Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1063

 

 

 

 

 

 

 

    2022            8              30                                        2022/ШЦТ/1063

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, 

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Б.Ганболд /ҮД:0968/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Чт холбогдох эрүүгийн 2208 00000 1286 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автотехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ч нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын 29-498а тоот хашаанд хадам ах болох М.Цыг “ахад агсан тавилаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 977 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч С.Ч.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Ч нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын 29-498а тоот хашаанд хадам ах болох М.Цыг “ахад агсан тавилаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохих, нүүр лүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч М.Цын “...Би 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед гэрийн үүдэнд бага хүүгээ тоглуулаад сууж байтал манай хүү Баттулга /3 настай/ над руу гүйж явснаа гэнэт миний зүүн тал руу их сонин хараад зогсохоор нь би хүүгийнхээ харсан зүг рүү эргээд харах гээд толгойгоо эргүүлтэл миний толгойны зүүн шанаа талаас тан гээд нэг хүнд юмаар цохих шиг болоод би ухаан адан унасан байсан. Тэгээд гэнэт сэргэхэд миний нүүрэн дээр манай эхнэрийн төрсөн дүү Ганзориг хөлөөрөө гишгээд манай эхнэрийн төрсөн ах Ганбаатартай хоорондоо инээлдээд юм яриад байх шиг байсан. Тэгээд би эргээд ухаан алдаад сэргэхэд миний толгой өвдөөд, чих, хамраас, цус гарчихсан би газар, гэрийнхээ үүдэн дээр хэвтчихсэн, миний том хүү Алтантулга /15 настай/ уйлчихсан ааваа би цагдаа дуудчихсан шүүдээ гээд намайг таныг зодож байхыг хараад аврахаар гэрээсээ гарах гэтэл хаалга гаднаас нь дарсан бололтой би гарч чадаагүй гэж ярьсан юм. ...Би одоо өөрийн эхнэрийн дүү С.Чтой эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. ...Чоос хохирлын мөнгө гэж нэхэмжлээгүй цаашид ч нэхэмжлэхгүй болохоор мөнгө аваагүй.” гэсэн мэдүүлэг /хх9-11/,

- Гэрч С.Гын “...2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд би Таван толгой түлш ХХК дээр ажил дээрээ байхад хүргэн Ц өөрийнхөө 99609027 дугаараас миний 94941514 дугаар луу согтуу залгаад “Манай том охин Золоо найз залуудаа хаягдаад шөнөжин уйлж хонолоо” гээд “Та яах гэж байна” гэхээр нь Цод “наад асуудал чинь та нарын гэр бүлийн дотоод асуудал шүүдээ би яах юм бэ” гээд утсаа салгасан юм. Тэгсэн чинь Ц согтуу олон удаа залгаад байхаар хамт ажиллаж байгаа төрсөн дүү С.Чт Цоо согтуу ажил хийлгэхгүй байнга залгаад хэцүү байна гээд хэлсэн чинь манай дүү Ч орой ажил тараад наад нөхөртэй чинь очиж уулзъя” гээд ярьж байсан. Түүнээс хойш 15 цаг өнгөрч байхад бид нар ажлаа дуусаад өөрсдийн барьж байгаа машинаа унаад ажлаасаа тарцгаасан. Тэр үед би дүү Ч машинтайгаа араас нь дагаад гэртээ харих гээд явж байтал Ч ачигч Ганбатын хамт Цын гэр рүү эргээд явахаар нь би араас нь дагаж яваад зам дээр бага зэрэг түгжирч байгаад Цын гэрийн гадаа очих үед Ч Цыг газар унагаачихсан нүүрэн дээр нь баруун хөлөөрөө дэвсээд цаад талд нь Ганбат Цын гэрээс хүү нь гарах гэж байхад нь гэртээ орцгоо гээд хүүхдийг нь оруулж харагдсан нь би очоод салгаад авсан тэр үед Ц хашаан дотроо гэрийнхээ үүдэнд газар хэвтчихсэн та нар нийлээд намайг алаарай гээд согтуу орилж байсан. Тэгэхээр нь би Чийг нэмээд зодож магадгүй гэж айгаад Чийг салгаж аваад Ганбатыг дагуулаад гарсан” гэсэн мэдүүлэг, /хх 20-21/,

- гэрч М.Гын “...Ч хадам ах Цын гэрээр ороод гарая гээд Цын гэрийн гадаа очиход Ц хашаан дотор байшингийнхаа гадаа согтуу сууж байсан. Тэр үед Ч Цыг харангуутаа ямар нэгэн юм хэлэлгүйгээр баруун гараараа Цын толгойны зүг 2 удаа цохиод авсан. Тэгээд хүүхдүүд нь байшингийн хаалгаар аавыгаа болон Чийг нь хараад байхаар нь элдэв зүйл харуулахгүй гээд би тэдний гэрийн хаалгийг нь хаагаад байж байтал хашааны гаднаас Ганбаатар орж ирээд Чийг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10153 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “М.Цын биед зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруу, дээд уруулд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруу, дээд уруулд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх14/,

            4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг толгой руу гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

9. Шүүгдэгч С.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч С.Ч нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чийг 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР