Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 20

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Л.Солонго

          Хохирогчийн өмгөөлөгч И.Олонмөнх    

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлоор Т.Х т холбогдох 1928000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, Политехникийн коллежийн мужааны ангийн 1 дүгээр курст сурдаг,  ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймаг, ........................ оршин суух, ял шийтгэлгүй, Дамбийгэцэл овгийн Т.Х  /регистрийн дугаар ......................./

          Өсвөр насны шүүгдэгч 17 нас 2 сар 12 хоногтой Т.Х  нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ангид М.С тай маргалдан улмаар харилцан зодолдсоны улмаас М.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт олбогджээ. 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Х ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Т.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Х ыг хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эх Ч.М  нарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Н.М аас 252.020 /хоёр зуун тавин хоёр мянга хорь/ төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багт оршин суух иргэний нэхэмжлэгч Ч.М  /регистрийн дугаар ................/-д олгож,  Иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэгчид 98.000 /ерин найман мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Т.Х , түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.М  нь хамрын мэс заслын хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,  Өсвөр насны шүүгдэгч Т.Х  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Т.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо:.. “Т.Х  нь хохирогч М.С ын биед хөнгөн хохирол учруулсан нь хэргийн хүрээнд хангалттай нотлогдон тогтоогддоггүй бөгөөд шүүх Т.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай юм.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ж.Жаргалтуяа “М.С  нь өөрөө тархины доргилт гэмтлийг авсан байх боломжтой....бусад гэмтлийн хувьд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлсээр байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй М.С ын биед Т.Х  гэмтэл учруулсан гэж ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Т.Х  нь эмчилгээ хийлгэх санхүүгийн боломжгүй учраас хамрын хагалгаа хийгдэхэд шаардагдах зардлаа урьдчилан нэхэмжилсэн боловч Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иргэний хариуцагч Н.М аас эмчилгээний зардал болох 3021755 төгрөгийг гаргуулж, Т.Х т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:           

Шинжээч эмч шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ цүнхээр толгой руу цохих үед тархины доргилт гэмтэл учрах боломжтой гэж ярьсан. Хэрэг болох үед Т.Х  нь хохирогч М.С ын толгой руу 2-3 удаа цохисон бодит байдал нотлох баримтуудаар цугларсан байдаг. Үүн дээр үндэслэж шинжээч дүгнэлт гаргасан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, мөн хохирол төлбөртэй холбоотой асуудалд хандаж гаргасан хүсэлтийг хүчингүй болгуулахаар санал гаргаж байна гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Т.Х ын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн  145 дугаартай дүгнэлтээр М.С ын биед тархины доргилт, хөхрөл гээд гурван янзын гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд тооцогдоно гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Т.Х  М.С ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэмт хэрэг биш учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих нотлох баримтууд хангалттай нотлогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Иргэний хууль болон Эрүүгийн хуульд зааснаар эмчилгээтэй холбоотой гарсан баримтаа бүрдүүлж ирээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгсөн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийг оролцуулаад толгойн гэмтэл болон бусад гэмтлүүдийг салгаж үзвэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарах уу гэж асуухад зөвхөн тархины доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх тухайн тархины доргилт гэмтлийг Т.Х ын үйлдлээс болж үүссэн гэж үзэж ял халдаасан нь учир дутагдалтай байна. Т.Х ыг М.С ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж шийтгэх тогтоол гаргасан нь учир дутагдалтай байгаа учраас энэхүү шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон өгнө үү. Иймд иргэний хариуцагч Н.М аас хагалгаа хийлгэхэд шаардлагатай 2.769.755 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн бичсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Т.Х ыг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ангид М.С тай маргалдан улмаар харилцан зодолдсоны улмаас М.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Т.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Х ыг хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эх Ч.М  нарт тус тус даалгаж шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд түшиглэн нэгтгэн дүгнэхдээ зүй бус харьцаанаас үйлдэлтэй маргааны явцад Т.Х  нь бусдын эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж М.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай байна гэж тогтоосон анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

            Анхан шатны шүүхээс Т.Х т оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь шүүх хуралдаанд хохирогч М.С  нь Т.Х ыг мөргөх явцдаа өөрийнхөө эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах боломжтой гэж шинжээч эмч хэлсэн учир Т.Х т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд гэрч А.Б ийн ...би та хоёр одоо боль гэхэд Т.Х  нь М.С ыг гараараа толгой хэсэг рүү 2 удаа цохиод авсан, ...би цагдаа руу дуудлага өгч байх хооронд Т.Х  нь М.С ын хөл хэсэг рүү нэг удаа өшиглөөд авч байсан /хх-28/, насанд хүрээгүй гэрч Б.О ын ...Т.Х  миний хажууд бид хоёр хамгийн урд талын ширээнд нэг сандал дээр хуваагаад сууж байсан чинь араас М.С  сандал руу нэг удаа өшиглөсөн чинь Т.Х  уурлаад цүнхээрээ нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авсан, сургуулийн гадаа М.С  Т.Х аас уучлалт гуйхад нь Т.Х  шанаанд нь нэг удаа цохиод авсан /хх-31/, насанд хүрээгүй гэрч Б.Бат-Ирээдүйгийн ...Батцэцэг багш ирээд тэр хоёрыг салгахад Т.Х  М.С ын нүүр хэсэг рүү нэг удаа цохиж байгаа харагдсан /хх-32/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаартай дүгнэлтэд ...М.С ын биед тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-33/, шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн шүүх хуралдаанд өгсөн ...тухайн үйл явдал 26-ны өдөр болсон байгаа. Миний үзлэгт 28-ны өдөр орсон. Тархины доргилт 2-3 хоногт илэрдэг. Дараалсан үйл явдлын яг хэзээ нь гэмтэл учирсныг тогтоох боломжгүй /хх-143/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл няцаагдан үгүйсгэгдэж байна.

            Хохирогч Т.Х аас эмчилгээний зардал нэхэмжилж хавтас хэрэгт хавсаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлахад Т.Х ын амбулаториор эмчлүүлэгсдийн картанд хүний их эмч Б.Г  гэсэн тэмдэг гарын үсэг бүхий хэсэгт мэс засал 2209755 төгрөг, ор хоног 150000 төгрөг, мэс заслын дараа эм уух 200000-300000 төгрөг гэж /хх-125/, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэхэд ...хамрын хагалгаа 2209755 төгрөг, ор хоног 150000 төгрөг, мэс заслын дараах эмчилгээ 200000 төгрөг гэх мэт нийтдээ 2769755 төгрөг гэж тус тус бичигдсэн байх бөгөөд энэ үнэ тариф нь хаанахын ямар эмнэлгийн, ямар жишиг үнэ тарифыг үндэслэн гаргасан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнтэй тохирохгүй байх тул анхан шатны шүүхээс насанд хүрээгүй хохирогч Т.Х , түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.М  нарыг хамрын мэс заслын хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нээлттэй үлдээснийг өөрчлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

             Иймд шүүгдэгч Т.Х ын өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “Т.Х т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 3021755 төгрөг гаргуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймаг сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ