Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1092

 

 

      2022           9         07                                          2022/ШЦТ/1092

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ц.Цид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208014121284 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Уын гээгдүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 495078099 тоот дансны виза картыг олж, уг картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2022 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ашиглан нийт 804.950 төгрөгийн гүйлгээ хийж, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас иргэн Б.Уд бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1020 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Ц.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Б.Уын гээгдүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 495078099 тоот дансны чиптэй буюу шууд ашиглах боломжтой виза картыг олж, уг картыг ашиглан 2022 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ашиглан нийт 804.950 төгрөгийн гүйлгээ хийж, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Энэ нь хохирогч Б.Уын: “...Би 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс миний оролцоогүй Худалдаа хөгжлийн виза картаас минь хэд хэдэн удаагийн давтамжтай гүйлгээ хийж нийт 804.950 төгрөг гарсан байсан. ... Би 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд өөрийн Худалдаа хөгжлийн банкны 495078099 тоот дугаартай дансны виза картаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороололд байрлах “Таван-Эрдэнэ” хүнсний захаас 15.800 төгрөгийн гүйлгээ хийсэн. ...2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гэртээ Баянгол дүүрэгт байхдаа Худалдаа хөгжлийн 495078099 тоот дугаар данснаасаа гүйлгээ хийхээр интернэт банк руу ороход миний данснаас 29 удаагийн давтамжаар 804,950 төгрөгийн гүйлгээ гарсан байхаар нь би өөрийн 495078099 тоот дугаартай данснаас үлдэгдэл болох 14.660.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 411026716 тоот данс руу шилжүүлж аваад өөрийн 495078099 тоот дугаартай дансны виза картыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хаалгасан...тус карт нь чиптэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх9-11/, хохирогч Б.Уын эзэмшлийн 495078099 тоот дансны хуулга /хх38-41/ шүүгдэгч Ц.Цийн яллагдагчаар болон шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх53-55/ зэргээр тогтоогдож байна.

            Дээрх тохиолдолд хохирогчийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох банкны виза карт нь шууд ашиглах боломжтой нууц код шаарддаггүй байх ба энэ байдлыг шүүгдэгч мэдэж, уг картыг ашиглан олон удаа гүйлгээ, тооцоо хийж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжийг хангасан байна.

3. Шүүгдэгч нь бусдын гээгдэл эд хөрөнгө /банкны карт/ гэдгийг мэдсээр байж авч, картыг ашиглан тооцоо хийж байсан энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 805.000 төгрөгийн хохирол төлсөн /хх23, 44/, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

4. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

5. Иймд шүүгдэгч Ц.Цийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчтай тохиролцсон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. 

7. Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт заасан “... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

9. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Ц.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР