Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 19

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр

          Шүүгдэгч Б.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх 

          Иргэний хариуцагч ОТ  ХХК-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ

          Иргэний хариуцагч БСС ХХК-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, иргэний хариуцагч БСС ХХК-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын заалдах гомдлоор Б.Б д холбогдох 1829002150123 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 08-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Х  ХХК-д механик ажилтай, ам бүл 6, аав, эхнэр, хүүхэд, эгч нарын хамт Нийслэлийн Баянзүрх дүүрэг 5-р хороо, 9-р байрны .................. тоотод оршин суух, урьд 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1–т зааснаар 3 жил 1 сарын хорих ял, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ял, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсгүүдэд зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар тус тус шийтгэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Тайж нар овогт Б.Б  /регистрийн дугаар ...................../

          Урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан яллагдагч Б.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ОТ  ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлах ажилчдын цаг бүртгэлийн өрөөнд иргэн Д.Ш ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, харгис хэрцгий аргаар эрх чөлөөнд нь халдан зодож, тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Шүүгдэгч Б.Б ийг хүчиндэх гэмт хэргийг урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн, харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилсон гэх хүндрүүлэх нөхцөлүүдтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 29 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 8 сар 29 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б д оногдуулсан 4 жил 8 сар 29 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б ийн цагдан хоригдсон 180 /нэг зуун ная/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар иргэний хариуцагч БСС ХХК-аас 10 761 264 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ш д олгож, иргэний хариуцагч нар болох ССМ  ХХК, Х  ХХК, ОТ  ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Д.Ш ийн өмсөж явсан хар өнгийн жинсэн хүрэм 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгий- дотоож 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ариун цэврийн хэрэгсэл 1 ширхэг, 2 ширхэг арчдас, 4 ширхэг нийлэг уутанд хийсэн олон тооны үсийг эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ялтан Б.Б эс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролд 1 000 000 төгрөг төлсөн, төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Б ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, ялтан Б.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:.. “Шүүх дээрх шийтгэх тогтоолдоо “Түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн атлаа “...шүүгдэгч Б.Б ийг хохирол төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн, эхнэр, 6 сартай хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг нь харгалзан үзэх талаар хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлэн үзлээ.” гэж үзсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргалгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан байна.

Мөн шүүгдэгч Б.Б д холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхлээд хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд түүнийг эхнэр, 6 сартай хүүхэдтэй талаарх нотлох баримтыг өмгөөлөгч болон шүүгдэгч, түүний ар гэрээс огт гаргаж ирүүлээгүй, хавтаст хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт авагдаагүй байхад “эхнэр, 6 сартай хүүхэдтэй” гэсэн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүгдэгч Б.Б  нь урьд энэ бүлэгт буюу Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан, харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн эрх чөлөөнд нь халдаж “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн байхад шийтгэх тогтоолдоо: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн атлаа үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлага болох хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн дээрх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шийтгэх, цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэснийг ноцтой зөрчсөн байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагч БСС ХХК-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдолдоо:..” Анхан шатны шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөвөөр дүгнээгүй, зөвхөн “БСС” ХХК-ийн харуул хамгаалалтын үүргээ гүйцэтгэх явцдаа хариуцлага алдсанаас болж дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон.

Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тодруулаагүй, “БСС” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй.      

Гэтэл гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан “БСС” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан, хохирогчид учирсан 10.761.264 төгрөгийн хохирлыг хариуцах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.           

 “Х ” ХХК  өмнө нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй танхайрах, дээрэмдэх хулгайлах насанд хүрээгүй хүнийг бүлэглэж, давтан үйлдлээр хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан этгээдийг тусгай хамгаалттай бүсэд ажилд авсан. Энэ талаар хамгаалалт хариуцсан байгууллага болон гэрээ байгуулан ажиллаж буй “ОТ ” ХХК-д мэдэгдэлгүй нуун дарагдуулсан нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Хохирогч ажлын цаг дуусахаас өмнө компанийн дүрэм журам, ОТ  ХХК-ийн тусгай хамгаалалт бүхий сайтын дэг журмыг зөрчсөн нь гэмт хэрэг үйлдэгдэх нэг шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №2019/шцт/46 дугаартай шийтгэх тогтоолын иргэний хариуцагч “БСС” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “Х ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчид учирсан хохирлын иргэний хариуцагч “Х ” ХХК болон гэмт хэрэг үйлдсэн этгээд болох Б.Б эр төлүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагч Х  ХХК-ийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Б.Б д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна.

Түүний үйлдсэн хэрэг нь Б.Б ийн гүйцэтгэх ажил үүрэгтэй ямар ч холбоогүй. Иргэний хуулийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байдаг.

Б.Б ийн хувьд Х  ХХК-д механикчаар ажилладаг. Үндсэн үүрэг нь бохир ус цэвэрлэх байгууламжийн угсралтын ажилтан механикч байсан. Энэ ажлаа хийх явцад хэрвээ бусдад хохирол учруулсан бол харин уг гэм хорыг ажил олгогч байгууллага нь хариуцах хууль зүйн үндэслэл байгаа юм.         

Тухайн үед ажлаа тарсны дараа ажлын бус чөлөөт цагаар буюу 21 цаг 30 минутын үед тухайн гэмт хэргийг үйлдсэн. Б.Б ийг ажил үүргээ гүйцэтгэж явсан гэж үзэх үндэслэлгүй.

Б.Б ийн хүчингийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг ажил олгогч буюу Х  компани хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Аливаа ажилчдыг ажилд авахдаа ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах боломжгүй, энэ талаарх лавлагааг шаардах эрхийг аль 2013 онд Хууль зүйн сайдын тушаалаар зогсоосон. Б.Б ийн өмнө нь ямар ямар ял шийтгэгдэж байсныг мэдэх боломжгүй учраас энэ талаар ОТ  компанид мэдэгдэлгүй нуун дарагдуулсан зүйл байхгүй. Энэ талаараа ч ОТ  болон хамгаалалт хариуцсан байгууллага мэдэгдэж байх үүрэг байдаггүй.

ОТ  ХХК уг хэргийн хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байна. Тухайн хэрэг нь ОТ  ХХК-ний эзэмшлийн талбайд гарсан байдаг. ОТ  болон БСС компаний хооронд үйлчилгээ үзүүлэх гэрээгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл сайт доторх бүх ажилчдын аюулгүй байдлыг хангах үүргийг Бамбай секьюрити компани хариуцахаар байна гэж үзэж байна.

Иймд Анхан шатны шүүхээс хохирогч Д.Ш  д учирсан хохирлыг харуул хамгаалалт аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий БСС компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул иргэний хариуцагч БСС компаниас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

            Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор, бусад хэргийн оролцогч нар давж заалдах гомдол гаргах эрхтэйг зааж өгөөгүй. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд хорих ялын санал тавихдаа 8 жилийн хорих ялын саналыг тавьсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ямар нотлох баримтыг үндэслэн хөнгөрүүлсэн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй. Өнөөдрийг хүртэл 6 сартай хүүхэдтэй гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Ийм нөхцөл байдлыг үндэслээд хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслээд хөнгөрүүлж байгааг яаж үзэх үү. Ийм нөхцөл байдлыг үндэслээд улсын яллагчаас 8 жилийн хорих ялын санал гаргасан байхад үндэслэлгүй шийдвэрлэсэн. Анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би жил гаруй хугацаанд хоригдож байна. Намайг хоригдож байх хугацаанд манай эхнэр жирэмсэн байсан. Одоо 7 сартай хүүхэдтэй. Би гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их харамсаж байна. Цаашдаа сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэх эрхтэй. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Цагдан хоригдоход эмнэлэгт хандах боломжгүй байна. Миний бие өвдөж байгаа тул хорих ангид шилжүүлж эмнэлгийн туслалаа авмаар байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон ял шийтгэлийг оногдуулахдаа хууль тогтоогчоос баталсан хамгийн доод ял 2 жил, түүнээс дээш дээд ял 8 жилийн хугацааны дотор ял оногдуулсан. 3 жил 6 сарын хорих ялыг прокурорын эсэргүүцэлд дурдаад байгаа үндэслэлгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулсан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Бусад оролцогчдын давж заалдах журмаар гомдол гаргах эрхийг зааж өгөөгүй асуудалд хэргийг буцаахгүйгээр хянан шийдвэрлэх боломжтой. Гэтэл доод ял 2 жилийн хугацаанаас доош татаж хөнгөрүүлэн оногдуулсан ял шийтгэсэн гэж үзэх боломжгүй. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                                                                          

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн санал нь анхан шатны шүүх хуралдаанд тодорхой хэлсэн. Энэ нь тэмдэглэлд тусгагдсан. Улсын яллагчийн тавьсан саналаас шүүх доош татаж ял оногдуулсан нь хуульд заасан үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Иргэний хариуцагч ОТ  ХХК-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл заалт нь  2 дахь хэсгээр хүндрүүлэх нөхцөлтэй. Шүүх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Оролцогчийн эрх хэмжээг хязгаарласныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Оролцогч нь өөрсдөө хуульд заасан эрхийнхээ дагуу гомдлоо гаргасан. Хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэдэгт залруулж бусад заалтыг хэвээр үлдээж өгнө. БСС ХХК-ийн төлөөлөгч гэрээн дээр маргаагүй. Үүнийг баталж манай гэрээ мөн гэж хэлснээр шүүх хуралдаан үргэлжилсэн. Хөнгөрүүлсэн гэдэг нь шүүх өөрийнх нь эрх хэмжээний асуудал гэв.

            Иргэний хариуцагч БСС ХХК-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн заалтуудыг зөрчсөн хууль бус шийтгэх тогтоол гарсан. Харуул хамгаалалтын ажилтан шалтгаангүйгээр ажилчдын хувцас солих өрөөнд шалтгаангүйгээр орохыг хориглодог. БСС ХХК нь хариуцах боломжгүй. Тухайн үед дуу чимээтэй сэжигтэй зүйл илрээгүй нь тогтоогдсон. Хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийн хүрээнд өмгөөлөгч сонгон хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Өмгөөлөгчийн зардлыг иргэний хариуцагч болон бусад оролцогчоос гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шийтгэх тогтоолд прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсан боловч бид хуульд заасан эрхийнхээ дагуу гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.  Харуул хамгаалалтын ажилтан нь гэрээгээр заасан хориглолтын байранд нэвтрэх боломжгүй. Дуу чимээ илтэд аюултай байдалд үүссэн тохиолдолд орж болно. Гэхдээ ийм нөхцөл байдал илрээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хариуцагч БСС  ХХК-аас хохирогчид хохирлыг төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл мөнгийг Б.Б эс гаргуулж өгнө үү гэв.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч БСС ХХК-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын бичсэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн давж заалдах гомдол, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/02 дугаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

          Урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан яллагдагч Б.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ОТ  ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлах ажилчдын цаг бүртгэлийн өрөөнд иргэн Д.Ш ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, харгис хэрцгий аргаар эрх чөлөөнд нь халдан зодож, тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Ш ийн /хх-34-37, 182-185/, гэрч А.А /хх-52-53/, А.Х /хх-54/, И.А /хх-56-57/, Б.Д /хх-60-61/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны10 дугаар сарын 16-ны өдрийн 10300 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-77-78/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж тогтоосон анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

                       Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б ийг хүчиндэх гэмт хэргийг урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн, харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилсон гэх хүндрүүлэх нөхцөлүүдтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 29 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 8 сар 29 хоногоор тогтоож шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           Б.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ОТ  ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлах ажилчдын цаг бүртгэлийн өрөөнд иргэн Д.Ш ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, харгис хэрцгий аргаар эрх чөлөөнд нь халдан зодож, тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдсон байна.

            Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд түшиглэн нэгтгэн дүгнэхдээ

Б.Б ийг хүчиндэх гэмт хэргийг урьд нь үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн, харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилсон гэх хүндрүүлэх нөхцөлүүдтэй үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

            Анхан шатны шүүхээс Б.Б д оногдуулсан 4 жил 8 сар 29 хоногийн хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Б.Б ийн үйлдэл, үр дагаврын улмаас үүссэн хохирлыг хуулинд зааснаар гэм буруутай этгээд арилгах үүрэгтэй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бий болсон хохирлыг иргэний хариуцагч БСС ХХК-аас гаргуулан хохирогчид олгох нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.                     

           Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу иргэний хариуцагч БСС ХХК-иас хохирлыг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн боловч нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй мөн ямар үндэслэлээр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар үндэслэлээ заагаагүй нь хуульд нийцээгүй байна.

           Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж заасан.

           Б.Б  нь үйлчилгээний хөлсийг өмгөөлөгчтэй гэрээгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр хөлсийг төлж хууль зүйн туслалцаа авах боломжтой. Харин өмгөөллийн үйлчилгээний хөлсийг  иргэний хариуцагч БСС ХХК нь гаргах хууль зүйн үндэслэлгүй.

           Б.Б  нь гэмт хэрэг үйлдэхдээ тус компанийн өгсөн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа үйлдээгүй. Иргэний хариуцагч БСС ХХК-нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд биш байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаар тогтоолоор дээрх журмыг баталсан, энэ журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэжээ.                        

           Хохирогч Д.Ш э төлбөрийн чадваргүй болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөллийн хөлсний хэмжээг нотолсон баримт хэрэгт байхгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд иргэний хариуцагч БСС ХХК-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, БСС ХХК-ийг иргэний хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

            Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан “Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэснийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Зарим этгээдийн гомдол гаргах эрхийг заагаагүй нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

            Хохирогч Д.Ш ээс өмгөөллийн хөлс 10000000 төгрөг, эмчилгээний зардал 1781264 төгрөг нэхэмжилснийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан үзэхэд өмгөөллийн хөлсөнд 10000000 төгрөгийг төлсөн талаар нотлох баримт авагдаагүй, харин эмчилгээний зардалд шүүгдэгчээс 1000000 төгрөгийг төлсөн талаар хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан байх тул хохирогчоос хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт нэхэмжилсэн 10000000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан олгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

             Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б эс 761 264 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ш д олгож, иргэний хариуцагч ССМ  ХХК, Х  ХХК, ОТ  ХХК, БСС ХХК-уудад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж,

            Тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т” гэж,

            Тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирол 1000000 төгрөг төлсөн, төлбөргүй” гэснийг “эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг хохирогчийн өмгөөлөгчид төлсөн” гэж,

            Тогтоох хэсгийн 11 дэх заалтын “улсын яллагч, гэсний дараа дээд шатны прокурор гэж, “өмгөөлөгч” гэсний дараа иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

             2. БСС ХХК-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

           3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б ийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 73 /далан гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

           4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ