Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Б.Байгалмаа

            Шүүгдэгч, хохирогч В.Улаанхүү, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд

            Шүүгдэгч, хохирогч Д.Буянтогтох, түүний өмгөөлөгч М.Амарбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Пайтан овогт Дагвын Буянтогтох, Шар овогт Ваанчигийн Улаанхүү нарт холбогдох 201625031332 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 02-нд хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Цагдаагийн Ерөнхий газрын авто баазад жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 5 дугаар гудамж, 59 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шар овогт Ваанчигийн Улаанхүү (РД:ШГ73042814),

2.Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Женерал энерго строй” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 58 дугаар байрны 94 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Пайтан овогт Дагвын Буянтогтох (РД:ВЮ79020399),

(сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд тэмдэглэснээр) Д.Буянтогтох нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны гадаа иргэн В.Улаанхүүтэй “автомашин хааж тавьсан” гэх асуудлаас болж маргалдан зодолдож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

В.Улаанхүү нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны гадаа иргэн Д.Буянтогтохтой “автомашин хааж тавьсан” гэх асуудлаас болж маргалдан зодолдож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэхдээ:

            1.В.Улаанхүүгээс:-2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би Буянтогтохын гэрийн гадаа машин хааж зогслоо гэх шалтгаанаар маргалдсан, харин түүнийг нэг удаа ч түлхээгүй. Эхнэр нь намайг доромжилсон. Камерийн бичлэгт Буянтогтох нь машины багажаа онгойлгоод 20-30 минут болсон нь харагддаг. Би түүнийг пизда гээгүй. Машинаа холдуул л гэж хэлсэн. Утасны дугаараа тавьчихад яадаг юм гэхэд миний өөдөөс пизда минь гээд миний нүд рүү цохьсон. Намайг боож ухаан алдуулсан. Намайг машины копуд дээр нуруугаар дарж гэмтэл учруулсан. Миний баруун талын шүд хөдөлсөн. 2 шүд хургарсан гээд бэхэлгээ хийлгэсэн байгаа. Зүүн нүднээс нуух гарч байгаа. Нуруу гэмтэлтэй болсон. Намайг өшиглөж тийрсэн. Нүүр рүү өвдөглөсөн. Би түүнд өөрийгөө таквэндогийн багш гэж хэлээгүй Энэ хүнийг хачин болгоно гээгүй. Энэ хүн надаас уучлал гуйсан бол эвлэрнэ гэж бодож байсан. Би тэр үед өөрийгөө цагдаад ажилладаг гээгүй, 10,0 сая төгрөг нэхээгүй. Энэ хүний нэхэмжлээд байгаа мөнгийг өгнө. Надаас уучлал гуйвал гомдолгүй гэв.

            В.Улаанхүүгээс хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар
сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 58 дугаар байрны гадаа
байрлах автомашины ил зогсоол дээр өөрийн эзэмшилийн 50-09 УНҮ улсын дугаартай автомашинаа байрлуулаад айлд ороод гараад ирэхэд миний машины ард улаан хүрэн өнгийн автомашин байрлуулсан байсан. Тухайн үед би автомашины цонхоор утасны дугаар байна уу гэж үзэхэд байхгүй байсан учир ойр орчмын дэлгүүрээс асуухад мэдэх хүн байхгүй байсан. Тэгээд тус байрны жижүүрээс асуухад нэг утасны дугаар өгсөн бөгөөд би тэр дугаар руу залгаад машин гаргах гэсэн юм гэхэд гарч явна пизда минь гэхээр нь чи ганцаараа ууртай нь биш шүү гээд утсаа салгасан. Тэгээд удалгүй гарч ирэхээр нь чи машин дээрээ холбоо барих утасны дугаараа бичээд үлдээчихээд уурлахад яадаг юм гэхэд миний машинаа хаана тавих чамд ямар хамаатай юм, би энэ байранд олон жил амьдарч байна гээд намайг ярьж байхад салаавч гаргаад ам руу хийсэн. Тэгээд уурлаад над руу дайраад хэл амаар доромжлоод, би чамайг чадна гээд
машиныхаа багажийг онгойлгоод эхнэртэйгээ хамт юм хийгээд зогсоод байсан.
Тэгэхээр нь би машин дээр нь очоод уучлаарай одоо гараадхъя гэхэд урдаас дайраад амруу салаавч хийсэн. Тэгээд би уурлаж чи муу новш минь зүгээр байгаарай гэж хэлэхэд миний зүүн нүдний дээд хэсэг буюу зовхины хэсэгт нэг удаа цохиод, машиндаа суугаад ухарсан бөгөөд тухайн үед би дагаж ухраад, нүд болохгүй болохоор нь би машинаа зогсоогоод тэр залуугийн машин дээр очоод байж бай миний нүд бүрэлзээд байна. Цагдаа дуудчихсан хүлээж бай гэхэд машинаасаа бууж ирээд намайг түлхээд мангасдаад янз бүрээр хэлж хэл амаар доромжилж байгаад намайг боож байгаад, зогсож байсан машины хэсэг рүү түлхээд дайраад байсан. Тухайн үед би худлаа ухаан алдахад намайг хаячихаад явахаар нь би араас нь зуураад авахад дахиад намайг боосон. Тухайн үед би ухаан алдаж унасан, тэгээд босож ирээд юу болсоныг нь би мэдэхгүй байна. Миний гар утас байхгүй байсан бөгөөд хайгаад үзэхэд хажуугийн байрны 4 давхараас нэг эрэгтэй хүн гар утсыг чинь цаад залуу чинь аваад явчихлаа гэхээр нь араас нь очиж өөрийн гар утасаа авсан. Тухайн үед 58 дугаар байрны 3 давхраас нэг эмэгтэй хүн чи зодохоо болиоч гээд бичлэг хийгээд байсан. Тэгээд удалгүй дуудлагын цагдаа нар ирээд ойр хавьд байсан хүмүүстэй уулзаад намайг зодсон гэх залуугийн хамт цагдаагийн хэлтэс дээр авчирсан гэжээ.

            2.Д.Буянтогтохоос:-Байрны гадаа машин хөндлөн тавьснаас болж маргаан болсон. Намайг харин чирч гаргаж ирсэн, хэл амаар дайрсан. Миний 2 гар бэртэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй тул түүнийг боох боломжгүй. Анх энэ хүн утсаар яриад, машинаа зайлуул гээд байсан. Тэр үед энэ хүн өөрөө согтуу, бичиг баримтгүй байсан. Намайг ямар олон машинтай юм гэсэн. Өөрийгөө цагдаагийн ажилтан гэсэн. Миний зүүн дээд завьж руу цохьсон. Намайг унахад өшиглөсөн. Өшиглөсний дараа миний төмсөг өвдсөн, уруул хавдсан. Миний биед хөнгөн гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. 7 дугаар сарын 04-нд дайвар эрхтний хагалгаанд орсон. Цохилтоос болж дайвар эрхтэн гэмтсэн. Энэ хүний шуналаас болж би төмсөгөө авахуулсанд гомдолтой. Би Улаанхүүд гар хүрээгүй. 595.000 төгрөгийн хохирол төлбөл эвлэрнэ гэв.

            Д.Буянтогтохоос хэрэг бүртэглтэд мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед гэрийнхээ гадаа буюу 58 дугаар байрны автомашины ил зогсоол дээр өөрийн 33-36 унк улсын дугаартай автомашиныг байрлуулаад гэртээ орсон. Тухайн үед Төв аймгийн Заамар сум руу хөдөө явах гээд маш яаруу явж байсан. Би гэртээ ороод юм авчихаад лифтэнд суугаад бууж байтал 99191083 дугаарын утас залгаад “хөөе пизда минь, энэ машинаа зайлуул” гэж хэлсэн. Тухайн үед би “одоо гарч байна, гэртээ орж юм авчихаад 2 минут болсон” гэж хэлсэн. Тэгээд байрны гадаа ирэхэд “өө пизда минь, чи гар утсаа авахгүй хаашаа янзын пизда вэ” гээд дайраад “одоо наад машинаа холдуул” гээд дайрч давшлаад байсан. Тухайн үед би “энэ байрны оршин суугч байна, одоо хөдөө явах гэж байгаа учир хүнтэй хэрүүл маргаан хиймээргүй байна” гэхэд намайг мангасдаж түлхээд “би бол таеквондоогийн багш, миний шавь нар цагдаад ажилладаг чамайг хачин болгоно” гээд байсан. Надаас ахимаг насны хүн байсан бөгөөд тухайн хүнийг гар хүрнэ гэж бодоогүй байсан чинь шууд цохьсон. Тэгээд би унасан бөгөөд тухайн үед гараараа цохиод шууд төмсөг рүү өшиглөсөн. Энэ үед манай зхнэр Наранжаргал 3 хүүхдээ дагуулаад ирсэн. Тухайн үед миний уруулнаас цус гараад байсан учир би эхнэртээ “хүүхдүүдээ аваад гэртээ ор” гэж хэлэхэд манай эхнэр хүүхдүүдээ аваад гэртээ орсон. Би босч ирээд тэр эрэгтэйд хандаж “миний гар гэмтэлтэй учир зодоон хийж чаддаггүй юм. Намайг та ингэж зодож болохгүй, манай эхнэр хүүхдийн хажууд зодлоо. Би таныг цагдаад өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би эвээр салах гэсэн боловч салахгүй байсан би “таны таеквондоогийн багш байх нь хамаагүй хуулийн байгууллагаар шалгуулна” гээд машиндаа суугаад ухарч байтал тэр залуу машинаасаа бууж ирээд “чи гараад ир. Би чамайг ална” гэх мэтээр дайраад байсан. Тэр залуу цонхоор орж ирээд толгойгоо оруулж ирээд машины рүль булаацалдаж нүүрний хэсэг рүү мангасдаж цохиод байсан учир машинаасаа бууж ирэхэд заамдаж байгаад тавихгүй байсан. Тухайн үед намайг заамдаж аваад байсан учир би зөрүүлээд заамдаад авахаар нь ухаан алдаж уналаа гэж хэлээд 2 удаа унасан. Би тэр ахад эхнэр хүүхдүүдтэйгээ хөдөө явах гээд байна та явуулчих гэж хэлэхэд явуулахгүй байсан би өөрийн воксет маркын саарал өнгийн машинаасаа хөдөө явах юмаа зөөх гэхээр машин хааж тавьчихаад явуулахгүй байсан. Тухайн үед манай ажилчид хүлээж байсан. Манай эхнэр байрны жижүүр хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд байрны жижүүр цагдаа дуудсан цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү авч явсан гэжээ.

            Шүүх хуралдаан гэрч Б.Түмэнбаяраас мэдүүлэхдээ:-Эхлээд Улаанхүү машинаа тавьсан. Дараа нь Буянтогтох машинаа тавьсан байсан. Улаанхүү нь Буянтогтохын утасны дугаар асуухаар нь би хэлсэн. Камер харахад энэ хоёр урд хойноо ороод байсан. Намайг 20 минутын дараа гарахад энэ 2 хэрэлдээд зогсож байхад нь би боль гээд орцондоо орсон. Удалгүй энэ хоёрыг зодолдоод байна гэхээр нь би гарсан. Буянтогтохын завьжнаас цус гарсан байсан. Улаанхүү нь цагдаа дуудъя гэсэн. Буянтогтох нэг машинаас нөгөө машинд юм ачиж байсан. Буянтогтох машинаа ухраахад Улаанхүү араас нь ирээд нүд рүү нь хатгахад Буянтогтох гараараа хамгаалсан. Энэ хоёр бие биенээ өшиглөсөн. Би дундуур нь ороход пизда гээд бие бие рүүгээ дайраад байсан. Буянтогтох Улаанхүүг боохоор нь нөгөөх нь зөрүүлж доогуур нь өшиглөсөн. Буянтогтох Улаанхүүг заамдаад машины хамар дээр унагаахад зөрүүлээд өшиглөсөн гэв.  

Б.Түмэнбаяраас хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр жижүүрийн байранд сууж байтал манай хаалгыг үл таних эрэгтэй хүн нүдээд би онгойлгосон. Тэгсэн 33-33 дугаартай машины утасны дугаарыг хэлээд өгөөч гэхээр нь би тэр эрэгтэй хүнд хэлж өгсөн. Удалгүй 10-20 минутын дараа гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гартал манай байрны Буянтогтох надаас утасны дугаар асуусан хүнтэй хэрүүл хийгээд зогсож байсан би тухайн үед юунаас болж хэрүүл хийснийг мэдэхгүй байна. Намайг хажууд нь яваад очиход тэд хоорондоо барьцалдаж аваад нэг тавиад хэрүүл хийж байсан. Би дундуур нь ороод салгах гэхэд намайг авч хэлэлцэхгүй бие бие рүүгээ дайраад байсан. Миний харснаар Буянтогтох хэрүүл хийж байгаад нөгөө хүнийхээ зүүн нүдний хэсэгт цохих шиг болсон тэгээд байж байтал Буянтогтохын эхнэр байрнаас гарч ирээд нөхөртэйгөө нийлж тэр хүн рүү хоёулаа дайраад байсан. Тухайн үед тэр эрэгтэй хүн би яараад байна ажилтай, явмаар байна гэсэн боловч Буянтогтох эхнэрийнхээ машины багаажийг онгойлгоод тоосон шинжгүй байсан, тэгээд нөгөө хүн хэрүүл хийгээд байсан. Тухайн үед би Буянтогтохыг чи машинаа ухраагаад гаргачих энэ хүн яараад байна гэж хэлэхэд Буянтогтох машинаа ухраагаад грашийн үүдний харалдаа ирэхэд машиных нь араас нэг машин орж ирсэн, тэгээд зогсож байгаад дахиж ухраад гарах гэтэл нөгөө хэрэлдэж байсан залуу машинаасаа бууж, миний нүд юм харахгүй байна гээд нэг нүдээ дарчихсан Буянтогтох дээр ирээд Буянтогтохыг машинаа ухраах гэхэд нүд рүү нь хуруугаараа хатгасан. Тэгсэн Буянтогтох машинаасаа гарч ирээд тэр хоёр хоорондоо зодолдож Буянтогтох тэр эрэгтэй хүнийг цамцных нь захаар боож машины хамар руу шахаж унагаасан. Унаад босоод ирсэн чинь Буянтогтох дахиж өшиглөөд цохиж унагаасан. Тэр залуу босч ирээд миний өрөөсөн нүд юм харахгүй байна гээд орилоод байсан тухайн үед би салахгүй байсан болохоор цагдаад дуудлага өгсөн байсан. Тэр залуутай юм ярьж тайвшруулаад явах гэж байхад цагдаа нар ирээд Буянтогтох болон тэр залуутай хоёуланг аваад явсан. Удалгүй Буянтогтохтой маргалдсан залуугийн хамт нэг цагдаа ирж камер шүүгээд явсан дараа нь Буянтогтох өөрөө ирж камерийн бичлэг аваад явсан. Улаанхүү гэх эрэгтэй нь улаан хүрэн өнгийн сорочкин цамц, хар бараан өнгийн өмд, гутлыг санахгүй байна. Буянтогтох нь
хар бараан өнгийн футболка, цагаан саарал өнгийн богино өмд, таавчиктай явж
байсан гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.Н.Наранжаргалаас:-2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3 хүүхэдтэйгээ гадуур явж байгаад гэртээ ирэхэд манай нөхөр байрны гадаа нэг ахтай хэрүүл хийгээд зогсож байсан. Тухайн үед намайг очиход манай нөхөр тэр ахтай барьцалдаад зогсож байсан бөгөөд тухайн үед манай нөхрийг тонгорч унагаагаад манай нөхрийг дээрээс нь толгойн хэсэг рүү нь цохиод байх шиг байсан би байрны хашааны хаалганы тэндээс харсан болохоор яг хаана нь цохиж байсан талаар сайн хараагүй. Тэгээд би болиоч гээд салгахад манай хүүхдүүд уйлаад байсан. Тухайн үед би салгачихаад хүүхдүүдээ гэртээ оруулчихаад гараад ирэхэд манай нөхөр тэр ах хоёр хэрүүл хийгээд зогсож байсан. Манай нөхрийн уруулнаас цус гарчихсан байсан. Тэгээд тэр ах энэ намайг зодчихлоо гээд орилж чарлаад байхад манай байр болон хажуу байрны хүмүүс одоо болиоч та нар гэхэд овоо гайгүй болсон. Манайх гэр бүлээрээ хөдөө явах гэж байсан учир манай нөхөр бид хоёр машинаа холдуулах гээд ухрахад тэр ах машины цонхон дээр ирээд машины цонхоор толгойгоо оруулж ирээд миний нүдийг хар, та нар бараг сохолчихлоо гээд дайраад байсан. Тухайн үед би одоо болио бид нар хөдөө явах гэж байна хол замд хэрүүл хиймээргүй байна гэж хэлсэн. Та нар яахаараа зүгээр явдаг юм гээд бид нарыг явуулахгүй цагдаа дуудсан гээд дайраад байсан. Тэр настай ах би та нараас 10 сая төгрөг авч байж сална гээд дайраад байсан. Манай нөхрийн өмсөж явсан өмдний карманд байсан утас нь хагарчихсан байсан. Тухайн үед манай нөхөр утас эвдэрсэнээ мэдээгүй байсан бөгөөд цагдаа нар ирээд авч явсан... Манай нөхөр Буянтогтох нь хар фудволк, шар шорттой, сандаалтай явж байсан. Нөгөө залуу буюу В.Улаанхүү нь улаан цамц, хар өмд, өнгө болон хэлбэрийг нь сайн санахгүй байна гуталтай явж байсан гэжээ.

2.Г.Ганболдоос:-Буянтогтох нь зүүн төмсөгний дайврын үрэвслийн улмаас хэвтэн эмчлүүлж, зүүн төмсөгний дайвар хагалгаанд оруулж авагдсан. Уг үрэвсэл нь бэлгийн замын халдвар, нян, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх боломжтой. Үрэвсэл нь цаг хугацааны хувьд хэзээ үүссэн гэдгийг мэдэх боломжгүй гэжээ.

Хохирогч В.Улаанхүүгийн биед үзлэг хийсэн  шүүх эмнэлгийн 2016.6.21-ний ¹8485 тоот актын дүгнэлтэд:

1.Улаанхүүгийн биед тархи доргилт, баруун, зүүн дээд 1-р шүдний хугарал, цууралт, дух, уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн гуя, нурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.

Хохирогч Д.Буянтогтохын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.6.15-ны ¹8429 тоот актын дүгнэлтэд:

1.Д.Буянтогтохын биед хуйхнагны зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.

Хохирогч Д.Буянтогтохын биед нэмэлт шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 2016.7.20-ны ¹951 тоот дүгнэлтэд:

1.2.3.Д.Буянтогтохын биед хуйхнагны зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал гэмтлээс өөр гэмтэл нэмэлт материалаар тогтоогдсонгүй.

4.Д.Буянтогтох нь зүүн төмсөгний дайврын архаг үрэвсэлт өвчний улмаас мэс засалд орж зүүн төмсөгний дайвраа авахуулсан байна гэжээ.

Шинжээч эмч О.Болороог байцаасан тэмдэглэлд:-Буянтогтохын зүүн төмсөгний дайварын үрэвсэл нь ямар нэгэн гадны нөлөөгүй архаг үрэвсэл болно. Үүний учир уг дайврыг мэс заслын аргаар авахуулсан байна. Өмнө гаргасан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Архаг үрэвсэл гэдэг зарим өвчний хувьд 14 хоног болон 28 хоногоос дээш хугацаанд үүссэн үрэвслийг архаг үрэвсэл гэнэ. Дээрх гэмтэл нь өшиглүүлсний улмаас үүсээгүй болно. Өшиглүүлсний улмаас архаг үрэвсэлт өвчин болох боломжгүй. Уг өвчин нь гадны хүчин зүйлийн нөлөөгөөр үүсээгүй гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны гадна талд Д.Буянтогтох нь В.Улаанхүүгийн автомашиныг хааж машин тавьсан асуудлаас болж хоорондоо маргалдан, харилцан зодолдсоноос бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаан дээр тэдгээрийн шүүгдэгч, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд биеэр оролцож, тэдгээрийг харилцан зодолдсон талаар гэрчээр мэдүүлсэн Б.Түмэнбаярын мэдүүлэг, хохирогч нарын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтүүд, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлж, шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан гэмт хэрэг гарсан талаарх бичлэг бүхий СД, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Д.Буянтогтох, В.Улаанхүү нарыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Буянтогтох нь эмчилгээний зардал 596.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хуульд заасан шаардлага хангасан бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч В.Улаанхүү гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Буянтогтохоос бичгээр гаргасан хүсэлтдээ:- Д.Буянтогтох би шүүгдэгч В.Улаанхүүгээс хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй бөгөөд гомдол саналгүй. Шүүгдэгч Улаанхүүтэй эвлэрсэн болно гэжээ.

Шүүх хуралдаанд хохирогч В.Улаанхүүгээс бичгээр гаргасан хүсэлтдээ:-Хохирогчийн хувиар Д.Буянтогтохоос нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгчийн хувиар Д.Буянтогтоход 250.000 төгрөг өгсөн бөгөөд В.Улаанхүү, Д.Буянтогтох бид сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч В.Улаанхүү, Д.Буянтогтох нар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн ба тэдгээр нь хохирогчийн хувьд шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээ бичгээр тус тус илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Дагвын Буянтогтох, Ваанчигийн Улаанхүү нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Буянтогтох, В.Улаанхүү нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Буянтогтох, В.Улаанхүү нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ