Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/873

 

 

 

 

 

­

 

 

   2022        09          09                                     2022/ШЦТ/873

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Г.О;

 

Шүүгдэгч: Ч.Б (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар:;

 

Шүүгдэгч регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, урьд:

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 256 цагийн ялыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ХМШЗ/1325 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаар сольсон,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 298 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа эдлээгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ зочид буудлаас хохирогч Х.Үын эзэмшилд байсан “Айфоне Икс” загварын гар утсыг авч, улмаар Х.Үын ХААН банкны интернэт банк руу нэвтэрч, түүний эзэмшлийн ХААН банкны ““ тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд нийт 2.968.400 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

мөн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “““” гэх хаягаар хохирогч М.Дтай холбогдон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ““ гадна уулзан ““Айфоне Икс” загварын гар утсыг нь худалдаж авна, мөнгийг нь шилжүүлчихсэн” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “Айфоне Икс” загварын гар утсыг залилан авч 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокуророос Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ү /хх-ийн 10-11, 13-14/, хохирогч М.Д /хх-ийн 61/, гэрч Б.Ч /хх-ийн 16-17/, гэрч Р.Ч /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-40/, ““ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 69-70/, Ч.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 86/, Ч.Бийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 103-108, 133-138/, Ч.Бийн урьд шийтгүүлсэн ял шийтгэлтэй холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-ийн 109-111/, Х.Үын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 112-113/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын тогтоол /хх-ийн 117-119/, Ч.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48-49, 77, 122/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн баримт, Ч.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ зочид буудлаас иргэн Х.Үын эзэмшлийн “Айфоне Икс” загварын гар утсыг авч, улмаар түүний ХААН банкны интернэт банк руу нэвтэрч ““ тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 05-07-ны өдрийн хооронд нийт 2.968.400 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “““” гэх фейсбүүк хаягаар иргэн М.Дтай холбогдон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ““ гадна уулзан ““Айфоне Икс” загварын гар утсыг нь худалдаж авна, мөнгийг нь шилжүүлчихсэн” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Айфоне Икс” загварын гар утсыг нь залилан авч 675.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Х.Үын /хх-ийн 10-11, 13-14/: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө найз Ч.Бийн хамтаар гадуур архи ууж шоудаж байгаад Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ““ зочид буудалд ороод хоносон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед намайг сэрэхэд манай найз Ч.Б байхгүй байсан. Тэгэхээр нь би утсаа аваад залгах гэхэд утас мөн байхгүй байсан. ...Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийнхөө интернэт банкаар нэвтрэн орж хийгдсэн гүйлгээг харахад миний данснаас 2022 оны 01 дүгээр сарын 05-07-н хүртэл нийт 2.968.400 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Ч.Б нь аав ““ ““ дугаарын данс руу эхлээд 1.000.000 төгрөг, дараа нь 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн байхаар нь цагдаад хандсан. Миний ХААН банкны интернэт банкны нууц кодыг өөр хүн мэдэхгүй. Харин Ч.Б нь тухайн интернэт банкны нууц кодыг сэргээж, тухайн гар утсанд байсан дугаараар мессежээр нэвтрэх код авч нууц пин код болон гүйлгээний нууц үгийг тус тус сольж ашигласан. Тухайн үед бид хоёр л буудалд орсон. Өөр хүн байгаагүй. Би алдсан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

Х.Үын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 112-113/,

 

гэрч Б.Чын /хх-ийн 16-17/: “...Миний ХААН банкны ““ тоот дансыг том хүүхэд болох Ч.Б нь ковидын хөл хорио тогтоосон үеэс болон 2020 оны 08 дугаар сараас эхлэн эзэмшиж, интернэт банкаар нь мөн нэвтрэн орж гүйлгээ хийдэг байсан. Миний хүү л тухайн дансыг эзэмшдэг ба өөр хүн тухайн дансыг ашигладаггүй. ...2022 оны 02 дугаар сарын сүүлээр тухайн дансны карт болон интернэт банкийг хаалгаж өөрийн биеэр банк дээр очиж сэргээлгэж тухайн өдрөөс хойш өөрөө ашиглаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 05-08-ны өдөр хүртэл миний данс болон карт, интернэт банк зэрэг нь бүгд манай хүү Ч.Бийн эзэмшилд байсан бөгөөд би хэдэн төгрөгийн орлого, зарлага гарсныг мэдэхгүй байна. Тухайн өдөр нь би хөдөө сүлжээгүй газар байсан ба манай хүүхдийн найз Үүрцайх нь над руу залгаад “танай хүү Ч.Б миний данснаас 2.000.000 төгрөг авчихлаа” гэж хэлэхээр нь би сүлжээтэй газар очиж утсанд ирсэн мессежийг харахад 2.000.000 төгрөг миний данс руу ороод шууд буцаагаад гарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48-49/: “...Би тухайн өдөр найз Үүрцайхыг согтуу байхад нь утасных нь кодыг заалгаж аваад унтаж байхад нь утсыг нь авч явсан. Улмаар утсан дээр нь байсан ХААН банкны интернэт банкаар нь орох гэхэд кодыг нь мэдэхгүй байсан. Тэгээд тухайн утсанд байсан дугаар руу ХААН банкнаас мессежээр код авч шинэ код үүсгээд интернэт банкаар нь нэвтрэн орж эхлээд 1.000.000 төгрөгийг аав Чинбатын данс руу шилжүүлсэн. Дараа өдөр нь 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа ашиглаж үрсэн. Тэгээд тухайн өдрөөс хойш найзтайгаа огт таараагүй, уулзаагүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Ды /хх-ийн 61/: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк дээр “утас авна” гэсэн зар дээр “Айфоне Икс” байна шүү гээд коммент бичсэн. Тэгсэн чинь “Бүрий Бүрий” гэсэн фейсбүүк хаягаас “авъя, 13 цагийн үед Идэр таурын урд уулзъя” гээд дуудсан. Ингээд яваад очтол 175-180 орчим өндөртэй махлагдуу залуу хүрч ирсэн бөгөөд миний утсыг үзэж байгаад сим картаа сэргээлгэнэ гээд CU орж сэргээлгээд миний утсанд сим картаа хийгээд интернэт банкаа оруулаад “за, мөнгө шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд цаашаа явсан бөгөөд над руу мөнгө шилжүүлээгүй залилаад зугтаачихсан...” гэх мэдүүлэг болон ““ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 69-70/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Ч.Бид холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч Х.Ү эд зүйлээ хулгайд алдаж хохирсноо, хохирогч М.Д шүүгдэгчийн “мөнгө шилжүүлсэн” гэх үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч нь Х.Үын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаа, мөн М.Дд худал хэлж “Айфоне Икс” загварын гар утсыг нь авснаа өөрөө мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлан болон дансны хуулгаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ч.Б нь Х.Үын эд хөрөнгийг хулгайлсан, М.Ды эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч буй Ч.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Ч.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдал нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай байх тул үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэж,  мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

                Шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан дээрх хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Б нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 298 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй, мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор буюу эдлээгүй үлдсэн 298 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 37 хоногийн хорих ял, эдлээгүй үлдсэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 40 хоногийн хорих ялуудыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн  шүүгдэгч Ч.Бийн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 1 (нэг) сар 77 (далан долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирогч Х.Үын 2.968.400 төгрөгийн, хохирогч М.Ды 660.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 70 хоног цагдан хоригдсон, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

 мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бид энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 298 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 37 хоногийн хорих ял,

мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 40 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн  шүүгдэгч Ч.Бийн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 1 (нэг) сар 77 (далан долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийн энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ