Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа, 

улсын яллагч П.Нямцэцэг,

хохирогч Б.Оюун,

шүүгдэгч А.Төрмандах, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

шүүгдэгч Б.Баттулга, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

иргэдийн төлөөлөгч Э.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.3, 111  дүгээр зүйлийн 111.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амаржаргалын Төрмандах, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарын Баттулга нарт холбогдох эрүүгийн 2014250000128 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овгийн Амаржаргалын Төрмандах, 1992 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 6-5 тоотод оршин суудаг,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 275 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 3 сар 8 хоногийн хорих ялыг 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлж суллагдсан,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 432 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 616 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 16 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзаж суллагдсан, регистрийн дугаар УБ92052312:

2. Боржигон овгийн Баатарын Баттулга, 1977 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уул 11 дүгээр гудамж 43 тоотод оршин суудаг,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 480 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 90 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2007 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 393 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 01 жил 11 сар 21 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 155/а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 02 дугаар сарын 7-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, регистрийн дугаар ЧА77072571:

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч А.Төрмандах нь ялтай байхдаа давтан үйлдлээр Б.Баттулгатай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-н цагаан байрны далангийн орчим 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр О.Оюунбилэгийн цүнхтэй эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд зүйл дээрэмдэхээр довтолсон,

мөн А.Төрмандах нь У.Анхбаярыг “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-н цагаан байрны далангийн орчим 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр О.Оюунбилэгийн цүнхтэй эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон” гэмт хэргийг өөртэйгөө бүлэглэн үйлдсэн буюу эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс У.Анхбаяр нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 274 өдөр цагдан хоригдож, хүнд хор уршиг учруулсан,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл 147.2, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан хэрэгт шалгагдаж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэргийг,

мөн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн Богд Ар хорооллын орчим Б.Оюуны жолоодон явсан 67-95 УНӨ улсын дугаартай Т.Приус 20 маркийн автомашинд сууж такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Оюуны хоолойг боож, хутга тулган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Т.Приус 20 маркийн автомашин, пүүз, автомашины дорцов, 3 боодол памперс, 4 кг чихэр, эрэгтэй хүний хагас богино савхин куртик, нүдний шил зэрэг 6.906.200 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

мөн 2016 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 94 дүгээр байрны 53 тоотод оршин суух Б.Баасанжаргалын гэрт “хажуу өрөө түрээслэнэ” гэж ирэхдээ Б.Баасанжаргалын Айфоне 5 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж залилан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Баттулга нь А.Төрмандахтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-н цагаан байрны далангийн орчим 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр О.Оюунбилэгийн цүнхтэй эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг дээрэмдэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Төрмандах мэдүүлэхдээ: “…2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Б.Баттулга бид хоёр дэнжийн мянгын далангийн тэнд явж байгаад хохирогч О.Оюунбилэгийг дээрэмдэхээр довтолсон, завдсан. Дэслэгч н.Ган-Эрдэнэ байцаалт авч байхдаа боосон гэдэг үгийг нэмж бичсэн байна. Үүнийгээ засаж нэмэлт байцаалт аваагүй. Тухайн үед Б.Баттулга татаж унагаагаад би цүнхнээс нь татаад, Б.Баттулга утсыг нь авах гээд ноцолдож байхад цаанаас хүн гараад ирэхээр нь бид хоёр зугтсан. Миний бие У.Анхбаярыг гүтгэсэн гэх үйлдэлдээ тайлбар өгөхгүй. Харин оргон зайлсан асуудал дээр мөрдөн байцаагч н.Уянгын буруутай үйл ажиллагаанаас болоод 261 гэдэг зүйл ангийг нэмэгдсэн гэж бодож байна. Учир нь н.Уянга нь чамд холбогдох хэрэг түдгэлзсэн гэж хэлэхээр нь би Дорнод аймаг руу ажлаар яваад ирэхэд оргон зайлсан гээд намайг хайж байхаар нь айгаад ирээгүй. Гар утас залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Оюуныг хүч хэрэглэж дээрэмдсэн гэх хэргийн талаар энэ шүүх хуралдаан дээр ярихгүй. Мөн зарим нэг үйлдэл холбогдлоо яримааргүй байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттулга мэдүүлэхдээ: “…2014 оны 2 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Дээрэм хийх гэж завдсанаа хүлээн зөвшөөрч байна. Хоёр залуу орилохоор нь хаяад зугтсан. Хохирогчийн хоолойг боогоогүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюун мэдүүлэхдээ: “…2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 25 минутад Вокзалын хажуу байрнаас хөдлөөд Төмөр замын дээд сургуулийн гэрлэн дохиогоор баруун эргэхэд өндөр залуу гараа өргөсөн. Би зогсоод хаашаа явахыг нь асуухад хужир булан орно гэж хэлээд суусан. Өнөөдөр цэргийн баяр манайхан тэмдэглэж байгаа юм, та хүргээд өгөөч гэхээр нь нэгэнт таксигаар амь зуудаг болохоор тэгье гэж хэлээд явсан. Явахдаа бид хоёр Улаанбаатар хотын төв шугамаар явсан. Явж байх хоорондоо их сайхан зүйл ярьж байсан. Тэр залуу өөрийгөө Цагдаагийн дээд сургуулийн багш манайх тэнд цэргийн баяраа тэмдэглэж байгаа гэхээр нь би итгээд явж байсан. Би гачууртын зүгийг мэдэхгүй. Замаа асууж байсан. Одоо ийшээ яв гэж заасан замаар нь явсан. Явсаар байгаад дэнж рүү өгсөхөд гурван цагдаа зогсож байсан чинь ийшээ биш доошоо явъя гээд голын тохой руу намайг оруулсан. Би тэгэхээр нь энд чинь хүн байхгүй юм биш үү гэхэд байгаа гэж хэлсэн. Гэнэт араас хутгатай гар орж ирээд би гараараа хутгыг нь барьж авсан. Тэгтэл суудлын бүсээр боосон. Би ухаан алдахаасаа өмнө би чам шиг хүүтэй, миний дүү эгчийгээ амьд үлдээ, чи юу авах юм мөнгө авах уу гэхэд хар цагаан дуугай байсаар байгаад би ухаан алдсан. Намайг ухаан ороход өөдөөс хараад сууж байсан. тэгээд би юу авах юм байвал ав. Эгчийгээ амьд үлдээ гэж гуйсан.  Тэгээд надад хэлэхдээ би таныг яах ч үгүй гэж хэлээд хар ороолтоор гар хүлээд, мөнгө чинь хаана байна гэхээр нь голд байгаа гэж хэлсэн. Мөнгийг авахдаа миний жолооны үнэмлэхийг шидэхээр нь би авсан. миний гар хутганд зүсэгдээд нил цус болсон байсан. тэгээд намайг голын эрэг дээр үлдээгээд миний машиныг аваад явсан. Тэр хавиар айлууд байсан. намайг тусламж гуйхад нэг ч хүн гарч ирээгүй. Тэгээд явж байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн гурван ажилтантай таараад болсон процессыг ярьсан. Одоо хялгасан судасны тасралттай, нуруу нугасны гэмтэлтэй. Эмнэлгээр явж байгаа. Эмнэлгийн төлбөрөө төлж чадахгүй байгаа. Сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийнхөө хохирлыг барагдуулж авмаар байна. Шүүхээс үүнийг л хүсэж байна. Энэ хүүхэд ялаа аваад явна уу хамаагүй. Би машинаа 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүнээс 6.800.000 төгрөгөөр авсан. Төлбөр нь төлөгдөөгүй 6.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. А.Төрмандах дээрэмдсэний 3 хоногийн дараа Хужир булан гэдэг газраас олж авахад тэр машины эд анги яасан нь мэдэгдэхгүй ажиллагаагүй болсон байсан. Одоо тэр машиныг зарах ч хэцүү байх ч хэцүү болсон. Зүгээр унаж явсан машиныг энэ хүн юу ч болгосон юм мэдэхгүй байна. Тийм учир тэр хохирлоо нэхэмжилж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар талуудын саналаар яллах болон цагаатгах дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Хохирогч О.Оюунбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2014 оны 02 сарын 27-ны өдрийн 18 цаг 30 минутын үед би Баянбүрдийн тойрог руу автобуснаас буугаад гэр лүүгээ далангийн шатаар алхаж явж байгаад утсаар ярьсан. Тэгсэн миний хойноос нэг залуу зүүж явж байсан ороолтоор боогоод авсан. Тэгээд намайг газар унагаасан. Тэгсэн хажуунаас нэг залуу орж ирээд цүнхнээс татаад утсаа ег гэж хэлсэн. Тэгээд миний утас цүнхийг авч чадалгүй доошоо шатаар буугаад гүйгээд явсан. Тэгсэн гадаа манай дүү Мөнхдөл байж байгаад намайг унагаагаад дээрэмдэж байгааг хараад тэр 2 хүний араас гүйсэн. Тэгсэн манай дүүг хараад тэр 2 залуу зугтаагаад явсан байсан. Миний цүнхэн дотор бичиг баримт болон 700.000 төгрөг байсан. Манай дүү Мөнхдөл нэг залууг нь барьж аваад цагдаад авчирч өгсөн. Намайг 2 хүн дээрэмдсэн. Намайг явж байхад л ороолтоор боогоод дээрэмдэх гэж оролдсон. Миний эд зүйлээс юм аваагүй, би бүрэн бүтэн хүлээж авсан…” гэжээ /1-р хх-17-18/.

Хохирогч Б.Баасанжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 94-53 тоот гэртээ хажуу өрөө түрээсэлнэ гэсэн зар Үнэгүй.мн дээр тавьсан. Тэгтэл миний 99805419 дугаар руу 94405531 гэсэн дугаараас Мөнхмандах гэж хүн ярьж байна би хөдөө ажилладаг, би очоод байр түрээслэх гэсэн юм гэж хэлээд манай гэрт 23 цагийн үед ирсэн. Тэгээд би ажлаасаа өнөөдөр буугаад ирж байна гэсэн. Би 2 өрөөтэй алийг нь ч хамаагүй түрээсэлнэ гэхэд гал тогоотой өрөөг түрээслэхээр болж 200.000 төгрөгөөр тохирч 2-3 сараар өгөхөөр болсон. Тэгэхэд би маргааш хувцсаа авчираад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Манай охины нойр солигдоод өглөө 7 цаг хүртэл унтдаггүй. Нөгөө залуу утсаараа оролдоод шөнө унтахгүй болохоор нь охин унтахгүй гүйгээд унтаж чадахгүй байна гэж ойлгосон. 2 дугаар сарын 7-ны өдрийн 07-09 цаг хүртэл би унтаад сэрэхэд нөгөө залуу унтаагүй байж байсан. Тэгээд 9 цаг өнгөрч байхад намайг ариун цэврийн өрөө ороход гар утсаа өгөөч ээж рүүгээ утсаар яриад байрны мөнгө авъя гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа өгтөл ээжийн утас болохгүй байна гээд өөр хүнтэй яриад байсан. Тэгээд би эргэж унтаад 11 цаг өнгөрч байхад сэрэхэд миний утсыг цэнэглэгчтэй нь аваад явсан байсан. Тухайн залуу 20-25 орчим насны, туранхайдуу 180 см өндөртэй бор царайтай залуу байсан. Миний утас Айфоне 5 голд маркийн гар утас байсан. Гадна талдаа өнгөгүй гэртэй, нүүрэн дээрээ гялалздаг энгийн наалттай. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан…” гэжээ /3-р хх-5-6/.

Хохирогч У.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Яагаад намайг энэ хэрэгт холбогдуулан гүтгэснийг би мэдэхгүй байна. Тухайн үед Төрмандахтай архи ууж явсан болохоор намайг гүтгэсэн байхаа. Би сүүлд Төрмандахаас яагаад намайг гүтгэсэн юм бэ гэж асуухад энэ хэргийг өмнө шалгаж байсан Ган-Эрдэнэ нь Төрмандахад чи ганцаараа энэ хэргийг хийгээгүй гэх мэтээр дарамтлаад байсан юм гэж ярьж байсан. Тэгээд надтай энэ хэргийг үйлдсэн гэж ярьсан юм шиг байна лээ. Би Төрмандахад гүтгүүлээд 9 сар гаран ганц худагт хоригдсон. Нэгэнт болоод өнгөрсөн юм чинь надад одоо гомдол санал байхгүй…” гэжээ /2 хх-75-76/.

Гэрч Ю.Цолмонбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би ахмад Уламбаярын Хайрхан 114-р чиглэлд алаг машин дээр албан үүрэг гүйцэтгэж байх хугацаанд оройн 18 цагийн үед Хайрхан 10-аас Чингэлтэй дүүргийн 9-р хороо цагаан байрны далангийн хажууд иргэн Оюунбилэг гэх хүн дээрэмдүүлсэн дуудлагаар очиход Оюунбилэг гэх эмэгтэй нэг эрэгтэй хүн араас боогоод нэг нь миний цүнхийг дээрэмдсэн гэж ярьж байсан. Тэгээд нэг хүн нь далан өгсөөд зугтаасан. Нөгөө эрэгтэй нь Баянбүрд рүү зугтаасан гэж хэлсэн. Тэгсэн хойноос нь манай дүү хөөгөөд явсан байгаа гэхээр нь Баянбүрдийн тийшээ очсон чинь дүү нь нарийн гудамжинд сэжигтэн Төрмандахыг барьсан зогсож байсан. Тэгээд бид 2 очоод барьж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгч, илтгэх хуудсаа бичсэн…” гэжээ /1 хх-20-21/.

Гэрч С.Уламбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Хайрхан 114-р чиглэлд алаг машин дээр албан үүрэг гүйцэтгэж байх хугацаанд оройн 18 цагийн үед Хайрхан 10-аас Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо цагаан байрны далангийн хажууд иргэн Оюунбилэг гэх хүн дээрэмдүүлсэн дуудлагаар очиход Оюунбилэг гэх эмэгтэй нэг эрэгтэй хүн араас боогоод нэг нь миний цүнхийг дээрэмдсэн гэж ярьж байсан. Тэгээд нэг хүн нь далан өгсөөд зугтаасан. Нөгөө эрэгтэй нь Баянбүрд рүү зугтаасан гэж хэлсэн. Тэгсэн хойноос нь манай дүү хөөгөөд явсан байгаа гэхээр нь Баянбүрдийн тийшээ очсон чинь дүү нь гэх нэг эрэгтэй сэжигтэн Төрмандахыг барьсан зогсож байсан. Тэгээд бид 2 очоод барьж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгсөн…” гэжээ /1 хх-22-23/.

Гэрч Б.Мөнхдөл мөрдөн байцаалтын шатанд: “…2014 оны 02 сарын сүүлээр санагдаж байна. Яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Би тэр өдөр найз Даваатай хамт гэртээ байж байгаад 18 цагийн үед би нохойгоо салхилуулах гэж гараад нохойгоо салхилуулаад тамхи татаад зогсож байсан. Тэгсэн чинь манай байрны урд талын тасархай дотор нэг эмэгтэй хүнийг нэг залуу унагаагаад муудалцаж байх шиг байсан. Тэр үед нь би эхнэр нөхөр юм байлгүй гэж бодоод очоогүй. Тэгсэн чинь дахиад нэг эрэгтэй хүн ирээд чирээд асуудал хүндрэхээр нь би найзтайгаа хамт энэ даварсан залуучууд байна гэж хэлээд хамт очсон чинь манай эгч Оюунбилэгийг боогоод унагаагаад байж байсан. Тэгсэн намайг хараад 2 тийшээ зугтсан. Нэг залуу нь манай урд талын айлын хашаа даваад зугтаасан. Нөгөө залуу нь доошоо Баянбүрд чиглээд зугтаахаар нь би хойноос нь хөөгөөд Баянбүрдийн цагдаагийн постын ойролцоо очоод бариад авсан. Тэгээд би цагдаа дээр авчирч өгсөн. Намайг очиход нэг залуу нь боогоод нөгөө залуу нь цүнхнээс нь татаад байж байсан. Намайг очоод харсан чинь эгч Оюунбилэг байхаар нь би хөөе гээд хашгирсан чинь 2 тийшээгээ зугтаагаад яваад өгсөн. 170-180 орчим өндөртэй, нүд хөмсөг болсон залуу байсан. хамгаалагч хийдэг гэж ярьж байсан. Нөгөө залуу нь халзан толгойтой залуу байсан…” гэжээ /1 хх-132-133/.

Гэрч Н.Ханбүргэд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр л байсан юм даг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Намайг гэртээ согтуу байж байхад гаднаас Анхбаяр нэг танихгүй өндөр залуутай орж ирсэн. Тухайн залууг нь Төрмандах гэдэг гэсэн. Тэгээд гурвуулаа нийлээд 2 шил архи хувааж уусан. Тэгээд би тасраад унтаад өгсөн. Анхбаяр, Төрмандах 2 хэзээ манай гэрээс гарсныг би мэдэхгүй байна. Маргааш өглөө нь сэрсэн чинь манай гэрт Анхбаяр ганцаараа унтаж байсан. Төрмандах гэдэг найз нь байхгүй байсан. Тэгээд буцаж унтаад сэрэхэд Анхбаяр гараад явсан байсан…” гэжээ /2 хх-78/.

Гэрч Ц.Цогтбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Гацууртын цагдаагийнхан хорио цээрийн постын ээлж хүлээлцэх хэрэгтэй байна гэхээр нь хүргэж өгөхөөр 15 цаг 30 минутын үед Гацууртын төвөөс Хар хошуу, Дэндий ам тийшээ 95-99 УБЛ улсын дугаартай саарал өнгийн Муссо маркийн машинтайгаа хөдөлсөн юм. Надтай ахмад Данзанравжаа, а/а Мөнхбаатар, а/а Наранжаргал нар явж байсан. 15 цаг 50 минутын үед Хар хошууны зүүн талд Могойтын дэнжийн зүүн үзүүрийн айлын үүдэнд гар нь хүлээстэй эмэгтэй хүн явж байгаатай таарсан. Буугаад уулзахад машинаа дээрэмдүүлчихлээ гэж хэлэхээр нь цагдаагийн жижүүр рүү дуудлага өгөөд хэрэг болсон газрыг заалган очиж нөгөө машины мөрийг дагаж харахад Гацууртын төв рүү явчихсан байсан. Хэрэг болсон газар нь Туул голын эрэг орчмоор их эвгүй замтай газар байсан. Мөрийг нь хөөж явахад тэр дээрэмчин их сайн зам мэддэг хүн юм шиг санагдаж байсан. 50 орчим насны эмэгтэй гар нь хар ороолтоор хүлчихсэн, гараас нь цус гоожчихсон, гартаа жолооны үнэмлэхээ атгачихсан, гадуур хувцасгүй, ноосон урт цамцтай, цамцных нь суга урагдчихсан, зарим хэсэг нь цус болчихсон байдалтай байхаар нь надтай явсан цагдаагийн улсууд юу болсныг асуухад өөрийнхөө Приус маркийн машинаар таксинд явж байхад нь Богд ар хорооллоос гар өргөн суусан 30 орчим насны залуу Хужирбулан орно гэж суугаад Гацуурт орохоор боллоо гээд тэнд аваачаад хутга гаргаж дээрэмдээд, мөнгийг нь аваад, машиныг нь унаад, гарыг нь ороолтоороо хүлээд, Гачууртын төв рүү зүглээд зугтаасан гэж ярьж байсан. Бид нар дээрэмдүүлсэн газрыг нь заалгаж очоод мөрөөр нь хөөсөн, цагдаа нар Ундраа дэлгүүрийн камер, Монгол шилтгээний камерыг шүүгээд 15.59 цагт Гачуурт өнгөрөөд хот руу чиглээд хурдтай явсан байсан…” гэжээ /2 хх-167-168/.

Гэрч Д.Одхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 03 сарын 19-ний өглөө 09 цаг 40 минутын үед хашаа байшингаа эргэхээр иртэл манай хажуу хашааны хөршүүд болох Чинбат, Батсайхан нар гудамжинд манай хашааны үүдэнд нэг мэдэхгүй 67-95 УНӨ улсын дугаартай Т.Приус-20 маркийн мөнгөлөг өнгөтэй машины хажууд зогсож байсан. Уг машин манай гудамжинд 2-3 хоночихлоо цагдаад дуудлага өгсөн гээд байж байсан. Машины цонхоор хартал урд хайрцаг онгорхой, хайрцган дотор татвар төлсөн бичиг байхаар нь тэр татвар төлсөн бичиг дээр байсан утсаар нь яръя гээд би машиныг бээлийтэй гараараа онгойлгоод утсаар нь ярьсан чинь эзэн нь байсан гээд нэг залуу ярьсан ба би зарчихсан юм. Зарлан хүмүүстэй хэлье. Яагаад наана чинь байж байгаа юм болоо гээд тасалсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Бид нар өөр ямар нэг зүйлээр нь оролдоогүй. Учир нь машин онгорхой, түлхүүр нь дотроо байсан учир сэжигтэй харагдаж байсан…” гэжээ /2 хх-169-170/.

Гэрч Л.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Хэд хоногийн өмнө өдрийг нь сайн санахгүй байна. 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн Саруул говь дэлгүүрт сууж байхад гаднаас 27-28 насны 175 см өндөртэй туранхай бараан өнгийн уртдуу куртиктэй, саравчтай бараан малгайтай залуу ганцаараа орж ирээд памперс авах уу би борлуулалтын хүн байна гэхээр нь хэдэн номерын памперс юм үзье гэсэн чинь аваад ороод ирэх үү гээд гараад явсан. Тэгээд удахгүй буцаад ороод ирсэн. Орж ирэхдээ 3 номерын памперс боодолтой 3 ширхэгийг авч орж ирсэн. Тэгээд би борлуулалтын хүн байна 2, 3 ширхэг памперс үлдсэн авах уу гэсэн. Хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь та хэдэд авмаар байна гэхээр нь уг нь бол гучин хэдэн мянга л гэдэг дээ гэсэн чинь за би асуучихъя гээд цагаан өнгийн товчлууртай утас гаргаж ирээд нэг хүнтэй энэ гурван номерын памперсийг 50.000-д өгчих юм уу гээд ярьж байгаад утсаа таслаад за та ав ав гэсэн. Тэгэхээр нь би 2 ууттай памперсийг аваад мөн нэг хайрцаг чихрийг зараад надаас 49.500 төгрөг нэг ширхэг парламент тамхи аваад гарсан…” гэжээ /2 хх-174-175/.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3829 дүгээр дүгнэлтэд:

“1. Б.Оюуны биед баруун гарын 4 хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /2 хх-181/.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 140107 дугаар дүгнэлтэд:

“1. 2016.03.19-нд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 43 дугаар гудамжны баруун талын үзүүрт дээрэмдүүлж алдагдсан 67-95 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байна гэх хэргийн  газраас шинжээч, цагдаагийн а/д Т.Батбаатарын бэхжүүлсэн ¹2,3,4,5,6,7,8 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

Харин ¹1,9 дугаартай гарын мөрүүд  шинжилгээнд тэнцэхгүй.

2. Тэнцэж байгаа хэргийн газраас бэхжүүлсэн ¹2, 5 дугаартай гарын мөрүүд нь Амаржаргалын Төрмандахын баруун гарын дунд, зүүн гарын эрхий хуруугаар тус тус үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж байгаа ¹3,4,6,7,8 гэж дугаарласан гарын мөр нь АДИС-Папилон нэгдсэн санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлсэн мөрүүдтэй болон нэгдсэн санд байгаа хүмүүсийн гарын дардастай тохирохгүй байна” гэжээ /2 хх-183/.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2050 дугаар дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 67-95 УНӨ улсын дугаартай Т.Приус 20 маркийн машины дотор голын толиноос 2 ширхэг, баруун урд хаалганы дотор түгжээний никел бариулын дотор хэсгээс 2 ширхэг гарын мөр илэрсэн.

2. Дээрх машинаас илэрсэн 1 дугаартай гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд МN0000ШШГ00357, МN000310004981, МN0000ӨРШ00525, 2557078, МN05210008786, 2657613, 30537 дугаараар бүртгэгдсэн Амаржаргал овогтой Төрмандахын зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна. “3” дугаартай гарын мөр нь мөн дээрх Амаржаргал овогтой Төрмандахын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна” гэжээ /2 хх-203-204/.

Хохирогч У.Анхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан прокурорын санал, шүүгчийн захирамжууд /1хх-54-64/, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан тогтоол /1хх-41/,

А.Төрмандахад холбогдох эрүүгийн 2014250000128 дугаартай хэргийн мөрдөн байцаалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар 205.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тогтоол /2хх-130/, А.Төрмандахыг эрэн сурвалжилсан тогтоол /2хх-131/,

Шүүгдэгч нарын ял шалгах хуудас /3хх-9, 3хх-137/ иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-98/, шүүгдэгч А.Төрмандахын төрсний гэрчилгээний хуулбар/хх-/, улсын бүртгэлийн тодорхойлолт/2хх 229/, хорооны тодорхойлолт/2хх-230/, шийтгэх тогтоолууд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-137-139, 140-149/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2хх-159/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-160/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-178-179, 3хх-8, 1хх-8, 120/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-84/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. 

Шүүгдэгч А.Төрмандах нь ялтай байхдаа давтан үйлдлээр Б.Баттулгатай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-н цагаан байрны далангийн орчим 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр О.Оюунбилэгийн цүнхтэй эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд зүйл дээрэмдэхээр довтолсон,

У.Анхбаярыг “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-н цагаан байрны далангийн орчим 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр О.Оюунбилэгийн цүнхтэй эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон” гэмт хэргийг өөртэйгөө бүлэглэн үйлдсэн буюу эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс У.Анхбаяр нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 274 өдөр цагдан хоригдож, хүнд хор уршиг учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл 147.2, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан хэрэгт шалгагдаж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэргийг,

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн Богд Ар хорооллын орчим Б.Оюуны жолоодон явсан 67-95 УНӨ улсын дугаартай Т.Приус 20 маркийн автомашинд сууж такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Оюуны хоолойг боож, хутга тулган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Т.Приус 20 маркийн автомашин, пүүз, автомашины дорцов, 3 боодол памперс, 4 кг чихэр, эрэгтэй хүний хагас богино савхин куртик, нүдний шил зэрэг 6.906.200 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 94 дүгээр байрны 53 тоотод оршин суух Б.Баасанжаргалын гэрт “хажуу өрөө түрээсэлнэ” гэж ирэхдээ Б.Баасанжаргалын Айфоне 5 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж залилан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Баттулга нь А.Төрмандахтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-н цагаан байрны далангийн орчим 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр О.Оюунбилэгийн цүнхтэй эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Оюунбилэг, Б.Оюун, У.Анхбаяр, Б.Баасанжаргал нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогч У.Анхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан прокурорын санал, шүүгчийн захирамжууд, хохирогч У.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан тогтоол, 2014250000128 дугаартай хэргийн мөрдөн байцаалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар 205.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тогтоол, А.Төрмандахыг эрэн сурвалжилсан тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Төрмандах нь урьд 2009 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 16 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзаж суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин хүнд гэмт хэрэг үйлджээ.

Иймд прокуророос шүүгдэгч нарт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баттулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бусдын хөрөнгийг дээрэмдэх гэмт үйлдэл нь 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасч шийдвэрлэв.

Хохирогч О.Оюунбилэг нь мэдүүлэхдээ “…Миний эд зүйлээс юм аваагүй, би бүрэн бүтэн хүлээж авсан…” гэсэн байх тул шүүгдэгч Б.Баттулга, А.Төрмандах нарыг хохирогч О.Оюунбилэгт төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд хохирогч У.Анхбаяр нь гомдол, саналгүй гэснийг дурьдав.

Шүүгдэгч А.Төрмандах нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтаан, заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төрмандахаас 726.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Оюунд тээврийн хэрэгслийн үнэ болох 6.500.000 төгрөгийг хасч 406.200 төгрөгийг олгох, хохирогч Б.Баасанжаргалд гар утасны үнэ болох 320.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюун нь автомашинаа буцаан авсан боловч их хэмжээний эвдрэлтэй байсан. Иймд нийт үнийг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар баримтгүйгээс гадна мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул түүний нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Харин хохирогч Б.Оюун нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүзүүний ороолт, нүдний шил, цэнхэр өнгөтэй, талст шигтгээтэй, олон тооны жижиг дугуй цацраг хэлбэр бүхий 1 ширхэг ээмэг зэргийг хохирогч буцаан авахгүй гэсэн тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Амаржаргалын Төрмандахыг давтан үйлдлээр дангаараа, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг амь биед аюултайгаар хүч хэрэглэж үйлдсэн,

-урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

-бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учруулсан,

-мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд оргон зайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,   

-Шүүгдэгч Боржигон овгийн Баатарын Баттулгыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг, амь биед аюултайгаар хүч хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. -Шүүгдэгч А.Төрмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл хэрэглэхгүйгээр 8 /найман/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж,  5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл хэрэглэхгүйгээр 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Төрмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  5 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 4 сарыг нэмж нэгтгээд нийт биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 9 жил 10 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай. 

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төрмандах, Б.Баттулга нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төрмандахын цагдан хоригдсон 513 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүзүүний ороолт, нүдний шил, цэнхэр өнгөтэй, талст шигтгээтэй, олон тооны жижиг дугуй цацраг хэлбэр бүхий 1 ширхэг ээмэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Баттулга нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Төрмандахаас 726.200 төгрөг гаргуулж, 406.200 төгрөгийг хохирогч Б.Оюун /РД: ЧТ63012908/-д, 320.000 төгрөгийг хохирогч Б.Баасанжаргал /РД: ФА93122629/-д тус тус олгож, хохирогч Б.Оюун нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Төрмандахад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Баттулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

         

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ХАЛИУН

 

                            ШҮҮГЧИД                                              Б.МӨНХБАЯР

 

                                                                                             Н.БАЯРМАА