Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/830

 

 

 

 

 

 

2022           08          22                                   2022/ШЦТ/830

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О,

Шүүгдэгч Х.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Од холбогдох эрүүгийн 2109015310800 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1964 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, зээгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 71 дүгээр гудамж 972 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

   Шүүгдэгч Х.О нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХК-ийн дотоод сүлжээний алдааны улмаас андуурагдан шилжүүлэгдсэн гүйлгээ болох 3.011.500 төгрөгийг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш нийт 3.011.500 төгрөгийн хохирол учруулан завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Маас 6 дугаар сарын дундуур миний данс руу мөнгө орж ирсэн. Тус мөнгийг Сэргэлэн гэх хүн даатгалаасаа гаргаж өгсөн бөгөөд Сэргэлэн гэх хүн нь манай хашаа, байшинг мөргөсөн. 5 дугаар сарын 19-ний өдөр манай хашааг мөргөсний улмаас тухайн үед ухаан алдсан байж магадгүй, болсон явдлыг санахгүй байна. Миний данс руу Сэргэлэн гэх хүний жолоочийн хариуцлагын даатгалаас 3.000.000 гаруй төгрөг орж ирсэн бөгөөд Сэргэлэн гэх хүн нь удаа дараа над руу “Маас мөнгөө авсан уу” гэж асуусан. Би хариуд нь “авсан” гэж хэлсэн. Над руу тухайн үед 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 8 удаа залгаж “мөнгө авсан уу” гэж асуусан…” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Жолоочийн хариуцлагын татвар төлөгч Сэргэлэнгийн учруулсан хохирлын улмаас 6 дугаар сарын 14-ний өдөр мөнгө олгосон ч 8 дугаар сарын 26-ны өдөр алдааны улмаас дахин гүйлгээ хийгдсэнийг 9 дүгээр сарын 3-ны өдөр мэдсэн. Мэдсэн дариудаа удаа дараа залгаад хэлтэл авахгүй байж байгаад авчхаад “би авах ёстой юм аа авсан буцааж төлөхгүй” гэж хэлсэн. Буцааж төлөхгүй гэж хэлсний хариуд гэрийн хаягаар нь албан бичиг явуулаад төлөхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. Хохирол төлбөрөөс төлөгдсөн зүйл байхгүй...” гэв.

Эрүүгийн 2109015310800 дугаартай хэргээс:

Хохирогч “М” ХК-ийн  цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-н 7 дугаар хуудас/,

“М” ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №22/032 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан тоот /хх-н 8 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 17-21 дүгээр хуудас/,

Гэрч Э.Оюунболорын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 10-11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Оы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 70 дугаар хуудас/,

Х.Оы Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-н 24-25 дугаар/,

Хаан банк “Шилжүүлгийн мэдээлэл” /хх-н 30-31, 34-35/,

Эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-н 60 дугаар хуудас/,

“М” ХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №21/883 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот /хх-ийн 58 дугаар хуудас/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 61-63/,

Шүүгдэгч Х.Оы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Х.О нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХК-ийн дотоод сүлжээний алдааны улмаас андуурагдан шилжүүлэгдсэн гүйлгээ болох 3.011.500 төгрөгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж ашиглаж бусдад бага хэмжээнээс дээш нийт 3.011.500 төгрөгийн хохирол учруулан завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч “М” ХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оийн “...М ХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Манай компанийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 21211131500691 тоот гэрээний даатгуулагч Ц.Сэргэлэн нь 92-52 УНД улсын дугаартай Тоёота Фалс маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Хайлааст Согоотын 971-972 тоотын орчимд замын хөдөлгөөнд оролцож байх үед зам тээврийн осол гаргаж Хамбагайн Оюуны эд хөрөнгө амь насанд учруулсан хохирол, эрсдэлийн улмаас даатгалын нөхөн төлбөр 3.011.500 төгрөгийг Х.Оы Хаан банкны 5083213552 дугаарын дансанд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл манай дотоод системийн алдааны улмаас дээрх даатгалын нөхөн төлбөр болох 3.011.500 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Х.Оы дээрх Хаан банкны дансанд дахин шилжүүлж алдаатай гүйлгээ хийсэн байна. Энэ талаар Х.Од утсаар олон удаа мэдэгдэж, сүүлд албан бичиг хүргүүлсэн боловч “дээрх мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч уг мөнгийг буцаан өгөх боломжгүй, мөнгийг хэрэглэсэн төлөхгүй” гэх хариу өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Оы “....2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эмэгтэй жолооч манай гэрийг дайрсан. Түүний хохирол болох нөхөн төлбөрийг шилжүүлсэн байна гэж ойлгосон болохоор гэртээ тооно, багана болон бусад эд зүйлийг авсан. Мын ажилтан тухайн өдөр холбогдоогүй. 2021 оны 11 дүгээр сард Мын ажилтан залуу ярьсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Оюунболорын “...Манай даатгалын компани нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын №21211132500691 тоот гэрээний даатгуулагч Ц.Сэргэлэн нь 92-52 УНД улсын дугаартай Тоёота Фалсе маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Хайлаас согоот 71-972 тоотын орчимд замын хөдөлгөөнд оролцож байх үед зам тээврийн осол гаргаж Хамбагайн Оюуны амь насанд учруулсан хохирол эрсдэлийн улмаас даатгалын нөхөн төлбөрт 3.011.500 /гурван сая арван нэгэн мянга таван зуу/ төгрөгийг Х.Оы Хаан банкны 5083213552 дугаарын дансанд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл манай дотоод системийн алдааны улмаас дээрх даатгалын нөхөн төлбөр болох 3.011.500 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Х.Оы дансанд дахин шилжүүлж алдаатай гүйлгээ хийсэн байна. Энэ талаар Х.Од мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн боловч дээрх мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч буцаан өгөх боломжгүй мөнгийг хэрэглэсэн гэх мэт үг хэлсэн. Төлөхгүй гэдгээ илэрхийлсэн...” гэсэн мэдүүлэг,

Х.Оы “...2021.08.26-ны өдөр 5003661825 дугаартай данс 3.011.500 төгрөгийн орлого, гүйлгээний утга Мандалаас...” гэсэн дансны хуулга,

“М” ХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №21/883 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотод “...манай дотоод системийн алдааны улмаас даатгуулагч таны дээрх дансанд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нөхөн төлбөрийг шилжүүлж, алдаатай гүйлгээ хийгдсэн байна. Хэдийгээр дээрх тохиолдол нь даатгуулагч таны буруутай үйлдлээс болоогүй ч буцаан шилжүүлэх үүргийг хуулиараа зохицуулж, хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна. Иймд та үүссэн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, алдаатай шилжүүлсэн гүйлгээг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор М ХК-ийн дансанд шилжүүлж өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү...” гэсэн албан тоот,

Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...хулгай хийсэн юм надад байхгүй. Би нийгмийн даатгалаас орж ирэх ёстой мөнгө гэж бодоод би гэр авсан. Би тэтгэврээс өөр орлого байхгүй тэрийг чинь яаж өгөх юм...” гэсэн тэмдэглэл,

“Хаан банк”-ны “...М ХК 5003661825 данснаас 3.011.500 төгрөгийг Хамбагай Оюуны 5083213552 тоот дансанд шилжүүлэв...” гэсэн шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.О нь “М” ХК-иас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр даатгалын нөхөн төлбөр болох 3.011.500 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан байх ба “М” ХК-ийн дотоод сүлжээ, системийн алдааны улмаас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 3.011.500 төгрөг андуурагдан шилжүүлэгдсэн болохыг мэдсээр атлаа тухайн компанид хандалгүйгээр улмаар өөртөө ашиглан тухайн мөнгийг хувьдаа завшиж, бусдад хохирол учруулсан болох нь нотлогдсон байна.

“М” ХК-иас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Х.Оы дансанд андуурагдан шилжсэн гүйлгээний талаар түүнтэй 2021 оны 9 дүгээр сарын 03, 15-ны өдрүүдэд шууд холбогдон мэдэгдсэн, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр холбогдох гэсэн боловч гар утас сүлжээнээс тасарсан, 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр гар утас руу нь холбогдоход утсаа авахгүй, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Х.Од хандаж албан мэдэгдэл гэрийн хаягаар хүргүүлж удаа дараа түүнтэй холбогдох ажиллагаа явуулж байжээ.

Түүнчлэн анх Х.О нь “М” ХК-иас нөхөн төлбөр авахын тулд хүсэлт гаргаж, холбогдох ажилтантай уулзсан.

Энэ мэтчилэн “М” ХК-иас Х.Оы дансанд андуурагдсан  гүйлгээ хийж, мөнгө шилжүүлсэн болохыг тэрээр мэдсээр атлаа тухайн мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилгоо илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь өмчлөгч, эзэмшигчийн хайхрамж, болгоомжгүй үйлдлийн улмаас түүний хүсэл зоригоос гадуур дансаар шилжүүлэгдсэн андуурагдсан гүйлгээ болох эд хөрөнгийг гэмт этгээд бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулсан байхыг ойлгоно.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцох талаар хуульд тодорхой заасан ба энэ гэмт хэргийн хувьд 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Прокуророос Х.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүх шүүгдэгч Х.Оыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох мөнгөн хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч “М” ХК-нд 3.011.500 төгрөгийн хохирол учирсан байх /хх-ийн 25-27, 35/ байх тул шүүгдэгч Х.Оаас 3.011.500 төгрөгийг гаргуулжМ” ХК-нд /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О/-д олгохоор шийдвэрлэв. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Х.Оыг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Х.О нь ам бүл 2, зээгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй, 58 настай зэрэг хувийн байдлыг тогтоов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч  Х.О нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 4 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг... зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор....тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 2 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоох нь зүйтэй байна.  

Бусад асуудал:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Ог төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох мөнгөн хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Оыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Оы 4 хоног цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасч, нийт 2 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оаас 3.011.500 төгрөгийг гаргуулж “М” ХК /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О/-нд олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН