Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1032

 

 

 

 

 

 

 

  2022         07          01                                  2022/ШЦТ/1032

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Г-од холбогдох эрүүгийн 2106 00068 1676 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Хужир булангийн 0 дүгээр хэсэг 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-00000000, Б овогтой Б-ийн Г-.

         

          Холбогдсон хэргийн талаар:

 

         Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хүрэн морьт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны үр болох самар 1226 килограммыг худалдан авч, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 00-00 ХХХулсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:  Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-6, 7-15/, ойн дагалт, нөөц ашиглах УТХГН№00194 дугаартай эрхийн бичиг /1хх-16-24/, иргэний нэхэмжлэгч Ш.Гэрэлт-Одын өгсөн мэдүүлэг /1хх-54-56/, гэрч Б.Алтантүлхүүрийн өгсөн мэдүүлэг /1хх-45-46, 124, 134/, гэрч Э.Батзаяагийн өгсөн мэдүүлэг /1хх-27/, гэрч О.Азжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-37-38/, гэрч Ж.Мөнгөний өгсөн мэдүүлэг /1хх-29-30, 122, 2хх-17-19/, гэрч С.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-21-32/, гэрч Д.Нацагдоржийн өгсөн мэдүүлэг /1хх-41-42/, гэрч Б.Зоригоогийн өгсөн мэдүүлэг /1хх-160/, гэрч Б.Найрамдалын өгсөн мэдүүлэг /1хх-158/, шинжээч Т.Ариунбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-80-82/, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-68/, шүүгдэгч Б.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-163/, хохиролд 5.000.000 төгрөг төлсөн баримт /2хх-31/, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт /2хх-32-33/, шинээр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт 1 хуудас, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар 1 хуудас нийт 2 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хүрэн морьт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны үр болох самар 1226 килограммыг худалдан авч, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 00-00 ХХХулсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ш.Гэрэлт-Одын өгсөн: “... Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. ...Б.Г- гэх самар авах гэрээ хийсэн хүн сайн мэдэхгүй байна. ...манай Эрдэнэ сумын нутагт самар бэлтгэх боломжтой. Иргэн ахуйн зориулалтаар 25 кг авах эрхтэй...” гэх мэдүүлэг /1хх-54-56/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтантүлхүүрийн өгсөн: “... 2020 оны намар 11-12 сарын үед цагаан өнгийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэлтэй 7-8 хүнтэй манай постоор ууланд гарч хуш модны самар ахуйн зориулалтаар бэлтгэж явж байсан хүн байна. Яг тодорхой өдрийг санахгүй байна. 2 удаа манай постоор уул руу гарахдаа “ахуйн зориулалттай хуш модны самар бэлтгэнэ” гэж хэлээд зохих журмын дагуу төлбөрөө төлөөд ойн дагалдах нөөц ашиглах эрхийн бичиг авсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Заан Тэрэлжийн Зааны хоёрдугаар пост юм...” гэх /хх- 45/, ... Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар 1 хүнд 25 килограмм хуш модны самрыг ахуйн хэрэгцээнд түүж бэлтгэх зөвшөөрөл олгоно гэж заасны дагуу 1 килограмм хуш модны самраас 500 төгрөгийн хураамж авч, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг өгдөг. Тухайн үед Б.Г- гэдэг хүн 8-9 хүний бүрэлдэхүүн явж байсан. Бүх хүмүүсийг нь бүртгэж аваад 200 кг хуш модны самар түүж бэлтгэх эрхийн бичиг гаргаж өгөөд явуулсан. Тэгээд намайг Заан тэрэлжийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байхад Б.Г- гэдэг хүн уулнаас буцаж бууж ирээгүй. Би 7-10 хоноод хяналтын постны ээлж солигдоод буусан...” гэх /хх-124/, ... Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь лостонд 10 хоногоор ээлжилж ажилладаг юм. Би 2020 оны 12 дугаар сарын сүүлээр буусан...” гэх мэдүүлэг /1хх-134/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Батзаяагийн өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байхад хамаатны ах Б.Г- залгаад “Гачууртаас шинэ авто худалдааны захын хажуу руу самар зөөх ажил байна, чи явах уу" гэж асуухаар нь төлбөр мөнгийг асуухад 100.000 төгрөг гэж хэлсэн. Бид 2 тохиролцоод хамаатны ах Мөөгийгөөс 87-40 УНД улсын дугаартай цэнхэр өнгийн портер машиныг гуйж аваад 16:00 цагийн үед Хөдөе аж ахуйн их сургуулийн урд уулзаад надад самар тээвэрлэх бичиг, компанийн баримт, мөнгө тушаасан баримт зэргийг өгөөд “энэ бичгийг үзүүлээд Гачууртын эцсээс 90 кг самар байгаа ачаад ир” гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа хөдлөөд 17:00 цаг болж байхад Гачууртын эцсийн ертөнцийн зүгээр урд талд нэг блокон хашаатай айл заалгаж очиход гэрийн эзэд бололтой эхнэр нөхөр хашаан дотор хойд хэсэгт байх хүн амьдардаггүй байшинд самар байгаа гэж хэлсэн. ...Байшингаас ойролцоогоор 15-20 орчим шуудай самрыг машины тэвшин дээр ачаад баглаад хөдлөөд явж байгаад ...саатуулагдсан. ...Би хугацаа дууссан үгүйг шалгаж үзээгүй. ..зөвшөөрөл нь шүү гэхээр нь би үзэлгүй аваад тавьчихсан. Б.Г- ах тэр самрыг хэзээ, хаанаас оруулж ирсэн талаар юу ч яриагүй, би асуугаагүй...” гэх мэдүүлэг /1хх-27/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мөнгөний өгсөн: “ ...Би Б.Г-оор хуш модны самар бэлтгүүлэхээр ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй. Би бичиг баримт авч өгөөгүй. ...Би хамтарч хуш модны самар бэлтгээгүй...” гэх мэдүүлэг /1хх-29-30/, ...Би “Цэц Манхан” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ тус гэрээ хийгээд би Б.Г- гэдэг хүнийг хуш модны самар бэлтгээд аваад ир гэж хэлсэн зүйл байхгүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн аман болон цаасаар гэрээ байгуулж, ажил хийлгээгүй. Сүүлд “хуш модны самар оруул ирж байгаад цагдаа нарт баригдчихлаа, нөгөө гэрээгээ өгөөч” гэж хэлсэн. Би тухайн үед өгөөгүй. Одоо миний өгч байгаа “Цэц Манхан” ХХК- тай байгуулсан хамтран ажиллах гэрээг нь Б.Г- гэдэг хүнтэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Б.Г- гэдэг хүн манай ажлын харуул залуу Цогтсайхантай утсаар холбогдоод 50.000-100.000 төгрөг өгье гэж хэлээд аваад явсан байсан. Б.Г- гэж хүн надад машин аваад хаашаа ямар зорилгоор явж байгаа талаар мэдэгдэж хэлээгүй. ...87-40 УНД улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй боловч яг мөнгөө гаргаад худалдан авсан хүн нь Цогтсайхан гээд Архангай аймгийн харьяат иргэн байдаг. Цогтсайхан нь манай ажлын харуул хийдэг. Орон нутгийн харьяалалтай болохоор товчоо болон бусад замаар явахаар татвар, хураамж авдаг учир миний нэр дээр хотын дугаар 2018 онд худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-122/, ... 5129008099 тоот “Хаан” банкны данс миний үйл ажиллагаа явуулдаг үндсэн данс. ...2020 оны 12 дугаар сарын 2-ны өөр Б.Г-ын данс руу шилжүүлэн 20.000.000 төгрөгийн гүйлгээний мөнгө нь тухайн үед Б.Г- надаас мөнгө аваад түүхий эд хүнээс авч надад түүхий эдээ тушаасан мөнгөн гүйлгээ байсан...” гэх мэдүүлэг /2хх-17-19/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ганбаатарын өгсөн: “... Би Б.Г- гэж хүнийг танихгүй. Би компанийн үйл ажиллагааг өдөр тутам удирддагийн хувьд тухайн хүнтэй хуш модны самар бэлтгэн нийлүүлэх талаар амаар бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. ..Манай үйлдвэрийн дарга Д.Нацагдорж гэх хүнтэй Ж.Мөнгөн холбогдож бичиг баримт авсан байна лээ...” гэх мэдүүлэг /1хх-31-32/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Азжаргалын өгсөн: “ ... 2020 оны 12 дугаар сарын дундуур өдрийг тодорхой санахгүй байна. Б.Г- надтай утсаар яриад “ах нь танай хашаанд самар буулгаад өнөөдөртөө буцаагаад ачаад аваад явна” гэхээр нь би зөвшөөрсөн. ...Орой 19:00-20:00 цагийн орчимд Гачууртад байх хашаанд очиход ачаатай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дээр хуш модны самраа ачаад 21:00 цагийн орчимд гарч яваад удалгүй 30-40 минутын дараа баригдчихлаа гээд буцаад ирсэн... “ гэх мэдүүлэг /1хх-37-38/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нацагдоржийн өгсөн: “...Ж.Мөнгөн над руу утсаар ярьсан. Яг хэзээ ярьсан гэдгийг санахгүй байна. “Манай дүү самар оруулж ирэх гэсэн юм аа, зөвшөөрлийн бичиг байвал өгөөч, тэгвэл самраа авчраад танай компанид тушаана” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “байгаа эсэхийг нь үзье” гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа дахиад утсаар залгахаар нь “би энд нэг хасалт хийлгээд үлдэгдэлтэй ойн дагалдах нөөц ашиглах эрхийн бичиг байна” гэж хэлсэн. “Тэгвэл тэр бичгээр чинь самраа оруулж ирээд танайд тушаая” гэж хэлээд “хүн явуулна тэр бичгээ өгөөд явуулчих” гэсэн. Тодорхой тохирсон үнэ байхгүй. Самрыг нь үзэж харж байж үнийг нь тогтоодог болохоор үнийн талаар ярилцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-41-42/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Зоригоогийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гачууртаас цааш “Хүрэн морьт” гэх газар руу яваад 15-нд ирсэн. Би жоохон юм уугаад согтуу байсан. Нэг мэдсэн самар түүж байгаа хүмүүсээс самар худалдаж авсан гэж Б.Г- хэлж байсан. Би нэг ширхэг боргоцой ч үгүй гэртээ ирсэн. Би их бага самар түүсэн. Б.Г- ямар хүнээс самар авсан гэдгийг ёстой мэдэхгүйн байна. Тэр газарт маш их хүн самар түүгээд явж байсан. Олон гэр барьсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-160/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Найрамдалын өгсөн: “... 2020 оны 12 сарын дундуур л байх Гачууртаас цаашаа “Хүрэн морьт” гэж газар руу бид нар бүгдээрээ яваад самар түүгээд мөнгө олчих юм шиг санаад явсан. Гэтэл газар дээр нь очиход 1 м орчим өндөр цас хунгарласан, бараг 1 модны доор л хүн машин пиг дүүрсэн байсан. Бид нар “за больё, үхэх юм байна” гээд яваад өгсөн. Тэндээ 1 тонн хиртэй самар худалдаж авсан. Тэнд оройдоо очоод 2 хоносон. Бүтэхгүй ажил байсан. Тэнд 6-7 монгол гэр барьсан цайны газар гуанз ажиллаад, самрын ченж нар байсан байна лээ. 1 кг-ыг нь хэдээр авсныг Б.Г- мэдэх байх, самар түүж байгаа хүмүүсээс худалдаж авсан байх. Би мэдэхгүй байна. ...25-ын шуудайгаар тал талаар нь түүсэн. Би олигтой түүж чадаагүй. Хоол цай хийгээд сууж байсан. Ямар хэмжээтэй самар түүснийг би мэдэхгүй байна. ...Б.Г- “самар их үнэтэй байна гэнэ, түүе” гээд ах дүү нараа дуудаад бид нар хамт явсан. Очиход тийм амар зүйл байгаагүй. Тэр ууланд машинтай нь машинтай, морьтой, явган гээд их олон хүмүүс самар түүж байсан...” гэх мэдүүлэг /1хх-158/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Т.Ариунбаатарын өгсөн: “... Шинжилгээнд ирүүлсэн дээж нь 2020 оны ургацын самар байсан. Монгол орны хэмжээнд сүүлийн 3 жил самрын ургац муу байсан. Түүх хэмжээний самрын ургацтай байгаагүй. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь 2020 оны болц гүйцсэн самар мөн байсан. Шинжилгээнд ирүүлсэн хуш модны самрын дээжээс ямар нэгэн өвчин, хортон, мөөгөнцөр илрээгүй. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг нь ойн ургамалжилтын мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг бөгөөд зүүн хойд хэсгээрээ хушин ой ихтэй байдаг. ...Бүс нутгаар биш ургах орчны нөхцөлөөс хамааруулж тодорхойлж болно...” гэх мэдүүлэг /1хх-80-82/,

 

Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн “...Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоол: Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэл болгон Сибирь хуш (Pinus sibirica) нь ховор ургамлын жагсаалтад орсон байдаг. Засгийн газрын 2015 оны 410 дугаартай тогтоолоор өөрчилсөн ховор ургамлын жагсаалтад нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр идээ гэсэн заалтыг үндэслэл болгов. Хэрэгт дурдагдсан хуш модны самрын экологи, эдийн засгийн үнэлгээг Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3, Байгаль орчин. ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А282 дугаар тушаал зэргийг үндэслэн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг экологи. эдийн засгийн үнэлгээг тооцохдоо: Сибирь хуш 1 кг х 50,000 төгрөг х 5 дахин = 250.000 төгрөг..” гэх дүгнэлт /1хх-68/,

 

Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-6, 7-15/,

Ойн дагалт, нөөц ашиглах УТХГН№00194 дугаартай эрхийн бичиг /1хх-16, 24/,

“Цэц манхан” ХХК-ийн ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ /1хх-18/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-23/,

Автомашины үнэлгээний тайлан 7.300.000 /1хх-72-76/,

Хохирлын тооцоо /1хх-164/,

Хохирол төлсөн баримт /2хх-31/,

Шүүгдэгч Б.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-163/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хүрэн морьт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны үр болох самар 1226 килограммыг худалдан авч, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 00-00 ХХХулсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

        Байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм. Ховор ургамал гэж байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй, ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор баталсан. Худалдсан, худалдан авсан гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад мөнгө болон бусад зүйлээр зарах, худалдан авахыг ойлгоно. Тээвэрлэсэнд нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлснийг ойлгоно.

 

          Ийнхүү шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар  шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хүрэн морьт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны үр болох самар 1226 килограммыг худалдан авч, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 00-00 ХХХулсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

          Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

         Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, гэж хуульчилсан байх тул 306.500.000 төгрөгөөс шүүгдэгч Б.Г- нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр болох 5.000.000 төгрөг төлсөн байх тул үлдэх 301.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга..төлөхөд зарцуулна.” гэж заасан байх тул 00-00 ХХХулсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 7.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

        Шүүхээс шүүгдэгч Б.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын нөхцөл байдал, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

 Гэвч шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн бага насны хүүхэдтэй болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн... гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт... оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно.” гэж хуульчилсан байх тул шүүхээс шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа 45 шуудай 1446 кг самрыг зохих үнэлгээг хийж худалдаж борлуулж улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

         Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогтой Б-ийн Г-ыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

 

             5. Шүүгдэгч Б.Г- нь хорих ялыг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асраж хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг дурдсугай.

 

             6. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Г- нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэмэгдүүлэн оногдуулахыг сануулсугай.

 

             7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-оос 301.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар автомашины үнэлгээ болох 7.300.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-оос гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа 45 шуудай 1446 кг самрыг зохих үнэлгээг хийж худалдаж борлуулж улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г- энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                               

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                                                                  

 

                                                                                                                                ДАРГАЛАГЧ, 

                                             ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС