Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 52

 

Ч.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02286 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Аын

Хариуцагч Б.Над холбогдох

 

“ХБ” ХХК-тай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-13/62 дугаартай зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэн Б.Нтай 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17/12-12 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний зорилго нь “Харанга ресурс” ХХК-ийн шинээр гаргаж буй 30 000 000 хувьцааг нэг бүрийг нь 0.20 австрали доллараар худалдаж авах санхүүжилтийг шийдэх, худалдан авсан нийт хувьцааг 2 тал адил тэгш хувааж эзэмших, хамтран ажиллах байсан тул уг хувьцааг худалдаж авах санхүүжилтийг “ХБ” ХХК-ийн зээлээр шийдэхээр тохиролцсон. Ингээд 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-13/62 дугаартай зээлийн гэрээг “ХБ” ХХК-тай байгуулж, 5 300 000 ам.долларыг зээлж, хувьцааг худалдаж авсан. Бидний байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17/12-12 дугаартай хамтран ажиллах гэрээний 2.2.2-т хоёр тал тус бүртээ ногдсон зээлийн бүтээгдэхүүний буцаан төлөлтийг бүрэн хариуцахаар тохиролцсон. Одоо Б.Нын биеийн байдал муу байгаа учир дээрх гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй болохыг тогтоож өгнө үү.

            Хариуцагч үүргээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би гэрээний үүргээ биелүүлж, зээлийг “Харанга ресурс” ХХК-ийн хувьцаа худалдан авахад зарцуулсан. Иймд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 17/12-12 тоот хамтран ажиллах гэрээний 1.1, 2.1, 2.2-т заасны дагуу Ч.Аын ХБ ХХК-тай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-13/62 дугаартай зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Над холбогдуулан “Хаан банк” ХХК-тай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-13/62 дугаартай зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ч.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний зорилго нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Хонгор, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах төмрийн хүдрийн нөөц бүхий талбайтай “Харанга ресурсес” ХХК-ийн шинээр гаргаж буй 30 000 000 хувьцааг нэг бүрийг нь 0.20 Австрали доллараар худалдах авах санхүүжилтийг шийдэх, худалдан авсан нийт хувьцааг 2 тал адил тэгш хувааж эзэмших, хамтран ажиллах байсан. Энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, хувьцааг 50, 50 хувиар Ч.А, Б.Н нар тус тусдаа худалдан авч, эзэмшиж байгаа бөгөөд хувьцааны санхүүжилтийг зохигчид “ХБ” ХХК-ийн зээлээр төлөхөөр хамтран ажиллах гэрээний 2.2.2-т зааснаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар “ХБ” ХХК-ийн зээлийг Ч.А дангаар төлж байгаа тул иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэж, хамтран ажиллах гэрээний нэг тал болох Б.Н нь зээлийн гэрээг хамтран хариуцах үүрэгтэй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх нэхэмжлэгчийг Хаан банкны өмнөөс хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардсан мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэл биш бөгөөд Иргэний хуульд зааснаар хамгаалалтын арга хэрэгслийг хэрэглэхээр гаргасан нэхэмжлэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Б.Над холбогдуулан “ХБ” ХХК-тай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-13/62 дугаартай зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... хариуцагчийн бие тааруу байгаа, ... Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх шаардлага бий болсон ...” гэж тайлбарлажээ. Хариуцагч, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

Анхан шатны шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 116 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцжээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзвэл, талууд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17/12-12 дугаартай хамтран ажиллах гэрээгээр “Харанга ресурс” ХХК-ийн шинээр гаргаж буй 30 000 000 хувьцааны нэгж бүрийг 0.20 австрали доллараар худалдан авах санхүүжилтийг шийдэх, худалдан авах хувьцааг адил тэгш хувааж эзэмшихээр тохиролцсон байна. /хх-7/ Улмаар нэхэмжлэгч Ч.А болон “Х” ХХК нь “ХБ” ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-12/62 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5 300 000 ам.доллар зээлж, нэхэмжлэгч, хариуцагч нар “Харанга ресурс” ХХК-ийн 30 000 000 хувьцааг худалдан авч 2 тал тэнцүү хувааж эзэмшин, хамтран ажиллаж байгаа үйл баримт тогтоогджээ.

Дээрхээс дүгнэхэд зээлийн гэрээний үүрэг Ч.А, “Х” ХХК, “ХБ” ХХК нарын хооронд үүссэн байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой бөгөөд энэ үүргээ шударгаар гүйцэтгээгүй бол эрх бүхий этгээд шүүхэд хандах замаар эрхээ хамгаалуулах боломжийг Иргэний хуулиар зохицуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээнээс үүдэлтэй бол шаардах эрх, хариуцлага хүлээх үүргийг зөвхөн гэрээний оролцогчдод хамааруулан үзэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэх ёстой. Иймээс анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор зээлийн гэрээний тал болох “ХБ” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөнө гэж үзсэн нь зөв байна.

Түүнчлэн тухайн харилцаанд оролцогчдын хооронд болон субьектив эрхийн тухай маргаан үүссэн, уг эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа нөхцөл байдал бий болсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжгүй юм.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

                                                                     Ч.ЦЭНД