Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1122

 

 

 

 

 

 

 

 

 

     2022          9             13                                       2022/ШЦТ/1122

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу /ҮД:0228/,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М, С.Г нарт холбогдох эрүүгийн 2208 00000 0889 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хувиараа авто машин засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн,

 

2. Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа өдөр өнжүүлэх төв ажиллуулдаг, ам бүл 2, хүүхдийн хамт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчний 04-04 тоотод байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номын (2016 он) ховор амьтны жагсаалтад багтсан “Хүрэн баавгай”-н түүхий эд болох 1 ширхэг арьсыг хууль бусаар хадгалсан, мөн фейсбүүк орчинд зар тавьж, иргэн С.Гээс хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг арьс, толгой, савар зэргийг хууль бусаар худалдаж авсан,

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47-560а тоотод байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номын (2016 он) ховор амьтны жагсаалтад багтсан “Хүрэн баавгай”-н түүхий эд болох 1 ширхэг толгой, савартай арьс хууль бусаар хадгалсан, мөн фейсбүүк орчинд зар тавьж, Н.Мт хууль бусаар худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 688 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон гэрч Н.Оийн мэдүүлэг /хх27/, Н.Юийн мэдүүлэг /хх32/, гэрч Н.Вгийн мэдүүлэг /хх34/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Н.М, С.Г нар.

1. Шүүгдэгч Н.М, С.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн бол, шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч хадгалсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, дүгнэлт, тайлбараар шүүгдэгч Н.М нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчний 04-04 тоот гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номын (2016 он) ховор амьтны жагсаалтад багтсан “Хүрэн баавгай”-н түүхий эд болох 1 ширхэг эм бодгалийн арьсыг хууль бусаар хадгалсан, мөн фейсбүүк орчинд зар тавьж, иргэн С.Гээс хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг арьс, толгой, савар зэргийг хууль бусаар худалдаж авсан,

шүүгдэгч С.Г нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47-560а тоот гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номын (2016 он) ховор амьтны жагсаалтад багтсан “Хүрэн баавгай”-н түүхий эд болох эр бодгалийн 1 ширхэг толгой, савартай арьс хууль бусаар хадгалсан, мөн фейсбүүк орчинд зар тавьж, Н.Мт хууль бусаар худалдсан үйл баримт дараах байдлаар тогтоогдож байна.  Тодруулбал,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-7/, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...хүрэн баавгайн толгойгүй арьсанд үзлэг хийхэд агнасан гэх ул мөр илрээгүй бөгөөд туузан метрээр хэмжихэд урт нь 1.60 см, өргөн нь 1.35 см хэмжээтэй, сарвуугүй арьс байв. Хүрэн баавгайн толгойтой арьсанд үзлэг явуулахад агнасан гэх ул мөр илрээгүй бөгөөд туузан метрээр хэмжихэд урт нь 2.05 см, өргөн нь 1.40 см хэмжээтэй 4 ширхэг сарвуутай, арьс, толгойн хэсэг хатсан, хоёр нүдгүй, соёонууд хатаж хугарсан байдалтай байв. Хүрэн баавгайн нэг ширхэг толгойд үзлэг хийхэд соёонууд хатаж хугарсан байж болзошгүй, хоёр нүдгүй, үс зулгарч халцарсан толгой тус тус байсныг хураан авав” гэжээ.

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1467 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн 2 бодгаль (толгойтой арьс, толгойгүй арьс, толгой) амьтны арьс нь эр, эм хүйсийн баавгайнхан овгийн, Хүрэн баавгай байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 бодгаль Хүрэн баавгай нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номын (2016 он) ховор амьтны жагсаалтад багтсан болно. Уг амьтны агнагдсан байдлыг тогтоох нь экологийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй. Монгол улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Хүрэн баавгайн нэг толгойд эр бодгаль 6.500.000 төгрөг, эм нь 7.500.000 төгрөгөөр үнэлсэн байна.” гэсэн дүгнэлт /хх39/,

Экологийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн магадалгаанд “...2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 1467 дугаартай дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсгийн 1-т Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг арьсыг хооронд нь ялгахын тулд толгойгүй арьсыг “1” дугаараар, толгойтой арьсыг “2” дугаараар тэмдэглэв. Толгойгүй арьс нь 4 ширхэг хөхний толгойтой байсан бөгөөд хөхний толгойнуудыг “1-4” гэж дугаарлав. Үзлэг ба шинжилгээ хэсгийн Шинжилгээнд ирүүлсэн амьтны толгой, толгойтой арьс, толгойгүй арьс, толгойгүй арьсыг ямар хүйсийн ямар амьтан, нэн ховор болон ховор амьтны аль нь болох, экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох зорилгоор ажиглалт, хэмжилт, харьцуулалт хэмжих хэрэгсэл, гэрэл зургийн дижитал аппарат, компьютер, гэрэл зургийн программ “Монгол орны хөхтөн тодорхойлох бичиг”, Монгол орны нэн ховор, ховор амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хэрэглээ, худалдаа ба хуулийн хариуцлага гарын авлага, “Монгол орны хөхтөн амьтад-таних гарын авлага” ашиглан шинжилж үзэхэд Махчдын баг, Баавгайнхан овгийн Xүрэн баавгай байна. Шинжилгээнд ирүүлсэн амьтны хүйсийг тодорхойлохын тулд морфологийн (гадаад шинж тэмдэг) аргыг ашиглан шинжилж үзэхэд “1” дугаартай буюу толгойгүй арьс нь хөхтөн амьтныг таних гол шинж болох хөхтэй байх тул эм баавгайнх болно. “2” дугаартай арьс нь хөхний толгой байхгүй тул эр баавгайн арьс байна. Мөн тусдаа даавуунд боож ирүүлсэн баавгайн толгой нь арьсны өнгө, үсний ширхэг, зүсэлтийн хэлбэр зэрэг шинжээрээ “1” дугаартай баавгайн арьстай тохирч байна...” гэжээ. /хх69/, Н.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх104/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

3. Шүүгдэгч Н.М нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Прокурорын тогтоолтой танилцлаа, ойлгож мэдсэн, хүлээн зөвшөөрч байна. ...2009 онд миний аав Насанбат Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нас барсан юм. Тэгээд ааваас үлдсэн эд зүйл дунд баавгайн арьс, салангид толгойны хамт байсан. Би эхээс есүүлээ боловч 2 эрэгтэй, 7 эмэгтэй юм. Манай ах иймэрхүү элдэв юм сонирхдоггүй, бусад нь эмэгтэй болохоор бас сонирхохгүй, ямар ч шаардлага байхгүй болохоор үүнийг надаас өөр авах хүнгүй болохоор би авсан юм. Тэгээд би тухайн хүрэн баавгайн арьсыг тэнд нь байлгаж байгаад 2012, 2013 оны үед Улаанбаатар хотод замын унаагаар авч ирээд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчиний 4-4 тоот хашаанд гэрийнхээ үүдний амбаарт хадгалж ирсэн. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 12-ны үеэр фэйсбүүк хараад байж байтал “4-н савар, толгойтойгоо баавгайн арьс зарна” гэсэн зарыг Гансүх гэсэн хаягаас тавьсан байсан. Тэгэхээр нь би тухайн зарын дагуу чат бичээд том арьс юм уу, юм хийвэл болохоор юм уу, ах нь дах хийх гэсэн юм гэж асуухад том том та ирээд үз гэж хэлээд хаягаа, утасныхаа дугаартай өгсөн юм. Тэгээд би Толгойтод /хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй/ Гансүхийн гэрт нь очиход амбаараасаа 4 ширхэг савар, толгойтойгоо үргэлж баавгайн арьс гаргаж ирсэн. Тэгээд ямар үнэтэй юм гэж асуухад 550.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь наадах чинь юманд хэрэглэх боломжгүй хатчихсан арьс байна ах нь авахгүй гэж хэлсэн чинь Гансүх баавгайн арьсаа буцааж юманд ороогоод амбаартаа хийчихсэн. Тэгээд би хашаанаас нь гарсан чинь Гансүх намайг дагаад хашаанаасаа гарч ирээд ах аа та авчих гээд гуйсан. Тэгэхээр нь би авахгүй гэсэн чинь надад мөнгөний хэрэг гараад байна, та ядаж 250.000 төгрөгт авчих гэхээр нь би үгүй гэсэн чинь надад зовлон ярьж байгаад 150.000 төгрөг өгч тус болооч энэ арьсыг тэгээд та өөртөө байлгаж бай, би машинаа зарчхаад буцаагаад танаас авъя гэж хэлээд би 150.000 төгрөгийг данс руу нь арьс гэсэн утгатай шилжүүлээд арьсыг нь аваад явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчиний 4-4 тоот хашаанд гэрийнхээ үүдний амбаарт хуучин арьстайгаа хамт хадгалсан. Би 2 арьс нийлүүлээд дах хийх санаатай л хадгалж байсан юм..." /хх79-80/ гэсэн бол,

шүүгдэгч С.Г нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...2016 онд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47-560а тоотод амьдардаг байхад 9 дүгээр сард санагдаж байна. Нэг өглөө нохой боргоод байхаар нь гэрээс гараад харсан чинь манай нохой нэг юм зулгаагаад идээд байх шиг болохоор нь очоод нохойгоо авсан чинь нэг савар харагдсан. Тэгээд юу байдаг билээ гээд үзсэн чинь баавгайн арьс байсан. Тэгээд баавгайн савар хүн амьтан төрөхөд хэрэг болдог гэж сонсож байсан болохоор хүнд хэрэг болж магадгүй гэж бодоод тухайн арьсыг аваад хашааныхаа амбаартаа даавуунд ороогоод хадгалчихсан юм. Би түүнийг мартчихсан шахуу байж байгаад 2022 оны 3 дугаар сард яаралтай мөнгө олох хэрэг гараад ойр зуурын хүнээс мөнгө зээлээд мөнгө босгож байгаад гэнэт хадгалж байсан баавгайн арьсыг санаад арьс нь савартайгаа байсан болохоор зарж болдог юм болов уу, үнэ хүрдэг юм болов уу гэж бодоод цахим орчинд “үслэг эдлэл, ан сонирхогчдын групп” гэсэн хаягтай группэд баавгайн арьс зарна, толгойтой, савартай гэж зар байршуулсан. ... Тэгээд чатаа шалгасан чинь “Shagai Shagai” гэсэн хаягаас арьс хэд гэж байгаа вэ, зураг харъя гэсэн чат ирсэн байсан. Тэгэхээр нь би ямар ч байсан үнэ хэлээд үзье гээд 550.000 төгрөг гэсэн чинь зургийг нь бодитоор харъя зургийг нь явуул гэхээр нь би зургийг нь явуулсан. Тэгсэн чинь гэрийн хаяг асуугаад ирж үзэхээр болоод маргааш нь ирж үзээд жижиг баавгайн арьс байна, үнэ хүрэхгүй гэж хэлээд өөр хүн тоож үзэхгүйн байна гээд явах гэж байснаа ах нь наад арьсыг чинь 100.000 төгрөгт л авах юм байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед мөнгөний хэрэг байсан болохоор та 150.000 төгрөгт аваад явдаа, гээд Тухайн үед худалдаж авсан 150.000 төгрөгөө миний данс руу интернэт банкаар шилжүүлсэн...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх87-88/.

4. Ан амьтан нь үндэсний баялаг бөгөөд байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан нэн ховор, ховор ан амьтныг эрт үеэс эхлэн хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Улмаар тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг "ховор амьтан" гэж тодорхойлон Амьтны тухай хууль, Эрүүгийн хуулиар тусгайлан хамгаалж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ...тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан...” байх шинжээр илрэх бөгөөд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаснаас бусад тохиолдолд заавал хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм. Мөн ховор амьтны хамгаалах, устаж үгүй болохоос хамгаалах хүрээнд тэдгээрийн тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авахаас гадна, түүхий эдийг тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийх нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

5. Шүүгдэгч Н.М, С.Г нар нь Монгол улсын Үндсэн хууль, Амьтны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Жагсаалт журам батлах тухай (ховор амьтны) тогтоолын нэгдүгээр хавсралтын 6-д заасан хөхтөн амьтан болох хүрэн баавгайн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

6. Өмгөөлөгч О.Алтанчулуугийн дүгнэлтдээ шүүгдэгч Н.Мт хадгалсан эм бодгалийн арьс толгой нь 1996 оноос гэрт нь хадгалагдаж ирсэн, энэ талаар гэрч Н.Ю /хх32/, Н.В /хх34/ нар мэдүүлсэн тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хуулиар хориглож ирсэн бөгөөд ховор амьтны түүхий эдийг хадгалж буй үйлдэл нь удааширсан гэмт хэрэг /тодорхой цаг хугацаанд хуулиар хориглосон үйлдлийг тасралтгүй хэрэгжүүлсэн/ гэж үзэхээр байна. Тиймээс хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.М тухайн ховор амьтныг агнаагүй, агнасан эсэх нь тогтоогдоогүй байх боловч түүний хадгалсан үйлдлийн гэм буруугийн шинжийг үгүйсгэхгүй гэж дүгнэв.   

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн, иргэний нэхэмжлэгч Б.Тэнгис “...амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, нийслэлийн төрийн сан, хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн 100200000906 дугаарын дансанд тушаалгах хүсэлтэй байна. Ингэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу эр баавгайд учирсан хохирол нь 13.000.000 төгрөг, эм баавгайд учирсан хохирол нь 15.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж мэдүүлжээ. /хх17, 166/,

9. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”,  37.3 дахь хэсэгт “... амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан ... этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна ...” гэж тус тус хуульчилсан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна тухайн ан амьтныг өсгөж, үржүүлж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ[1].

Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч нарын ховор амьтны түүхий эдийг хадгалсан үйлдэл нь хохирлыг хоёр дахин нөхөн төлүүлэх дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж үзлээ. Тодруулбал шүүгдэгч С.Г, Н.М нарын хадгалж байсан эр, эм баавгайн бодгальд /арьсанд/ агнагдсан шинж байдал тогтоогдоогүй /хх55-56/, мөн өөрт хадгалагдаж байсан түүхий эдийг худалдсан нөхцөл байдал нь нэгэнт үүссэн хор уршгийг нэмэгдүүлэхгүй буюу экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

10. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүрэн баавгайн нэг толгойд эр бодгаль 6.500.000 төгрөг, эм нь 7.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр буюу шүүгдэгч Н.Маас 7.500.000 төгрөг, шүүгдэгч С.Гээс 6.500.000 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн. 

11. Шүүгдэгч Н.М нь гэмт хэргийн хохирол нөхөн төлөх завсарлага авсан хугацаанд Төрийн сан 100900005407, БГД, ХУД, СХД ЭХАШШТГ барьцаа дансанд 7.500.000 төгрөгийг,

Мөн шүүгдэгч С.Г нь дээрх тоот дансанд 2.000.000 төгрөгийг тус тус хохирлын төлбөрт байршуулсан нь баримтаар тогтоогдож байна.

12. Иймд шүүгдэгч нарын дээрх шүүхийн дансанд байршуулсан хохирлын төлбөрийг хохирол төлсөнд тооцон зохих журмын дагуу Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тус шүүхийн тамгын газарт даалгаж, мөн шүүгдэгч С.Гээс үлдэх 4.500.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оргуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

13. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 5.400.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч С.Гийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол,  

Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгчийн хувьд 3 хүүхэдтэй, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж шийдвэрлүүлэх санал гаргажээ. 

14. Шүүгдэгч Н.М нь хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч буйг дурдаад, шүүгдэгч Н.М, С.Г нарын үйлдэлд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж дараах байдлаар ял оногдууллаа.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

17. Шүүгдэгч Н.Мын хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, шүүгдэгч С.Гийн хувийн байдлын хувьд бага насны хүүхдийн хамт амьдардаг ганц бие эцэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, тэдгээрийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

18. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Мт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Гт гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 150.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

21. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах газар хадгалагдаж буй 2 бодгаль “Хүрэн баавгай”-ын түүхий эд болох толгой, савартайгаа үргэлж 1 ширхэг арьс, толгой нь тусдаа 1 ширхэг арьсыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

22. Мөн шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан,

шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, С.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч С.Гт хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Н.Мт хүлээлгэсүгэй.

 

5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гээс 4.500.000 /дөрвөн сая, таван зуун мянга/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулсугай.

 

6. Төрийн сангийн 100900005407 дугаар, БГД, ХУД, СХД ЭХАШШТГ барьцаа дансанд гэмт хэргийн хохиролд шүүгдэгч Н.Маас байршуулсан 7.500.000 /долоон сая, таван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч С.Г нь мөн дансанд байршуулсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 150.000 /нэг тавин мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах газар хадгалагдаж буй 2 бодгаль “Хүрэн баавгай”-ын түүхий эд болох толгой, савартайгаа үргэлж 1 ширхэг арьс, толгой нь тусдаа 1 ширхэг арьсыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР

 

[1] Эрүүгийн 2008027721541 дугаартай хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 сарын 29 өдрийн №127 дугаар Улсын дээд шүүхийн тогтоол, Эрүүгийн танхим.