Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Жд холбогдох 2216001700148 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, дээд боловсролтой, Орос хэлний багш мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл ганцаараа амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Тугчин овогтой С.Ж гэв.

         Шүүгдэгч С.Ж нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ...тоотод 2022 оны 08 дугаар сарын 19-ний өглөө өөрийн төрсөн дүү болох хохирогч С.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгой руу нь нарийн төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Ж гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.Жы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...2022 оны 08 дугаар сарын 18-ны үдээс хойш би төрсөн дүү С.Эийн гэрийг тааруулах зорилгоор нэг хүн авч ирсэн юм. Гэрийн эд зүйлийг шалгахад дээвэр, туурга, оосор, бүч, хаалганы гархи зэрэг дутуу байсан тул тэр хүн өнөөдөртөө орхиод маргааш үргэлжлүүлж хийе гэсэн. Би тэр хүнд нэг шил архи худалдаж авч өгөөд хамт хувааж уусан. Тэр хүн гэр лүүгээ унтахаар явсан. Би тэнд үлдсэн. Тэгтэл манай дүү янз бүрийн доромж үг хэлээд байсан. Өглөө босоод цайгаа уух гээд амбаарт ортол янз бүрийн үг хэлээд зогсохгүй байхаар нь уурандаа зээ нарын тоглодог дундаа хөндий хугархай нарийн төмрөөр цохиход духны зүүн хэсгийн товгор хэсэгт цохигдож цус гарсан. Тэгээд дүү цагдаа руу дуудлага өгч цагдаа ирээд намайг авч явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 100 хувь миний буруу. Дүүдээ 300,000 төгрөг өгч, уучлалт гуйсан. Амьдралд нь хэрэг болох байх гээд би өөрөө өгсөн. Бидний харилцаа хэвийн болсон. Цаашид ийм асуудал болохгүй. Би малаа маллая, чи ажлаа хийгээд мөр мөрөөрөө ажлаа хийгээд явъя гэсэн бодолтой байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

      Хохирогч С.Эийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2022 оны 08 дугаар сарын 18-ны орой манай төрсөн ах С.Ж гэр барих гээд хүн авч ирчихээд хамт архи уусан. Тэгээд тэр хүн оройтчихлоо маргааш өглөө баръя гээд яваад өгсөн. Тэр үед унтахгүй намайг хэл амаар доромжилж байгаад унтсан. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өглөө С.Ж босож ирээд байшин дотор орж цай уухаар нь өчигдөр орой доромжилсон талаар хэлээд чамайг надаас өөр байлгах ах дүү байхгүй зайлаарай гэж хэлчихээд байшингийн хаалгаар гарахад ардаас С.Ж ах гарч ирээд хаалганы хажууд байсан төмрөөр миний духны зүүн хэсэг рүү цохиход духнаас цус гарсан. ...С.Ж ах миний духны зүүн хэсэг рүү төмрөөр нэг удаа цохисон. С.Ж ах надаас уучлалт гуйсан өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байгаа учир надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг /ХХ24/,

 

        Шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаартай 1. С.Эийн биед духанд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /ХХ29/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч С.Э нь хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч С.Ж нь хохирогчид 300.000 төгрөгийг сайн дураараа төлсөн байна.   

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч С.Жтай тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч С.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Жд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч С.Эт шүүгдэгч С.Ж нь сайн дураараа 300.000 төгрөгийг төлсөн, хохирогч С.Э нь  хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Тугчин овгийн С.Жыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

        4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Жд танилцуулсугай.

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч С.Эт шүүгдэгч С.Ж нь сайн дураараа 300.000 төгрөгийг төлсөн, хохирогч С.Э нь  хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА