Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03500 дугаар шийдвэртэй, Б.Сын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц, У.Г, “Ч” ХХК-д холбогдох, зээлийн төлбөрт нийт 12 798 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК-ийн захирал У.Г 2015 онд өөрийн тоосгоны үйлдвэрийг ажиллуулж эхлэх гэтэл мөнгөгүй болчихоод байна, ажилчдын цалин тавих мөнгө зээлээч гэхээр нь 7 000 000 төгрөгийг бэлнээр нягтлан бодогч Н.Бямбадаваад өөрийн нөхөр Д.Болдоор дамжуулж, 2015 оны 5 дугаар сарын 29-нд бэлнээр 300 000 төгрөгийг өөрт нь, У.Гийн эхнэр Д.Цын дансаар нийт 4 530 000 төгрөг тус тус зээлж авсан. Тоосго нийлүүлээч гэж 55 000 ширхэгийг авч үнэ 6 250 000 төгрөг, нийт 18 080 000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнээс тоосгоны үнэ 5 282 000 төгрөг төлж үлдэгдэл 986 000 төгрөг, мөнгөөр авсан 11 830 000 төгрөг, нийт 12 798 000 төгргийг өгөөгүй. Иймд хариуцагч У.Гөөс тоосгоны үнийн үлдэгдэл 968 000 төгрөг, бэлнээр авсан 300 000 төгрөг, нийт 1 268 000 төгрөг, иргэн Д.Цаас 4 530 000 төгрөг, “Ч” ХХК-иас 7 000 000 төгрөгийг тус тус гаргуулана гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц, У.Г нараас шүүхэд гаргасан тайлбарыг дэмжинэ. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш, талуудын хооронд иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн гэдгийг тодорхойлоогүй. Нэхэмжлэлийн агуулгаас өөр өөр харилцаа үүссэн гэж ойлгож байна. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр “Ч” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан бөгөөд иргэний хуулийн дагуу ямар гэрээ байгуулж 6 250 000 төгрөгийн үнэ бүхий 55 000 ширхэг тоосгыг өгсөн, тооцоо нийлсэн болон санхүүгийн ямар нэгэн баримт байгаа эсэх нь тодорхойгүй байна. Б.С нэхэмжлэлдээ өөрийгээ бизнес эрхэлдэг гэж байгаа учраас санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнадаг байх. Д.Цын дансаар мөнгө зээлсэн гээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн харилцаа үүссэн мэт ярьж байгаа, хуульд зааснаар зээлийн гэрээ байгуулж тохирсон байх ёстой. Гэтэл У.Гт өгчихсөн юм шиг, Д.Цд ч өгчихсөн мэт хоёрдмол утгатай шаардлага гаргаад байгаа нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй болж байна. Мөн 300 000 төгрөгийг У.Гт өгсөн гэж байгаа ч баримт байдаг юм уу, цалинд 7 000 000 төгрөг өгсөн гэх боловч тухайн үед ажиллаж байсан Бямбадаваа гэх нягтлан бодогч 3 000 000 орчим төгрөгийн тоосго хулгайлаад ажлаасаа гарчихсан. Нэхэмжлэгч хувь хүнд мөнгө өгчихөөд одоо компаниас нэхэж байгааг үндэслэлгүй гэж үзнэ. “Ч” ХХК-ийн үйл ажиллагаа түр зогссон санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаа, асуудлыг эвийн журмаар биш заавал шүүхийн журмаар шийднэ гэж байгаа бол үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой учраас хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Ч” ХХК-иас 7 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Цаас 4 530 000 төгрөг, хариуцагч У.Гөөс 1 268 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч” ХХК-иас 126 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, хариуцагч “Ч” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Гэрч Д.Болдын мэдүүлэгээр нягтлан бодогч Н.Бямбадаваад 7 000 000 төгрөг өгсөн гэх баримт, шүүхийн шийдвэр, шүүхийн тэмдгээр баталгаажуулсан хуулбар зэрэг баримтыг хэрэгт хавсаргаж, үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтойгоос гадна баримтын шаардлага хангасан эсэхийг хяналгүйгээр бусад нотлох баримттай харьцуулан үнэлсэнгүй, хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зохигчдын тайлбар, хэргийн үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Цаас 4 530 000 төгрөг, У.Гөөс 1 268 000 төгрөг, “Ч” ХХК-иас 7 000 000 төгрөг буюу зээлийн төлбөрт нийт 12 798 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хариуцагч “Ч” ХХК-ийн нотлох баримтаар ирүүлсэн “Тодорхойлолт” гэх баримтыг шийдвэрийн үндэслэлээ болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “хуулбар үнэн” тэмдэглэгээ бүхий дээрх баримтад үндэслэн нэхэмжлэгч Б.Соос хариуцагч “Ч” ХХК-д 2014 онд 7 000 000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдсон, хариуцагч үүнийг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх агуулгаар дүгнэлт хийжээ. /хх14/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэх зохицуулалтын агуулгаас үзвэл дээрх тэмдэглэгээ хийгдсэн баримтыг хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Хэрэв тухайн байгууллагаас уг баримтын эх хувийг авах боломжгүй бол хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх бүрдүүлсэн тохиолдолд нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэх учиртай.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд шүүхийн архивт байгаа хэргээс тухайн баримтыг гаргуулах, түүнд үзлэг хийлгэх, тодорхойлолт бичсэн гэх Н.Бямбадавааг гэрчээр асуулгах талаар хүсэлт гаргаагүй байх боловч уг баримттай холбогдуулан мөнгө хүлээлгэн өгсөн Д.Болдыг гэрчээр асуусан байна. Тэрээр “...У.Г ажилчдын цалин тавих гээд байна гэж манай хүн рүү ярьж байсан. Он сарыг би мартсан байна, ямар ч гэсэн н.Бямбаад 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр өгүүлж байсан. Чингис Сосэ сургуулийн урд талд хуучин автобусны буудлын хойд талд 7 000 000 төгрөгийг н.Бямбаад өгсөн. Тэдний нягтлан бодогч гэсэн. ...Б.С намайг мөнгийг У.Гт гаргаж өгөөрэй гэсэн, ингээд н.Бямбаа гэдэг хүн ирсэн бөгөөд би өгсөн. Зээл өгсөн гэж ойлгосон, мөнгөө буцааж аваагүй” гэж мэдүүлжээ. /хх95-96/

 

Анхан шатны шүүх “гэрчийн мэдүүлэг, дээрх баримт болон зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Б.Соос хариуцагч “Ч” ХХК-д 2014 онд 7 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцэхгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА