Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02768 дугаар шийдвэртэй, Б.Сын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 16 000 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 15 969 716 төгрөгийг Б.Саас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б.С нь “С” компанийн захирал Д.Янживсүрэнтэй харилцан тохиролцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044183 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах Содон хороолол, 103 дугаар байр 162 тоотын 2 өрөө 58.06 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, байрны урьдчилгаа 16 000 000 төгрөгийг шилжүүлж, 2015 оны 10 дугаар сард байранд орсон. Боломжит хугацаанд ипотекийн зээл гаргуулж байрны үлдэх мөнгийг тус компанид өгөхөөр тохирсон. Гэтэл ипотекийн зээл нь эдийн засгийн байдлаас хамаарч зогссон тул үлдэх төлбөрийг төлж чадахгүй 2016 оны 5 сар хүрсэн. “С” компанийн захирал Д.Янживсүрэн удаа дараа ирж уулзаж ипотекийн зээлийг бүтээхэд хойрго хандаж байна гэж буруутгаж байрыг яаралтай суллаж өгөхийг шаардсан ба заасан хугацаанд чөлөөлөхгүй бол хүч хэрэглэж гаргана гэж сүрдүүлж, чөлөөлвөл өөр хүнд зарж 3-7 хоногийн дараа урьдчилгаа мөнгийг эргүүлэн өгнө гэж тохирсноор 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ямар ч гэмтэл сэвгүйгээр суллан өгсөн.

Гэтэл байрны түрээсийн талаар анх тохиролцоогүй гэрээ хийгээгүй атал мөнгийг буцааж өгөхдөө 7 сарын түрээсийн хөлс 2 800 000 төгрөгийг хасч тооцно гэсэн. Мөнгө буцаах тухайд урьдчилгаанд төлсөн 16 000 000 төгрөгийг өгөөгүй тул уг мөнгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Стай дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 26 000 000 төгрөгөөс урьдчилгаа 16 000 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг зээл аваад өгнө гэснээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Ст уг байрыг хүлээлгэж өгсөн. Ингээд байрыг хүлээн авч, ипотекийн зээл авахаар болсон боловч Б.С зээл бүтэх гэж байна гэсээр 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл уг байранд амьдарсан.

Б.Сын зээлийг гарахаар ажилчдынхаа цалин хөлсийг өгнө гэж бодож байсан боловч зээл гарахгүй байхаар нь арга буюу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээл чинь гарахаар суллаад өгье гэж хэлж байрыг “Гарьд капитал" ББСБ-д барьцаанд тавьж 30 000 000 төгрөг зээлсэн. Улмаар өөрийн болон бусдын машиныг барьцаанд тавьж "Эм Эс Би оптимизэйшн" ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл авч, ажилчдын цалин өгсөн, өнөөдрийг хүртэл эдгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирч байна.

Тухайн үед Содон хороолол шинээр ашиглалтад орж, худалдан авагч хангалттай байсан ч Б.С манай компанитай хамтран ажил хийхээр тохиролцсон н.Санчир гэдэг хүний найз байсан учир түүнд итгэж гэрээ байгуулсан. Ингээд байрыг зарж ажилчдын цалин хөлс өгөхийн тулд суллаж өгөхийг удаа дараа шаардаж, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байраа хүлээж авсан. Гэрээний үүргээ зөрчиж манай компанид их хэмжээний хохирол учруулсан тул түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 2-т зааснаар худалдан авагч нь орон сууцны төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгах байсан. Худалдагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, биелүүлээгүй ямар нэгэн үйлдэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Сыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 6 cap гаруй хугацаанд хүлээж, орон сууцанд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ямар нэгэн төлбөр авалгүй амьдруулсан.

Энэ хугацаанд “Гарьд капитал” ББСБ-д зээлийн хүүд 10 935 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 381 716 төгрөг, "MSB Optimization" ХХК-д зээлийн хүү 5 280 000 төгрөг тус тус төлсөн тул дээрх байгууллагуудад төлсөн 18 596 716 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хохиролд тооцон нэхэмжилж байсан. Тухайн үед Б.С нь уг байранд ээж, дүүгийн хамт амьдарч байсан. Хэрэв компани дээрх 6 сар 19 хоногийн хугацаанд орон сууцыг бусдад хөлслүүлсэн бол нэг сарын хөлсний үнийг 500 000 төгрөгөөр тооцоход 3 312 000 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэж үзэн нэхэмжлэгчээс “Гарьд капитал” ББСБ-д төлсөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хохиролд тооцон 13 316 716 төгрөг, олох байсан орлого 3 312 000 төгрөг, нийт 16 628 716 төгрөгийг нэхэмжилж, үлдэх 1 968 000 төгрөгийн шаардлагаас татгалзсан. Шинжээчийн дүгнэлтээр байрыг түрээслэсэн бол олох байсан орлого 2 653 000 төгрөг гэж тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийтдээ 15 969 716 төгрөг болгосон гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Байрыг барьцаанд тавьсан талаар надад хэлээгүй. Мөн намайг төлбөрөө төлөөгүйгээс болж компани зээлийн хүү төлсөн гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төлж байгаа мөнгө. Харин 7 сарын хугацаанд түрээслэсэн бол олох байсан орлого гэж 2 653 000 төгрөг нэхэмжилснийг төлөхөд татгалзахгүй. Анх байрыг сулласны дараа дээрх мөнгийг төлөөд үлдэх төлбөрийг надад өгөхөөр ярилцсан ч өгөөгүй тул шүүхэд хандсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-иас 16 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Б.Саас 2 653 000 төгрөг гаргуулж “С” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 13 316 716 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 250 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 237 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 57 398 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрөө төлөхөөр нь ажилчид буюу туслан гүйцэтгэгч нарын хөлсийг өгөхөөр тооцож байсан боловч тэрээр 5 сар гаруй хугацаанд гэрээний үүргээ зөрчсөн. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 12-т зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Хэргийн 94 дэх талд тусгагдсан шүүх хуралдааны тэмдэгдэлд “С” ХХК нь Б.Саас өгөх төлбөрийг дээрх байдлаар үйл ажиллагаандаа зарцуулах байсныг хариуцагч мэдэж байсан, хариуцагч энэ тухай гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгчид хэлж, сануулж байсныг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн. Иймд хариуцагч ББСБ-аас зээл авч улмаар, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлбөр төлж хохирол хүлээсэн нь нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчсөнтэй шалтгаант холбоотой гэж үзэж байна. Хариуцагч “Гарьд капитал” ББСБ-аас 30 000 000 төгрөг зээлж улмаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 13 316 716 төгрөг төлснөө тус ББСБ-ын зээлийн эргэн төлөлтийн тодорхойлолтоор нотлогдсон байхад шүүх ийнхүү төлснөө нотлож чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн хариуцагч ББСБ-аас 30 000 000 төгрөгийг өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргасан. Иймд шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас бусад этгээдээс авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 13 316 716 төгрөг, олох ёстой байсан орлого 2 653 000 төгрөг, нийт 15 969 716 төгрөг гаргуулана гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр талууд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч “С” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 дугаар байр 162 тоотын 58.06 м.кв хоёр өрөө орон сууцыг худалдан авагч Б.Ст 85 928 800 төгрөгөөр худалдах, төлбөрийн урьдчилгаа 25 778 640 төгрөгийг банкинд байршуулж, үлдэх 60 150 160 төгрөгийг банкны зээлээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгах нөхцлийг харилцан тохиролцжээ. /хх5/

 

Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр уг орон сууцыг хүлээн авч, төлбөрт 16 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр орон сууцыг хариуцагчид буцаан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон болон зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

 

Шүүх хариуцагч нь төлбөр төлөх гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг нэхэмжлэгч талд олгож байсан боловч үүрэг биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан авсан, улмаар нэхэмжлэгч Б.С хариуцагч талд гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч Б.С нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар тухайн орон сууцыг ашигласан хугацааны төлбөрт 2 653 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр энэ шаардлагыг татгалзаж маргаагүй. Харин гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс хариуцагч тал “Гарьд капитал” ББСБ-иас зээл авч хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх болсон нь тухайн этгээдэд учирсан хохирол гэж үзэх боломжгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоогүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА