Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0270

 

 

 

 

 

 

 

Ж.Б-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Л.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/2** дугаартай захирамжийн Ж.Б-д холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/0* дугаар, 13/1* дугаар тогтоолуудын Ж.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 125/ШШ2024/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Б

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Х

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 125/2023/0020/3

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Ж.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулж “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/2** дугаартай захирамжийн Ж.Б-д холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/0* дугаар, 13/1* дугаар тогтоолуудын Ж.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

          2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 08-ны өдрийн 125/ШШ2024/0004 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/2** дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/0*, 13/1* дугаар тогтоолын Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Л.Э нар давж заалдах гомдолдоо:

“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж ээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь 11108.9 кв.м газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн ямар нэгэн зөрчил гаргаагүй байдаг. Энэ талаар хэрэгт гэрч, Ц мэдүүлэхдээ иргэн Ж.Б нь 2022 онд ямар нэгэн зөрчил гаргаагүй учраас түүнтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт гаргаагүй, Мөн өөрийн эзэмшлийн газрынхаа өнгө үзэмжийг сайжруулсан, жимсний болон гоёлын 200 гаруй мод тариалсан, 800 хайлаас мод тарьсан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан гэх дүгнэлт гарсан гэж мэдүүлсэн байдаг. 2023 оны 6 дугаар сард хийгдсэн шалгалтын дүнгээр иргэн Ж.Б-ы хувьд ямар нэгэн зөрчил гаргаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасны дагуу 2020-2022 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн үйл баримт хэрэгт тогтоогдсон байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж ээ. Гэтэл иргэн Ж.Б нь 2022 оны газрын төлбөр 222.060 төгрөгийг, 2023 оны газрын төлбөр болох 444.120 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдаг. Тэгтэл анхан шатны шүүх нь газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд тухайн хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ: 

            1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Б-ы гаргасан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/2** дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/0*, 13/1* дугаар тогтоолын Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтыг үндэслэлгүй тайлбарлан, нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

   2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/2** дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “...Цамбагарав баг Ойн бүст байрлах 26473.7 м.кв ойжуулалт, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар эзэмшиж байгаа Ө.Т-ийн газар эзэмших эрхээс Ж.Б-д 11108.9 м2 газрыг шилжүүлж”, 12 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн 00643669 дугаартай гэрчилгээ олгож, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.

3. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/2** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар “Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч 36 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Ж.Б-ы газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

4. Анх нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/2** дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/0*, 13/1* дугаар тогтоолуудын Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

             5. Нэхэмжлэгч Ж.Б нь “11108.9 м.кв газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн, өөрийн эзэмшлийн газрынхаа өнгө үзэмжийг сайжруулсан, жимсний болон гоёлын 200 гаруй мод тариалсан, 800 хайлаас мод тарьсан, 2020-2022 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж гомдол гарган маргажээ.

            6. Анхан шатны шүүх “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй, маргаан бүхий захиргааны акт газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.     

            7. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ”, 4-д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина”,  5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

            8. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар “Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж, газар эзэмших гэрээг дүгнэн, дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, Үүнд: сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамал зэрэг нэр бүхий албан тушаалтнууд  багтсан байх бөгөөд улмаар 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02-32-04/102/11 дугаар Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарчээ.

            9. Уг дүгнэлтээр “...иргэн Ж.Б-ы эзэмшлийн газар ойжуулах, жимс жимсгэний зориулалтаар 1 га газрыг эрх шилжүүлэн авсан, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасны дагуу 2020-2022 оны газрын төлбөрөө бүрэн төлсөн. ... газарт ойжуулалт, жимс жимсгэнэ тариалж, тухайн газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1-д заасны дагуу ашиглаж байна.” гэсэн дүгнэлт гарснаас үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй “газраа зориулалтын дагуу ашиглаж, ойжуулалт хийсэн” гэх үндэслэл энэхүү дүгнэлт, хэрэгт авагдсан фото зураг, шүүхийн газрын үзлэг зэргээр тогтоогдож байна.

            10. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Жаргалант сумын Газрын алба, Ж.Б-тай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гурван удаа байгуулсан байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнд “...газрын төлбөрийн хэмжээ 4 дүгээр улирал 33.327 төгрөг”, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээнд “... газрын төлбөр улирал бүр 41.660 төгрөг,”, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд газрын төлбөрийн хэмжээ тусгагдаагүй байна.

            11. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон байх бөгөөд 2022 онд 222.060 төгрөг буюу улиралд 55.515 төгрөг, 2023 онд 888.240 төгрөг буюу улиралд 222.060 төгрөг төлөхөөс “...2022 онд 222.060 төгрөг, 2023 онд 444.120 төгрөгийг төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон...” гэх хариуцагчийн тайлбар, маргаан бүхий захирамжийн үндэслэл, хууль тогтоомж болон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээ зөрчжээ.

            12. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж зааснаар 2022 онд 222.060 төгрөг, 2023 оны 1 дүгээр улиралд төлөх 222.060 төгрөгийг төлөөгүй байсан ба хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд Ж.Бтай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.6-д “Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх” үүргийг газар эзэмшигч хүлээсэн байна.

            13. Ийнхүү хариуцагч газрын төлбөрөө төлөөгүй хэмээн маргаан бүхий акт гаргахаас өмнө Ж.Б-д энэ тухай мэдэгдэх, төлбөр, алданги төлөх зэргийг тодруулах, газрын төлөөгүй төлбөрийн тооцоог буруу гарган, 2016 оноос тухайн газраа зориулалтын дагуу тодорхой хөрөнгө, хөдөлмөр зарцуулан эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг баримтлаагүй байхын зэрэгцээ шүүхээр хэргийг шийдвэрлэх үед газрын төлбөрийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогдож байна.    

            14.  Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлд Ж.Б-ыг эзэмшил газартаа 10х10 хэмжээтэй байшингийн суурь барьсан, гэрээгээ жил бүр дүгнүүлээгүй гэх боловч энэхүү байшингийн суурь барьсан нь гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зөрчилд хэрхэн хамаарах нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

            15. Газар эзэмших гэрээг 2021, 2022 онд дүгнүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тухайд Ж.Б 2021, 2022 газрын тайлангаа байгаль орчны байцаагч Ц.Баяржавхланд өгч байсан нь анхан шатны шүүх гэрч асуух болон бусад нотлох баримтаар тогтоосон байх бөгөөд тайлангаа хүргүүлсээр байхад газрын гэрээг эрх бүхий албан тушаалтан дүгнээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлд хамаарахгүй талаар зөв дүгнэлт хийсэн байна.   

            16. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/0* дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолоор “...Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн бус нийтийн эдэлбэрийн газрын төлөвлөлтийг 1 дүгээр хавсралтаар, Малын хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулах зориулалтаар төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгох 200 га газрын төлөвлөлтийг 2 дугаар хавсралтаар тус тус нэмэлт”-ээр баталж, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/1* дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор “...Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн Цэцэрлэгт хүрээлэнг Жаргалан сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32.6 га газарт хавсралтад заасан байршилд байгуулахаар” тус тус тогтоосон.

            17. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлээс үзвэл “...Аймгийн Засаг дарга Э.Б: Ойн бүстэй холбогдох шүүхийн нэхэмжлэл Жаргалант сум дээр байна. Төлөөлөгч Д.Б: Уг асуудал нийтийн эрх ашиг гэдгийг ойлгож байна. Тэгэхээр ойн бүсийн газраа бүрэн чөлөөлсний дараа тухайн асуудлаар шийдвэр гаргах нь зүйтэй. Аймгийн Засаг дарга Э.Б: Өнөөдөр бид тухайн шийдвэрийг гаргаснаар нийтийн эзэмшилд байх үндэслэл нэмэгдэж, эрх зүйн томоохон дэмжлэг болно” гэжээ.    

            18. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га газрыг нэмэлтээр төлөвлөгөөнд тусгах, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэхдээ тухайн Жаргалант сумын газар эзэмшигч нарын маргаан шүүхэд хянагдаж байгааг мэдэж байсан болох нь энэхүү тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд ийнхүү шүүхээр маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамаарч газрыг нэмэлтээр төлөвлөлтөд оруулж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгч газар эзэмшигч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

            19. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж тус тус заасантай нийцээгүй шийдвэрүүдийг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргажээ.

            20. Өөрөөр хэлбэл ийнхүү тухайн газрыг нийтийн эзэмшил буюу цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа бусдын эзэмшил газрыг сумын Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох замаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” төрөөс газрын талаар баримтлах зарчим зөрчигдөхөд хүрчээ.

            Иймд нэхэмжлэгч Ж.Б нь эзэмшил газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч нарын хууль бус шийдвэрүүдийн улмаас түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 125/ШШ2024/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/2** дугаартай захирамжийн Ж.Б-д холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/0* дугаар, 13/1* дугаар тогтоолуудын Ж.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

                            ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

    ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА