Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1013

 

 

 

 

 

 

 

   2022         06         30                                    2022/ШЦТ/1013

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 02183 2115 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 23-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, борлуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

        Б овогт Х-н Б- /РД: хх00000000/

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Х.Б- нь согтуурсан үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоот гэртээ, иргэн Д.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зовхи, уруулд язарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”  гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Ж-ын өгсөн мэдүүлэг/хх-15,16/, гэрч Б.Энхзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 6468 дугаартай дүгнэлт /хх-28-29/, яллагдагч Х.Б-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх- 43/, Х.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, яллагдагч, хохирогч нараас гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-44-45/,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3,4/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Х.Б- нь согтуурсан үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 0-0 тоот гэртээ, иргэн Д.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зовхи, уруулд язарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ж-ын өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байж байхад манай хуурай ах Хүрэлбаатар, Заяа хоёр орж ирсэн. Тэгээд Хүрэлбаатар, Заяа бид гурав 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 0-0 тоот буюу Заяагийн гэрт Заяа, манай эхнэр Долгор, бид гурав очсон. Заяагийн гэрт нь очиход Х.Б- хоёр хүүхдийн хамт байсан. Тэгээд Х.Б-, Заяа, Долгор бид дөрөв 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад юм яриад сууж байтал би тоглоомоор Х.Б-ий эхнэрийг “Хайраа” гэж дуудсан чинь Х.Б- уурлаад надтай маргалдаж эхлээд, намайг түлхсэн чинь би гэрийн босгонд тээглээд хойшоо газар унасан. Тэгсэн Х.Б- ирээд миний нүүр хэсэгт 2-3 удаа дэвссэн чинь манай эхнэр Долгор, Заяа хоёр ирж бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг/хх-15-16/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхзаяагийн: “...удалгүй Ж- Долгор хоёр маргалдаж эхэлсэн чинь манай нөхөр Б- “боль” гэж хэлсэн чинь Ж- манай нөхрийг сууж байсан сандалтай нь хамт түлхээд унагаасан. Тэгсэн Д.Ж- манай нөхөр хоёр барилцаж аваад бие биеийнхээ нүүр лүү нь цохиод зууралдаад байхаар нь Долгор бид хоёр салгасан. Тэгсэн манай нөхөр Б-, Долгор хоёр маргалдаж байгаад манай гэрээс яв гээд Х.Б-, Д.Ж-ыг түлхсэн чинь Д.Ж- манай гэрийн босгонд тээглээд газар унаад өгсөн. Тэгэхээр нь би нөхрөө гэртээ үлдээгээд Долгор, Д.Ж- хоёрыг гэрээс аваад гарсан....гэх мэдүүлэг /хх- 18/, 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн:

1.Д.Ж-ын биед зүүн зовхи, уруулд язарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх 6468 дугаартай дүгнэлт /хх-н 28-29/

 

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3,4/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Х.Б- нь хохирогч Д.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Б-ийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 0-0 тоот гэртээ, иргэн Д.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зовхи, уруулд язарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 0-0 тоот гэртээ, иргэн Д.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зовхи, уруулд язарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ж- нь хохирлоо баримтаар  нэхэмжлээгүй ба гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Х.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

  Шүүгдэгч Х.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС