Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/974

 

 

 

 

 

 

 

   2022         06          23                                    2022/ШЦТ/974

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ц.Тцэцэг,

Гэрч П.Б-, Ц.Нэргүй,

Шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овогт Х Б-д холбогдох эрүүгийн 2106 00000 2489 дугаартай хэргийг шүүх 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч:    Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, С овогтой Х Б-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Х.Б- нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00тоотод 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн гэртээ танил П.Т, П.Б-, Г.Б-, Н.Д- нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Н.Д-тай маргалдаж “яг одоо гэрээс гар” гэж түүнийг хоёр гараараа түлхэн унагаж улмаар түүний биед зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн чих, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ: ”...Хохирогч Н.Д- нь миний хар багын найз, бид 2 олон жил хамт архи ууж байгаа. Тэр өдөр Д.Т, Д.Б- эгч бид гурав байсан Н.Д- орой ирээд маргааш цалин буух юм чинь гээд архи авчираад ууж байсан. Н.Д-ын ээж нь залгаад “наад балай архичин айлын гэрт юу хийж байгаа юм хурдан ир” гээд Н.Д-ыг дуудсан. Н.Д- яваагүй байж байтал ээж нь дахиж яриадирж байна” гэхээр нь “Н.Д-т за за ээж чинь ирж байгаа бол чи одоо яв” гэхэд явахгүй байсан. Гэрээс гаргах гэтэл гарахгүй байсан учраас би хаалгаар түлхээд гаргасан гарахдаа довжоон дээр унасан. Тэгээд хэсэг хугацааны дараа гараад харсан. Ээж нь Н.Д-ыг хашааны үүдэнд аваачсан байсан. Тэгээд Н.Д-ын бие муу байна гээд явсан тэндээсээ шууд 461 дүгээр хорих анги руу шууд ачигдсан түүнээс хойш хохирогчтой шүүх цагдаагийн журмаар л уулзана уу гэхээс тэрнээс өөрөөр уулзах боломж байгаагүй. Н.Д-ыг гэмтсэн гэдгийг бол мэдсэн. “Эмчилгээний зардал 10 сая гаран төгрөг болсон тэрийг  төл” гэсний дагуу боломжоороо 500.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш боломжоороо цуглуулж байна. Цагдан хоригдож байхад эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байсан учраас үзлэг хийлгээд цагдан хорих байрнаас гарч архины эсрэг эм ууж эмчилгээ хийлгэж байгаа. Н.Д-тай дахиад уулзааүгүй учир юу ч мэдэхгүй байна. Тийм болохоор уулзаж уучлал гуймаар байна. Гурван хүүхдийн эцэг нь амьд байхдаа үлдээсэн ганц үл хөдлөх хөрөнгийг миний энэ балиар явдлаас болоод юу ч үгүй хоцорчих вий гэж бодоод хүүхдүүдээ өгсөн. Би хийсэн хэргээ хариуцах чадвартай. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э- мэдүүлэхдээ:”...Миний ахад нөхөж баршгүй хохирол учраад байгаа. Хүн эрүүл мэндээ алдана гэдэг хамгийн том хохирол. Ах минь Х.Б-гийн гэрт 2 хөлөөрөө орсон. Тэгэхэд ээж  минь очоод “туслаад өгөөч ээ”  гэж гуйж байхад хэн ч туслаагүй. Тухайн үед ээж миний дунд хүү рүү залгаад миний хүү очоод байж байхад нь цагдаа ирээд аваад явсан байсан. Миний ээж эмнэлгийн салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэр үед ах минь ямархуу гэмтэл авсан байсныг гадарлаж байсан. Ах минь зураач мэргэжилтэй ажил хийдэг тийм л хүн байсан. Н.Д- л уудаг гээд байх юм ах минь архи уудаг байсан нь үнэн гэхдээ худлаа ярьдаггүй хүн зоддоггүй. Гэтэл өнөөдөр Х.Б- өөрөө эрүүл байна. Хүүхдүүд нь эрүүл байна. Ахын толгой дээрх сорви энэ тэр бүгд ахыг минь зодсоноос үүссэн. Одоо баас шээсээ ялгаж чадахгүй ийм л болчихсон. Тэгэхэд хүнийг ийм болгочхоод ахаас минь ээжээс минь уучлал гуйгаагүй. Үүнд маш их гомдолтой байна. Дөчин долоохон настай ахыг ийм болгочихоод зөвхөн өөрийгөө яриад “би ийм өвчтэй, миний хүүхэд орох оронгүй болж байна” гээд байхын үүнийг ойлгохгүй байна. Өнөөдөр хохирол төлчихнө гээд байгаа. Эрүүл мэндээ алдахаас илүү өөр ямар хохирол байх вэ. Ах минь аав ээжээ ялгахгүй, өдөр шөнийг ч ялгахгүй байна. Ахыг минь ийм болгочихоод “би ийм миний найз” гээд яриад байгаа. Тэгсэн хирнээ уучлал гуйгаагүй. Үүнд нь маш их гомдож байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Нэргүй мэдүүлэхдээ: “... Хэрэг гарсан үе нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой болсон. Миний хүү эрүүл Г.Б-той хамт гэрээс гарсан. Миний хүү утсаа авахгүй байсан. Би тэгээд Г.Б- руу залгахад утсаа авахаар нь “Н.Д- хаана байна вэ” гэхэд “Х.Б- эгчийнд байна” гэсэн. Тэгэхээр нь би “хүүеээ хурдан ирээ” гэж хэлсэн. Тэгээд утсаа авахгүй байсан. Тэгээд нэг авснаа “энд зодоон болоод байна” гэсэн. Тэгэхээр нь би “хурдан ирээ” гэж хэлсэн. Тэгэхэд “удахгүй очлоо” гэж хэлсэн. Би тэгээд санаа зовоод орсон. Тэгэхэд миний хүү эдний гэрийн гадаа хэвтсэн. Хөдөлгөөнгүй хурхирч байсан. Тэр өдөр миний хүүгийн сүүлийн үг нь  “Х.Б- чи манай ээжийг зодоод байгаа юм уу” гэж хэлсэн. Би манай хүү унаад Х.Б- Г.Б-ийн улаан куртикыг аваачиж өгөөд зугтаасан. Би хүүгээ эдний гэрийн гадаа үлдээхгүй гээд суганаас нь чирээд холдуулсан. Би ач хүүгээ дуудаад “энд хүрээд ирээ ах чинь бие муу байна” гээд дуудсан. Тэгээд удалгүй гэр дотроос нэг эмэгтэй гараад ирсэн. Тэр эмэгтэй Х.Б-гийн гэрээс гарч ирэхээр нь “туслаач” гэхэд “эднийхийг түрээсэлдэг”  гэсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд цаанаас Х.Б- нэг залуутай хамт гараад ирсэн. Түргэн дуудаад түргэн удалгүй ирсэн. Түргэний эмч нь “энэ хүн яаралтай хагалгаанд орох ёстой биеийн байдал тааруу байдалтай байна” гэсэн. Миний хүү тэр өдөр хагалгаанд ороод 24 хоног гэмтлийн сэхээнд хэвтсэн. Миний хүү тархины хавдартай байсан. Сэхээнд байж хооронд шүүгдэгчийн дүү нь залгаад “эгчийгээ мөрдсөнөөс гаргаж авах гэсэн юм” гээд залгасан. Би тэгэхэд “мэдэхгүй цагдаа руугаа ярь” гэж хэлсэн. Миний хүү хоёр дахь удаагаа 9 хоногийн дараа хагалгаанд орсон. Тэрнээс хойш нөхөр, бид хоёрт маш хэцүү байна. Одоо миний хүү өдөр шөнийг ялгахгүй, баас, шээсээрээ тоглоод байж байна. Үг хэл нь ч ойлгогдохгүй байна. Х.Б- над руу уучлалт гуйж ирээгүй. Х.Б-гийн дүү гэж хүн “харуулахгүй бол хүү чинь үхнэ дээ” гэж хэлсэн. Манай хүү зураач байсан. Х.Б- хар багаасаа найзалсан гээд байна. Миний хүү уух үедээ уудаг ч гэсэн сайн хүн. Х.Б- ч мэднэ. Эдний ар гэрийнхэн нэг удаа ч болов уучлалт гуйгаагүй. Би хүүдээ зөндөө эмчилгээ хийлгэсэн. Би маш их гомдолтой..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Б- мэдүүлэхдээ: “...Н.Д-, Г.Б- нар согтуу нэг шил архитай орж ирсэн. Н.Д-ын ээж нь залгахад байна гээд ээж чинь утсаар яриад байна гээд яриач гэсэн. Тэгэхэд Н.Д- “ярихгүй” гэсэн. “Ээж чинь залгаад байна” гээд Х.Б-г хэлэхэд “гарахгүй” гээд хэлсэн. Ээж нь “наад балиар айлдаа яагаад байгаа юм” гэхэд Х.Б- “танай ээж чинь яахаараа намайг ингэж хэлдэг юм” гээд “гар” гэхэд “гарахгүй” гэхээр нь “гар” гээд түлхээд гаргасан. Х.Б- “намайг хаалгаа хаагаад аягаа угаа” гэхээр нь аягаа угааж эхэлсэн. Н.Д- ээж нь нэлээн удаж байснаа орж ирж хаалга дэлгээд “өөрөө юу юм бэ” гэхэд “би Х.Б-гийн эгч нь байна” гэхэд “өөрөө гараад ир дээ” гэхээр нь гараад очиход хүүхэд нь гадаа хэвтэж байсан. Өөрөө тэгээд хажууд нь байсан. “Манай хүүхдийг ийм болгочихлоо” гээд “чи Х.Б-гийн юу нь юм” гэхэд нь би “хуурай эгч нь” гэсэн. “Танай хүүхэд гарахгүй” гэхээр нь түлхээд гаргасан байна л шүү дээ” гэсэн чинь “та нар манай хүүхдийг нийлээд зодсон байна” гээд гэсэн. Би “хараагүй эгчээ би аяга таваг угаагаад зогсож байсан” гэхэд “чи манай хүүхдийг хараад зогсож бай” гээд утсаар ярих гэхэд нь утас нь байгаагүй. “Утас нь цэнэггүй боллоо” гээд урагшаа гэр рүүгээ явчихаад ирэхдээ жаахан банди дагуулаад ирсэн. Тэгээд удалгүй ирээд цагдаа, түргэн дуудсан. Түргэн нь ирээгүй.  Н.Д-ыг Х.Б- нь түлхээд гаргасан. Тэгээд цагдаа ирэхэд “манай хүүхдийг ийм болгосон, гэртээ хүргүүлмээр байна” гэхэд цагдаа нь “ийм болсон хүнийг хүргэхгүй, эмнэлэгтээ хэл” гэхэд “эмнэлэг чинь ирэхгүй байна” гэсэн. “Миний хүүг ямар ч байсан хүргээд өгөөч” гэхэд цагдаа арын суудал дээрээ аваад явсан...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /1хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-9/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ын өгсөн мэдүүлэг /1хх-15-16/,  гэрч П.Б-гийн өгсөн мэдүүлэг /1хх-23-24/, гэрч Г.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-26-27/, гэрч Ц.Нэргүйн өгсөн мэдүүлэг /1хх-33-35/, гэрч Д.Оюуны өгсөн мэдүүлэг /1хх-169-170/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11442 дугаартай дүгнэлт /1хх-43-44/, шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-168-169/, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах тухай гэрээ /1хх-156/, хохирогч Н.Д-ын гэрэл зураг /1хх-188-190/, хохирлын баримт /1хх-116-149/, Х.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, /1хх-72/, хохирол 500.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны баримт /1хх-207/, шүүгдэгч Х.Б-гийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн баримт /1хх-208-223/, яллагдагчаар цагдан хорих тухай шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-107-108/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Х.Б-г яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /1хх-58-59/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагачаар татах тухай прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл /1хх-72/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн таслан сэргийлэх арга хэмжээний тэмдэглэл /1хх-109/, хохирлын баримтууд /1хх-116-149/, шүүгдэгч Х.Б-гийн эмчлүүлж байгаа эмнэлгийн баримт /1хх-207-223/, шүүгдэгч Х.Б-гийн эрүүгийн хариуцлага байсан эсэхийг шалгах хуудас /1хх-78/, шинэээр шүүгдэгч Х.Б-гийн эмчилгээний баримт 20 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Х.Б- нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 00тоотод 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн гэртээ танил П.Т, П.Б-, Г.Б-, Н.Д- нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Н.Д-тай маргалдаж “яг одоо гэрээс гар” гэж түүнийг хоёр гараараа түлхэн унагаж улмаар түүний биед зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн чих, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ын өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой Х.Б- гэх эмэгтэйн гэрт Г.Б-, Х.Б- түүний нөхөртэй хамт дөрвүүлээ архи уусан гэж ээж хэлсэн. Ээж ирэхгүй болохоор нь Н.Д- руу залгатал утсаа аваагүй байхаар нь Г.Б- руу залгаад хүүгээ асуугаад “архи дарс уугаад согтсон байвал дөхүүлээд ирээрэй” гэж гуйсан гэсэн. Тухайн үед цаана нь хүмүүс зодолдоод Х.Б- орилоод байхаар нь ээж хувцсаа өмсөөд гэрт нь очиж явахад уг айлын хаалга онгойгоод Н.Д-ыг түлхэж унагасан гэсэн. Тэгээд ээж гүйгээд “миний хүүг яаж байна аа” гэж орилоход нь Н.Д-ын толгой руу Х.Б- өшиглөөд “битгий жүжиглээд бай босооч” гэж хэлээд орчихсон гэсэн. Ээж Х.Б-тай хэрэлдэж байхад нь манай ах нүдээ нэг нээчихээд “чи миний ээжийг зодоод байгаа юм уу болохгүй шүү” гэж хэлээд шууд хурхираад явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-15-16/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Б-гийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурай дүү БаярБ-гийн /Х.Б-/ гэр буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 13-551Б тоотод байх нийтийн байранд байсан би тэдний гэрт 2-3 хоносон. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүү БаярБ- /Х.Б-/, түүний нөхөр н.Т бид гурвыг байж байхад гаднаас н.Зоригоо, Н.Д- гэх хүмүүс орж ирсэн ба орж ирэхдээ халамцуу нэг шил архи аваад ороод ирсэн. Тэр хоёр Баясаагийн гэрт орж ирээд архиа хуваагаад уугаад байж байхад н.Зоригоогийн утас руу Н.Д-ын ээж нь залгаад Н.Д-ыг дуудаад байхад Н.Д- нь явахгүй байхаар нь БаярБ- /Х.Б-/ нь Н.Д-ын хувцаснаас нь зуурч байгаад цааш түлхэхэд Н.Д- нь гадаа газарт унасан ба тэрнээс хойш гэр дотор нь байж байхад Н.Д-ын ээж нь гэх эмэгтэй ирээд “миний хүүхдийг зодоод гаргачихлаа, түлхээд гаргалаа” гээд орилоод ороод ирэхээр нь Баясаа “гарахгүй байсан юм чинь түлхэж гаргалаа” гэж хэлсэн. Н.Д-ын ээж ирээд гадаа юу болсон болохыг би мэдэхгүй байна. Ямар ч байсан Н.Д- нь босож хөл дээрээ явж чадахгүй түргэн тусламж дуудахад ирээгүй цагдаа нь түрүүлээд ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-23-24/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б-ийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.Д-тай хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод хуурай эгч Х.Б-гийн гэрт очсон. Очиход Баясаа эгч болон түүний нөхөр н.Т нар архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар уугаад байж байсан чинь 23 цагийн орчим Н.Д-ын ээж Ц.Н над руу залгаад “миний хүү хаана байна” гэхээр нь “надтай хамт Х.Б- эгчийн гэрт байна” гэсэн чинь ээж нь “наад бузар балиар айлдаа юу хийгээд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд Х.Б- эгч ээжийнх нь ярьсныг сонсчихоод Н.Д-ыг “яв” гээд хэлсэн боловч Н.Д- явахгүй хаалга алдлаад зогсоод байсан. Тэгсэн чинь Х.Б- эгч араас нь түлхээд Н.Д- газарт унах шиг болсон. Би яг яаж унасныг нь хараагүй. Тэгээд хэсэг байж байгаад Н.Д- гадаа орох гээд орилоод байсан. Удалгүй ээж нь ирээд Х.Б- эгч рүү дайраад хувцсыг нь зуураад байсан. Тэгээд над руу бас орилоод малгайн дээр байсан нүдний шил гараараа унагаад байсан... Х.Б- эгч гэрээс нь гаргах гээд араас түлхээд унагасан. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Н өгсөн: “...Тэгээд Н.Д-ыг гэртээ ирэхгүй болохоор нь би Г.Б-ийн утас руу эргээд 23 цагийн үед залгасан чинь цаана нь нэг эмэгтэй хүн хашхираад орилоод аягүй их чимээтэй байсан. Тэгэхээр нь би Г.Б-т “чи Н.Д-ыг аваад хурдан гараад ир, би урдаас чинь тосно” гэж хэлсэн. Тэгээд Г.Б- утсаа салгахгүй байхаар нь би чагнаад байсан чинь Баясаагийн дуу өндөр хэмээр “зайл, чи зайлаа” гээд хашхираад байсан. Тухайн үед тэр хоёрын дуу хоолой нь согтуу байсан. Тэгээд тэр 2 ирэхгүй болохоор нь би дахиад 23 цаг 58 минутын үед би Г.Б-ийн утас руу дахиад залгасан чинь Г.Б- өөрөө ярихгүйгээр нэг эмэгтэй хүнд утсаа өгсөн. Тэгсэн чинь тэр эмэгтэй нь миний өөдөөс “хүүхдийг чинь гадаа гаргаад хаячихсан шүү, хүүхдээ ирж аваарай” гэж ярьсан. Тэгсэн чинь сүүлд тэр хүн Баясаа /Х.Б-/ гэх эмэгтэй байсан. Тухайн үед би бас тэрний дуу хоолойг нь таньсан. Тэгэхээр нь би шууд гэрээсээ ганцаараа хүүхдээ авах гээд Баясаагийн гэр рүү явсан. Баясаагийн гэр нь манай гэрээс хойш 2 гудамжны ард байдаг. Тэгээд би Баясаагийн гэрийнх нь гадаа очсон чинь миний хүү Н.Д- Баясаагийн байшингийнх нь гадаа газар хэвтэж байсан. Тэгээд би хүүгээ харсан чинь аягүй  сонин унтаад байгаа юм шиг дуугараад байсан. Тухайн үед миний харснаар миний хүүгийн баруун талын хөмсөг хэсэг нь хавдчихсан, толгойн ар дагзны баруун талын хэсэг нь бас хавдсан битүү хавдартай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэгэхээр нь би Баясаагийн байшингийн цонхыг нь тогшсон чинь эхлээд Баясаа гарч ирэхээр нь би “тэр лүү та нар яагаад миний хүүг ийм болгож байгаа юм бэ, миний хүү үхчихлээ шүү дээ” гээд орилж чарлаж дайрсан...” гэх мэдүүлэг /1хх-33-35/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11442 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Д-ын биед зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн чих, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.З. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

4.5. Зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-43-44/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн: “...Дээрх гэмтэл нь түлхүүлснээс толгойгоор унах, цохих, цохигдох зэргийн аль алинд нь үүсэх боломжтой... Дээрх гэмтлийг авч дээрх дурдагдсан үйлдлүүдийг гүйцэтгэсэн болно. Зарим тохиолдолд үйлдэл хийх боломжгүй ч байж болно. Гавал тархины гэмтлийн үед тухайн хүний бие, физиологи болон цус хуралт тархи дарагдлаас хамаараад харилцан адилгүй юм...” гэх мэдүүлэг /1хх-166-167/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюуны өгсөн: “...Эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал 2017 оны 1 дүгээр сарын 26-ны А/39, А/12 дугаартай тушаалыг үндэслэн 10.3 гавал тархины гэмтэл “тархи няцарч гэмтсэн, тархи ба бүрхэвчүүдийн дээр, доор цус хуралдсан буюу түүний хүндрэл үлдэц 70-100 хувьтай эхний 1 жил...” гэх мэдүүлэг /хх-169-170/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-76/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /1хх-2/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-9/,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах тухай гэрээ /1хх-156/,

Хохирогч Н.Д-ын гэрэл зураг /1хх-188-190/,

Хохирлын баримт /1хх-116-149/,

Хохиролд 500.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны баримт /хх-207/,

Шүүгдэгч Х.Б-гийн эрүүгийн хариуцлага байсан эсэхийг шалгах хуудас /1хх-78/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Х.Б- нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 00тоотод 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн гэртээ танил П.Т, П.Б-, Г.Б-, Н.Д- нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Н.Д-тай маргалдаж “яг одоо гэрээс гар” гэж түүнийг хоёр гараараа түлхэн унагаж улмаар түүний биед зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн чих, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Х.Б-гийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 00тоотод 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн гэртээ танил П.Т, П.Б-, Г.Б-, Н.Д- нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Н.Д-тай маргалдаж “яг одоо гэрээс гар” гэж түүнийг хоёр гараараа түлхэн унагаж улмаар түүний биед зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн чих, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Х.Б- нь хохирогч Н.Д-ын эрүүл мэндэд учирсан хохиролд 500.000 төгрөг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-аас гэм хорын хохиролд 10.224.420 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-гаас 9.724.420 төгрөгийг гаргуулж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Э-д олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Н.Д-болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Э- нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Иймд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ц.Тцэцэг нарын зүгээс: “...Хуульд заасан 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү.. “ гэх тайлбарыг гаргасан боловч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

         

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-гийн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 14-ний хооронд цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор тогтлоо.

 

  Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч С овогтой Х Б-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

          2. Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар Х.Б-гийн цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

        5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-гаас 9.724.420 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-д  олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Д- болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Э- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС