Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2310

 

 

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Н ХХК/Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, Ард Аюуш, 14-26 тоотод байрлах/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Э ХХК/Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, “Хөсөг трейд” ХХК-ийн ар талд байрлах/-д холбогдох,

 

Э ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 59,89 га талбайн 50 хувь буюу 29,945 га талбайг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У /ШТЭҮ-0416/, хариуцагчийн төлөөлөгч Ч.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д /ШТЭҮ-0007/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийг төлөөлөн захирал  Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК-ийн захирал О.Эрдэмбаяр нь ЭМГТХЭГ-ын ГУУКГ-ын даргын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 14166Х тоот шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Бөхөгийн хөндий” нэртэй газарт 103 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшихээр Д.Т надад санал болгож, найзын хувьд зөвшөөрч хамтран ажиллахаар тохиролцсон.

Тохиролцоонд Э ХХК-ийн захирал О.Эрдэмбаяр нь тусгай зөвшөөрлийн талбай эрэл, хайгуулын ажил, мөн геологийн завсрын болон нөөцийн тайлан, төлөвлөгөөнүүд боловсруулан батлуулах, цаашлаад орд болсон тохиолдолд ТЭҮЗ-ийг гүйцэтгэх, мөн тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой бичиг баримт гээд бүхий л асуудлыг Д.Т чи хариуцаж ажиллана гэсэн санал тавьж бид хамтран ажиллахаар болсон.

Э ХХК-ийн захирал О.Эрдэмбаяр нь 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот тодорхойлолтдоо “...14166Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 50 хувь нь Д.Тийн эзэмшлийн талбайр болно. Д.Т нь өөрийн эзэмшлийн талбайг захиран зарцуулах бүрэн эрхтэй” гэж албан бичиг гаргаж өгч байсан.

Бид 2009-2013 оны хооронд 14166Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэж барилгын чулууны нөөцийг батлуулснаар Ашигт малтмалын газраас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн MV-017404 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Ингээд бид хамтран ажилласаар ирсэн боловч 2015 оны 6 дугаар сард О.Эрдэмбаяр зуурдаар нас барсан бөгөөд түүний Э ХХКнь эхнэр  болох Ч.Ст шилжсэн. Нэгэнт найз маань өнгөрсөн болохоор 2017 онд Д.Т би өөрийн эзэмшлийн “Нэчралпауэр” ХХК-ийн нэр дээр MV-017404 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн өөрт ногдох хувийг шилжүүлэн авах хүсэлтээ Э ХХК-ийн захирал Ч.Стэй хэд хэдэн удаа уулзаж хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Бидний хамтын ажиллагааны талаар Ч.С мэддэг хирнээ ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ногдох хувийг шилжүүлэн өгөхгүй байгаа нь надад хохиролтой байга тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд Э ХХК-ийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Бөхөгийн хөндий” нэртэй газарт байрлах 59,89 га талбайн 50 % буюу 29,945 га талбайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Н ХХКэзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага маань MV-017404 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн 50%-ийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Анх манай найз Хан-Уул дүүрэгт 3 га газар ашиглаж байгаад хугацаа нь дуусч байна туслаач гэсний дагуу Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах газрыг миний бие олж өгсөн юм. Тухайн үед бид хамтран эзэмшихээр аман тохиролцоонд хүрч газар дээрх хөрөнгө оруулалтын газрыг би шийднэ, газар ашиглах асуудлыг манай найз зохицуулсан юм. 2013 онд би найздаа газраа ашиглаж чадахгүй юм чинь газраа зарах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Манай газрыг нэг барилгын компани авах гэсэн боловч миний газар гэдэг нь тогтоогдохгүй байна гээд байхаар нь найзаасаа тодорхойлолт гаргуулаад зарах гэтэл зарагдаагүй юм. Энэ тодорхойлолтыг Ээмдэ ХХК-ийн захирал Эрдэмбаяр болон Ч.С нар бичиж өгсөн. 14166Х гэсэн лиценз байгаад 17404 гэсэн ашиглалтийн лиценз болсон. Барилгын салбар уналтанд орсон учраас газраа зараагүй. Энэ бүх асуудал бид хоёрын хоорондын яриа тохиролцоо байсан. 2015 онд найз маань нас барсан. 2017 онд Сувдаа надаас тооцоо бодоод өгөөч гэж ярьсан. Намайг очиход Сувдаа, Бабуу хоёр байсан. Би ашиглалтын зардлын тооцоог Сувдаагийн компьютер дээр хийсэн. Өмнө нь бодож байсан тооцоог хайж байгаад өглөгийн тайлан 2015 оны 6, 9,10 сарын тайлан байсан. Би талийгаач маань ярьсан зүйлээ хийж гэж бодож байсан. Дараа нь би компани байгуулаад нэг компанитай хамтран ажиллахаар тохиролцоод тухайн компани өрөмдлөгийн ажил хийж өгөөд хамтран ажиллаж болно. Харин хариуд нь ямар нэгэн барьцаа хөрөнгө байх ёстой гэсний дагуу Сувдаад миний газар гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч гэсэн чинь чадахгүй, бичих боломжгүй гэж хэлсэн. Би дахин хэлсэн чинь чамд өгөх зүйл байхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэл гаргасан хариу тайлбарт лиценз авахад ямар нэгэн үүрэг оролцоо байхгүй, Э ХХК-д ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй гэж бичсэн байсан. Би найзтайгаа гэрээ хийгээгүй ч өөрийн зүгээс хөрөнгө оруулалт хайгуулын ажил, техник эдийн засгийн тооцооллыг би өөрөө хийж өгч байсан. Энэ газрын 50 хувь нь минийх гээд хүмүүсийг нь гуйж тооцооллыг нь хямд үнээр бодуулж байсан. Талийгаачийн аав ээж нь бүгд бид хоёрынх гэж мэдэж байгаа гэв.

Сувдаа өөрийн компьютер дээрээ бичээд Баяраа тамгалаж энэ тодорхойлолтыг гаргасан. Бид 2008 оноос эхлэн энэ газрын эзэмшлийг хөөцөпаж  харилцан тохиролцож авсан. Найзыгаа эргээд бухаад байх, эхнэр хүүхдийнх нь хоолноос булаах гээд байгаа санаа байхгүй. Хэлсэн ярьж байсан, тохирсон зүйлээ л гаргуулах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд “Нэчралпаувэр” ХХК-ийн нэрийн өмнөөс захирал Д.Т тайлбар гаргаж байгаа. 2013 онд үйлдэгдсэн тодорхойлолтыг огт мэдэхгүй, гэж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч тодорхойлолт гаргаж өгч байсан, хамтран ажиллаж байсан болон газар зарах асуудлаар харилцан ярилцаж байсан нь тогтоогдож байна. Д.Тт хариуцагч 2013 онд тодорхойлолт үйлдэж өгч байснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед найз нөхдийн харилцаатай байсан. Үйл явдал Ээмдэ ХХК-тай Д.Т гэдэг хүн холбогдож байгаа нь тогтоогдож байна. Найз нөхдийн итгэлцлээр газрын 50 хувийг эзэмшинэ гэсэн ойлголттой байсан болохоос гэрээ хэлэлцээр хийнэ гэж санаагүй учраас шүүхээр тухайн үйл явдлаа тогтоох хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тайлбараараа хүлээн зөвшөөрч байна. Ээмдэ ХХК-ийн хайгуулын лицензийг хуулийн этгээдийн хооронд шилжүүлэх байсан боловч Д.Т найздаа итгэн ямар нэгэн баримт үйлдээгүй. Хамтран эзэмшигч, мөн ажил хийсэн үүнийхээ дагуу тодорхойлолт гаргуулсан байна. Д.Т байгаагүй байсан бол Ээмдэ ХХК-ийн энэ лиценз байхгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага маань агуулга болон эзэмших эрхтэй гэдгээ тодорхойлогдож байна. Энэ ашиглалтын линцензийн хамтран эзэмших эрхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э ХХК-ийг төлөөлөн захирал Ч.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Э ХХК-ийн захирал О.Эрдэмбаяр нь ... хайгуулын тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшихээр Д.Т надад санал болгож, найзын хувьд зөвшөөрч хамтран ажиллахаар тохиролцсон. Тохиролцоонд О.Эрдэмбаяр нь тусгай зөвшөөрлийн талбай эрэл, хайгуулын ажил, мөн геологийн завсрын болон нөөцийн тайлан, төлөвлөгөөнүүд боловсруулан батлуулах, цаашлаад орд болсон тохиолдолд ТЭҮЗ-ийг гүйцэтгэх, мөн тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой бичиг баримт гээд бүхий л асуудлыг Д.Т чи хариуцаж ажилла, харин би дээрх ажлуудтай холбоотой санхүүжилтын асуудлыг хариуцаж ажиллана гэсэн санал тавьж бид хамтран ажиллахаар болсон...” гэжээ.

Манай компанийн захирлаар ажиллаж байсан О.Эрдэмбаярын зүгээс Д.Тт санал тавьсан мэтээр илт худал бичиж байгаад маш их гомдолтой байна. Ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй, компанид ямар ч үр өгөөжгүй тийм хүнд ашигт малтмалын орд газрынхаа 50 хувийг зүгээр өгөхөөр шийдвэрлэсэн байна гэсэн зүйл бичиж нэхэмжлэл гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Т нь надад геологи, хайгуулын ажлыг хариуцуулахаар тохирсон гэжээ. Хэрэв тийм бол Д.Т нь юу хийсэн юм, нэхэмжлэлдээ тэр хариуцан хийж гүйцэтгэсэн зүйлүүдээ нотлох ёстой байх гэж бодож байна. Тухайн орд газартаа холбоотой түүний хийж гүйцэтгэсэн ширхэг ч ажил байхгүй болно.

Мөн нэхэмжлэлдээ “...захирал О.Эрдэмбаяр нь 2013 оны  02 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот тодорхойлолтдоо “...14166Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 50 хувь нь Д.Тийн эзэмшлийн талбайр болно. Д.Т нь өөрийн эзэмшлийн талбайг захиран зарцуулах бүрэн эрхтэй” гэж албан бичиг гаргаж өгч байсан...” гээд 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай тодорхойлолт гэх бичгийг хавсарган өгчээ.

Тухайн тодорхойлолт гэх албан бичгийг хэзээ, хэн, хэрхэн хийсэн талаар огт мэдэхгүй байна. Компанийн тамга дарагдсан эсэх нь ч мэдэгдэхгүй ийм бичиг гаргаж ирэн ашигт малтмалын талбайн 50 хувийг авна гэж нэхэмжлэл гарган талийгаач найзынхаа ясыг өндөлзүүлэн үлдсэн 2 хүүхэд, эхнэрээс нь нэхэмжилж байгаад гомдолтой байна. Тодорхойлолтыг эх хувиар нь гаргуулж авах хүсэлтэй байх бөгөөд албан байгууллагын албан бичгийг албан байгууллагын зөвшөөрөлгүй нотариатаар баталгаажуулсан нотариатчын энэхүү үйлдлийг бас шалгуулах болно. Тодорхойлолт гэх зүйлд дурдсанаар бол хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай бичигдсэн байхад яагаад ашиглалтын тусгай зөвшөөрлийн 50 хувийг авна гэсэн нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Талийгаач О.Эрдэмбаяр нь найз Д.Т зээл авах хэрэгтэй байна, туслаач гээд ийм бичиг хийж өгөөч гээл байна гэсэн тухай л ярьж байсан болохоос яг ямар бичиг хэзээ хийж өгсөн талаар мэдээгүй болно. Талийгаач Д.Тийг сайн найз, туслах юмсан гэдэг байсан байтал тэр сайн найз нь найзыгаа нас барсны дараа эхнэр хүүхдээс нь хөрөнгийг нь авахаар ямар ч хамаагүй аргаар шүүхээр далайлган айлган ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь харамсалтай байна. Үнэхээр л тухайн үед тийм байдлаар тохирсон бол гэрээ хэлэлцээр хийн өөрийн хувь эзэмшлийг баталгаажуулах бүх боломж нь нээлттэй байсан гэж бодож байна.

Нэхэмжлэлд цааш дурдахдаа хамтран нөөц батлуулсан, хамтран ажиллаж ирсэн, өөрт ногдох хувиа шилжүүлэн авах хүсэлтээ хэд хэд хэлсэн, хамтын ажиллагааны талаар мэддэг хирнээ шилжүүлэн өгөхгүй байгаа мэтээр бас л илт худал зүйлүүдийг бичсэн байна. Дээр дурдсанчилан өөрөө батлуулсан болон хамтран ажиллаж ирсэн гол хүн байсан зэргээ нотлох ёстой гэж үзэж байгаа ба тийм зүйл байхгүй болно.

Д.Төөр зарим үед уул, уурхай мэргэжилтэй, энэ чиглэлийн ажилтай болохоор гуйж тооцоо хийлгэдэг байсан. Манай нөхөртэй хамтран ажиллах болон лиценз эзэмших талаар гэрээ хийсэн зүйл байхгүй. Манай нөхрийг нас барснаас хойш Д.Т над руу тодорхойлолт хийгээд өгөөч гээд утасдаад байсан. Би үгүй гэсний дагуу шүүхэд өгнө гэж хэлж байсан. Надад гомдолтой байна гэв.

Иймд Нэчралпаувер ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна. Найз гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Нас барсан хүн үг хэлэхгүй гэж хандаад байна. 2008 онд ашигт малтмалын лицензийг хөөцөлдөж авах ажилд хамтарсан гээд байгаа боловч энэ тусгай зөвшөөрлийг бусдад зарах болон шилжүүлэх асуудал байгаагүй. Э ХХКнь шувуун фабрикт 3 га газартай байсан. Ашиглалтын хугацаа дууссан нь үнэн. 2013 онд талийгаач найзаараа зээл авах гэсэн юм хэрэг болоод байна, барьцаа хэрэгтэй гээд бичүүлж авсан гэдэг. Хаанаас бол хаанаас газар авч болно, мөн тооцоог гаргаж, 2 хүнээр хямд хийлгэсэн гээд байгаа ч энэ нь 20 га газар эзэмших эрх үүсэх нөхцөл болохгүй. Ямар үнэлгээтэй ажил байсан нь тодорхой байхгүй байна. Найз нөхдүүдээрээ хямдхан хийлгэсэн гээд байгаа ч энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Тооцоо хийж өгснөөр лицензийн 50-г эзэмших эрхтэй гэж тооцож болохгүй. Энэ хүнд 29,94 га газрыг эзэмшинэ гээд байгаа нь үнэхээр гайхалтай байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага тодорхойгүй, ийм байдлаар хүний өмчийг авах гэж санаархах хэрэггүй. Нэхэмжлэгч Н ХХКболон  Э ХХКгэх хоёр компани хоорондоо ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй. Газар ашиглах лицензийг хувь хүнд өгөхгүй гэдгийг нь мэдэхгүй байна.

Хайгуулын лиценз нь ашиглалтын лиценз болсон. 14166Х лицензийн 50%-ийг эзэмших эрхтэй байсан бол яагаад бичиг баримтан дээр нэр нь байхгүй байгаа юм бэ. Хайгуулын талбайн үнэ цэнэ болон ашиглалтын талбайн үнэ цэнэ өөр байгаа. Хэрэгт 2 хүний тодорхойлолт материал байгаа болохоор хоёр хүнээр тооцоо бодуулсан байх гэж үзэж байна. Үнэхээр энэ талаар мэргэшсэн бол яагаад бичиг баримтанд өөрийн нэрийг бичүүлээгүй юм бэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХКнь хариуцагч Э ХХК-д холбогдуулан, Э ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 59,89 га талбайн 50 хувь буюу 29,945 га талбайг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...”ЭЭМДЭ” ХХК-ийн захирал О.Эрдэмбаяр бид хоёр “Бөхөгийн хөндий” гэх газарт 103 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшин, хамтран ажиллахаар болсон, ...2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот тодорхойлолтод дурдсанаар Д.Т би 14166Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 50%-ийг эзэмших, захиран зарцуулах эрхтэй..., Ч.С захирал энэ албан бичгийг өөрөө хийж өгсөн, энэ талаар мэдэж байгаа хирнээ шилжүүлж өгөхгүй байгаа...” гэсэн тайлбарыг гаргаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Д.Ттэй хамтран ажиллах талаар болон тусгай зөвшөөрлийн 50%-ийг шилжүүлэн өгсөн талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй..., ...2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот тодорхойлолтыг талийгаач нөхөр О.Эрдэмбаяраас гуйж зээл авахад хэрэглэх гэж хийлгэж авсан..., Н ХХКнь нэхэмжлэл гаргах эрхгүй..., ... энэ хоёр компанийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хариуцагч Э ХХКнь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт,  “Бөхөгийн хөндий” нэртэй газарт 59,89 га талбайд 14166Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тус шүүхэд ирүүлсэн Зам гүүрийн барилга, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний Э ХХК-ийн 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн №38 дугаартай Тодорхойлолт гэх баримтыг үндэслэн гаргаж байгаа бөгөөд уг тодорхойлолтод “ Э ХХК-ийн эзэмшдэг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт оршин 14166Х дугаартай талбайн 50 хувь нь иргэн Дамдинсүрэн овогтой Д.Т /ЧЛ74061071 регистрийн дугаартай/-ийн эзэмшлийн талбай болно. Д.Т нь өөрийн эзэмшлийн талбайг захиран зарцуулах бүрэн эрхтэйг тодорхойлж байна.” гэжээ.

 

Уг баримтаар Н ХХКнь Э ХХК-ийн эзэмшлийн дээрх талбайн тусгай зөвшөөрлийн 50 хувийг эзэмшдэг, эзэмших эрхтэй болох талаар болон хуулийн этгээдүүд хоорондоо шилжүүлэхээр харилцан тохиролцсон, гэрээ хэлцэл хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасны дагуу олгодог бөгөөд тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхдээ мөн хуулийн 49 дүгээр зүйл заасан журмыг баримтлахаар хуульчилсан байна. Дээрх хуулийн зохицуулалтаар  хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох юм. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлэх, Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болохоор  хуульчилжээ. Мөн түүнчлэн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд байх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Н ХХКнь Э ХХК-ийн эзэмшдэг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт,  “Бөхөгийн хөндий” нэртэй газарт 59,89 га талбайд 14166Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр, ямар сонгон шалгаруулалтын дагуу шилжүүлэн авч байгаа болохоо өөрөө нотлох ёстой байна. 

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан 38 тоот “Тодорхойлолт” гэх баримтыг үндэслэн “...гэрээг талууд чөлөөтэй байгуулах эрхтэй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй...” гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэгч Н ХХКболон хариуцагч Э ХХК-ийн хооронд ямар гэрээ, хэлцэл байгуулагдсан, талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн болохоо нотолж чадахгүй байгаагаас гадна, үндэслэл болгож буй  38 тоот “Тодорхойлолт” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг шууд нотолсон баримт биш байна.

 

            Мөн түүнчлэгч нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд  ЭЭМДЭ ХХК-ийн захирал О.Эрдэмбаяр нь миний найз, бид хамтран ажиллаж байсан, тусгай зөвшөөрлийг авахад миний оролцоотойгоор авсан, надад 14166Х дугаартай талбайн 50%-ийг эзэмшүүлсэн, өгөхөөр тохиролцсон гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хамтран ажиллах гэрээ болон ямар нэгэн өөр төрлийн гэрээ хэлцэл хийгдсэн, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн 50 хувийг нэхэмжлэгч Н ХХК-д эзэмшүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

  

            Иймд нэхэмжлэгч Н ХХК-ийг хэрэгт авагдсан 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот “Тодорхойлолт”-ыг үндэслэн дээрх 29,945 га талбайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигч, мөн шаардах эрхтэй байна гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл ЭЭМДЭ ХХК-иас Д.Тт гаргаж өгсөн дээрх тодорхойлолтыг үндэслэн Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.  

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

            Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба нотлох баримт гаргах, цуглуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Н ХХК-ийн Э ХХК-д холбогдуулан гаргасан Э ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий  59,89 га талбайн 50 хувь буюу 29,945 га талбайг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.106 дугаар зүйлийн 106.4, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар, Э ХХК-д холбогдох, Э ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 59,89 га талбайн 50 хувь буюу 29,945 га талбайг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

       

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.НЯМСҮРЭН