Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0142/З |
Дугаар | 128/ШШ2021/0300 |
Огноо | 2021-05-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2021/0300
2021 оны 05 сарын 12-ны өдөр Дугаар 128/ШШ2021/0300 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Б ХХК
Хариуцагч: Нмхгуаб Б.З
Гомдлын шаардлага: ННмхгуаб Б.З-ийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0066840 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.П, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б ХХК шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нмхгуаб Б.З 2021 оны 01 дүгээр сарын 06 -ны өдөр 0066840 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг үндэслэн 2000.000 /хоёр сая/ төгрөгний торгуулийн шийтгэл оногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Улсын байцаагч манай компанийг байрлах Астра В, Ж т хотхоны оршин суугчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангаагүй зөрчил үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
А В, Ж Т хотхонуудыг барьж байгуулахдаа ус хангамжийн системийг гүний худгаас усаа олборлож түгээх байдлаар шийдвэрлэсэн байсныг манай компани хүлээн авч ажилласан.
Манай компани ус хангамжийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд ундны усыг олборлон түгээхдээ ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, усны чанарт тогтмол хяналт тавих нөхцөл шаардлагыг хангахын тулд Нийслэлийн мэргэжлийн хяналтын Төв лаборатортой ус шинжлүүлэх гэрээтэй ажилладаг, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох СН ХХК-тай Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээрх хотхонуудын усны шинжилгээг тогтмол хийлгэх, усны нөөцийн савнуудад угаалга, цэвэрлэгээг графикийн дагуу хийлгэхээр тохиролцон ажиллаж байсан.
Манай компанийн үйл ажиллагаатай холбоогүй, Улаанбаатар хотын хөрсний бохирдол ихсэж аюулын түвшинд хүрсэнтэй холбоотойгоор дээрх хотхонуудын гүний худгийн ус бохирдсон болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Өөрөөр хэлбэл аливаа барилга байгууламжийн цэвэр усны эх үүсвэр нь барилга байгууламж, төвлөрсөн хот суурингаас 50-2000 м зайд цэрэгжүүлсэн харуул хамгаалалттай байх шаардлагатай байдаг бол дээрх хотхонуудын гүний худаг орон сууцны барилгынхаа дор хонгилд хүн, ам төвлөрсөн бүс дундаа байрлснаас хөрсний бохирдолд өртдөг.
Хөрсний бохирдол жил ирэх бүр ихсэж, доошилж байгаа бөгөөд 2020 оны зун байрлах иргэн н.О эзэмшлийн газарт барилгын суурь ухсан нүхэнд бэхлэлт хийгээгүйгээс А В хотхон руу өгсдөг асфальтан зам хөрстэйгөө гулсан нурж унаснаас дээрх хотхонуудын бохирын ерөнхий цуглуулах төв шугам хагарч, бохир зайлуулах системийн ус ухсан нүхэнд асгарсан. Үүний улмаас асар их хэмжээний бохирын ус хөрсөнд шингэж манай компанийн ашиглалтанд байгаа Астра Вилла, Ж******* хотхонуудын гүний худгийн ус бохирдож аюултай түвшинд хүргэсэн.
Мөн гэсэх, хөлдөх үеийн хөрсний өөрчлөлтийн улмаас гүний худгийн усны бохирдол гэнэт ихсэж ямар ч ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн усны бохирдол арилахгүй, цэвэр усны стандарт шаардлагад нийцэхгүй байсан тул 2021 оны 11 дүгээр сараас оршин суугчдыг зөөврийн цэвэр усаар хангах арга хэмжээг авсан.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасан. ...Усны бохирдол үүссэн шалтгаан бол хөрсний бохирдолтой холбоотой... Зөрчил гарснаас хойш усны нөөцийн саванд угаалга, цэвэрлэгээ, гүний худгийн халдваргүйжүүлэлт удаа дараа хийсэн боловч усны бохирдол арилаагүй... Оршин суугчдыг цэвэр усаар хангах шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байсан боловч компанийн үйл ажиллагаанаас үл хамаарах дээрх нөхцөл шалтгаануудын улмаас А В, Ж т хотхонуудын гүний худгийн ус бохирдсон учир манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан зөрчил гаргасан нь нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.З миний бие 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо А в, Ж т хотхоны гүний худгийн ус бохирдолтой байгааг шалгуулахаар Сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугчдаас ирүүлсэн гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан зөрчлийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авах журмын дагуу хүлээн авч, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2002000575 дугаартай зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу Зөрчлийн хэрэг бүртгэлтийг 56 хоногийн хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл шалган шийдвэрлэж дуусгасан.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах А в, Ж т хотхонууд ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй, тус бүрдээ гүний худгаас хангагддаг байсан бөгөөд шалгалт хийх үед А в хотхоны гүний худгийн насос эвдэрсэн тул Ж т хотхоны гүний худгаас тус 2 хотхоны 230 гаруй өрх айл усаар хангагдаж байсан.
Тус А в, Ж т хотхоны хүн амыг унд ахуйн усаар хангах үйл ажиллагааг хариуцдаг Бщ ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийхэд усны нөөцийн савны угаалга халдваргүйжүүлэлт хангалтгүй, улирал бүр усны нөөцийн саванд угаалга халдваргүйжүүлэлт хийгээгүй, усны чанар, аюулгүй байдалд шинжилгээ хийлгээгүй, дотоодын хяналт тавьж ажиллаагүй, усны нөөцлөх савны өрөө хог хаягдлаар бохирдсон зэрэг нь дараах нотлох баримтаар тогтоогдсон. Үүнд:
1. Б ХХК нь А*******, Ж******* орон сууцны хотхоны усны нөөцийн савыг улирал тутамд угааж халдваргүйжүүлээгүй нь зөрчлийн хэрэгт хавсаргасан нотлох баримтаар тогтоогдсон.
2. Б ХХК нь А*******, Ж******* орон сууцны хотхоныг хангаж буй усны чанарт улирал тутамд шинжилгээ хийлгээгүй усны чанарт дотоодын хяналт тавиагүй нь зөрчлийн хэрэгт хавсаргасан нотлох баримтаар тогтоогдсон.
3. Ус нөөцлөх савны өрөөнд хатуу хог хаягдлаар бохирдсон, цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, усыг дам бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй нь зөрчлийн хэрэгт хавсаргасан нотлох баримтаар тогтоогдсон.
4. Усны чанарт өөрчлөлт орж эвгүй үнэр үнэртэж байгаа талаар иргэд мэдэж орон сууцны компанид хандсан боловч шуурхай арга хэмжээ аваагүй, Астра орон сууцны хотхоны 68, Ж******* хотхоны оршин суугчдын 45 иргэнд гүйлгэж суулгах, бөөлжих, халуурах шинж тэмдэг илэрч, гэдэс өвдсөн гэсэн өгүүлэлтэй, Мэргэжлийн хяналтын байгууллагаас авсан усны дээжинд шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд биелүүлэхгүй маш хойрго хандсан, зөрчлийг арилгах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлээгүй нь зөрчлийн хэрэгт хавсаргасан нотлох баримтаар тогтоогдсон.
5. Б ХХК-д зөрчлийн хэргийн тогтоол, үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох тухай прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардуулж өгсөн. Тухайн хугацаанаас хойш даалгаварт тусгагдсан үүргийг хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж, биечлэн хяналт тавьж ажилласан бөгөөд нийтдээ 2 гүний худагт 1 удаагийн лайдаж цэвэрлэх, 2 гүний худагт 3 удаагийн цооногийн халдваргүйжүүлэлт, 2 ус нөөцлөх саванд 1 удаагийн угааж халдваргүйжүүлэх үйл ажиллагааг хийлгэж, халдваргүйжүүлэлтийн дараа усанд үлдэгдэл хлорын хэмжээг газар дээр нь тодорхойлуулах, 5 удаагийн усны дээж авч шинжлүүлэх ажлыг гүйцэтгэж усны чанар аюулгүй байдлын талаар улсын байцаагчийн 4 дүгнэлт гаргаж хүргүүлсэн болно...Уснаас дээж авч лабораторид шинжлүүлж, тогтоолгоход нянгийн бохирдол маш их хэмжээтэй байсан. Нянгийн тоо 100 байх ёстой ба нянгийн хэмжээ нь 23000, 24000, 12000 гарсан. Хоёр дох үзүүлэлт нь гүний худгаас ундны ус авч байгаа айлын шугамаас авсан усанд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян 64 илэрсэн. Энэ нь тэр бүрчлэн илрээд байдаггүй, ус бохирдоод нэлээн удсан байна гэсэн үзүүлэлтийг харуулдаг.
6. Б ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүн амыг хуульд заасан ундны болон ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэж зааснаар тус компанид 2000 нэгжээр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна... гэжээ. .
ҮНДЭСЛЭЛ:
Гомдол гаргагч нь Б ХХК-нь Нмхгуаб Б.З-ийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0066840 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0066840 тоот шийтгэлийн хуудсаар Б ХХК-нь хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангаагүй буюу А*******, Ж******* хотхоны оршин суугчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангаагүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүн амыг хуульд заасан ундны болон ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангаагүй бол ... хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан байна.
Б ХХК нь цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувьд, уг тусгай зөвшөөрлийн дагуу оршин суугчдыг зохих стандартын шаардлага хангасан усаар хангах үүрэгтэй.
Гомдол гаргагч Б ХХК нь оршин суугчдыг ундны болон эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангаагүй зөрчлийг гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тодруулбал, Б ХХК нь оршин суугчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангаагүй зөрчил гаргасан болох нь,
Усны дээжид хийсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 20-3262 дугаар, 21-13 дугаар, 21-35 дугаар шинжилгээний дүнгүүд, мөн бусад шинжилгээний дүнгүүдээр бичил биетний ерөнхий тоо /ББЕТ/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт өндөр гарсан. Хариуцагч нь шүүх хуралдаанд бичил биет нянгийн тоо 100 байх ёстой ба нянгийн хэмжээ нь 23000, 24000, 12000 гарсан гэж тайлбарласан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02-03-084/1658 дугаар дүгнэлт
Зөрчлийн хэрэгт авагдсан хохирогч Ц.Т мэдүүлэг
Зөрчлийн хэрэгт авагдсан оршин суугчдаас авсан тандалт судалгаа, яаралтай тусламжийн хуудас гэх мэт болон зөрчлийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Астра велла, Ж******* хотхоны оршин суугчдыг хэрэглэж байсан ус нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсантай гомдол гаргагч маргаагүй.
Мөн Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандарт шаардлагын 7.1-д төвлөрсөн бус ус хангамжийг хариуцсан байгууллага, иргэн нь усны pH, булингар, E.Coli, нянгийн тоог улиралд нэг удаа итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ гэж заасны дагуу ******* ХХК-нь өөрсдөө саналаараа ус нөөцлөх сангийн усанд улирал тутам шинжилгээ хийлгүүлэх үүргээ биелүүлээгүй, уг үүргээ биелүүлсэн бол тухайн үед нь арга хэмжээ авах байсан, олон иргэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргахгүй байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд Астра велла, Ж******* хотхонуудын иргэдийг цэвэр усаар хангахын тулд манай компани нь өөрсдөөс шалтгаалах шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байсан боловч манай компаниас биш харин тухайн орчны хөрсний бохирдлоос шалтгаалж ус бохирдсон гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа гомдол гаргагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Дээр тайлбарласан үндэслэл, нотлох баримтуудаар Б ХХК-нь оршин суугчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангаагүй зөрчил гарсан болох нь нотлогдож байх тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0066840 тоот шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шийтгэлийн зорилго нь ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, ...д оршино гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд зөрчил гаргасан болох нь нотлогдон тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээх нь зайлшгүй, гарцаагүй юм.
Иймээс эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангагдах нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй шууд холбоотой бөгөөд гомдол гаргагч нь Арста велла, Ж******* хотхоны иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангаагүй зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нмхгуаб Б.З-ийн 2021 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн №0066840 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Б ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ