Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0375

 

Иргэн Ш.Жанимханы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Съезд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ш.Жанимханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгах тухай” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52 дугаар тушаалаар тус Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Үүнд Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолыг үндэслэн тээвэр, авто замын бодлого хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгосон. Мэргэжилтний орон тоог бий болгохдоо Хөгжлийн бодлогын хэлтэст хамааруулж, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, Тамгын газрын даргаар баталгаажуулахыг Хөгжлийн бодлогын хэлтэст даалгасан байна. Гэвч Хөгжлийн бодлогын хэлтэс ажлын байрны тодорхойлолтыг боловсруулаагүй, Тамгын газрын даргаар батлуулаагүй, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ажлын байрны захиалга ирүүлээгүй байгаа. Салбар зөвлөл аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц.орон тоог судлан үзэхэд нийт 43 орон тоо батлагдсан байна. Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор 41 орон тоотой байх ёстой боловч 2 орон тоо илүү байгаа. Мөн Тамгын газрын 2016 оны цалингийн сан өмнөх оныхоос 10 хувиар буурч батлагдсан, цалин хүрэлцэхгүй асуудал байгааг хүндэтгэн үзэж салбар зөвлөл уг орон тоог зарлахгүй байгаа. Одоогийн байдлаар зам.тээврийн мэргэжилтний ажлыг Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн хариуцан ажиллаж байгаа. Нэгэнт аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын байрны захиалгыг албан ёсоор салбар зөвлөлд ирүүлээгүй тохиолдолд салбар зөвлөл дур мэдэн сайн дураараа зарлах боломжгүй гэж үзэж байгаа. Замын инженер мэргэжилтэй нөөцөд хоёрхон хүн байгаа гэж хэлж байна. Эрх ашиг нь хөндөгдсөн гэж К.Сайфулин энд сууж байгаа болохоос биш, цаана нь хэдэн хүн байгаа болохыг бид мэдэхгүй. Бусад аймагт, Улаанбаатар хотод, Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа инженер мэргэжилтэй хүмүүс ч гэсэн наашаа ирж, нөөцөөс нэр дэвшүүлэх боломжтой.

Мөн А.Серикболат гэдэг хүн байгаа, төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаад цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоо аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоогоор батлагдсан боловч одоогоор нөөцөөс нөхөх зар олон нийтэд зарлагдаагүй байгаа. Ажлын байрны захиалга ирүүлсэн тохиолдолд салбар зөвлөл "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам"-ын дагуу нийтэд зарлаж, ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа, нөөцөд бүртгэлтэй нэг иргэний нэрийг дэвшүүлж уг орон тоог нөхөх болно. Иймд нэхэмжлэгчийн тавьж байгаа шаардлагыг хангах боломжгүй юм” гэжээ.

Гуравдагч этгээд К.Сайфулин шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 1994 онд Украйн улсын Харьков хотын Авто замын их сургуулийг авто замын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр цолтой. 1995-1997 онд аймгийн "Жол" ХХК-д авто замын даамал, 2007-2013 онд "Монрос-Алтай" ХХК-д авто замын инженерээр ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/326 тоот захирамжаар аймгийн Тээвэр, авто замын газрын даргаар томилогдон ажиллаж байсан. 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын "Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай" 55 дугаар тогтоол гарч, аймгуудын Тээвэр, авто замын газруудыг татан буулгаж, Автотээврийн үндэсний төвтэй нэгтгэснээр тус аймгийн Тээвэр ,авто замын газар нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосон. Тус газарт ажиллаж байсан зарим албан хаагчид бүтцийн өөрчлөлтийн дагуу аймгийн Автотээврийн төвд шилжин орсон ба үлдсэн албан хаагчид орон тооны цомхотголд орсон. Тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан төрийн захиргааны ажилтан гэсэн ангилалтай 3 албан хаагч байсан. Тус газрын даргаар ажиллаж байсан миний бие болон автотээврийн* мэргэжилтэн А.Серикболат авто замын инженер Ш.Жанимхан байсан. Автотээврийн төв бол төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай байгууллага,тухайн үед төрийн захиргааны албан хаагчийн ангилалтай бид гурав уг хоёр байгууллагыг нэгтгэсэн үед тухайн байгууллагад орж чадаагүй. Учир нь төрийн өмчит үйлдвэрийн газар учраас төрийн захиргааны албан тушаалтан тухайн байгууллагад ажилладаггүй юм. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс бүгдээрээ ажилгүй болсон.

Аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/184 тоот захирамжаар намайг үүрэгт ажлаас чөлөөлж, Автотээврийн үндэсний төвд шилжүүлсэн ба Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/282 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Дараа нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Автотээврийн төвд менежерээр 6 сарын туршилтын хугацаагаар томилогдсон. Уг туршилтын хугацаа тус 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусна.

Цаашид уг ажилд намайг томилох нь тодорхойгүй. Мөн Ш.Жанимхан бид хоёр адилхан төрийн захиргааны албан тушаалтын ангилалтай ажиллаж байсан,нөөцөд байна гэж бодож байна. Би ч гэсэн мөн адилхан замын инженер мэргэжилтэй хүн, өөрийгөө тухайн орон тоонд ажиллах боломжтой, салбар зөвлөлөөс тухайн орон тоог зарлах үеэр бид сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлэн орох эрхтэй гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албанд ажиллах, өрсөлдөх, сонгон шалгаруулалтад орох эрхтэй” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.4, 17.5, 17.8 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ш.Жанимханы “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Ш.Жанимханаас "Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст шинээр бий болсон сул орон тоо болох зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгаж өгөх тухай" нэхэмжлэл гаргасан юм Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Жанимханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон явдал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, уг маргаан бүхий сул орон тоо бий болоод 1 жил болж байгаа боловч Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл эс үйлдэл гарган уг маргаан бүхий сул орон тоонд нэр дэвшүүлэхгүй байгаа асуудалд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгасан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр учраас дараах эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэгч Ш.Жанимхан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Баян Өлгий аймгийн Тээвэр, авто замын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад тухайн байгууллага татан буугдаж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдсан учраас төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй байгааг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хүлээн зөвшөөрсөн юм.

2. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын Гуравдугаар хэсгийн 9-д "Аймгийн Засаг даргын дэргэдэх тээвэр, автозамын газрыг авто тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтныг аймгийн ЗДТГ-т батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж, ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай" гэснийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст шинээр бий болсон сул орон тоо зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгосон юм. \х.х-ийн 9-10, 98-100 дугаар талд\. Тухайн маргаан бүхий сул орон тоо болох Зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаал нь одоо Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст байна.

3. Маргаан бүхий сул орон тоонд төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд байгаа иргэдээс эхний ээлжинд нэр дэвшүүлэх талаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Т.Манкейд дээд шатны байгууллагаас дараах шийдвэр, албан бичгүүд ирснийг дэлгэрэнгүй байдлаар дурдаж байна.

3.1 Зам, тээврийн Сайдын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "21 аймгийн Засаг дарга нарт" гэсэн № 01\938 дугаар албан бичигт "...1. Монгол улсын Засгийн газрын 55 дугаар тогтоолын 9-д заасны дагуу аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлыг хариуцсан ажиллаж байсан Тээвэр, авто замын газрын мэргэжилтэнг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн ажиллуулах.." гэснээр: \х.х-ийн 196-р талд\

3.2 Зам, тээврийн Сайдаас 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "21 аймгийн Засаг дарга нарт" гэсэн № 01\1116 дугаар албан бичигт " .. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн Сайдын 65 дугаар тушаал 2015 оны 03 дугаар сарын 13-ний өдөр батлагдан гарсан. Та бүхэнд тушаалын хуулбарыг хүргүүлж байна" гэснээр: \х.х-ийн 197-р талд\

3.3 Зам, тээврийн Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Мэдээлэл ирүүлэх тухай " 21 аймгийн Засаг дарга нарт гэсэн №-01\1729 дүгээр албан бичигт "Монгол улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар холбогдох удирдамж, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг зам, тээврийн сайдын 2015 оны 53 тушаалаар байгуулан ажиллаж уг ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн тээвэр, авто замын газарт ажиллаж байсан автозамын асуудал хариуцсан мэргэжилтэнг аймгийн Засаг даргын Тамгын газарт, бусад орон тоог "Автотээврийн Үндэсний төв" ТӨҮГ-т шилжүүлэх чиглэлийг гарган энэ тухайгаа 01\938 дугаар албан бичгээр 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Танд хүргүүлж байсан. 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01М940 дүгээр албан бичгүүдээр аймгийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл авч байгаа" гэснээр: \х.х-ийн 198-р талд\

3.4 Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Өргөдлийн хариу" гэсэн № 671 албан бичигт "...З.Засгийн газрын 2015 оны 55 тогтоолын 9-д Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын Автотээврийн үндэсний төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит газарт нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам тээвриин бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газарт батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан болно.” гэснээр: \х.х-ийн 203-р талд\

3.5 Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4\674 албан бичигт " ... Монгол улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг татан буулган "Автотээврийн үндэсний төв" ТӨЗГ-т нэгтгэсэн уг тогтоолын 9 дэх заалтад Авто зам тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газарт батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгасан. Таны хувьд энэ тогтоолын дагуу Тамгын газарт ажиллах боломжтой бөгөөд бусад аймгийн засаг дарга тогтоолыг хэрэгжүүлж авто зам хариуцсан мэргэжилтэнг тамгын газартаа авсан байдаг. Иймд таны ажлын байрны асуудлыг засгийн газрын дээрх тогтоолоор хэрхэн шийдвэрлэхийг заасан байх тул бид хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. гэснээр: \х.х-ийн 199-р талд\

3.6 Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Зам, Тээврийн Сайд Н.Төмөрхүү танаа гэсэн № 1\684 дүгээр албан бичигт "... Засгийн газрын 55 дугаар тогтоолын 9 дэх заалтад Тээвэр, авто замын мэргэжилтнийг Авто замын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны ажилтнаар Тамгын газарт батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан боловч зарим аймгуудын засаг дарга дээрх заалтыг хэрэгжүүлэхгүй байгаагаас авто замын мэргэжилтнүүд ажлын байраар хангагдахгүй эрх ашиг нь хөндөгдөж өргөдөл, гомдол нэлээд гаргах боллоо. Иймд татан буугдсан Тээвэр автозамын газрын авто замын мэргэжилтнүүдийг Засгийн газрын 55 дугаар тогтоолын хүрээнд ажлын байраар хангуулах үүрэг чиглэлийг аймгуудын Засаг даргад хүргүүлж, туслалцаа үзүүлнэ үү" гэснээр: \х.х-ийн 200-201-р талд\

3.7 Зам тээврийн сайдаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Н.Пунцаг-т 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр илгээсэн № 01М940 дүгээр албан бичигт "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын 2015 оны 05-р сарын 04-ний өдрийн 1\684 дугаар албан бичгээр ирүүлсэн асуудлыг судлан үзэхэд Зам, тээврийн Сайдын 2015 оны 03-р сарын 12-ны өдрийн 01X938, 2015 оны 03-р сарын 25-ны өдрийн 01X1116, 2015 оны 04-р сарын 27-ны өдрийн 01X1729 дугаар албан бичгүүдээр аймгийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгсөн байна. Иймд аймгийн Засаг дарга нартай Засгийн газрын 2015 оны 55-р тогтоолын 9 дэх заалтыг хэрэгжүүлэх талаар Зам, тээврийн яамнаас холбогдох арга хэмжээг авч байгааг мэдэгдэж байна" гэснээр х.х-ийн 202- р талд\

3.8 Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн "Өргөдөл шилжүүлэх тухай" №1545 дугаар албан бичигт " ...Иймд Ш.Жанимханаас гаргасан хүсэлтийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон "Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам"-ын дагуу судлан үзэж зохих хариуг түүгээр өгнө үү. гэснээр: \х.х-ийн 27 дугаар талд\

3.9 Авилгатай тэмцэх газраас 2016 оны 02 дугаар сарын 23-ны № 05М204 дүгээр албан тоотоор Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод явуулсан албан бичигт "...Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьездээс тус газарт ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст Зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоо шинээр бий болж байхад тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь уг сул орон тоонд Тээвэр, авто замын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн Ш.Жанимхан ажиллахаар чадахгүй байгаа" гэх асуудлыг гомдолдоо дурджээ. Иймд иргэн Ш.Жанимхан болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн харьяаллын дагуу шилжүүлж байх тул холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хянан шалгаж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг гомдол гаргагчид түүгээрээ өгнө үү. "гэснээр: \х.х-ийн 78-р талд\

3.10 Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 208 тоотоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Т.Манкейд ирүүлсэн албан бичигт "...Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор "авто зам, тээврийн бодлого, боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтан"-ыг аймгийн Засаг даргын Тамгын газарт батлагдсан төсөвт нь багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан. Төрийн захиргааны байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд байгаа иргэдээс эхний ээлжинд нөхөх хуулийн зохицуулалттай тул Ш.Жанимханыг нөөцөөс нэр дэвшүүлэх боломж, нэр дэвшүүлэх эрх нь танай Салбар зөвлөлд байх тул уг асуудлыг хянан үзэж хууль тогтоомжийн дагуу томилгоо хийнэ үү. Гомдол гаргагч Ш.Жанимхан өмнө нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох "зам, тээврийн газар"-т төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр чөлөөлөгджээ" гэснээр: \х.х-ийн 204-р талд\

Ийнхүү холбогдох дээд байгууллагуудаас тухайн сул орон тоонд авто тээврийн мэргэжилтэн томилох, сонгон шалгаруулалт явуулж нэр дэвшүүлэх талаар нэг бус удаа үүрэг даалгавар, чиглэл ирэхэд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Т.Манкей нь "нүдэн сохор, чих нь дүлий" байдлаар хандаж байгаад маш их гомдолтой байна. Т.Манкейн дээрх эс үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 "Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийн хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.

4. Уг сул орон тоо буюу ажлын байр нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т шинээр бий болоод 1 жил болсон. Одоогийн байдлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст шинээр бий болсон зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоонд одоо хүртэл хүн ажиллуулаагүй байна. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Бахытгүлийг тус аймгийн ЗДТГ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар тушаалаар Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор үүрэгт ажлаас орон тооны цомхотгол гэсэн үндэслэлээр чөлөөлжээ. \х.х-ийн 228-р талд\ Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкейгээс Захиргааны хэргийн 2 дугаар шүүхэд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 3-02М714 дүгээр албан бичигт "... Тухайн үед эдгээр албан хаагч нарт төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа албан хаагч өөрөөс нь үл шалтгаалах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.2.3-д заасны дагуу төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаад тооцогдоно. Иймд уг шинээр бий болсон сул орон тоог нөөцөд байгаа иргэдэд зарлах бөгөөд тухайн үед зохих журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгөх тухай мэдээлэл өгсөн.Мөн үүний дагуу Төрийн албаны салбар зөвлөл төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6 дугаар зүйлд заасан нөөцөөс нэр дэвшүүлэх зарчмаар шийдвэрлэх болохыг хэлсэн" гэжээ. \х.х-ийн 30, 71-р дугаар талд\

5. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны эцсээр тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөөцөөс төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд байгаа иргэдээс нөөцөөс нөхөх тухай зарлалыг нийтэд зарлаж 15 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан юм. \х.х-ийн 72,73-р талд\ Гэтэл уг маргаан бүхий сул орон тоонд сонгон шалгаруулалтыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 жилийн хугацаанд зарлахгүй байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж дүгнэж байна.

6. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 310 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт " ...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.8-д зааснаас сул орон тоо гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөхөөр зохицуулсан байна. Төрийн албаны зөвлөлөөс баталсан 2009 оны 99 дүгээр Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журмын Хоёрын 2.2.3-д зааснаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан бол төрийн албаны нөөцөд байхаар зохицуулсан, нэхэмжлэгч нь уг маргаан бүхий албан тушаалд нөөцөөс нэр дэвших эрхтэй байна гэж дүгнэсэн юм \х.х-ийн 19-24 дүгээр талд\ Энэхүү сонгон шалгаруулалтын дотор маргаан бүхий сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаагүй байна.

7. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан К.Сайфулин нь Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар тушаалаар тус төвд менежерээр томилогдсон, түүнээс хойш эдүүгэ 7 сар ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан төрөөс цалин хөлс авч, нийгмийн даатгал шимтгэл төлж буй төрийн үйлчилгээний албан хаагч юм. К.Сайфулинтай ажил олгогч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. \х.х-ийн 130-132-р талд\ К.Сайфулин нь анх төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөд Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан гэсэн шаардлагыг хангаагүй буюу өөрөөр хэлбэл Автотээврийн байгууллагад 3 жил ажиллаж байгаагүй, зөвхөн "Жол" ХХК-нд 1995 оны 04 дүгээр сарын 05-наас 1997 оны 02 дугаар сарын 01-ныг хүртэл 1 жил 10 сар ажиллаж байсан нь тогтоогдсон юм. \х.х-ийн 232-235-р талд\ Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн № 1-802 дугаар албан бичигт "...Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар тушаалаар К.Сайфулинийг тус төвийн менежерээр томилсон бөгөөд "Аймгийн автотээврийн төв"- ийн нийтлэг дүрмийн 4.2 дахь заалтад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрчлөлт орсон тул тушаалыг шинэчлэн гаргах шаардлагагүй.."гэжээ.

Эцэст Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын албан тушаалыг давхар хашдаг ба уг маргаан бүхий сул орон тоонд ажлын байрны захиалга, тухайн албан тушаалд буюу ажлын байранд тавигдах шаардлагыг өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцон Ш.Жанимханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн зам, тээврийн бодлого, хариуцсан мэргэжилтнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 Нэхэмжлэгч Ш.Жанимхан нь Баян-Өлгий аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тушаалаар авто замын мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын дагуу Тээвэр, авто замын газрыг Авто тээврийн үндэсний төвд нэгтгэснээр Автотээврийн үндэсний төвийн захирлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/281 дүгээр тушаалаар Ш.Жанимханыг ажлаас чөлөөлөгдсөн байна. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын Хоёрын 2.2.3-т зааснаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд төрийн албаны нөөцөд бүртгэгдэхээр зохицуулагдснаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын 9 дэх заалтын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Хөгжлийн бодлогын хэлтэст зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний 1 орон тоо шинээр батлагдсан.

Төрийн албаны тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж тус тус заасан байна.

Дээрхээс үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь зам тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний 1 орон тоог нөөцийн сангаас нөхөх тухай захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлээгүй, тухайн сул орон тооны талаар нийтэд мэдээллээгүй байх тул хариуцагчаас Ш.Жанимханыг нэр дэвшүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа өөр бусад этгээдүүдийн өрсөлдөх эрхийг хязгаарлах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Засаг даргын Тамгын газар нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сул орон тоог тухайн байгуулага болон холбогдох байгууллагаас нөхөх ба нөхөх боломжгүй тохиолдолд мөн хуулийн 17.4-т зааснаар нөөцөөс нөхүүлэх хүсэлтийг Төрийн албаны салбар зөвлөлд гаргахаар зохицуулагдсан байна. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлд дээрх холбогдох хуулийн дагуу нөөцөөс нөхүүлэх хүсэлтээ ирүүлээгүй байхад Ш.Жанимханыг томилуулахаар шууд нэр дэвшүүлэх эрх хэмжээгүйн дээр тухайн ажлын байранд өрсөлдөх боломжтой бусад этгээдүүдийн эрхийг хязгаарлаж болохгүй байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Ш.Жанимханы өмнө ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Тээвэр, авто замын газрын авто замын мэргэжилтний албан тушаал болоод Тамгын газрын шинэчлэн бүтэц орон тоогоор батлагдсан Хөгжлийн бодлогын хэлтэст зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байрууд нь чиг үүргийн хувьд өөр байх тул сонгон шалгаруулалтын буюу тухайн ажлын байранд хамгийн шаардлага хангасан этгээдийг шалгаруулж ажиллуулах нь зүйтэй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ