Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/993

 

 

 

 

 

 

 

2022          06          28                                    2022/ШЦТ/993

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгч Т.А-,

Хохирогч Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Т-н А-д холбогдох эрүүгийн 2206 01056 0838 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг Баян-Овоо суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Өмнөговь аймаг Цогтцэций сумын 0 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:хх0000001/ М овогтой Т-ын А-

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Т.А- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхоны 00 тоотод 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “түрээсийн байрнаас хөөсөн“ гэх шалтгаанаар Н.Д-ийг зодож зүүн тохой, бугалга, зүүн бугалга, баруун шуу, цээж, зүүн хөх, баруун болон зүүн өвдөг, баруун гуянд цус хуралт, баруун бугалгад зулгаралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А- мэдүүлэхдээ:..Би хохирогчийг санаатайгаар зодоогүй. Манай охины хөлсөлдөг байрны эзэнтэй ярьсан. Юмаа ирж ав гэсэн. Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатарт барьцаа мөнгөө аваад байрыг нь хүлээлгэж өгнө гээд ирсэн. Тэгсэн 3 хүүхэн байсан. Ядаж шөнө ирсэн болохоор хот мэдэхгүй хүүхдийн үлдээсэн юм байвал шалгачихаад хоноод явъя гэсэн маргалдаад намайг ална гээд гал тогоо руу чирээд зодоон болсон  тэгээд цагдаа дуудна гээд хэсэг ярилцаж байгаад дахиад хэрүүл үүссэн би зузаан хувцастай байсан учраас надад гэмтэл үүсээгүй гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д- мэдүүлэхдээ: ...тухайн үеийг одоо сайн санахгүй байна. Би өөрөө бага насны 3 хүүхэдтэй адилхан хүнийг зовоогоод яах уу гээд хохирлоо бүгдийг нь өөрөө даасан. Тухайн үед шөнө орж ирээд гуталтайгаа яваад байсан тэгээд маргалдсан. А-гийн хүүхэд нь нялх хүүхэдтэй ирсэн. Тэгсэн хүүхдээ шууд бараг шидэх шахуу тавьчхаад зодолдоод эхэлсэн би уг нь гомдол саналгүй гэж  хэлэх гэж  байсан. Одоо бол гомдолтой байна. хохирлоо нэхэмжилнэ гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Д-ийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч М.Бямбацэцэгийн мэдүүлэг /хх-18/ гэрч Г.Бурмаагийн өгсөн мэдүүлэг /хх-38-41/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2783 дугаартай дүгнэлт /хх-12-13/, шүүгдэгч Т.А-гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Т.А- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхоны 00тоотод 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “түрээсийн байрнаас хөөсөн“ гэх шалтгаанаар Н.Д-ийг зодож зүүн тохой, бугалга, зүүн бугалга, баруун шуу, цээж, зүүн хөх, баруун болон зүүн өвдөг, баруун гуянд цус хуралт, баруун бугалгад зулгаралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Д-ийн “...Манай найз Х.Уранцэцэг нь өөрийнхөө нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхоны  тоотыг 2 жил орчмын өмнө хүмүүст түрээсэлсэн ба сүүлийн 2 сарын төлбөр төлөөгүй гэртээ байгаа байхгүй мэдэгдэхгүй байна чи дүүтэйгээ түр амьдар гэж хэлсэн. Тэгээд өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдөр найз н.Бурмаа, н.Бурмаагийн хүү, манай дүү Г.Д-ы хамт очиж төвхнөсөн. Тэгээд өнөөдөр байж байхад гаднаас хаалга тогшоод “юм аа авах” гэсэн юм гээд нэг эмэгтэй орж ирээд “хоноод явна, бид нар хөдөөнөөс ирсэн ядарч байна” гээд гуталтайгаа гэрт яваад байсан. Араасаа нэг настай эмэгтэйг дагуулж оруулаад ирсэн. Тэгээд бага зэрэг үл ойлголцоод байж байхад тухайн эмэгтэйн ээж намайг нэг удаа шанаадаад хүзүүнээс заамдаад үснээс зулгаагаад чирсэн. Тэгэхэд манай найз н.Бурмаа, н.Бямбацэцэг нар байсан ба тэр орж ирсэн эмэгтэй бид гурвыг зодсон...Миний биед учирсан гэмтлийг хүүхэдтэй эмэгтэй хүний ээж нь гэх эмэгтэй нүүрэнд цохиж, үсдэж унагаж газраар чирч, үсдэж дарж өшиглөж, толгой дагзаар хана мөргүүлж битүү хөх няц болгосон. Мөн эрүүнд цохиж хөхрүүлсэн, үсдэж газраар чирэхэд хоёр өвдөг хөхөрсөн, хоёр гарын бугалга руу гараараа цохиж хөхрүүлсэн, маажиж цээж рүү цохисны улмаас хөхөрч няцарсан гэмтлүүд учирсан. Энэ үед манай хоёр найз салгасан боловч дийлэхгүй зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бямбацэцэгийн “...Дундаж эргэм насны эмэгтэй манай найз Г.Д-ийг цохиж унагаагаад гал тогоо хүртэл чирсэн. Тэгэхээр нь Г.Бурмаа салгах гэж очсон...Тухайн үед ээж нь гэх эмэгтэй Г.Д-ийг үсдэж чирч, хана мөргүүлж нүүр нүдгүй цохиж зодсон тул салгасан...” гэх мэдүүлэг /хх-33-34/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бурмаагийн “...40 орчим насны эгч орж ирээд гарахгүй бид нар та нарт түрээс өгсөн болохоор гарахгүй гэхээр нь та нар бид нарт түрээс өгөөгүй болохоор одоо гараа гэсэн. Тэгээд нэг нэгээр нь эд зүйлсийн гаргаж өгч байхад тэр 40 орчим насны эмэгтэй манай найзыг үсдээд унагаагаад зодоон болсон...” гэх мэдүүлэг /хх-38-41/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №2783 дугаартай шинжээчийн:

1.Г.Д-ийн биед зүүн тохой, бугалга, зүүн бугалга, баруун шуу, цээж, зүүн хөх, баруун болон зүүн өвдөг, баруун гуянд цус хуралт, баруун бугалга зулгаралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-12-13/ 

 

Шүүгдэгч Т.А- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-49/ зэрэг болно.

 

 Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Т.А- нь хохирогч Г.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг гэрч хохирогч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.А- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 00тоотод 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “түрээсийн байрнаас хөөсөн“ гэх шалтгаанаар Н.Д-ийг зодож зүүн тохой, бугалга, зүүн бугалга, баруун шуу, цээж, зүүн хөх, баруун болон зүүн өвдөг, баруун гуянд цус хуралт, баруун бугалгад зулгаралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Д- нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ба цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Шүүхээс шүүгдэгч Т.А-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

  Шүүгдэгч Т.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Т-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.А- нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Д- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС