| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0822/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1065 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1065
2022 8 30 2022/ШЦТ/1065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00472 0884 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засварт туслах ажилтай, ам бүл 2, эцэгийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.С нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тайкун” нэртэй караокед хамт архи уусан Б.Оыг согтсон байхад нь түүний эзэмшлийн 5540416756 дугаартай Хаан банкны данснаас нийт 950.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 694 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Л.С:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.С нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Л.С нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тайкун” нэртэй караокед хамт архи уусан Б.Оыг согтсон байхад нь түүний эзэмшлийн 5540416756 дугаартай Хаан банкны данснаас нийт 950.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.Оын “...Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз С гэх эмэгтэйтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд байх паб-д... 0.5 граммын архи авч, хувааж уусан...Тэгээд бид хоёр юм ярьж, архиа хувааж ууж байгаад тасраад унтчихсан байсан. Тэр хугацаанд С нь миний Хаан банкны 5540416756 тоот дугаарын данстай картыг нь маань авсан байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өглөө... өөрийн дансны үлдэгдлийг харахад 200.000 төгрөг үлдсэн байсан... Тэгээд би өөрөө Стай холбогдоод асуухад “би мөнгийг чинь өгнө, яаралтай шалтгаан гараад авчихлаа” гэж байсан... С миний Хаан банкны 5540416756 дугаарын данснаас 500.000 төгрөгөөр 1 удаа, 200.000 төгрөгөөр 2 удаа, 50.000 төгрөгөөр 1 удаа тус тус өөрийн Хаан банкны 5059469536 данс руу гүйлгээний утга дээр нь 1 гэсэн тоо бичиж шилжүүлэн авсан байсан. Л.Сгийн миний данснаас нууцаар авсан мөнгөний нийт дүн нь 950.000 төгрөг болсон. ..Харин Л.С нь намайг архиндаа согтсон байх үед гэрт маань хүргэж өгчхөөд, ээжид маань “танай хүүхэд надад нийтийн байрны түрээсээ төлөөрэй гэж 500.000 мянган төгрөг шилжүүлэн өгсөн” гэж худлаа хэлсэн байсан. Би Л.Сд нийтийн байрны түрээс төлөөрэй гэж өөрийн биеэр данснаасаа мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх11/,
- гэрч Ц.Нгийн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би дэлгүүрээс хүн авах гээд Оын картыг аваад идэж, уух юм авчхаад буцаад гэртээ ортол О утсанд ирсэн зарлагын гүйлгээгээ харчхаад миний мөнгө алга болчихсон байна, та авчихсан юм уу гэж асуухаар нь би аваагүй гэж хэлээд С өчигдөр согтуу авчирч ирсэн гэж бодоод Сгийн дугаар руу өөрийнхөө утсаар залгаад “Оын дансанд нь байсан мөнгө байхгүй байна” гэж хэлтэл С “би мөнгийг нь авчихсан юм. Надад өөрөө өгсөн, миний амьдардаг түрээсийн байрны түрээс нэхэгдээд өгсөн” гэж хэлэхээр нь тухайн үедээ тэгсэн юм байхдаа гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх22/, Б.Оын Хаан банкны 5540416756 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх24/, Л.Сгийн Хаан банкны 5059469536 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх28/, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Мөн шүүгдэгч Л.С яллагдагчаар мэдүүлэхдээ “...Тэр үед би Оын гар утсыг нь авч байгаад тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор От хэлээгүй мобайл банкийг нь ашиглаж нууц кодыг нь хийж байгаад өөрийн 5059469536 гэсэн Хаан банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 400.000 төгрөг авчихсан юм... Тэгээд 23 цаг өнгөрч байхад тус караокеноос гараад дуудлагын такси дуудсан бөгөөд Оыг Сонгинохайрхан дүүргийн Улаан чулуутын хогийн цэгийн орчим байрлах гэрт нь хүргэж өгөөд өөрөө тухайн дуудлагын такситайгаа зурагт орж, хоёр хүүхдээ аваад, гэртээ харьж амарсан бөгөөд таксины мөнгийг Оын данснаас авсан мөнгөөрөө буюу 50.000 төгрөг шилжүүлсэн юм. Би Оаас мобайл банкийг нь ашиглаж нийт 950.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлчихсэн юм...” гэсэн /хх64-66/ мөн шүүх хуралдаанд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн ба түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд харилцан зөрүүгүй, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн гэж үзэхээр байна.
4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг ашиглан түүний данснаас 950.000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 950.000 төгрөгийн хохирол учирсан байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Л.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Хохирогч Б.От учирсан 950.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч Л.С хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн болно.
7. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сгаас 950.000 төгрөг гаргуулж хохирогч Б.От олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Л.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.
9. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Улмаар шүүгдэгч Л.Сгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
11. Шүүгдэгч Л.С нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
12. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сгийн шүүхийн шатанд цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх нийтэд тустай ялаас хасаж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сд 400 /дөрвөн зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сгийн цагдан хоригдсон 35 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн 280 цагийн нийтэд тустай ажил хийсэнд тооцож үлдэх 120 /нэг зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүгээр гүйцэтгүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сгаас 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.От олгуулсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР