Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1033

 

 

 

 

 

 

 

  2022        07          01                                    2022/ШЦТ/1033

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Хохирогч Ц.Д-,

Гэрч Ц.Б-,

Шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн 2106 04253 0159 дугаартай хэргийг шүүх 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “.....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эцэг, эх, нөхөр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх-0000000, хэрэг хариуцах чадвартай, М овогтой Д-ийн Б-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Д-гийн эзэмшлийн “М” авто салхины шилний худалдааны дэлгүүрийг төвлөрсөн дулаанд холбох ажлын үеэр уг ажлыг эсэргүүцэж, “М” ХХК-ийн байрны 4 ширхэг цонхыг чулуу шидэж хагалан 520.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ: ”... Манай компанийн эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг 2 давхар барилга байдаг. 2021 оны 9 дугаар сарын 29-ний орой манай арын айлаас “танай байгууллагын араас сүлбэлт хийж байна” гэж 19 цагийн үед надад утсаар мэдэгдсэн. Би тэгээд 19 цаг 30 минутын үед барилга дээрээ очиход манай барилгыг сүлбээд өрөмдөөд дулааныхаа шугамыг гаргаж байсан. Намайг барилгынхаа нэг давхар руу ороход 30.000 ваттын даралттай техникээр сүлбэлт хийж байхад нэг давхрын барилга тэр чигтээ хөдлөөд таазнууд нь хөдлөөд гэрлүүд нь хагарчихсан байсан. Дотор нь орохын аргагүй нэлээн хүнд нөхцөлтэй байсан. Би тэд нарт “ энэ сүлбэлтээ зогсоогооч ээ, та нар хүний хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй” гэж нэлээн хашхирч  хэлэхэд том процессор ажиллаж байгаа учраас сонсогдохгүй байсан. Дээрээс нь хүч түрээд дайрч байсан. Хоёр барилгын хооронд асар их чимээ байсан. Би тэгээд айгаад тухайн барилгаас гараад дээвэр дээр гарч ирсэн. Дээвэр дээр гарахад нөхцөл байдал хэцүү байсан. 102 дуудах гэсэн боловч хурдан ирэх боломжгүй байсан. Тэгээд би аргагүй эрхэнд хүмүүсийн анхаарлыг татахын тулд хамгийн чангаар уйлаад орилоод харалдаа байшингийн нэг цонхыг нь хагалсан. Энэ үед хохирогч  “бид нарын улсын чанартай ажил хийж байгаа” гэж дайраад байснаас өөр миний хэлж байгаа зүйлийг сонсохгүй байсан. Одоо миний хэдэн арван саяын объект шороонд дарагдаад үйл ажиллагаа явуулж чадахгүй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Д- мэдүүлэхдээ: ”... Би Баянзүрх дүүрэгт хувиараа үйл ажиллагаа явуулдаг. 2011 оноос дулааны шугам сүлжээнд холбогдохоор 10 гаруй ажил хөөцөлдөж байгаа. Тэгээд ноднин жил хөөцөлдөж байгаад дулааны шугам сүлжээнд холбогдох зөвшөөрөл гарсан. Тэрнээс 2014, 2015 оноос Д.Б- болон түүний хятад нөхөртэй холбогдож “манайх дулааны шугам сүлжээнд холбогдоно, танайх хууль ёсны барилга биш байна, танайх арга хэмжээ аваач” гээд 2, 3 удаа уулзаж байсан. Олигтой хариу өгч байгаагүй. Тэгээд дулааны шугамын сүлжээний зөвшөөрөл гарсан. Шүүгдэгчийн нөхөртөө уулзаад “манай зөвшөөрөл гарчихсан, яах вэ эртхэн шиг дулааны шугамтайтайгаа холбогдмоор байна” гэдгээ хэлсэн. Тэгэхэд “энэ боломжгүй манай хажуугаас цоолоод авчих” гэсэн. Би тэгэхээр нь ямар ч боломжгүй, тэр асуудлыг нь цаанаас нь шийддэг гэж хэлж байсан. Намар, өвөл боллоо, яарах хэрэгтэй гэдгээ хэлсэн. Тэгээд уулзахад хятад иргэн мөнгө нэхдэг. Эхлээд 80 сая төгрөг нэхсэн. Хамгийн их мөнгө нэхдэг нь энэ Д.Б-. “80 сая төгрөгтөө машин оролцуулж болно” гэдэг. Тэр мөнгийг өгөх боломжгүй гээд би уулзаад гуйхад дараа нь 45 сая төгрөг нэхсэн. Би энэ хүүхэнтэй уулзаагүй. Дандаа манай дүү уулзаж байсан. Би эмнэлэгт байсан. Би эхлээд “45.000.000 төгрөгийг өгөхгүй гэж байгаад өвөл боллоо хүйтэрлээ” гээд өгөхөөр болсон. Би “200.000.000 төгрөгийг банкнаас зээлээд 45.000.000 төгрөгийг чинь өгье” гэхэд “дүүтэйгээ хамт уулзаад маргааш болъё” гээд Д.Б- явсан. Маргааш нь үнэлгээ гаргуулаад 65.000.000 төгрөг болгоод ирсэн байсан. Энэ асуудлаас болж маргаан эхэлсэн. 9 сарын 29-ний өдөр Д.Б-тай манай дүү уулзалдаад учир зүйгээ ололцоогүй. Бид нарт Д.Б-гийн байшинг буулгая гэсэн бодол байгаагүй учраас өөр арга хайгаад “Компрессор” ХХК-тай холбогдоход хар зам, объектын доогуур сүлбээд хийдэг технологи гарсан. Энэ технологиор хийхэд байшин барилгад ямар ч гэмтэл гарахгүй баталгаатай, баталгаа гаргана гэхээр нь энэ компанитай 10.000.000 төгрөгөөр зөвшилцсөн. Тэгээд энэ ажиллагааг хийсэн. Тэгээд үйл явцыг явуулж байхад Д.Б- гарч ирээд хашхираад хэл амаар доромжлоод цонх хагалсан гэсэн. Тэр үед би байгаагүй. Тухайн үед манай дүү болон “Компрессор” ХХК-ийн төлөөлөгч болон ажилчид байсан. Манай дүү нар болсон процессыг камераар бичсэн. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зах зээлийн үнийг судалж үзэхэд 1.500.000-2.000.000 төгрөгтэй байсан. Би Д.Б-гаас мөнгө нэхэхгүй. Тухайн хагалсан шилнүүдээ яг тийм зузаантай шилээр шиллээд өгөхийг хүсэж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Б- мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гардаг өдөр бид нар ажил хийж байхад Д.Б- нөхөртэйгөө нийлээд манай цонхыг хагалсан...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас: хохирогч Ц.Д-гийн өгсөн мэдүүлэг /хх44-45/, гэрч Ц.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-33, 44, 48-49/, гэрч Н.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /хх-50-51/, гэрч Ч.Урангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-72-73/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-55-56/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-79-80/, Д.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36-37/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн тэмдэглэл /хх-5/, БЗДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-6/, шүүгдэгч Д.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75/, шинээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоолын хуулбар 2 хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх” прокурорын тогтоолын хуулбар 2 хуудас, Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас 1 хуудас, “Итгэлт” эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан 22 хуудас нийт 27 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Д-гийн эзэмшлийн “М” авто салхины шилний худалдааны дэлгүүрийг төвлөрсөн дулаанд холбох ажлын үеэр уг ажлыг эсэргүүцэж, “М” ХХК-ийн байрны 4 ширхэг цонхыг чулуу шидэж хагалан 520.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Д-гийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” авто засварын газрыг дүү Ц.Б-той хамт ажиллуулдаг юм. Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед манай дүүг байхад манай зүүн талд байдаг хятад эзэнтэй, монгол эхнэртэй, мах боловсруулдаг газрын эмэгтэй нь чулуу шидэж манай цонхыг хагалсан гэж Ц.Б- хэлсэн. Би тэр хагалсан орой нь харахад манай “М” авто засварын газрын 2 давхрын зүүн тийш харсан гурван том цонхны 4 нүдийг хагалсан байсан. Энэ нь 2 давхар шилтэй давхар шилээр нь яривал 4 цонх, харин 1 шилээр нь хэлбэл 8 шил хагарсан юм. Манай барилга төвийн дулааны шугамд холбогдох үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд тэр Д.Б- гэх эмэгтэй барилга доогуур сүвлэгээ хийж байхад дургүйцэж манай цонхыг хагалсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-44-45/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Б-ын өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бид нар талбай дээрээ юм хийгээд байж байтал Д.Б- гарч ирээд дулааны шугам тавих ажлыг эсэргүүцэж хэрүүл хийгээд, бид нар руу байшин дотроосоо жигнүүр, хог зэргийг авч шидээд байсан. ...Шил хагарч байгаа дуу чимээ гарахаар нь бид нар харахад манай “М” авто засварын зүүн тийш харсан 3 цонхны 4 нүдийг чулуу шидэж хагалсан. Нөхөр нь 2 давхар дээрээ заазуур бариад зогсоод байсан...” гэх мэдүүлэг /хх-48-49/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэбатын өгсөн: “...Хятад хүний эхнэр нь гэх монгол эмэгтэй орилж гарч ирээд бид нар руу хувинтай хог шидээд байхаар нь “та болио, бид нар зөвшөөрөл авсан байгаа” гэж хэлээд хаалгыг нь хаасан юм. Тэгтэл тэр эмэгтэй дээш хоёр давхар руу гарсан байсан. Тэгээд манай ажлыг хийж дулаан тавих хоолой өргөж өгч байсан кран руу чулуу шидээд “краны цонхыг чинь хагалчихъя” гээд байсан. Тэгэхээр нь кранаа зогсоогоод жоохон ухарч байхад цонх хагарч байгаа чимээ буюу шил хагарах чимээ сонсогдож байсан. Тэгээд ажлын цонхыг харахад зүүн тийш харсан 3 цонхны 4 нүд нь хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-50-51/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Урангэрэлийн өгсөн: “...Манай захирал хөрөнгөө хамгаалах зорилгоор чулуу авч шидэх үед тэр цонх нь оногдсон байх гэж бодож байна. Цонх хагалсны дараа нь би ирсэн юм. Яг хагалж байх үед нь бол байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-72-73/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-гийн гэрч, яллагдагчаар өгсөн “... “М” ХХК-ийг доогуур шугам татаж байгааг мэдэж байсан. Арын хаалгаа онгойлгоод харахад өндөр даралтын түрэгч машинаар гаднаас нь манай байшингийн газар доогуур сүлбэсэн байдалтай байсан. Тэгээд би шатаар тэр барилгынхаа дээр нь гарсан. ...Намайг барилга дээрээс буухыг шаардаж байсан. Би “буухгүй” гээд бид нарын дунд маргаан үүссэн. Би байшингаа өрөмдүүлэхгүйн тулд наад машинаа зогсоо гэж шаардаж байсан. ...Тухайн үед би тус машин нь ажиллаад, цагдаа нар ирж зогсоогүй байх үед би чулуу аваад “М” ХХК-ийн зүүн зүгт харсан хамгийн хойд талын 1 цонхны шилийг хагалсан. Би тухайн үед ганцаараа байсан. Би 1 цонх хагалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бусад цонхыг нь би тухайн үед анзаарч хараагүй. Би тухайн цонхыг нь төлөхгүй. Учир нь би тухайн үед өөрийн эд хөрөнгөө хамгаалж, аргаа барсандаа тийм үйлдэл хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-36-37/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-6/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-26/,

“Дамно” ХХК-ийн гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б31-22-07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-55-56/,

 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-79-80/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-73/,

 Шүүгдэгч Д.Б-гийн эрүүгийн хариуцлага байсан эсэхийг шалгах хуудас /хх-75/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор зүгээс: “...Энэ бол аргагүй хамгаалалт байсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах өгнө үү..” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Д-гийн өгсөн: “...Тэгээд тэр Д.Б- гэх эмэгтэй барилга доогуур сүвлэгээ хийж байхад дургүйцэж манай цонхыг хагалсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-44-45/, ... гэрч Ц.Б-ын өгсөн: “...Шил хагарч байгаа дуу чимээ гарахаар нь бид нар харахад манай “М” авто засварын зүүн тийш харсан 3 цонхны 4 нүдийг чулуу шидэж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-48-49/, … гэрч Н.Эрдэнэбатын өгсөн: “...Тэгээд ажлын цонхыг харахад зүүн тийш харсан 3 цонхны 4 нүд нь хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-50-51/,...гэрч Ч.Урангэрэлийн өгсөн:”...Цонх хагалсны дараа нь би ирсэн юм. Яг хагалж байх үед нь бол байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-72-73/,... Д.Б-гийн гэрч, яллагдагчаар өгсөн “...Би тухайн цонхыг нь төлөхгүй. Учир нь би тухайн үед өөрийн эд хөрөнгөө хамгаалж, аргаа барсандаа тийм үйлдэл хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-36-37/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26/, “Дамно” ХХК-ийн гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б31-22-07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-55-56/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-79-80/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-73/ болон бусад баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Шүүгдэгч Д.Б-гийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Д-гийн эзэмшлийн “М” авто салхины шилний худалдааны дэлгүүрийг төвлөрсөн дулаанд холбох ажлын үеэр уг ажлыг эсэргүүцэж, “М” ХХК-ийн байрны 4 ширхэг цонхыг чулуу шидэж хагалан 520.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.

 

Шүүгдэгч Д.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогтой Д-ийн Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 520.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС