Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0702/Э |
Дугаар | 2022/ШЦТ/869 |
Огноо | 2022-09-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/869
2022 09 08 2022/ШЦТ/869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: С.Э;
Шүүгдэгч (хохирогч): Д.О;
Шүүгдэгч (хохирогч) Д.Оын өмгөөлөгч: Б.Г;
Шүүгдэгч (хохирогч): Б.Ц;
шүүгдэгч (хохирогч) Б.Цийн өмгөөлөгч: Б.Д;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Хэргийн дугаар:....;
1. Шүүгдэгч Д.О регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд Солонгос хэлний орчуулагчийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 8, эх, ах, эгч, 4 дүүгийн хамт , урьд ял шийтгэлгүй;
2. Шүүгдэгч Б.Ц регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Д.О нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... иргэн Б.Цтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд бугалга, сарвуу, хөхний дээр зулгаралт, зовхи шуу, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.Ц нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.Отай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст зүүн хацарт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Д.О, Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч (хохирогч) Д.О мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед 6 хүн байсан бөгөөд Б.Ц намайг лифт рүү түлхсэн. Би лифтнээс гарах зорилгоор зуурч байгаад богино цамцыг нь урчихсан. Б.Цийн гэрт 3 хүүхэд нь байсан учраас гэрт муудалцаагүй орцонд бүх зүйл болсон. Хохирогчийн хувьд би нийт 10 удаа 21 хоногийн зайтай лазер эмчилгээнд орсон. Эхний эмчилгээгээ хийж баримтаа авчирсан. Б.Цоос 230.350 төгрөгийг авсан. Б.Цоос 2 сарын цалин болон үлдэгдэл 9 удаагийн эмчилгээний 1.800.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч (хохирогч) Б.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд өмгөөлөгч авсан 500.000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжилмээр байна. Энэ шүүх хурлын хувьд нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А /хх-ийн 8/, гэрч А.А /хх-ийн 9/, хохирогч Д.О /хх-ийн 28/, хохирогч Б.Ц /хх-ийн 31/ нарын мэдүүлэг, Д.Оын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6917 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/, Б.Цийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6964 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/, Б.Цийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39/, Б.Цийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-65/, Б.Цийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 67-81/, Д.Оын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 87/, Д.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 90-102/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Б.Ц, Д.О нарын хохиролтой холбоотой баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч Д.О нь Б.Цийг “гэрээсээ хөөсөн” гэж, шүүгдэгч Б.Ц нь Д.Оыг “гэрт хэрүүл тэмцэл хийсэн” гэж буруутган хоорондоо муудалцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Оын /хх-ийн 28/: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр найз залуу Азбаярын хуурай ах Б.Ц гэх хүнтэй танилцаж Сүхбаатар дүүргийн 5 дугаар xopoo, 21-70 тоотод очиж хөзөр тоглож, архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Маргалдах болсон шалтгаан бол манай найз залуу миний картыг уншуулж архи авсан. Би өөрийнхөө мөнгөөр архи авах дургүй мөн Б.Цийн эхнэр А гэх эмэгтэй “танай Азаад би дургүй, 2 жилийн өмнө намайг Солонгост байхад Б.Цийн явалддаг эмэгтэйг олж өгсөн” гэх мэтээр сонин зүйл ярьж байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6964 дугаартай, шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Б.Ц миний биед гэмтэл учруулсан. Зүүн нүдний хөмсөгний доод хэсэг язарсан ба 3 оёдолтой, толгой байнга өвдөж байна. Зүүн нүдний орчим хөхрөлттэй, нүдний цагаан улаан өнгөтэй байгаа...” гэх мэдүүлгээр,
Д.Оын биед “...тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн хацарт цус хуралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6917 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 13-14/,
Б.Цийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 39/: “...Д.О нь манай гэрт Азаатай хэрэлдэж орилж чарлаад байсан учраас би гэрээсээ гаргасан. Д.Оыг гэрээсээ хөөж гаргахад “та нар гэрээсээ намайг хөөдөг хэн бэ” гэж орилж чарлаад байсан. ...Би Д.Оын гаргаж байгаа үйлдлийг тэвчихгүй нүүр юм уу, хөмсөг рүү нь 1 удаа баруун гараараа цохисон. Би Д.Оын хөмсөг рүү нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
хохирогч Б.Цийн /хх-ийн 31/: “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6964 дугаартай шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Азаагийн найз охин Д.О цохиж зодсон. Зүүн гарны мөр, баруун гарны үений дээд хэсэгт, гуяны дотор талд хөхөрсөн байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
Б.Цийн биед “...бугалга, сарвуу, хөхний дээр зулгаралт, зовхи, шуу, гуянд цус хуралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6964 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 20-21/,
гэрч ББ.Аийн /хх-ийн 8/: “...Д.О хаалга нүдээд А цүнх, карт ...гаргаад өг” гэж хэлэхээр нь би гарч ярилцаж тайвшруулаад гэрт орж Азаатай маргалдаад байхаар нь Б.Ц “наадахаа зайлуул” гэж хэлээд Азаа Д.Оыг явъя гэж хэлэхэд Д.О “чи энэ хэдтэй нийлээд намайг тоосонгүй” гэж Азаатай хэрэлдээд орилж чарлахад Б.Ц “наадахаа аваад яваач” гэж хэлэх үед Д.О, Б.Цийн зүрх рүү 2-3 удаа гараараа цохиж, толгой руу 2-3 удаа цохиж, үсдэж цохиж зодсон. Харин Б.Ц Д.Оын цээж рүү түлхэж байсан. Тухайн үед Азаа Д.Оыг 2 удаа боль гэж хэлээд хана руу түлхсэн. Б.Ц Д.Оын нүд хэсэг руу баруун гартаа зүүсэн бөгж хэсгээрээ цохисон байх...” гэх мэдүүлгээр,
гэрч: А.Аын /хх-ийн 10/: “...Б.Ц ах гэрээсээ гарч ирээд Д.Оыг “зайлуул” гэж хэлээд тэр хоёр маргалдаж Б.Ц ах Д.Оын нүүр рүү нэг удаа гараараа цохиж зодсон. Эхнэр Д.О Б.Ц ахын гадуур өмссөн хувцсыг урж цохиж зодсон...” гэх мэдүүлгээр,
Д.Оын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 87/: “...өөрийгөө хамгаалах зорилгоор хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Д.О, Б.Ц нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтуудыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө болон гэрч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолдсоны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.Ц, Д.О нар нь өөр хоорондоо харилцан зодолдож хэн аль нь хөнгөн гэмтсэнийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Б.Ц, Д.О нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Б.Ц, Д.О нарын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Цид 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Од 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Д.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын үед шүүгдэгч нар бие биенээсээ гэм хорын нөхөн төлбөр нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Ц, Д.О нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оын нэхэмжилсэн 2 сарын цалин 3.000.000 төгрөг болон лазер эмчилгээний зардал 1.800.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Б.Ц өмгөөлөгчийн хөлсийг иргэний журмаар жич нэхэмжилнэ гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Д.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.О нь цаашид эмчилгээтэй холбоотой болон ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Б.Ц нь өмгөөлөгчийн хөлсийг Иргэний журмаар жич нэхэмжилнэ гэснийг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ