| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0649/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/622 |
| Огноо | 2022-09-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/622
2022 09 14 2022/ШЦТ/622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт С-ын Д-д холбогдох эрүүгийн 22100 0000 0898 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Алтангэрэл /томилолтоор/, шүүгдэгч С.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа эксковаторын жолоочоор ажилладаг гэх, ам бүл 6, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт С-ын Д /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Д нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын хогийн цэгт үйл ажиллагаа явуулж байсан эксковаторын 340 литр түлшийг учрах саадыг арилгах зорилгоор иргэн А.А-гийн эзэмшлийн хххх улсын дугаартай Хьюндай Верна загварын автомашинтай очиж, саванд юүлэн нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч П.П-эд 1.268.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч С.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэмт хэргийн үйлдэж учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиныг эзэнд нь буцааж өгсөн. Би А.А- гэж хүнийг танихгүй, манай найз худалдаж авсан машин байсан юм.
Би авсан шатахуунаа буцааж өгөөд, үлдэх хохиролд тооцон 1 сар гаран цалингүй ажил хийж өгсөн. Одоо ажил хийж байгаа, сард 2.300.000 төгрөгийн цалинтай. Тухайн үед хадам ээжийн дүү нь нас бараад зайлшгүй мөнгөний хэрэг гарсан учир хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
Гурав: Эрүүгийн 22100 0000 0898 дугаартай хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 07-08, 09-11 дэх тал),
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 12-16 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.П-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Морингийн даваан дээр шинээр барьж байгаа хогийн цэгийн газар шорооны ажлыг хийж байгаа юм. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 08 цан 19 минутад манай компаниас түрээсэлж ажил хийж байгаа 59-51 УН улсын дугаартай эксковаторын түлшний банкнаас түлш алдагдаж гэж талбайн ажил хариуцаж байсан ковшийн оператор Х.Эрдэнэчулуун над руу залгаж хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тухайн эксковаторын банкийг дүүргэж цэнэглэсэн байсан ба нийт 500 литр түлш байснаас 160 литр түлшээр ажил хийсэн, үлдэх 340 литр түлш алдагдсан байна. “Монгол ойл групп” ХХК-аас 1 литр түлшийг 3.690 төгрөгөөр худалдаж авсан. Урьд өмнө түлш алдагдаж байгаагүй.
...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би алдагдсан бүх түлшээ С.Дгээс хүлээж авсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20, 22 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Түмэнтөгсийн гэрчээр өгсөн:
“...Би “Сонгодог технологи” ХХК-ийн харуулаар ажилладаг юм. Одоо Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны хогийн цэгийн ажил хийж байгаа газарт манаачаар ажиллаад 12 хонож байна. Тухайн газарт компанийн ажлын эксковатор болон том машинууд газар шорооны ажил хийдэг ба орой ажлаа тарахдаа машинуудаа талбай дээр орхиод явдаг.
2022 оны 7 дугаар сарын 01-ний өглөө гэртээ байхад эксковаторын жолооч ирээд түлш алдагдсан байна гэж надаас асуусан ба би мэдэхгүй гэж хэлсэн. Өмнөх орой нь 21 цагийн орчимд барилгын бараа материалаа шалгаад явж байхад түлш алдагдсан гэх техник дээр цагаан өнгийн жижиг оврын машин очоод 2-3 орчим минут болоод яваад өгсөн. Мөн хойд талд байсан техник дээр оччихоод явсан юм. Би тухайн үед техникийн эзэд нь байх гэж бодсон. Тэгээд бороо орж байсан болохоор шөнө 00 цагийн үед гэрээсээ гарч эд зүйлсээ эргэж харчихаад орсон. Сэжигтэй зүйл ажиглагдаагүй юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24-25 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А-гийн гэрчээр өгсөн:
“...хххх улсын дугаартай Хьюндай Верна маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Би 2020 оноос эзэмшиж ашиглаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Баагий /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэх хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Түүнээс хойш одоог хүртэл нэрээ шилжүүлж аваагүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 33 дахь тал),
6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ХУ2-22-27с дугаартай:
“...Үнэлэгдэж буй 410 литр түлш нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1.529.300 /нэг сая таван зуун хорин есөн мянга гурван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэж тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт (хэргийн 36-39 дахь тал),
7. Эд зүйл хураан авч, хохирогч П.П-эд 70 литр түлшийг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 48-49 дэх тал),
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Д-гийн яллагдагчаар өгсөн:
“...Би хүнд машин механизмын операторч мэргэжилтэй бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс П.П гэх хүний эзэмшлийн эксковаторыг унаж ажил хийж байгаа юм.
2022 оны 6 дугаар сарын 30-ны өглөө миний унаж байсан эксковаторт П.П ах ажил хийлгэнэ гээд түлш дүүргэсэн. Тэгээд түлшээ дүүргэчхээд техникээ 08:00 цагийн үед ажиллуулсан ба 13:00 цаг хүртэл тасралтгүй шороо тэгшлэх ажил хийсэн. Өдөр 14:00 цагаас 17:00 цаг хүртэл мөн тасралтгүй ажил хийсэн. Орой ажлын цаг дуусахад эксковаторын түлшний 12 шонгоос 3 шон нь унасан байсан. Би орой явахдаа түлхүүрээ эксковаторын бүхээгт нуугаад гэртээ харьсан. Тэгээд би найзынхаа хххх улсын дугаартай Хьюндай Верна маркийн цагаан өнгийн машиныг гуйж аваад ажиллаж байсан эксковатор дээрээ ирсэн.
Гэрээсээ гарахдаа биокомбинатын хогийн цэг дээрээс 30 литрийн 2 сав, 20 литрийн 2 сав олж авсан. 21:00 цагийн үед эксковатор дээр очоод тухайн савнуудад түлш дүүргэж авсан ба хүн амьтан харж магадгүй гээд машиндаа савнуудаа хийгээд, хогийн цэгийн хойд талд байх эксковатор дээр очиж харсан болоод шууд биокомбинатад шороо ачиж байгаа нэг танихгүй ахад 1 литр түлшийг 1.500 төгрөгөөр бодоод 150.000 төгрөгөөр зарчихсан.
Тэгээд дахин 20 литрийн 2 сав, 30 литрийн нэг савыг аваад өөрийн унаж байсан эксковатор дээр буцаж ирээд бүх савандаа түлш дүүргэж авсан ба өмнө нь түлш зарсан ахад аваачиж өгсөн. Тэр ах түлшийг шууд банкандаа хийгээд надад савыг буцааж өгсөн юм. Тэр ахын түлшний банк дүүрсэн учраас 20 литрийн 2 сав, 30 литрийн 2 савтай түлшийг савтай нь өгчих гэж хэлээд, би түүнээс 270 литр түлшний мөнгө болох 400.000 төгрөгийг бэлнээр авсан.
Тэгээд шөнө дахин эксковатор дээр очоод хоосон байсан 30 литрийн 1 сав, 20 литрийн 2 савыг дүүргээд гэр лүүгээ авч яваад хашаанд байгаа амбаарт оруулаад орхичихсон. Тэгэхэд эксковаторын банканд бараг түлш үлдээгүй. Эксковаторын түлхүүрийг бүхээгт нь хийгээд, тагыг цоожлоогүй орхисон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 81 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Мөнхзулын мэдүүлэг (хэргийн 29-30 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 51 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 53 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 57 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч П.П нь “хохирол хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн (хэргийн 86 дахь тал) ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 87 дахь тал) 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 229 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, С.Дд хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон, прокуророос эрүүгийн 22100 0000 0898 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Д-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Д нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө хххх улсын дугаартай Хьюндай Верна загварын автомашинтай Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын хогийн цэгт очиж, үйл ажиллагаа явуулж байсан эксковаторын 340 литр түлшийг саванд юүлэн авч, хохирогч П.П-эд 1.268.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 07-08, 09-11 дэх тал),
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 12-16 дахь тал),
- хохирогч П.П-ийн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Морингийн даваан дээр шинээр барьж байгаа хогийн цэгийн газар шорооны ажлыг хийж байгаа юм. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 08 цан 19 минутанд манай компаниас түрээсэлж ажил хийж байгаа 59-51 УН улсын дугаартай эксковаторын түлшний банкнаас түлш алдагдаж гэж талбайн ажил хариуцаж байсан ковшийн оператор Х.Эрдэнэчулуун над руу залгаж хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тухайн эксковаторын банкийг дүүргэж цэнэглэсэн байсан ба нийт 500 литр түлш байснаас 160 литр түлшээр ажил хийсэн, үлдэх 340 литр түлш алдагдсан байна. “Монгол ойл групп” ХХК-аас 1 литр түлшийг 3.690 төгрөгөөр худалдаж авсан. Урьд өмнө түлш алдагдаж байгаагүй.
...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би алдагдсан бүх түлшээ С.Дгээс хүлээж авсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20, 22 дахь тал),
- гэрч Т.Түмэнтөгсийн: “...Би “Сонгодог технологи” ХХК-ийн харуулаар ажилладаг юм. Одоо Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны хогийн цэгийн ажил хийж байгаа газарт манаачаар ажиллаад 12 хонож байна. Тухайн газарт компанийн ажлын эксковатор болон том машинууд газар шорооны ажил хийдэг ба орой ажлаа тарахдаа машинуудаа талбай дээр орхиод явдаг.
2022 оны 7 дугаар сарын 01-ний өглөө гэртээ байхад эксковаторын жолооч ирээд түлш алдагдсан байна гэж надаас асуусан ба би мэдэхгүй гэж хэлсэн. Өмнөх орой нь 21 цагийн орчимд барилгын бараа материалаа шалгаад явж байхад түлш алдагдсан гэх техник дээр цагаан өнгийн жижиг оврын машин очоод 2-3 орчим минут болоод яваад өгсөн. Мөн хойд талд байсан техник дээр оччихоод явсан юм. Би тухайн үед техникийн эзэд нь байх гэж бодсон. Тэгээд бороо орж байсан болохоор шөнө 00 цагийн үед гэрээсээ гарч эд зүйлсээ эргэж харчихаад орсон. Сэжигтэй зүйл ажиглагдаагүй юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24-25 дахь тал),
- гэрч А.А-гийн: “...хххх улсын дугаартай Хьюндай Верна маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Би 2020 оноос эзэмшиж ашиглаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Баагий /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэх хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Түүнээс хойш одоог хүртэл нэрээ шилжүүлж аваагүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 33 дахь тал),
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ХУ2-22-27с дугаартай:
“...Үнэлэгдэж буй 410 литр түлш нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1.529.300 /нэг сая таван зуун хорин есөн мянга гурван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэж тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт (хэргийн 36-39 дэх тал),
- эд зүйл хураан авч, хохирогч П.П-эд 70 литр түлшийг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 48-49 дэх тал),
- шүүгдэгч С.Дгийн: “...Би хүнд машин механизмын операторч мэргэжилтэй бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс П.П- гэх хүний эзэмшлийн эксковаторыг унаж ажил хийж байгаа юм.
2022 оны 6 дугаар сарын 30-ны өглөө миний унаж байсан эксковаторт П.П- ах ажил хийлгэнэ гээд түлш дүүргэсэн. Тэгээд түлшээ дүүргэчихээд техникээ 08:00 цагийн үед ажиллуулсан ба 13:00 цаг хүртэл тасралтгүй шороо тэгшлэх ажил хийсэн. Өдөр 14:00 цагаас 17:00 цаг хүртэл мөн тасралтгүй ажил хийсэн. Орой ажлын цаг дуусахад эксковаторын түлшний 12 шонгоос 3 шон нь унасан байсан. Би орой явахдаа түлхүүрээ эксковаторын бүхээгт нуугаад гэртээ харьсан. Тэгээд би найзынхаа хххх улсын дугаартай Хьюндай Верна маркийн цагаан өнгийн машиныг гуйж аваад ажиллаж байсан эксковатор дээрээ ирсэн. Гэрээсээ гарахдаа биокомбинатын хогийн цэг дээрээс 30 литрийн 2 сав, 20 литрийн 2 сав олж авсан. 21:00 цагийн үед эксковатор дээр очоод тухайн савнуудад түлш дүүргэж авсан ба хүн амьтан харж магадгүй гээд машиндаа савнуудаа хийгээд, хогийн цэгийн хойд талд байх эксковатор дээр очиж харсан болоод шууд биокомбинатад шороо ачиж байгаа нэг танихгүй ахад 1 литр түлшийг 1.500 төгрөгөөр бодоод 150.000 төгрөгөөр зарчихсан.
Тэгээд дахин 20 литрийн 2 сав, 30 литрийн нэг савыг аваад өөрийн унаж байсан эксковатор дээр буцаж ирээд бүх савандаа түлш дүүргэж авсан ба өмнө нь түлш зарсан ахад аваачиж өгсөн. Тэр ах түлшийг шууд банкандаа хийгээд надад савыг буцааж өгсөн юм. Тэр ахын түлшний банк дүүрсэн учраас 20 литрийн 2 сав, 30 литрийн 2 савтай түлшийг савтай нь өгчих гэж хэлээд, би түүнээс 270 литр түлшний мөнгө болох 400.000 төгрөгийг бэлнээр авсан.
Тэгээд шөнө дахин эксковатор дээр очоод хоосон байсан 30 литрийн 1 сав, 20 литрийн 2 савыг дүүргээд гэр лүүгээ авч яваад хашаанд байгаа амбаарт оруулаад орхичихсон. Тэгэхэд эксковаторын банканд бараг түлш үлдээгүй. Эксковаторын түлхүүрийг бүхээгт нь хийгээд, тагыг цоожлоогүй орхисон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 81 дэх тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор .., машин механизм ашиглаж үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааж хуульчилсан.
Хэргийн нөхцөлд шүүгч С.Д нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө хххх улсын дугаартай Хьюндай Верна загварын автомашинтай Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын хогийн цэгт очиж, үйл ажиллагаа явуулж байсан эксковаторын 340 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар саванд юүлэн авч, улмаар бусдад худалдан борлуулж, өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор ..., машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Хэргийн шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан саналаа дэмжсэн тайлбар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Д-гийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Д-г шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Шүүгдэгч С.Д-гийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.П-ийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нийт 1.529.300 /нэг сая таван зуун хорин есөн мянга гурван зуу/ төгрөг гэж тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ХУ2-22-27с дугаартай (хэргийн 36-39 дэх тал) хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт хэргийн 36-39 дэх талд авагдсан бөгөөд хэрэгт шинжээчээр ажилласан” Дамно” ХХК-ийн үнэлгээчин нь үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байх тул уг үнэлгээний дүнгээр гэмт хэргийн хохирлын хэмжээг тодорхойлж тогтоосон нь үндэслэл бүхий гэж шүүх дүгнэсэн болно.
Түүнчлэн хэргийн хохирогч П.П, шүүгдэгч С.Д нар нь дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг тайлбар гаргасан баримттай байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Хохирогч П.П нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч С.Дтэй үнэ төлбөргүй ажил гүйцэтгүүлэхээр тохирсон, мөн үлдэх 70 литрийн түлшийг биет байдлаар хүлээж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн (хэргийн 86 дахь тал) баримттай тул шүүгдэгч С.Д-гийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч С.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 51 дэх тал) тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хххх улсын дугаартай Хьюндай Верна загварын хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр (хэргийн 43-45 дахь тал) 1.599.692 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт тодорхой баримтгүй, хэрэгт гэрчээр асуугдсан иргэн Б.Мөнхзулын (хэргийн 29-30 дахь тал) гэр бүлийн хэрэгцээнд ашиглагддаг гэх ба шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн хохирол, хор уршгийн арилгасан зэргээс гэмт хэрэг үйлдэхэд ашилгасан гэх тээврийн хэрэгсэл, түүний үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан заасан журмын дагуу “хохирол нөхөн төлүүлэх” зорилгоор хураан авах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Шүүх, шүүгдэгч С.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч П.П нь “..Д надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж, хохиролгүй болгосон, гомдол саналгүй” гэсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх талаарх улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял болох нэг жилийн хорих ялыг шүүгдэгч С.Дд оногдуулж, уг хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт С-ын Д-г учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар С.Д-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт С.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.П нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД