Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/961

 

­

 

 

 

 

 

 

2022          06          22                                    2022/ШЦТ/961

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

Шинжээч эмч Б.Ганзориг /цахим/,

Хохирогч Д.Ү-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ын Б-т холбогдох эрүүгийн 2206 00000 1389 дугаартай хэргийг шүүх 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Таван толгой” ХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Яргайтын 00 тоотод оршин суух суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх12345678, Б овогтой Б-ын Б-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өглөөний 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис” 124а байрны гадаа Тоёота Приус-30 маркийн машин дотор хохирогч Д.Ү-тэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хохирогч Д.Ү-ийн нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, биед нь хүч хэрэглэн халдаж тархи доргилт, зулайн хуйх баруун чамархай, хоёр зовхи, эрүү, хацар, цээж, баруун дал, хоёр бугалга, гуя, шилбэнд цус хуралт, баруун дал, сарвуу, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: ”... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлаарай гэж хэлье. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ү- мэдүүлэхдээ: “... Би тухайн өдөр манай хүн над руу залгаад “Б.Б-ийн гэрт байна, машин ирээд аваач” гэсэн. Би тэгээд очоод авахад хоёр шил архи хуваагаад уучихсан байсан. Би Б.Б-ийн эхнэртэй найз. Тэгээд тэр хэд усанд орно гээд  манайх руу явсан. Тухайн Б.Б- их согтуу байсан. Хоёр шил архи уучихсан. Би машин барина гээд ерөөсөө архи уугаагүй байсан. Хамгийн сүүлд 0.75 литрийн архийг нөхөр маань шалсаар байгаад надаар авхуулсан. Б.Б-, манай нөхөр Б.Энхбаатар нар нь нэлээн согтуу байсан. Би зодуулаад байж байхдаа согтуу байгаагүй. Б.Б-, эхнэр хоёр нь согтуу байсан гэж мэдүүлсэн байна лээ. Би гайхаад байна. Би Б.Б-, эхнэр хоёрыг нь гаргаж өгөхдөө пабад суусан. Суухдаа “нэг нэг пиво ууя л” гэж хэлсэн. Тэгээд би нэг, нэг пиво аваад  эхнэр нь ундаа авсан. Б.Б- нь “чи аягүй сонин шүү дээ, би пиво уудгүйг мэдсээр байж пиво авлаа” гэхээр нь би “өө за хамаагүй архиа ав” гээд 100 граммын архи авсан. Гэхдээ тэрийг хувааж уусан. Тэгээд гарахдаа Б.Б- л түрүүлээд гарсан. Бид хоёр тооцоо хийх гээд гарсан. Би гэрээсээ яараад гарахдаа картаа аваагүй гарсан байсан. Тэгээд шилжүүлэх гэж нэлээн удсан. Тухайн үед хүлээж сууж байхдаа дахиад 20 грамм  татсан. Тэгээд тооцоон дээр удаад байхаар нь “би гэртээ хариад картаа аваад ирэх үү” гэж хэлээд утсаа орхиод Б.Б-, түүний эхнэртэй нь хамт машинд суугаад явсан. Тэгээд би хойд суудал дээр суусан. Намайг урд талын гээд суудал дээр суусан гээд мэдүүлчихсэн байна лээ. Би юм ярьж байгаад Б.Б-ийн ээжийг “тарган” гэж хэлсэн. Б.Б-ийн ээжийг эмчилгээгүй болсон гэдгийг нь мэдээгүй. Тэгэхэд манай ээжийг тэгж хэллээ гээд байсан. Би “тарган” гэж хэлснийхээ дараа “уучлаарай” гээд хэлсэн. Тэгэхэд дараа нь Б.Б- гарч орж ирээд аймар цохисон. “Чамайг би одоо ална, чи муу миний ээжийг ингэж хэлээд” гээд уурласан. Тэгээд яг манай гадаа ирсэн. Би буугаад “чи яагаад намайг ингэж цохиж байгаа юм, би ч гэсэн чамайг ингэж цохино” гээд хэлэхэд намайг цохисноо түлхэж унагаагаад яваад өгсөн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хүнд гэмтсэн. Би хагалгаанд орсон 1.500.000 төгрөгийг мөн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч хамаагүй цалингүй байсан хоёр сарынхаа мөнгийг авмаар байна. Тэгээд өмгөөлөгчийн хөлсний 600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Ү-ийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.Энхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Э.Билгүүний өгсөн мэдүүлэг /хх-17-18/,  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4809 дугаартай дүгнэлт /хх-21-22/, шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36/, Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, хохирогч Д.Ү-ээс гаргаж өгсөн хохирлын баримт /хх-40-42/, хохирол төлсөн баримт /хх-75/, шүүгдэгч Б.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-66/, хохирогч Д.Ү-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-80/, хохирогч Д.Ү-ийн зүгээс томографийн зургийг хуулбарласан 1 ширхэг сиди зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өглөөний 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис” 124а байрны гадаа Тоёота Приус-30 маркийн машин дотор хохирогч Д.Ү-тэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хохирогч Д.Ү-ийн нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, биед нь хүч хэрэглэн халдаж тархи доргилт, зулайн хуйх баруун чамархай, хоёр зовхи, эрүү, хацар, цээж, баруун дал, хоёр бугалга, гуя, шилбэнд цус хуралт, баруун дал, сарвуу, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ү-ийн өгсөн: “...Б.Б-ийн ээжийн талаар ярьж байгаад үл ойлголцож Б.Б- урд суудлаас хойшоо эргэж хараад гараараа миний толгой, нүд, нүүр рүү хэд хэдэн удаа цохиж, миний дээд урд талын хиймэл шүд унаад, тэгээд автомашинаас нь гараад зугтаахад араас хөөж ирээд хөлөөрөө жийж унагаагаад олон удаа өшиглөсөн. Би гомдолтой байна. Миний нүүрний гоо сайхан, эмчилгээний зардлыг нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-9-10/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаатарын өгсөн: “... 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б.Б-ийнд очсон. Тэднийд 1 шил архи хувааж уусан. Би машинтай явж байсан учраас эхнэр Д.Ү-ийг бариулах гэж дуудаад ... Тэгээд маргааш сэрэхэд эхнэр Д.Ү-ийн нүүр нь битүү хавдар болчихсон байхаар нь яасан юм бэ гэсэн чинь “өчигдөр шөнө Б.Б- намайг буруу ойлгоод ээжийг нь хэлж байна гэж ойлгоод автомашин дотор гараараа нүүр, нүд рүү хэд хэдэн удаа цохисон, машинаас гараад зугтаахад Б.Б- араас нь хөөсөн, тэгж байхад байрны харуул гарч ирээд салгасан” гэж хэлсэн. Тэгээд Б.Б- эхнэрийнхээ хамт ирээд эхнэр Д.Ү-ийн цагдаад бичсэн өргөдлийг хараад уучлаарай “миний буруу” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-15-16/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Билгүүний өгсөн: “...Нэг жижиг машины хойд суудлаас нүд нь хөхөрсөн байдалтай, хувцас хунар нь шороо болсон нэг эгч бууж ирсэн. Тэгээд тэр эгч тухайн машин руу чулуу шидээд, намайг зодсон, өөрийнх нь машиныг нь ийм болгон гэж орилоод байсан. Тэгсэн нөгөө машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд тэр эгчийг хөөсөн чинь нөгөө эгч бүдэрч унангуут мөр рүү 1-2 удаа гараараа цохиж байсан. Тэр эгч над дээр ирээд намайг машиндаа зодчихлоо гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4809 дугаартай “...

1. Д.Ү-ийн биед тархи доргилт, зулайн хуйх баруун чамархай, хоёр зовхи, эрүү, хацар, цээж, баруун дал, хоёр бугалга, гуя, шилбэнд цус хуралт, баруун дал, сарвуу, өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-21-22/,

 

Хохирогч П.Ү-ээс гаргаж өгсөн хохирлын баримт /хх-40-42,/

Шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-43/ зэрэг болно.

 

 Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Б.Б- нь хохирогч Д.Ү-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн зүгээс: “...Хохирогчид учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй учир дахин шинжээч томилж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4809 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Б.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдөр миний бие хохирогч П.Ү-г өөрийн биеэр мөн эмнэлгийн бичгийг үзэж дүгнэлт гаргасан.  Дүгнэлтээр бол тархи доргилт зулайн баруун чамархай, хоёр зовхи, хацар, эрүү, цээж, баруун дал, хоёр бугалга, гуя, шилбэнд цус хуралт, баруун гар сарвууны өндөг шигдэлт гэмтэл тус тус тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хэрэг гарсан гэх хугацаанд гарсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөнгөн” зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасан. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрс оношилгооны тасагт авагдсан компьютер томограпп шинжилгээгээр бол зүүн нүдний ухархайн тодор хананд 2.8 см хэсэгт, 0.7 см гүн цөмөрсөн хугаралтай гэсэн дүгнэлтийг тус эмнэлгийн Эрдэнэцэцэг гээд эмч гаргасан. Уг зургийг шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмч Оюунбаясгалан эмч хяналтын шинжилгээ хийж тогтоон уншихад хийхэд ухархайн хананы гэмтэл нь тогтоогдоогүй. Хамрын таславчийн мурийлт гэдэг нь хуучин гэмтэл байна гэсэн дүгнэлтийг гарсан. Өөрийн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлтийг үндэслэж, дээрх гэмтэл нь тогтоогдохгүй байна. Хамрын таславчийн муруйлт хуучин гэмтэл байна гэж дүгнэсэн байгаа... Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нь дутуу дүгнэлт гаргасан гэж байна гэж байгаа болохоор хяналтын давтан шинжилгээ хийхэд амбулаторийн картад бичигдсэн Нэгдүгээр эмнэлгийн чих хамар хоолой эмчийн үзлэгт бол хамрын яс шинэ хугарал гэж бичсэн боловч компьютерын томографын шинжилгээгээр хуучин гэмтэл нь тогтоогдсон. Зүүн нүдний ухархайн гэмтэл байна. Гэхдээ энэ нь хуучин гэмтэл байна гэж гарсан учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өглөөний 05 цагийн үед, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис” 124а байрны гадаа Тоёота Приус-30 маркийн машин дотор хохирогч Д.Ү-тэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хохирогч Д.Ү-ийн нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, биед нь хүч хэрэглэн халдаж тархи доргилт, зулайн хуйх баруун чамархай, хоёр зовхи, эрүү, хацар, цээж, баруун дал, хоёр бугалга, гуя, шилбэнд цус хуралт, баруун дал, сарвуу, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Д.Ү-д эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад зардалд 475.000 төгрөг төлсөн байна. Үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ү- нь хохиролд хагалгааны зардал 1.500.000 төгрөг, ажилгүй байсан  хугацааны цалин  1.040.000 төгрөг, өмгөөллийн хөлс 600.000 төгрөг нийт 3.140.000 төгрөг нэхэмжилсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 3.140.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтов.

 

  Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б- нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ү- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС