Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/1010/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1017 |
Огноо | 2022-06-30 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1017
2022 06 30 2022/ШЦТ/1017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч И.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч И.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 01232 1752 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 29-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1997 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймаг Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, .... ХХК-нд барилгын мужаан ажилтай, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай,
Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Т овогт И-ийн А- / РД:хх0000000/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.А- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Н-ийн өгсөн мэдүүлэг /хх-10-12/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 3084 дугаартай дүгнэлт /хх-14-45/, шүүгдэгч И.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43-44/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч И.А- нь 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” гэх нэртэй караокены гадаа, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох О.Нтэй гэр рүүгээ явахгүй найзууд руугаа явна гэсний улмаас маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, нүүр лүү нь мөргөж, биед нь зүүн хацар шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны дотор салстад цус харвалт, дээд уруулын доод уруулын дотор салстад няцарсан шарх, буйланд цус хуралт, дух, амны эргэн тойронд зулгаралт, баруун зүүн бугалга, өвдөг, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөгт язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Н-ийн өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хамтран амьдрагч И.А-тэй маргалдаад миний гар устыг булааж аваад өгөхгүй байхаар нь би гэр рүүгээ явалгүйгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” гэх нэртэй караокед сууж байхад миний араас орж ирээд бид хоёр нэг нэг шил пиво уугаад суусан. Тэгээд би гарахад намайг явуулахгүй гэж миний араас гарч ирээд духаараа нүүр хэсэгт мөргөсөн. Миний доод уруул язарч үүдэн шүд хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-10-12/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 3084 дугаартай:
1.“...О.Н-ийн биед зүүн хацар шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны дотор салстад цус харвалт, дээд уруулын доод уруулын дотор салстад няцарсан шарх, буйланд цус хуралт, дух, амны эргэн тойронд зулгаралт, баруун зүүн бугалга, өвдөг, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-14-15/
Шүүгдэгч И.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр манай найз бүсгүй О.Н намайг дуудаад би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран нэртэй караокед байна хүрээд ирээч гэсэн тэгээд би ажлаа тараад очиход ганцаараа пиво уугаад сууж байсан. Бид 2 хамт пиво ууж байгаад би гэр рүүгээ явъя гэхэд О.Н өөр тийшээ найзууд руугаа явна гээд бид хоёр маргалдаад миний нүүрийг маажихаар нь би дух руу нь нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-43-44/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5,6/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч И.А- нь хохирогч О.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч И.А-г тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч И.А- нь 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” гэх нэртэй караокены гадаа, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох О.Нтэй гэр рүүгээ явахгүй найзууд руугаа явна гэсний улмаас маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, нүүр лүү нь мөргөж, биед нь зүүн хацар шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны дотор салстад цус харвалт, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, буйланд цус хуралт, дух, амны эргэн тойронд зулгаралт, баруун зүүн бугалга, өвдөг, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөгт язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч И.А- нь 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” гэх нэртэй караокены гадаа, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох О.Нтэй гэр рүүгээ явахгүй найзууд руугаа явна гэсний улмаас маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, нүүр лүү нь мөргөж, биед нь зүүн хацар шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны дотор салстад цус харвалт, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, буйланд цус хуралт, дух, амны эргэн тойронд зулгаралт, баруун зүүн бугалга, өвдөг, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөгт язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас И.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Н нь хохирлоо баримтаар нэхэмжлээгүй ба гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар И.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт И-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч И.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл И.А-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС