Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1085

 

      2022         9         05                                          2022/ШЦТ/1085

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э,

иргэний хариуцагч “Эрдэм Транс” ХХК-ийн төлөөлөгч Ц.Баттогтох,

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00151 0248 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто инженер мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд:

- Төв аймгийн сум дундын 2 дугаар эрүүгийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулан, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн урд замд “Эрдэм транс” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai New Aercity” загварын, 05-02 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээврийн үйлчилгээнд явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгслийн зорчигч С.Г тээврийн хэрэгсэл дотор унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 255 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, гэрч Д.Оын мэдүүлэг /хх45/, гэрч Д.Гийн мэдүүлэг /хх48-49/, гэрч Г.Ргийн мэдүүлэг /хх52-53/, гэрч Н.Згийн мэдүүлэг /хх56/, хохирогчийн хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ж.Д.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хурд хэтрүүлээгүй, гэм буруугүй гэсэн бол түүний өмгөөлөгч цагаатгах байр сууринаас оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээнийг дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн урд замд “Эрдэм транс” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai New Aercity” загварын, 05-02 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээврийн үйлчилгээнд явах үедээ “Драгон” төвийн автобусны буудлаас хөдлөхдөө тээврийн хэрэгслээ огцом хөдөлгөж тухайн үед автобусанд суусан байсан зорчигч С.Г тээврийн хэрэгсэл дотор унаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч С.Ггийн “...би 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод очоод 13 цагийн үед “Драгон” төвийн автобусны буудал дээрээс Зүүн салааны эцэс рүү явах автобус ирэхээр нь ороод сандал дээрээсээ барих гэж байгаад хий самардсан чинь тухайн автобус хөдлөөд би хойшоогоо савж унасан. Миний ард сууж байсан залуучууд босож ирээд намайг босгох гэсэн боловч босгож чадаагүй. Би автобусны урд хэсэгт буюу жолоочийн арын 3 дахь суудлын ойролцоо унасан. Би тухай үед дүү Амгалангийн хамт унасан. Би автобус хөдлөх тэр мөчид газарт унасан. Их л хүчтэй хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх23-24/,

- гэрч С.Агийн “...би 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн эгч С.Ггийн хамт Улаанбаатар хотод явж байгаад “Драгон” төвийн замын хойд талын автобусны буудлаас Зүүнсалаа руу явах гэж байсан. Автобус хүлээж байгаад 05-02 УНТ улсын дугаартай Зүүнсалаа явах автобусанд ороод хартал бараг хүнгүй шахуу суудлууд хоосон байхаар нь сандал дээр суух зорилгоор алхаад явж байтал автобус гэнэт хөдлөөд миний эгч Г шалан дээр унаад би яг унаж байх үедээ хажуу талын бариулаас бариад арай гэж тогтож үлдсэн. Г эгч автобусны шалан дээр унасны дараа би болон автобусны ард сууж байсан залуучууд зогсооч ээ гэж орилсон боловч жолооч огт зогсолгүй нэг буудал орчим яваад хүн авах зорилгоор зогсох үед Г эгчийг шалнаас босгоод сандал дээр суулгасан. С.Г эгч бид 2 хөдөөгөөс орж ирсэн болохоор ямар нэг карт байхгүй байсан. Автобусан дотор ороод эгчийг та сууж бай би мөнгөө өгчихье гэж хэлээд мөнгөө гаргаж амжаагүй байхад автобус хөдлөөд эгч автобусны шалан дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх28-29/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эы “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалаанд манай гэрт очихоор явж байгаад автобусан дотор ороод халтирч унаад нуруугаа хугалж гэмтээсэн байсан. ...манай эхнэр О Зүүн салааны эцсийн буудлаас очиж аваад гэртээ авчрах гэтэл унасан автобусан дотор цүнхээ мартаад буцаад нөгөө автобусаа хайж очоод, жолоочтой нь уулзаад цүнхээ авах гэтэл уг жолооч нь чих юм сонсохгүй байна гэсэн. Тэгээд буцаад манай гэрт ирээд  нуруу нь өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлтэл Г эгчийн нуруу нь хугарсан байна гээд шууд хэвтүүлсэн ба маргааш нь нурууны хагалгаанд ороод 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгээс гараад эгч Г нь айлд байхгүй гээд Сэлэнгэ аймаг руугаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх32/,

- гэрч Д.Оын “...намайг анх очиж авахад Амгалан эгч ууртай байсан ба автобус дотор мөсөн дээр Г эгчийг халтираад унасан гэж надад хэлсэн. Харин Г эгч ёолоод юм дуугарахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх45/,

- хохирогчийн өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4803 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-10/, мөрдөгчийн магадалгаа /хх73-74/ зэргээр нотлогдож байна.

            3. Хохирогч С.Ггийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “С.Ггийн биед бүсэлхийн нэгдүгээр нугалмын шахагдсан далд гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.” /хх61/ гэжээ.

4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

5. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 0477 дугаар магадалгаанд “жолооч Ж.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт болон улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Учир нь нийтийн тээврийн жолооч Ж.Д нь нийтийн тээврээр үйлчлүүлэгч зорчигчийг аюулгүй тээвэрлэх үүрэг хүлээх буюу хүн тээвэрлэж байгаа гэдгээ үргэлж ухамсарлаж байх ёстой. Автобус нь хэдийгээр зорчигчийг зогсоогоор нь тээвэрлэх боломжтой тээврийн хэрэгсэл боловч зорчигч байрлалаа эзлээгүй байхад огцом хурдтай хөдөлгөөнийг эхлүүлэх нь тогтоосон хурдыг хэтрүүлсэн нөхцөл байдалд хамааруулах үзэх нь зөв юм.      

Дээрх тохиолдолд автобусанд сууж явах суудал байсан талаар хохирогч, гэрч нар аль аль нь мэдүүлэгтээ тодорхой дурдсан, мөн тэдэнд автобусанд суугаад /ороод/ суудлаа эзлэх боломж олголгүй хурдтай хөдөлсний улмаас ойролцоох бариулаас барьж чадалгүй хий самардаад хохирогч шалан дээр унасан талаар мэдүүлснийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

7. Шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгчийн гэрч Д.Г, Г.Р, Н.З нарын мэдүүлэгт зорчигч унасан талаар дурдаагүй, мөн гэрч Д.О, хууль ёсны төлөөлөгч С.Э нар мэдүүлэхдээ хохирогчийг халтирч унасан гэж хэлсэн гэж мэдүүлсэн, улмаар огцом хөдөлснийг нотолсон зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хохирогч болон түүнтэй хамт явсан гэрч С.А нар болсон нөхцөл байдлыг харилцан зөрүүгүй мэдүүлсэн, мөн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгч “...зорчигч унасан талаар нэг хүн ирж хэлсэн, тухайн үедээ сайн бариад яваач гэж хэлээд хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн талаар...” мэдүүлсэн тул тухайн үед хохирогч унаагүй гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм. Улмаар хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт харилцан зөрүү үүсээгүй буюу ахимаг настай зорчигч орж ирж байхад түүнд суудалд суух боломж олголгүй, мөн тэнцвэрээ хадгалан явах боломжгүйгээр огцом хурдтай хөдөлгөөн эхлүүлсэн нь хохирогчийг унах нөхцөл байдалд хүргэжээ.  

8. Тиймээс шүүгдэгчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж жолоодож яваа тээврийн хэрэгслийнхээ зориулалт, хүн тээвэрлэж байгаа онцлогийг харгалзан хурдыг тохируулан сонгож явах үүргээ хангалттай биелүүлээгүйгээс зорчигчийг унагааж зам тээврийн осол гаргасан гэж дүгнэлээ.

9. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Дийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

10. Шүүгдэгч Ж.Д нь “Эрдэм Транс” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, үндсэн ажилтан байх ба албан үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна.

11. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Тиймээс “Эрдэм Транс” ХХК нь ослын улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн хариуцан арилгах нь зөв байна.

12. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.”, 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

13. Хохирогч С.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 287.900 төгрөг, өргөст хэм, улаан лоолийн үрсэлгээ хийж борлуулдаг байсан орлого 3.500.000 төгрөг, охин Х.Болормаа нь эхийгээ асарсан тул 78 хоногийг асаргааны зардалд 3.510.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 8.000.000 төгрөг, эмчилгээний бусад задралд 5.500.000 төгрөг нийт 20.510.000 төгрөгийг нэхэмжилсэн.  

Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Гантуяа нь “...эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогч С.Ггийн эмчилгээний зардалд зарцуулсан 6.060.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэж холбогдох баримтыг хавсаргажээ. /хх203/

14. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан. Тиймээс хохирлыг хариуцан төлбөл зохих иргэний хариуцагч “Эрдэм Транс” ХХК-аас 6.060.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

15. Хохирогч С.Ггаас гаргаж өгсөн “Анард” ХХК-д үрсэлгээ нийлүүлдэг гэсэн тодорхойлолтоор /хх111/, мөн Х.Болормаагийн талбай түрээслүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээгээр /хх109-110/ тус тус тэдгээрийн орлогыг тодорхойлох боломжгүй байна. Учир нь үйлчилгээ үзүүлдэг, худалдаа эрхэлдэг талаар санхүүгийн холбогдох баримт, орлого зарлагын дэвтэр, дансны хуулга хэрэгт авагдаагүй тул зөвхөн тухайн байгууллагын тодорхойлолтод үндэслэн орлогыг тогтоон шийдвэрлэх боломжгүй юм.

Харин хохирогч С.Г нь нурууны гэмтэл авсан 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй хэвтэрт байх тул түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тооцон нөхөн төлбөр олгуулж шийдвэрлэлээ. Хохирогчийн хувьд энэхүү хэмжээнээс илүү орлоготой байсан талаарх холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогчийн нэхэмжлэлээс баримтаар гаргаж өгсөн хохирол болох 287.900 төгрөгийн хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн, бусад баримтгүй эмчилгээний зардал 5.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 8.000.000 төгрөг, Х.Болормаагийн эхийгээ асарснаас олох ёстой байсан орлогод 3.510.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Иймд Иргэний хуулийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Эрдэм Транс” ХХК-аас 2.807.900 төгрөгийг гаргуулан хохирогч С.Гд олгуулж шийдвэрлэв.

16. Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

17. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э нь бага ял оногдуулах хүсэлт  гаргасан болно.

18. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: болгоомжгүй хэрэгт холбогдсон, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг нөхцөл байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох санал, дүгнэлт гаргасан.

19. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

20. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс осол гаргасан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг нь харгалзан үзлээ.

21. Иймд гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

22. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Эрдэм Транс” ХХК-аас 2.807.900 /хоёр сая, найман зуун долоон мянга, есөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч С.Гд олгосугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар иргэний хариуцагч “Эрдэм Транс” ХХК-аас 6.060.000 /зургаан сая, жаран мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд төлүүлсүгэй.

6. Хохирогч С.Ггийн баримтгүйгээр нэхэмжилсэн эмчилгээний зардал 5.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 8.000.000 төгрөг, асарч сувилах зардал 3.510.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх, мөн цаашид гарах гэм хорын зардлыг эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               М.Мөнхбаатар