Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/879

 

 

 

2022             9            13                                         2022/ШЦТ/879           

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Я.Мөнхзаяа /томилолтоор/,  

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А ы А т холбогдох эрүүгийн ...   дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, автын засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслахаар ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...   тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт А ы А  /РД:...  /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь согтуугаар 2022 оны 7 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...   баарны гадна талд иргэн С.О тэй үл ялих зүйлээр маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч А.А нь согтуугаар 2022 оны 7 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...   баарны гадна талд иргэн С.О тэй үл ялих зүйлээр маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, баруун доод хоёрдугаар шүдний эмтрэл, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч С.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...такси олдохгүй байхаар нь буцаад очдог юм билүү гэж бодоод ...байж байсан чинь замын хойд талд байсан 2-3 залуу над руу чи ганцаараа юу хийгээд байгаа юм бэ, хариач гээд орилоод байхаар нь би өөдөөс нь та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэд чи ганцаараа явж байгаа шүү гээд дээрэлхэх санаатай юм ярьсан. Тэгээд хоорондоо маргалдаад байж байсан чинь тэр гурван залуугийн нэг нь хүрээд ирсэн, яг ямар хувцастай, зүс царайтай байсан талаар санахгүй байна, ямар ч байсан нэлээн намхан хүн байсан. Тэгээд хүрээд ирэхээр нь би яах гэж байгаа талаар асуусан чинь юм ярихгүй шууд намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би нөгөө хүнийг өөрөөсөө салгахаар түлхэх гэж оролдоход нөгөө үлдсэн хоёр хүний нэг нь ирээд намайг тэвэрч байсан хүний араас гар нь орж ирээд нүүр хэсэгт цохисон. Тэгээд би ...намхан залуутай зууралдаад байж байсан чинь нөгөө хүмүүс нь тэр залууг салгасан ба дээрээс намайг шууд цохиод эхэлсэн. Мөн миний бие хэсэгт өшиглөсөн санагдаж байна. ...Тэгээд байж байсан чинь тэнд байсан залуучууд ирж салгасан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10098 дугаартай “...С.О ийн биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, баруун доод хоёрдугаар шүдний эмтрэл, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжгой. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

 

Шүүгдэгч А.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баараар үйлчлүүлж байгаад гадаа нь хохирогч С.О  гэх залуутай ялихгүй маргаанаас болоод маргалдсан. Тэгээд би очоод тухайн залууг тэвэрч аваад газарт унагаагаад гараараа цохиод бас нүүр рүү нь өшиглөсөн. Тэр үед надтай хамт явсан манай 2 найз салгасан. Намайг цохих болон өшиглөх үед хохирогчийн биед үүссэн гэх гэмтэл учирсан гэж бодож байна. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10098 дугаар дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.А ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Иймд шүүгдэгч А.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.А нь хохирогч С.О т 5.000.000 төгрөгийн төлж барагдуулсан /хх-21/ байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.А ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугааар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 30 дугаар тал/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 31 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч А.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт А ы А ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН