Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/894

 

 

 

 

 

­

 

 

     2022      09          15                                     2022/ШЦТ/894

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 09 дугаар сарын 15-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч:  А.А;

 

Шүүгдэгч: О.И;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.М;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

 

Хэргийн дугаар:;

 

Шүүгдэгч О.И регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1,  , урьд:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,  

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.   

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

О.И нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын хуучин эцсийн автобусны буудлаас иргэн Ц.Б-гийн эзэмшлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Ц.Б-д 674.600 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны замын урд талын “CU” сүлжээ дэлгүүрийн орчимд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэн Л.С-лын өмчлөлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Л.С-д 475.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын нийт 1.149.600 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокуророос О.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.И мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 7-9/, хяналтын камерийн бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 12-13/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/, насанд хүрээгүй хохирогч Л.С-лын мэдүүлэг /хх-ийн 117, 121-122/, ““ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27, 159-164/, О.Иын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33, 146-147/, О.Иын өмнө ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 36-43, 92/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 176-177/, О.Иын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 79-80, 107-108/, эд зүйлийг хураан авч, хохирогч Л.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 152-155/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.И нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр иргэн Ц.Б-гийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны замын урд талын “CU” сүлжээ дэлгүүрийн орчимд иргэн Л.С-лын “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ц.Б-гийн /хх-ийн 7-9/: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд бага охин Б.Отгонжаргалыг хичээлд нь явуулахаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр зогсож байсан. 149 дүгээр сургуулийн автобус ирэхээр нь хүмүүстэй цуг автобусны урд талын хаалга чиглэн алхаад очоод хаалга хэсэгт хүмүүстэй зогсож байгаад охиноо автобусны хаалганы шат руу гаргаж өгчихөөд өөрийн халаасыг шалгаж үзэхэд гар утас маань байгаагүй. Тэгээд ойр орчимд зогсож байсан хүмүүст “утас алга болчихлоо” гэхэд автобусны буудал дээр зогсож байсан хүүхдүүд бараан өнгийн савхин хүрэмтэй, хар саравчтай малгайтай, юүдэнтэй цамцтай, ногоон эрээн өнгийн өмдтэй залуу руу заагаад “энэ хүн гар утсыг чинь аваад явсан” гэж хэлсэн.Тэгээд би тухайн бараан өнгийн хувцастай залуу дээр очоод “гар утас өгөөдөх, чамайг авсан гэж байна” гэхэд тэр залуу нэлээн сандарчихсан “та миний утсаар ярих уу” гэж хэлсэн. ...өөрийн гар утсыг 2021 оны 10 дугаар сард Мобикомоос хайрцаг савтай нь 1.000.000 төгрөгөөр лизингээр авсан...”  гэх мэдүүлгээр,

 

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх-ийн 12-13/,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээр /хх-ийн 14-17/,

 

““ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 26-27/,

 

насанд хүрээгүй хохирогч Л.С-лын /хх-ийн 16/:  “...би “Айфоне 8 плас” загварын цагаан өнгийн, өнгөгүй гэртэй 64 гб-ийн багтаамжтай гар утсаа алдсан.  ...Миний гар утсанд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Дэлгэц нь пин кодтой байсан. Би алдсан гар утсаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Теди” худалдааны төвөөс 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...би гар утсаа гэрээсээ гарч явж байгаад “CU” дэлгүүр орохын өмнө гаргаж цаг харчихаад буцаж халаасандаа хийсэн байсан. ...Би гар утсаа бүрэн хүлээж авсан. Тэр хулгайлсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

““ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 159-164/,

 

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 152-155/,

 

О.Иын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 79-80, 107-108/: “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

О.Ит холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэдийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг өөрөө мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, О.И нь Ц.Б, Л.С нарын эд хөрөнгийг хулгайлсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй О.Иын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан зарим хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдал нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай байх тул үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Иыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 11 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

О.Иын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Л.С-лын 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг биет байдлаар буцаан өгсөн тэмдэглэл хавтаст хэргийн 152-155 талд авагдсан байх тул шүүгдэгч нь хохирогч Л.С-д төлөх төлбөргүй болно.

 

Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон нөхөн төлөгдөөгүй хохирол, төлбөр болох 674.600 төгрөгийг шүүгдэгч О.Иаас гаргуулж хохирогч Ц.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Иын энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Иыг 11 (арван нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ит оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Иын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Иаас 674.600 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгож, шүүгдэгч нь хохирогч Л.С-д төлөх төлбөргүйг  дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Ит урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ит авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ