ө-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (2 дахь хавтаст хэргийн 98, 101-102 дугаар хуудас);
- Шүүгдэгч Б.Б-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (2 дахь хавтаст хэргийн 112, 115-116 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Т-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (2 дахь хавтаст хэргийн 126, 128-129 дүгээр хуудас);
- Өмгөөлөгч Б.Лхагважавын хүсэлтийг (2 дахь хавтаст хэргийн 248-249 дүгээр хуудас);
- Хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоолыг (2 дахь хавтаст хэргийн 250- 3 дахь хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах тухай Авлигатай тэмцэх газрын албан бичгийн хуулбарыг (3 дахь хавтаст хэргийн 85 дугаар хуудас);
- Мал эмнэлгийн ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийн хуулбарыг (3 дахь хавтаст хэргийн 86 дугаар хуудас);
- Т.Ч-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоолын хуулбарыг (3 дахь хавтаст хэргийн 91 дүгээр хуудас);
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ч-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 93 дугаар хуудас);
Шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч: - Гэрч Б.Б-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 28-29, 31-32 дугаар хуудас);
- Гэрч Д.Б-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 50-51, 64 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Б.Б-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас);
- Шүүгдэгч Б.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагааг (2 дахь хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас);
- Гэрч Х.М-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 206 дугаар хуудас);
- Гэрч В.О-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 208 дугаар хуудас);
Шүүгдэгч Ц.Ө-ын өмгөөлөгч: - Хохирол төлснийг нотолсон Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтыг;
- Шүүгдэгч Ц.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 153 дугаар хуудас);
- Гэрч У.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 196 дугаар хуудас);
- Гэрч У.Н-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 198 дугаар хуудас);
Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч: - Гэрч С.М-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 200 дугаар хуудас);
- Гэрч М.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 202 дугаар хуудас);
- Шүүгдэгч М.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 166 дугаар хуудас);
- Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг (2 дахь хавтаст хэргийн 169 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.
Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А- “Тухайн үед тус байгууллагын актлагдаж байгаа 2 автомашинтай холбоотой асуудлууд яригдаж байсан. Удаа дараа худалдаж авах санал ирж байсан. Манай байгууллагын нягтлан бодогч Ц.Ө- нь 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын тээврийн хэрэгсэл, 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг тус тус дуудлага худалдаагаар заръя гэдэг саналыг тавьж байсан. Тухайн үед миний өрөөнд саналаа хэлэхдээ уг дуудлага худалдааг байгууллагын өмч хамгаалах комисс зохион байгуулах боломжтой гэж хэлсэн. Дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж хэлээгүй. Хууль, журмын дагуу зохион байгуулах чиглэлийг байгууллагын санхүү, өмч хамгаалах комиссын нарийн бичгийн дарга ажилтай Ц.Ө-д байсан. Б.Б гуайн хувьд өндөр насны тэтгэвэрт гарахдаа 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг өөртөө дуудлага худалдаанд оролцоод авах боломжтой байдаг уу? гэж асууж байсан. Та тэтгэвэртэй гарч байна. Иргэн хүний хувьд дуудлага худалдаанд оролцоод автомашиныг авах боломжтой гэж хэлсэн. Би энэ хоёр машиныг танд өгнө, та авах боломжтой гэж хэлж байгаагүй” гэх мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Ц.Ө, Б.Б, Г.Т нар мэдүүлэг өгөхөөс татгалзсан.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 702 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 157 дүгээр хуудас)-оор Увс аймгийн Мал эмнэлгийн газрын эзэмшлийн Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай, УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашинуудыг дуудлагын худалдаагаар худалдаалах зөвшөөрөл олгожээ.
Увс аймгийн Мал эмнэлгийн газрын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай, УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашинуудыг худалдах нээлттэй дуудлагын худалдааг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад тус газрын сургалтын танхимд зохион байгуулахаар товлож, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг мөн өдрийн 09 цаг 50 минут хүртэл хүлээн авахаар шийдвэрлэсэн болох нь уг зөвлөлийн хуралдааны тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас)-ээр нотлогдсон байна. Уг дуудлагын худалдааны зарыг Өдрийн сонины 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлэг гэх баримтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 164 дүгээр хуудас), Өдрийн мэдээ ХХК-ийн нэхэмжлэхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 165 дугаар хуудас), тухайн зар нийтлэгдсэн Өдрийн сонины хуудасны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 166 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.
Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины нээлттэй дуудлагын худалдааны “Тусгай тэмдэглэл: Дуудлага худалдаанд хоёр оролцогч оролцож байгаа ба материал өгсөн дарааллын дагуу пайз өгнө; Оролцогчийн нэр: 1. Б.Б, 2. Г.Т; Дуудлагын худалдааны эцсийн үнэ: 1’550’000 төгрөг; Явцын тусгай тэмдэглэл: Дуудлага худалдаанд оролцсон эхний оролцогч 1’550’000 төгрөгөөр дуудаж хоёр дахь оролцогч пайзаа өргөхгүйгээр зогсов; Дуудлагын худалдааны ялагчийн эцгийн нэр, нэр: Б.Б” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 173-175 дугаар хуудас);
Шүүгдэгч Б.Б-аас Төрийн сангийн 100900000721 дугаартай өмч хувьчлалын орлогын дансанд 1’550’000 төгрөг төлснийг нотолсон Төрийн банкны мөнгөн шилжүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас) гэх баримт;
УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашины нээлттэй дуудлагын худалдааны “Тусгай тэмдэглэл: Нэг оролцогч; Оролцогчийн нэр: 1. Б.Б; Дуудлагын худалдааны эцсийн үнэ: 550’000 төгрөг; Явцын тусгай тэмдэглэл: Дуудлага худалдаанд иргэн Б.Б ганцаараа оролцов; Дуудлагын худалдааны ялагчийн эцгийн нэр, нэр: Б.Б” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас);
Шүүгдэгч Б.Б-аас Төрийн сангийн 100900000721 дугаартай өмч хувьчлалын орлогын дансанд 550’000 төгрөг төлснийг нотолсон Хаан банкны мөнгөн шилжүүлэг (1 дэх хавтаст хэргийн 183 дугаар хуудас) гэх баримт зэргээр Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд шүүгдэгч Б.Б, Г.Т нар оролцож, шүүгдэгч Б.Б ялсан нь, мөн УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд шүүгдэгч Б.Б ганцаараа оролцож ялсан нь тус тус тогтоогдож байна.
Гэрч Г.Г-гийн “Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр явагдсан Увс аймгийн Мал эмнэлгийн газрын автомашин худалдах дуудлага худалдаанд өглөө 08 цаг 40 минутад очиж материалаа өгч дуудлага худалдаанд оролцох гэсэн чинь тус газрын ерөнхий нягтлан бодогч “чи материалаа бүрдүүлж амжихгүй” гэж хэлсэн. Би ямар материал бүрдүүлдэг талаар асуусан чинь надад ямар нэгэн юм хэлээгүй атлаа “чи 09 цаг хүртэл амжихгүй” гээд байсан. Би иргэний үнэмлэх, дэнчингийн мөнгөө авч очсон боловч намайг оруулаагүй. Би иргэний үнэмлэхээ Ц.Ө-д харуулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53 дугаар хуудас), түүний дахин өгсөн “...Тухайн үед миний материалыг тус байгууллагын нягтлан бодогч Ц.Ө хүлээн авахгүйгээр явуулсан юм. Тэр үед надтай хамт дуудлага худалдаанд оролцох гээд нэг залуу ирсэн байсан. Тэр залуугийн нэрийг санахгүй байсан ба одоо санасан. Тэр Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Б гэх хүний засварын газарт ажиллаж байсан М гэх залуу байсан. Тэр залууг бас оролцох боломжгүй гэж хэлээд Ц.Ө- явуулж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55 дугаар хуудас);
Гэрч И.М-ын “...Увс аймгийн Мал эмнэлгийн газрын явуулсан дуудлага худалдаанд оролцож чадаагүй. ...Дуудлага худалдаа болдог өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 30-40 минутын үед бичиг баримт, бэлэн мөнгөө аваад очсон. Тэгсэн уг байгууллагын нягтлан бодогч гэх зүс таних залуу “дуудлага худалдаа явагдах цаг болсон, одоо хүн бүртгэж авахгүй яв” гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд “намайг оруулаад өгөөч, эхлээгүй байгаа юм чинь би ороод үзье” гэхэд “оруулах боломжгүй, хууль дүрмээрээ цаг болсон үед хүн бүртгэдэггүй юм” гээд оруулаагүй. ...Би очих үед нэг настай ах дуудлага худалдаанд орно гээд мөнгө тушаагаад яваад байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 210 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Ц.Ө нь тухайн дуудлагын худалдааны оролцогчийг бүртгэх хугацаа дуусаагүй байхад буюу 09 цаг 50 минут болоогүй байхад оролцогчийг бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан болох нь нотлогджээ.
Шүүгдэгч Г.Т-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би Увс аймгийн Мал эмнэлгийн газар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай, УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашинуудыг дуудлага худалдаагаар зарах гэж байгаа талаар Ц.Ө-аас мэдсэн. Тэр надаас “дуудлага худалдаанд оролцох боломжтой юу” гэхээр нь Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дуудлага худалдаанд оролцох гэсэн юм. Уг дуудлага худалдаа эхлэхээс өмнө 1-2 хоногийн өмнө Ц.Ө-аас тухайн автомашиныг хэр машин бэ гэж асуухад тэр унасан автомашин гэж хэлсэн. Тэгэхээр нь сэжиг хүрээд унасан автомашин дэмий гэж бодоод Ц.Ө-д орохгүй гэдгээ хэлсэн юм. Тэгэхэд Ц.Ө “чи дуудлага худалдаанд оролцоод 1.5 сая төгрөг хүртэл дуудаад өг” гэсэн. Би зөвшөөрч уг дуудлага худалдаанд оролцож үнийн дүнг 1.5 сая төгрөг хүртэл өсгөөд зогсоосон ба тэр үед надтай хамт дуудлага худалдаанд оролцсон Мал эмнэлгийн газрын жолоочоор ажиллаж байсан Б.Б гэх ах уг автомашиныг 1’550’000 төгрөгөөр дуудаж ялагчаар шалгарсан. ...Би тухайн дуудлага худалдаанд автомашин авах зорилгогүй, Ц.Ө-ын гуйлтаар очиж оролцсон. Би Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дуудлага худалдаанд оролцохдоо дэнчингийн мөнгө төлөөгүй. Тэр мөнгийг Ц.Ө төлсөн байх гэж бодож байна. Мөн ямар нэг материал бүрдүүлж өгөөгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас);
Шүүгдэгч Б.Б-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Дуудлага худалдаа удахгүй эхлэх гэж байгаа талаар Ц.Ө өрөөндөө надад хэлсэн ба тэр “40-80 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дуудлага худалдаанд оролцоод өөрийнхөө нэр дээр аваад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болох юм уу? би нэгд олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн. Миний нэр хүнд байна. Тэгээд ч нэг хүн оролцоод хоёр автомашин авах юм бол хэл ам гарах юм биш үү” гэж анхааруулсан. Тэгэхэд Ц.Ө зүгээрээ гэж хэлсэн. Би түүнд дуудлага худалдаанд олон хүн оролцон биз дээ гэхэд тэр “та миний авах гэж байгаа автомашины дуудлага худалдаанд хамаатны дүүтэй хамт орно. Харин 00-33 УВА улсын дугаартай таны авах гэж байгаа автомашины дуудлага худалдаанд ганцаараа орно” гэж хэлсэн. ...Би уг автомашины дэнчингийн 250’000 төгрөгийг өгч байгаагүй. ...Би таны асуусан 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100900000721 тоот дансанд “Увс аймаг МЭГ автомашины үнэ Б.Б 4080 УВА у-95456405” гэх утгаар 1’550’000 төгрөгийг шилжүүлсэн удаа байхгүй. Тэр мөнгийг Ц.Ө- миний нэрээр шилжүүлсэн байх” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас);
Гэрч Б.Т-ын “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний үеэл ах Ц.Ө- надтай уулзаад “нэг автомашин чиний нэр дээр шилжүүлээд Улаанбаатар хотод засварт оруулна” гэж хэлээд Б.Б гэх хүний нэр дээрээс Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашиныг миний нэр дээр шилжүүлээд, нотариатаар итгэмжлэл хийлгэсэн. Би Улаанбаатар хотод ирээд шинээр 32-08 УАР улсын дугаар аваад Увс аймаг руу явуулсан. 32-08 УАР улсын дугаартай автомашин одоогоор миний нэр дээр байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дугаар хуудас);
Увс аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаартай “...Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 3208 УАР улсын дугаартай Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгсэл нь: ...3. 2019.05.09-2021.10.06-ны хооронд Увс аймгийн Мал эмнэлгийн газрын нэр дээр, 4. 2021.10.06-2021.10.14-ний хооронд Б овогтой Б-ы нэр дээр, 5. 2021.10.14-ний өдрөөс одоог хүртэл Батнасан овогтой Төрбаярын нэр дээр бүртгэлтэй байна” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Ц.Ө нь шүүгдэгч Б.Б, Г.Т нарын дэнчингийн мөнгийг төлж Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд оролцуулан Б.Быг ялагчаар шалгаруулж, уг автомашины дуудлагын худалдааны 1’550’000 төгрөгийг төлж өөрийн эзэмшилд авсан нь тогтоогдож байна. Мөн уг Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Б.Б-аас гэрч Б.Т-ын нэр лүү шилжүүлж, улсын дугаарыг нь 32-08 УАР гэж өөрчилсөн нь тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ц.Ө Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд шүүгдэгч Г.Т, Б.Б нарыг урьдаас үгсэн тохиролцож оруулж, уг автомашиныг шүүгдэгч Б.Б-аар авхуулсан болох нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...дуудлага худалдаанд миний найз Г.Т оролцож үнийн саналыг 1.5 сая төгрөгөөр дуудаж зогсоосон. Харин Б.Б ах уг автомашиныг 1’550’000 төгрөгөөр худалдаж аваад миний нагац дүү Б.Т-ын нэр дээр шилжүүлж өгч байсан. Би уг автомашиныг авахаар дуудлага худалдаанд Г.Т болон Б.Б нарыг гуйж оролцуулж байсан. Г.Т-д 1.5 сая төгрөгөөс дээш үнэ битгий дууд гэж хэлсэн. Б.Б ахад тухайн автомашиныг өөрийнхөө нэр дээр аваад шилжүүлээд өг гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас)-ээр нотлогджээ.
Шүүгдэгч Б.Б-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би уг дуудлага худалдаанд өөрийн хүсэлтээр оролцоогүй. 2021 оны 01 дүгээр сард өдрийн сайн санахгүй байна. Би 2020 оны 10 дугаар сард тэтгэвэрт гарсан юм. Тэтгэвэрт гарсны дараа байгууллага дээр жолоочоор 2-3 сар ажилласан. Ажлаа өгөөд гарахын өмнө Увс аймгийн Мал эмнэлгийн дарга М.А надтай уулзаад “та манай байгууллагад насаараа ажилласан хүн. Та унаж байгаа 00-33 УВА улсын дугаартай УАЗ-469 загварын тээврийн хэрэгслийг удахгүй актлагдах байх тэр үед нь та дуудлага худалдаанд оролцож авахгүй юу” гэдэг санал хэлсэн. ...2021 оны 6 дугаар сард байх (өдрийг нь сайн санахгүй байна) манай байгууллагын нягтлан бодогч Ц.Ө над руу ярьсан. Тэр “та хаана байгаа вэ?” гэж асуухаар нь би “Улаанбаатар хотод байна” гэхэд “та надтай ирж уулзаарай, таны унаж байсан 00-33 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар зарах зөвшөөрөл ирсэн байгаа. Та энэ автомашиныг дуудлага худалдаанд оролцоод авч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.А дарга надад хэлсэн үгээ Ц.Ө-д хэлсэн байна гэж бодсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас);
Шүүгдэгч М.А-ийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт явуулсан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 702 тогтоолын дагуу Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүртгэлтэй байсан автомашины дуудлага худалдааг байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналт доор зохион байгуулсан. Уг дуудлага худалдааны тайланг хянан үзэж худалдах, худалдан авах гэрээ байгуулах зөвшөөрөл олгож өгнө үү” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 141 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч М.А нь Б.Б-д УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг худалдахаар урьдчилан амлаж, уг автомашины дуудлагын худалдаанд шүүгдэгч Б.Б ганцаараа оролцож ялсан байхад уг үйлдлийг таслан зогсоохгүйгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гэрээ хийх зөвшөөрөл хүссэн албан бичиг явуулсан нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.Ө, Б.Б, Г.Т нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй, нэгнийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирч байх тул уг мэдүүлгүүдийг эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Харин шүүгдэгч М.А-ийн яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй гэж дүгнэлээ.
Увс аймгийн Мал эмнэлгийн газраас тухайн дуудлагын худалдааг нээлттэй явуулахаар зарласан атлаа гэрч Г.Г, И.М нарыг үндэслэлгүйгээр оролцуулахаас татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл юм.
Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дуудлагын худалдааг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг төлөөлсөн этгээд заавал хөтлөн явуулах журамтай бөгөөд тухайн тохиолдолд Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгчийг оролцуулахаар байна. Гэтэл Увс аймгийн Мал эмнэлгийн газраас тухайн дуудлагын худалдааг Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгчийг оролцуулахгүйгээр зохион байгуулжээ. Мөн УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд нэг оролцогч оролцсон байхад Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар дуудлагын худалдааг явагдаагүйд тооцон хааж, тэмдэглэл үйлдэх ёстой атал дуудлагын худалдааг үргэлжлүүлэн явуулж шүүгдэгч Б.Б-ыг ялагчаар тодруулсан байна.
Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 4-т хорооны төлөөлөгчгүйгээр эхэлсэн, явуулсан бол дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсанд тооцно гэж заажээ. Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай, УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашинуудын дуудлагын худалдаа илт хууль бус болох нь Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 47/84 дугаартай албан бичигт хавсаргасан дуудлага худалдаатай холбоотой баримт бичгийн хуулбаруудаар (1 дэх хавтаст хэргийн 141-183 дугаар хуудас) илт тодорхой тогтоогдож байна. Гэтэл Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан шүүгдэгч М.А нь тухайн дуудлагын худалдааг хууль ёсны гэж дүгнэж, тухайн автомашинуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах зөвшөөрөл хүсэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албан бичиг явуулжээ. Тодруулбал шүүгдэгч М.А нь шүүгдэгч Б.Б-д УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг хувьчилж өгөхөөр урьдчилан амласан тул дуудлагын худалдааг илт хууль бус болохыг мэдсээр байж уг албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт илгээсэн гэж үзэх үндэслэлтэй.
Дээр тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 702 дугаартай тогтоолыг үндэслэн Увс аймгийн Мал эмнэлгийн газрын өмч хамгаалах байнгын зөвлөл Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай, УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашинуудыг худалдахаар нээлттэй дуудлагын худалдааг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад тус газрын сургалтын танхимд зохион байгуулжээ.
Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд шүүгдэгч Б.Б, Г.Т нар оролцож, шүүгдэгч Б.Б ялсан, УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд шүүгдэгч Б.Б ганцаараа оролцож ялсан байна. Шүүгдэгч Ц.Ө нь тухайн дуудлагын худалдааны оролцогчийг бүртгэх хугацаа дуусаагүй байхад бусад этгээдийн оролцох хүсэлтийг үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж шүүгдэгч Б.Б-д ялах боломжийг олгосон байна.
Мөн шүүгдэгч Ц.Ө нь шүүгдэгч Г.Т, Б.Б натай урьдаас үгсэн тохиролцож тэдний дэнчингийн мөнгийг төлж Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд оролцуулан Б.Б-ыг ялагчаар шалгаруулж, уг автомашины дуудлагын худалдааны үнэ болох 1’550’000 төгрөгийг төлж өөрийн эзэмшилд авсан нь тогтоогдож байна. Тодруулбал Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Б.Баас гэрч Б.Т-ын нэр лүү шилжүүлж, улсын дугаарыг нь 32-08 УАР гэж өөрчлөн өөрийн эзэмшилд авчээ.
Шүүгдэгч М.А нь Б.Б-д УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг худалдахаар урьдчилан амлаж, уг автомашины дуудлагын худалдаанд шүүгдэгч Б.Б ганцаараа оролцож ялсан байхад уг хууль бус үйлдлийг таслан зогсоохгүйгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гэрээ хийх зөвшөөрөл хүсэж, тухайн тээврийн хэрэгслүүдийг түүний нэр дээр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн эс үйлдэхүйгээр шүүгдэгч Ц.Ө-ын хууль бус үйлдэлд нэгдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус хуульд заасан нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахдаа Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан” гэх ухагдахууныг дор дурдсан хуулиудад заасан тодорхойлолтоор ойлгоно.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж;
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж, мөн зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч М.А нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/42 дугаартай тушаал (1 дэх хавтаст хэргийн 239 дүгээр хуудас)-аар Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. Тодруулбал Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэл ТЗ-10 буюу төрийн захиргааны удирдах албан тушаалтан гэдэг нь албан тушаалын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 240-245 хуудас)-оор нотлогдож байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Ө нь Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан нь тус газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай “...нягтлан бодогч Ц овогтой Ө-ыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр чөлөөлж, ерөнхий нягтлан бодогчоор 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс томилсугай” гэх тушаалаар нотлогдож байна. Иймд түүнийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
“Албан үүрэг” гэж тухайн албан тушаалтанд хууль болон захиргааны актаар тогтоосон нийтлэг, зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүргийг ойлгоно. Харин “бүрэн эрх” гэж хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тусгайлан тухайн албан тушаалтанд олгосон албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэлнэ. “Албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хашиж байгаа албан үүрэг болон бүрэн эрхтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хэлдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “давуу байдал” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал” гэж тодорхойлсноор ойлгоно. Тодруулбал шүүгдэгч М.А нь орон нутгийн өмчийн газрын төлөөлөгчийг оролцуулсан дуудлагын худалдаа зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргаагүй, уг эс үйлдэхүйн улмаас шүүгдэгч Ц.Ө-д илт хууль бус дуудлага худалдааг зохион байгуулж шүүгдэгч Ч.Б-аар дамжуулан Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины авах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн шүүгдэгч Б.Б-д урьдчилан амлаж УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг авах боломжийг бүрдүүлсэн эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийг зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэх шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ц.Ө Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаа ашиглан шүүгдэгч Г.Т, Б.Б нартай урьдаас үгсэн тохиролцож тэдний дэнчингийн мөнгийг төлж Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд оролцуулан Б.Б-ыг ялагчаар шалгаруулж, уг автомашины дуудлагын худалдааны үнэ болох 1’550’000 төгрөгийг төлж өөрийн эзэмшилд авсан, мөн УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд шүүгдэгч Б.Б-ыг ганцааранг нь оруулж ялуулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг шүүгдэгч М.А, Ц.Ө нар нь нийтийн албан тушаалтныхаа хувьд үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Т нарыг гэмт хэргийн хамтран оролцогчид тооцно. Тодруулбал шүүгдэгч Б.Б, Г.Т нар Ц.Ө-ыг илт хууль бус дуудлагын худалдааг зохион байгуулахад урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн тул уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийг зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болон эд хөрөнгийн эрхэд халддаг давхар объекттой гэмт хэрэг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 22’360’000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22/13 дугаартай шинжээчийн дүгнэлтээр (2 дахь хавтаст хэргийн 36-49 дүгээр хуудас) тогтоогдож байна.
Увс аймгийн Мал эмнэлгийн газарт учирсан 22’360’000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Ө төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтаар, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид хор уршиг учраагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чулуунчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ц.Ө нь төрийн санд хохирлыг барагдуулсан байх тул Мал эмнэлгийн ерөнхий газраас гомдол саналгүй байна” гэх мэдүүлгээр тус тус нотлогдсон тул шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.А, Ц.Ө, Б.Б, Г.Т нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч М.А, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар шийтгэх, ...Шүүгдэгч Б.Б, Г.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Ө-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Тоёото Ланд Круйзер-80 загварын 32-08 УАР улсын дугаартай автомашин, шүүгдэгч Б.Бы гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг тус тус хурааж, хохирол нөхөн төлөгдсөн тул улсын орлого болгох” гэх саналыг;
- Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх саналыг;
- Шүүгдэгч Ц.Ө-ын өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний цалин хөлс орлогыг харгалзан үзээд хэсэгчилж төлөхөөр хугацаа тогтоож болохоор заасан тул 2 жилийн хугацаанд торгох ялыг төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү” гэх саналыг;
- Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг;
- Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч М.А-ийн хувийн байдлын талаар гэрч С.М-гийн “Би М.А-тэй 2014 онд танилцаад 2017 онд гэр бүл болсон. ...Бид хоёр дөрвөн настай нэг охинтой ба бид хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр М.А- нь эелдэг, шударга зантай хүн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 200 дугаар хуудас), шүүгдэгч М.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 166 дугаар хуудас), Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 169 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь нөхөр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрөөгүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ө-ын хувийн байдлын талаар гэрч У.Б-ийн “Би Ц.Ө-тай 2012 онд танилцаад 2013 онд гэр бүл болсон. Бид гэр бүл болоод одоо гурван хүүхдийн хамтаар Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 2-2 тоотод хувийн орон сууцанд амьдарч байна. ...Миний нөхөр Ц.Ө нь төлөв даруу, үг дуу цөөтэй, эелдэг найрсаг харьцаатай хүн юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 196 дугаар хуудас), шүүгдэгч Ц.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 153 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ө нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ы хувийн байдлын талаар гэрч В.О-ийн “...Б.Б ах хүнтэй эелдэг дотно харьцдаг хүн. Тэднийх гурван хүүхэдтэй ба хүүхдүүд нь бүгд тусдаа гарсан. Түүний эхнэр Н нь унаж татдаг өвчтэй ба тэр эхнэрээ эмчлүүлэхээр олон жил эмнэлгээр явж байгаа хүн юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 208 дугаар хуудас), шүүгдэгч Б.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 175 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь эхнэрийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т-ын хувийн байдлын талаар гэрч Б.Одгэрэлийн “Би Г-ын Ттай 2016 онд танилцаж 2019 онд гэр бүл болсон. Одоо бид хоёр настай охинтой. ...Миний нөхөр Г.Т нь төлөв даруу, эелдэг найрсаг харилцаатай хүн юм. Тэр хувиараа бизнес эрхэлж хими цэвэрлэгээ ажиллуулдаг” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 192 дугаар хуудас), шүүгдэгч Г.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 140 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч М.А-ийн бага насны хүүхэдтэй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах, 12’500 (арван хоёр мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12’500’000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял;
Шүүгдэгч Б.Б-ы гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6’500 (зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’500’000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял;
Шүүгдэгч Г.Т-ын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 5’500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’500’000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ө-ын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасах, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгч М.А-т оногдуулсан торгох ялыг хоёр жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Б, Г.Т нарт оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох ...ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс ...хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс, шүүгдэгч М.А, Б.Б, Г.Т нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.
Энэхүү гэмт хэргийг үйлдэж шүүгдэгч Ц.Ө нь Тоёото Ланд Круйзер-80 загварын 32-08 УАР улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд, шүүгдэгч Б.Б нь УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд тус тус авчээ. Өөрөөр хэлбэл эдгээр тээврийн хэрэгслүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай, Тоёото Ланд Круйзер-80 загварын 32-08 УАР улсын дугаартай автомашинуудыг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шүүгдэгч Ц.Ө-д хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч М.А, Б.Б, Г.Т нарт торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг, Тоёото Ланд Круйзер-80 загварын 32-08 УАР улсын дугаартай автомашиныг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдгээрийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б ургийн овогт М-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийг зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т ургийн овогт Ц-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н Д ургийн овогт Б-гийн Б, Б ургийн овогт Г-ын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах, 12’500 (арван хоёр мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12’500’000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Ц.Ө-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасах, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 6’500 (зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’500’000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Г.Т-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 5’500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’500’000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг, Тоёото Ланд Круйзер-80 загварын 32-08 УАР улсын дугаартай автомашиныг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нар нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- Шүүгдэгч М.А, Б.Б, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан 12’500’000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр,
- шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6’500’000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр,
- Шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 5’500’000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.Б, Г.Т нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараагаас, шүүгдэгч М.А-, Б.Б, Г.Т нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай, Тоёото Ланд Круйзер-80 загварын 32-08 УАР улсын дугаартай автомашиныг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА