Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0829/З |
Дугаар | 221/МА2024/0350 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0350
“Ё” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 209 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А, өмгөөлөгч Э.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/0829/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ё” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 209 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус баримтлан “Ё” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “... Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт нь тухайн газар эзэмшигч болон шийдвэрт хамаарах бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлэн авсан эрхийн гэрчилгээг өмнөх газар эзэмшигчид газрын хууль зөрчин олгосон үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ” гэж,
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “Мөн нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/915 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар захирамжууд хүчинтэй байх бөгөөд тус захирамжийн агуулгаас үзвэл дуудлага худалдааны үнэ төлөөгүй үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгох бус харин дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэх боломжтой байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн нь тус тус үндэслэлгүй юм.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” А/782 дугаар захирамжаар “Ё х” ХХК-иас “Ё” ХХК нь 72 га газрыг орон сууцны зориулалтаар газрын эрх шилжүүлэн авсан. Нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан газар нь анх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхээс шалтгаалан захиргааны актын хүчин төгөлдөр байдал дүгнэгдэх учиртай юм. Т.Б нарт холбогдох 4 иргэний эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар шийдвэрлэж прокурорт буцаасан. Уг эрүүгийн хэргийн улмаас улсад 3 168 000 000 төгрөгийн хохирол учирсан нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дүгнэлтээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч компанийн шилжүүлэн авсан газар нь анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 259 дүгээр “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Ё х” ХХК-д 100 га газрыг орон сууцны хороолол зориулалтаар эзэмшүүлсэн. Ингэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, “100 га”-г “72 га” болгож гар бичмэлээр засварласан, хүсэлт болон бусад холбогдох материалын бүрдэл дутуу байхад эзэмшүүлсэн, нэхэмжлэгч компани болох “Ё” ХХК нь Т.Б-н хүргэн Э.Ж, Б.Б, “Ё х” ХХК-ийн ерөнхий захирал Л.З-н хүү З.А нарын үүсгэн байгуулсан компани зэрэг зөрчлүүдийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01-09/2563 дугаар “Зөрчил арилгах тухай” албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02-09/4985 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-06/546 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/3503546 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01-08/4262 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн нь “... захирамжийн агуулгаас үзвэл дуудлага худалдааны үнэ төлөөгүй үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгох бус харин дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэх боломжтой байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ” гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь дуудлага худалдааны анхны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлэх хүсэлт, зорилгогүй байгаа нь дээрх мэдэгдлүүдийг 2019 оноос хойш хүргүүлсэн боловч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүйгээс тодорхой харагдаж байна. нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгоогүй, 2019 оноос албан бичгээр Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлөх тухай удаа дараа хүргүүлж байсан нь хэргийн материалд авагдсан байдаг бөгөөд нөхөн төлүүлэх боломжийг удаа дараа олгосон.
Нийслэлийн Засаг дарга нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох тухай А/1016 дугаар захирамжийг Газрын тухай хуулиар олгосон. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн чиг үүргийн дагуу гаргасан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “Ё” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 259 дүгээр захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын амны зүүн талын энгэрт орон сууцны зориулалттай 720,000 м.кв газрыг “Ё х” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар захирамжаар “Ё х” ХХК-ийн эзэмших эрх бүхий 720,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсан байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ё” ХХК-д дээрх газрыг 5 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд “Ёда Инвестмент” ХХК болон “Т” ХХК-иас Нийслэлийн газрын албанд гаргасан “Ё” ХХК-ийн эзэмшлийн 720,000 м.кв газраас 200,000 м.кв газрын эзэмших эрхийг “Т” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар “Ё” ХХК-д 520,000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар, “Ти Си Ди” ХХК-д 200,000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлсэн. Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаартай захирамжаар “Ё” ХХК-ийн орон сууцны зориулалттай 520,000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар сунгасан бөгөөд “Ё” ХХК 4,500 м.кв газрыг цэцэрлэг барихад зориулан Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 515,084 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон, мөн нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/396 дугаар захирамжаар “Ё” ХХК-д орон сууцны зориулалтаар 505,084 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 10,000 м.кв газрыг Усан спортын цогцолборын зориулалтаар тус тус эзэмшүүлсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
2.3. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжаар Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Ё” ХХК-ийн орон сууцны хорооллын зориулалттай 504 969 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд анхан шатны шүүх “... “Ё х” ХХК-д газрын тухай хууль тогтоомж зөрчин газар эзэмшүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/396 дугаар захирамжийн хавсралтын “1” дэх хэсгийг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй, ... Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан ... зохицуулалт нь тухайн газар эзэмшигч болон шийдвэрт хамаарах бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлэн авсан эрхийн гэрчилгээг өмнөх газар эзэмшигчид хууль зөрчин газар олгосон үндэслэлээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, ... дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэх боломжтой байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.4. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд маргаан бүхий газрыг анх “Ё х” ХХК-д дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олгоогүй буюу Газрын тухай хууль тогтоомж зөрчиж олгосон болох нь тогтоогджээ.
2.5 Түүнчлэн хариуцагчийн зүгээс Газрын тухай хууль тогтоомж зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрх олгосон тул газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан үзэж, дээрх зөрчлийг арилгуулахаар дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний дараа газар эзэмших эрхийг баталгаажуулах талаар гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/307, А/309, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/915, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар захирамжуудын дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч “Ё” ХХК-д дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөх талаарх мэдэгдлийг 2019, 2022, 2023 онуудад удаа дараа хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөх боломжийг нэхэмжлэгчид олгоогүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
2.6. Нөгөөтээгүүр, маргаан бүхий газрыг анх “Ё х” ХХК-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж олгосон бөгөөд тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь уг газрын эзэмших эрхийг өөрийн хамаарал бүхий компанид ийнхүү шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч “Ё” ХХК нь дуудлага худалдааны анхны үнийг бүрэн нөхөн төлөөгүй байгаа энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан өмнөх хууль зөрчиж гаргасан шийдвэрээ зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх төдийгүй Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ё” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН