| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0955/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/960 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/960
2022 06 22 2022/ШЦТ/960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч М.Отгонжаргал,
Шүүгдэгч, хохирогч М.Б,
Шүүгдэгч, хохирогч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 03772 1778 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 21-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 0 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 0 дугаар багийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх00000000, хэрэг хариуцах чадвартай, Ш овогтой М-ын Б-.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 29 настай эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны 00 дугаар хорооллын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх00000000, хэрэг хариуцах чадвартай, Г овогтой Б-ын М-.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг-2” хотхоны спорт зааланд Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан спортын уралдаан тэмцээн болж байх үед сагсан бөмбөгийн талбайд өөрийг нь зодсон гэсэн шалтгаанаар Б.М-ы нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн шүүгдэгч Б.М- нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг-2” хотхоны спорт зааланд Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан спортын уралдаан тэмцээн болж байх үед сагсан бөмбөгийн талбайд М.Б-ийн нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч М.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.М- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй... Хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ө.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-3-4/, гэрч С.Амарзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-19/, гэрч Э.Галхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-30-32, 34/, гэрч А.Энхжингийн өгсөн мэдүүлэг /хх-42/, гэрч М.Сумъяабазарын өгсөн мэдүүлэг /хх-43/, гэрч А.Мянганбаярын өгсөн мэдүүлэг /хх-46/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10310 дугаартай дүгнэлт /хх-56-57/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаагийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10486 дугаартай /хх-60-61/, шүүгдэгч Б.М-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/, шүүгдэгч М.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-113/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Б-, Б.М- нар нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг-2” хотхоны спорт зааланд Увс аймгийн “Сагил” сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан спортын уралдаан тэмцээн болж байх үед сагсан бөмбөгийн талбайд харилцан зодолдож шүүгдэгч М.Б- нь хохирогч Б.М-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч Б.М- нь хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б-ийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Чухаг” спорт зааланд манай нутгийн “Сагил” сумын сагсан бөмбөгийн тэмцээн болсон тухайн зааланд тоглоод гүйж байхдаа Б.М-тай мөргөлдсөн. Хажуугаар нь зөрөхөд миний араас нуруу руу цохисон. Би эргэж хараад “яагаад байгаа юм бэ” гэж хэлээд заамдсан. Тэр үед миний нүүр рүү цохисон. Тухайн үед миний толгой эргээд явж байхад Б.М- миний араас өшиглөөд би газар унасан. Би босоод ариун цэврийн өрөө орж хамрынхаа цусыг цэвэрлээд гарч ирэхэд Б.М- дуудаад “араад ир, ална” гэж хэлэхээр нь би гараагүй зааланд үлдсэн. Гараараа миний нүүрэнд 2-3 удаа цохисон. Би Б.М-ыг танихгүй тухайн сагсны тэмцээнд дээр харсан. Бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. ... Би тэр орой нь дахин Б.М-тай заалны гадаа маргалдаж нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохисон. Эрүүний ясыг хугалж биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М-ы өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нутгийн найзуудын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Чухаг-2” хотхоны спорт зааланд манай Увс аймгийн “Сагил” сумын сагсны тэмцээн болж байсан юм. Бид тоглолт дунд тоглож байхад М.Б- намайг араас түлхэж хана мөргүүлсэн. Би уурандаа зөрүүлээд түлхээд барьцалдаж аваад байж байхад тоглож байсан хүмүүс ирээд салгасан юм. Тэгээд М.Б-өд “би үүнээс хойш олон тэмцээнтэй жижиг тэмцээнд бэртмээргүй байна” гэхэд М.Б- “надад ямар хамаатай юм” гэж хэлээд би М.Б-ийг очиж нүүр рүү нь нэг удаа цохиж, бие рүү нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд шүүгч бид хоёрт техник өгөөд талбайгаас гаргасан. Тэгээд М.Б- бид хоёр гар бариад эвлэрээд салчихаад орой нь би ганцаараа тамхи татах гээд гарсан. Сумьяабазар долоо наймуулаа гарч ирсэн. Удалгүй М.Б- гарч ирэхээр нь би М.Б-өд “чи гомдолтой байгаа бол цагдаад гомдлоо гарга” гэхэд “би чамд өс санаж байна” гэж яриад зогсож байсан. Тэгтэл нь М.Б- нь холоос үсэрч орж ирээд гараа атгаж байгаад баруун шанаа руу нэг удаа цохиход би газар унасан. Тэгээд хүмүүс М.Б-ийг салгаад аваад явсан юм. Тэгээд манай ах Э.Галхүү цагдаагийн байгууллагад хандсан юм. М.Б- маш хүчтэй цохисноос болж миний эрүү хугарсан өөр хүн миний биед халдаагүй. Бусад хүмүүс бид хоёрыг салгаж байсан юм. Би эмнэлэгт 2 хоног хэвтсэн ба эрүүгээ 3 удаа хадуулсан байгаа. Одоо миний бие эдгэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Амарзаяагийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 09 цагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Чухаг-2” хотхоны спорт зааланд Увс аймгийн “Сагил” сумын дунд сургуулийн 43 дэх төгсөлтийнхний зохион байгуулсан төгсөгчдийн хоорондох сагсан бөмбөгийн тэмцээн явагдаж байсан. Тэгээд өдөр 13 цагийн орчим хоёр баг тоглож байсан тэгэхэд Б.М- гэдэг залуу нөгөө багийн М.Б- гэдэг залуу тоглож байх явцдаа санамсаргүй түлхсэнээс болоод Б.М- уурлаад М.Б-ийг нүүр хэсэг рүү нэг удаа цохиод хоорондоо барьцалдаж авсан. Би болон тэнд байсан багийнхан хүмүүс салгасан би ингэж зодолдож маргалдаж болохгүйг хэлсэн. Тэгэхэд М.Б-ийн хамрын баруун хэсэг нь хавдчихсан хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд Б.М-ы багийн хамт талбай дээр зодолдсон гэх хоёр залууг талбайгаас гаргасан. Тэгээд 14 цагийн орчим М.Б-ийн найз гэх 7- 8 залуучууд ирсэн. Би тэгэхээр нь М.Б-өд “ямар нэгэн байдлаар зодоон хийж болохгүй шүү” гэж хэлсэн. 20 цагийн орчим би шүүгчийн ширээн дээр сууж байхад заалны зохион байгуулагч ирээд “гадаа чинь зодоон болоод байна шдээ” гэж хэлсэн. Би тэгэхээр нь гараад очтол зодолдоод дуусчихсан. Б.М- гэх эрэгтэйгийн амнаас цус гарчихсан зогсож байсан. Тэгээд М.Б-ийн найзууд ойролцоо зогсож байсан. Мөн Б.М- ахын найзууд хоорондоо юм яриад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-25-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Галхүүгийн өгсөн: “...Б.М- гадагшаа гарсан болохоор нь би араас нь гарсан гарахдаа авга ах Баатархүүгийн хамт гарсан. Тэгээд гараад ирсэн чинь заалны зүүн буланд манай дүү Б.М-ыг 20 орчим залуу тойроод зогсчихсон маргалдаад, дайраад байж байсан. Би тэгэхээр нь очоод дундуур нь ороод “та хэд энэ маргаанаа боль” гэж хэлсэн. Тэгсэн махлаг 25 орчим настай 1.78 см орчим өндөртэй залуу гадуур хувцсаа тайлж манай дүү рүү дайрахаар нь би болиулсан Баатархүү дүү М-ыг аваад цаашаа холдоод явсан тэгсэн гадуур хувцсаа тайлаад байсан махлаг залуу манай дүүгийн араас нь гүйж очоод манай дүүгийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон яг аль гараараа цохисныг нь санахгүй байна би араас нь очоод тэр залууг араас нь татаад урдаас нь тэврээд дүүгээ холдуулсан...” /хх-ийн 30-32, 34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Энхжингийн өгсөн: “...Б.М- ах М.Б-ийг цохиод М.Б-ийн хамраас цус гараад талбай дээр нэлээн цус болоод М.Б-ийг С.Амарзаяа 00 өрөө рүү оруулаад би талбайн цусыг арчсан бөгөөд заалнаас манай шүүгч М-, Мөнхбаяр, Б- гурвыг тоглуулаагүй тухайн асуудал хэсэг намжсан. М.Б-ийн хамраас нь нэлээн цус гарсан байсан хамраа угаагаад ирэхэд хамрынхан баруун тал нь хавдсан байсан...” /хх-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Сумъяабазарын өгсөн: “... Миний харснаар манай найз М.Б- Б.М- гэх залууг баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохиж харагдсан. Б.М-ыг нэг найз нь бариад авсан байсан. М.Б-ийг нэг хүн түлхээд гаргасан байж байхад М.Б- нэг удаа Б.М-ыг цохиж байсан...” /хх-43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мянганбаярын өгсөн: “...Зааланд Б.М-, М.Б- нар маргалдаад Б.М- зууралдсан байхдаа нэг удаа М.Б-ийн баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохисон....” /хх-46/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10310 дугаартай дүгнэлтэд:
1. Б.М-ы биед доод эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаан үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-56-57/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10486 дугаартай дүгнэлтэд:
1. М.Б-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 4, 3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна.
З. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-60-61/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11/,
Хохирлын баримтууд /хх-67-70/,
Шүүгдэгч М.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хх-83/,
Шүүгдэгч Б.М-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хх-91/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь харилцан зодолдож, шүүгдэгч М.Б- нь хохирогч Б.М-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч Б.М- нь хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч нар нь өөрсдөө болон хохирогчоор хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсаны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тус тусын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд М.Б-, Б.М- нар нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг-2” хотхоны спорт зааланд Увс аймгийн “Сагил” сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан спортын уралдаан тэмцээн болж байх үед сагсан бөмбөгийн талбайд харилцан зодолдож шүүгдэгч М.Б- нь хохирогч Б.М-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч Б.М- нь хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Б-ийг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг-2” хотхоны спорт зааланд Увс аймгийн “Сагил” сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан спортын уралдаан тэмцээн болж байх үед сагсан бөмбөгийн талбайд өөрийг нь зодсон гэсэн шалтгаанаар Б.М-ы нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Мөн шүүгдэгч Б.М-ы 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг-2” хотхоны спорт зааланд Увс аймгийн “Сагил” сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан спортын уралдаан тэмцээн болж байх үед сагсан бөмбөгийн талбайд М.Б-ийн нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Б- хохирогч Б.М-д хохиролд 1.200.000 төгрөгийг төлсөн ба хохирогч М.Б- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар М.Б-, Б.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б-, Б.М- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт М-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г овогт Б-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, Б.М- нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Б-, Б.М- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-, Б.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-, Б.М- нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС