Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/863

 

 

 

 

 

   2022        09       06                                    2022/ШЦТ/863

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Б.З, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нар оролцсон эрүүгийн 2202000620149 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байгаа, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60Б байрны 40 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.З нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Т.Нийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэх буюу Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байсан Т.Нт Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, шууд Монгол Улсаас үндэсний энгийн гадаад паспорт олгохын тулд 110.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

Эрүүгийн 2202000620149 дугаартай хэргээс:

Нийслэлийн Прокурорын Газраас газраас гаргасан 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдриййн 1/67 дугаартай албан тоот  /1хх-ийн 3 дугаар хуудас /,

Гэрч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 6-7, 14 дүгээр хуудас, 2хх-ийн 24-26 дугаар хуудас /,

Гэрч О.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 24, 28-29 дүгээр хуудас /,

Гэрч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 31-33 дугаар хуудас /,

Яллагдагч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 245, 248 дугаар хуудас /,

Б.Згийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/,

О.Мын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Н.Мийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 35-36, 68-69 дүгээр хуудас/,

Хаан банкны Хууль, эрх зүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 29/2225 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дансны хуулгууд /1хх-ийн 67-69 дүгээр хуудас /,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10/356, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10/2959 дугаартай албан бичгүүд /1хх-ийн 71-72, 82-83 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2022 оны 2 дүгээр сарын 13-ны өдрийн 10/1541 дугаартай албан бичиг /1хх-ийн 80 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/3076 дугаартай албан бичиг /1хх-ийн 96, 119-123 дугаар хуудас/,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/252 дугаар тушаал /1хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

Улсын бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 119-122 дугаар хуудас/,  

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3/3737 дугаартай албан бичиг /1хх-ийн 154-165 дугаар хуудас/,

Хил хамгаалах газрын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2-4в/2008 дугаартай албан бичиг /1хх-ийн 204-208 дугаар хуудас /,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 35 дугаар хуудас /,

Дансны хуулга бүхий Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 124-126 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 дугаар хх-ийн 9 дүгээр хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №023 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Згийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 180 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 209 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 168-170 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Згийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 249-250, 2 дугаар хх-ийн 1-7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.З нь Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон ажиллахдаа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Т.Нийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэх буюу Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байсан Т.Нт Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, шууд Монгол Улсаас үндэсний энгийн гадаад паспорт олгосны хариуд 110.000 төгрөгийн хахууль авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Нийслэлийн Прокурорын Газраас газраас гаргасан “гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” мэдээлэл бүхий 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 1/67 дугаартай албан тоот,

Гэрч Т.Нийн "... Тухайн үед би Солонгос Улсад хар ажил хийж байсан. Солонгос дахь Элчин сайдын яам дээр очоод итгэмжлэл авах гэсэн боловч нэгдүгээрт очер ихтэй, хоёрдугаарт хагас сайн өдөр байсан санагдаад байна. ...тэгээд паспорт гаргуулах үед нөхөр Батнямд хэлээд манай нөхөр Мөнхдөлөөс гуйж байгаад миний паспортыг гаргуулж Солонгос руу явуулсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Мийн “...Заяабаатарын Батням бид хоёр багын найзууд, нэг хашаанд байсан, их сургуулиа нэг ангид суралцаж төгссөн. Төмөрбаатарын Наранчимэгийг Батнямын эхнэр болсноос хойш л мэдэх болсон. Одоо гэр бүлийн, найз нөхөдийн холбоотой. Би Солонгос Улсад очиж үзэж байгаагүй. Тухайн үед би Т.Нийн гадаад паспортыг таньдаг ах болох иргэний бүртгэлд ажилладаг Одонлхажавын Мөнхбат /99093669/ гэдэг ахдаа хэлж байгаад гаргуулж өгсөн. Батням тэр үед надтай холбогдоод “бид хоёр яаралтай Монгол руу буцах хэрэг гарсан. Эхнэр Т.Н гадаад паспортоо хайгаад олохгүй байна, яаралтай гадаад паспорт гаргуулах хэрэгтэй байна” гээд над руу иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургийг явуулсан ба “итгэмжлэл явуулья” гэсэн боловч “итгэмжлэл нь удахаар байна дараа нь явуулья” гэж хэлсэн. Тэгээд би Мөнхбат ахаас асуугаад “манай найз яриад байна гадаад паспорт яаралтай, гаргуулах хэрэгтэй байна, итгэмжлэлийг нь араас нь явуулья” гэж хэлэхэд тэр үедээ “итгэмжлэлгүйгээр болохгүй шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд “итгэмжлэлийг нь заавал авч өгөөрэй” гээд надаас материалыг нь аваад удалгуй 3-5 хоногийн дараа Т.Нийн гадаад паспорт нь гарангуут би онгоцны буудал ороод Солонгос явж байгаа хүнд өгч явуулсан. Тухайн үед гадаад паспортын яаралтай захиалгын үнэ болох 50 гаруй мянган төгрөгийг би материалын хамтаар Мөнхбат ахад өгсөн юм. Би дансны хуулгаа харах юм бол мэднэ. Батням над руу мөнгө шилжүүлсэн байж магадгүй. Би хаан банканд 5000716277, 5007324896 тоот дансыг идэвхтэй ашигладаг...” гэсэн мэдүүлэг,   

Гэрч О.Мын “... Баттулга Золзаяа нь улсын бүртгэгчээр ажилладаг бөгөөд бид хоёр эхлээд архивт хамт ажиллаж байгаад сүүлд гадаад паспортын хэлтэст байцаагчаар ажилладаг болсон. Тэр үед Н.М нь надаас Т.Н гэдэг хүний гадаад паспорт гаргуулах шаардлагатай байна гээд гуйсан юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “мөнгөө тушаагаад хүрээд ир” гэж хэлээд Т.Нт хэлж байгаад гаргуулж өгсөн. Тухайн үед очер ихтэй байсан тул яалт ч аргагүй Дөлөө гуйсан учраас гаргуулж өгсөн. Итгэмжлэлийг нь би Дөлөөд заавал авчирч өгөөрэй гэж хэлэхэд заавал өгнө өө ахаа гэж хэлж байсан. Золзаяа ч гэсэн надаас “Мөөгий ахаа нөгөө итгэмжлэлээ өгөөрэй” гэж хэлж байсан боловч аль аль талдаа мартаад л өнгөрсөн байна. Би Хаан банкнинд 5076057373 тоот дансыг 2008 оноос хойш 5176039292 тоот дансыг сүүлд ажлаасаа гарснаас хойш эзэмшиж байна. Би энэ талаар сайн санахгүй байна л даа Гэхдээ яалт ч үгүй би түрүүн дансны хуулгаа банкнаас аваад харахад дээрх гүйлгээ байсан нь үнэн. Тэгэхээр би Дөлгөөнөөс шилжүүлсэн мөнгөнөөс 110,000 төгрөгийг Б.Зд Т.Нийн гадаад паспортыг түргэн шуурхай гаргуулах зорилгоор өгсөн нь үнэн. Тэр үед итгэмжлэлийг ардаас нь өгнө гэж байсан боловч хэн хэн нь мартаад өнгөрсөн байна лээ...” гэсэн мэдүүлэг,                    

Б.Згийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5076057373 данснаас 110.000 төгрөгийн орлого...” гэсэн мэдээлэл бүхий баримт,

Хаан банкны Хууль, эрх зүйн газрын 2022 оны 4 дугээр сарын 14-ний өдрийн 29/2225 дугаартай албан бичгийн хавсралт, Н.Мийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:

-“Н.Мийн эзэмшлийн 5007324896 дугаартай дансны хуулгад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 56 минутад “bataa АC:150000 Наранчимэг Төмөрбаатар" гэх утгаар 260.000 төгрөгийн орлогын,

  • Н.М нь өөрийн данснаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 06 минутад “duluu” гэx утгаар О.Мын Хаан банк дахь 5076057373 дугаартай данс руу 120.000 төгрөгийн зарлагын,
  • О.Мын эзэмшлийн 5076057373 дугаартай дансны хуулгад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 06 минутад Н.Мийн Хаан банк дахь 5007324896 дугаартай данснаас "duluu" гэх утгаар 120.000 төгрөг орсон орлогын,
  • О.М нь өөрийн данснаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 21 минутад Б.Згийн Хаан банк дахь 5720362568 дугаартай данс руу “99093669” гэх утгаар 110.000 төгрөгийг шилжүүлсэн зарлагын гүйлгээнүүд...” гэсэн мэдээллэл бүхий баримт,

Улсын бүртгэлийн еренхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10/356, 2022 оны 4 дугээр сарын 06-ны өдрийн 10/2959 дугаартай албан бичиг, Т.Нийн 2017 оны 10 сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгийн баримтууд,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2022 оны 2 дүгээр сарын 13-ны өдрийн 10/1541 дугаартай албан бичигт “...Иргэн Т.Н нь /ДЭ87092306/-ийн 2017 оны үндэсний гадаад паспортын мэдүүлгийн баримтад “итгэмжлэл” хавсаргаж ирүүлээгүй байна...” гэсэн мэдээлэл бүхий баримт,

Дансны хуулга бүхий Сиди-д үзлэг хийсэн “...Т.Нийн гадаад паспорт гарсан өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Одонлхажавын Мөнхбатын Хаан банк дахь 5076057373 дугаартай данснаас 16:21:58-д 110.000 төгрөгийн орлогын гүйлгээ /99093669/ гэсэн утгаар орж ирсэн байна...” гэсэн тэмдэглэл,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3/3737 дугаартай албан бичиг,

Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2-4в/2008 дугаартай албан бичиг, лавлагааны хариу “...Төмөрбаатарын Наранчимэг Е1519678 20160617 Гарах Замын-Үүд, Е1519678 20180120 Орох Буянт-Ухаа ...” гэсэн мэдээлэл бүхий баримт,  

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Хаан банкны 2022  оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 29/1188 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэр бүхий 4 иргэний дансны хуулга бүхий 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга бүхий 1025 гэсэн бичиглэлтэй Number гэсэн хаягтай сиди 1 ширхэг, Төмөрбаатарын Наранчимэг /РД:ДЭ87092306/-ийн E1519678, E1996963 дугаартай гадаад паспорт зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ,

Баримт бичигт үзлэг хийсэн “..Е1996963 гэх дугаар...2-3 дугаар нүүрэнд E, MNG E1519678 TUMURBAATAR, NARANCHIMEG, МОНГОЛ УЛС, MONGOLIA төрсөн он, сар, өдөр 1987, 09.23, хүйс F, олгосон jul.12, 2020 jul 20 гэх огноотой...Е1519678 дугаартай гадаад паспортад үзлэг хийсэн тэмдэглэл...8-9 дүгээр нүүр хуудсанд БНХАУ-ын хилээр нэвтэрч орсон штамп, 2015-07-26 орсон, 2015-08-01 гарсан, 2016-06-17 орсон, 2016-06-18 гарсан, 2018-03-18 орсон, 2016-03-24 гарсан, 2018-06-20 орсон, 2018-06-21 гарсан, 2018-07-14 орсон, 2019-07-19 гарсан хилийн шалганы мэдээлэл...” гэсэн тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №023 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн E1996963 дугаартай гадаад паспорт нь жинхэнэ байна. Ямар нэгэн засвар, өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг илрэхгүй байна... Шинжилгээнд ирүүлсэн E1996963 дугаартай гадаад паспортын 32 дугаар нүүр дээр дарагдсан тэмдэгний дардас мэт зүйлийн дугаарыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар “...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 28 дугаар хорооны улсын бүртгэгч Баттулгын Золзаяагийн гаргасан хүсэлтийг нь харгалзан 2017 оны 04 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Бат-Эрдэнийн Батчимэгийн жирэмсний болон амаржсаны амрал, хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсугай...” гэсэн мэдээлэл бүхий баримт,

 Улсын бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолтоор “...иргэний бүртгэлд бүртгэх хүсэлтийг иргэдээс хүлээн авч нотлох баримтыг нягтлан шалгах, иргэний бүртгэл, мэдээллийн санд бүртгэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад пасспорт түүнтэй адилгах баримт бичиг олгох....иргэний улсын бүртгэлд бүртгэх материал бүрдүүлбэр дутуу буюу нотлох баримын шаардлага хангахгүй болулсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, шаардлагатай тохиолдолд бичгээр мэдэгдэх...” гэсэн мэдээлэл бүхий баримт зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Б.З нь Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон ажиллахдаа бусдын гуйлтаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Т.Нийн гадаад паспорт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэх буюу Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байсан Т.Нт Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, шууд Монгол Улсаас үндэсний энгийн гадаад паспорт олгосны хариуд 110.000 төгрөгийн хахууль авсан үйл баримт нь тогтоогдсон байна.

Иргэн Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан болох нь түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож тэрээр яаралтай Монгол Улсад очих хүсэл сонирхолтой байсан ба шүүгдэгч Б.Згаас албан үүргээ хэрэгжүүлэхдээ түүнд тэрхүү үндэсний энгийн гадаад паспортыг гаргасан байна.

Гэмт үйлдэл болсон цаг хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1999 оны 10 сарын 14-ний өдрийн Иргэний бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам” тус тус хэрэгжиж байв.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй.” гэж, мөн хууль, зүйлийн 23.5-д “Үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан.

 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 4.1-д “Энгийн гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар олгоно” гэж, мөн журмын 5.1-д “Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргана” гэж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-ийн “Гадаад паспорт захиалах хүсэлт хүлээн авах” хэсгийн 2.4-д “Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газраас файлаар ирүүлсэн мэдээллийг Тамгын газар хүлээн авч бүртгэн, Иргэний бүртгэлийн газарт шилжүүлнэ” гэж, 2.5-д “Иргэний бүртгэлийн газар нь хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газраас файлаар ирүүлсэн мэдээллийг хөрвүүлж, иргэний мэдүүлэг, зургийг хэвлэнэ” гэж, мөн журмын 3.1-д “Улсын бүртгэгч гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтлөхдөө иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд дор дурдсан мэдээллийг шалгана:” гэж, 3.1.3-д “өмнө олгогдсон гадаад паспорт хүчингүй болсон эсэх” гэж тус тус тусгажээ.

Түүнчлэн мөн журмын 3.4-д “Хяналтын улсын байцаагч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний гадаад паспортыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж, 3.4.1-д “Гадаад паспортаа гэмтээсэн, үрэгдүүлсэн” гэж, 3.4.3-д “Гадаад паспортыг бусдад ашиглуулсан” тус тус заасан байна.

Эдгээр журмуудад заасан дээрх зохицуулалтаар Монгол Улсын хилийн гадна буюу гадаадад байгаа иргэн үндэсний энгийн гадаад паспорт авахдаа хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан биечилэн хүсэлт, материалуудаа гаргах ба тухайн эрх бүхий байгуулагаас иргэнээс ирсэн иргэний холбогдох материалыг хүлээн авч Иргэний бүртгэлийн газарт шилжүүлсний үндсэн дээр иргэний бүртгэлийн ажилтан Б.Згаас бичиг баримтын бүрдэл, өмнө олгогдсон гадаад паспорт хүчингүй болсон эсэх гэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулах атал энэ үүргээ биелүүлэлгүй тухайн журмуудын хэд хэдэн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл иргэн Т.Нийн бичиг баримтын бүрдэл материалыг анхнаас нь өөрөөс нь  болон өөр хувь иргэнээр дамжуулан хүлээж авахгүйгээр барахгүй улмаар хууль, журамд заасан нөхцлүүдийг хангахгүй үед түүний хүсэлт шаардлагыг хүлээн авахаас татгалзах байтал  шүүгдэгч Б.Згаас бусдын ятгалга, гуйлтанд автаж үндэсний энгийн гадаад паспортыг гаргаж, түүний хариуд мөнгөн хөрөнгө өөртөө авсан байна.       

Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар заасан албан тушаалтан буюу Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /дэс түшмэл ангилалтай, ТЗ-6 зэрэглэлийн төрийн захиргааны албан тушаалтан/ Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эрүүгийн хуульд заасан “Хахууль авах” гэмт хэргийг тодорхойлохдоо хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын харилцан ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгч Б.Згаас иргэн Т.Нийн хүсэлтийг эрх бүхий байгууллагаар дамжуулан авах журмыг зөрчсөнөөс үүдэлтэйгээр цаашлаад тухайн харилцааг зохицуулсан хэд хэдэн хэм хэмжээг зөрчиж улмаар Т.Нийн хүсэлт шаардлагыг биелүүлж, түүнээс бусдаар дамжуулан мөнгөн хөрөнгийг өөртөө авсан гэмт үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Зг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгч Б.З болон түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн санал тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, нэр хүндийг доройтуулсан байх боловч хохирол, хор уршиг учирсан байдал тогтоогдоогүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Зг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.З нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож өгнө үү гэсэн саналтай байна...” гэж тус тус санал гаргасан ба шүүх тэдгээрээс гаргасан саналыг харгалзан ял оногдуулах боломжтой гэж дүгнэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хууль зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого...ойлгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Згаас гэмт хэрэг үйлдэж олсон 110.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Т.Нийн E1519678, E1996963 дугаар бүхий 2 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийтийн албан тушаалтны хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэн сахин биелүүлэх, иргэдэд тэгш, шударгаар төрийн үйлчилгээг үзүүлэх хэм хэмжээг зөрчсөн, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ зүй ёсоор биелүүлэх зан байдал дутагдалтай гэж дүгнэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                            ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Зг нийтийн албан тушаалтан  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Нийн E1519678, E1996963 дугаар бүхий 2 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 төгрөгийг шүүгдэгч Б.Згийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН