Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/503

 

 

 

 

 

    2022        05         11                                    2022/ШЦТ/503

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр;

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: Ц.Г;

Шүүгдэгч: Г.Э (өөрийгөө өмгөөлж);

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

Шүүгдэгч Наран овогт Г.Э:  Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр:

2021 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “аяга тавгийн ком зарна” гэсэн хуурамч зар оруулж зарын дагуу холбогдсон иргэн Х.Т-г “захиалгын мөнгөө шилжүүл” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 110.000 төгрөгийг “ХААН” банкны дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “аяга тавгийн ком зарна” гэсэн хуурамч зар оруулж зарын дагуу холбогдсон иргэн Т.С-аг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан хуурч “ХААН” банкны дансыг ашиглан 49.000 төгрөг шилжүүлэн авсан,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “аяга тавгийн ком зарна” гэсэн хуурамч зар оруулан улмаар зарын дагуу холбогдсон иргэн О.Г-г “урьдчилгаа захиалгын мөнгөө шилжүүл” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “ХААН” банкны дансаар 70.000 төгрөг шилжүүлэн авсан,

2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “аяга тавгийн ком зарна” гэх хуурамч зар оруулж зарын дагуу холбогдсон иргэн Х.А-с “захиалгын мөнгөө шилжүүл” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч “ХААН” банкны дансаар 77.500 төгрөг шилжүүлэн авсан,

2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр фейсбүүк буюу цахим орчинд хуурамч зар оруулж зарын дагуу холбогдсон иргэн Д.М-с “захиалгын мөнгөө шилжүүл” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 233.000 төгрөгийг “ХААН” банкны дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “аяга тавгийн ком зарна” гэх хуурамч зар оруулж зарын дагуу холбогдсон иргэн Д.Ш-аас “захиалгын мөнгөө шилжүүл” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 75.000 төгрөгийг “ХААН” банкны дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “аяга тавгийн ком зарна” гэсэн хуурамч зар оруулан улмаар зарын дагуу холбогдсон иргэн Д.Н-йг “урьдчилгаа захиалгын мөнгөө шилжүүл” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 20.000 төгрөгийг “ХААН” банкны дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “аяга тавгийн ком зарна” гэсэн хуурамч зар оруулан улмаар зарын дагуу холбогдсон иргэн О.Б-д “урьдчилгаа захиалгын мөнгөө шилжүүл” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 45.000 төгрөг, 2 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 20.000 төгрөгийг “ХААН” банкны дансаар нийт 65.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “Шинэ жилийн цамцнууд зарна” гэсэн хуурамч зар байршуулж, улмаар тус зарын дагуу холбогдсон иргэн Т.Н-аг “захиалсан бараануудынхаа төлбөрийг шилжүүл, бараануудыг захиалгын дагуу хүргүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хоёр удаагийн үйлдлээр буюу 2021 оны 12 дугаар сарын 14- ний өдөр 336.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 56.000 төгрөг, нийт 392.000 төгрөгийг “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч нийт 9 хүнд 1.091.500 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “Би 2020 оноос хойш “““ нэртэй онлайн дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Ковид-19 халдвар дотоодод тархаж, хил гааль хаагдсаны улмаас дэлгүүрийн үйл ажиллагаа тасалдсан. 2021 оны 12 сараас хил гааль хэвийн ажиллаж эхлэх үед би шинэ жилийн барааны захиалга авч эхэлсэн байх үед Хятадын талаас бараа удаж ирэх болсон талаар надад хариу өгсөн. Би хүмүүсийн захиалгын мөнгийг буцааж өгөх талаар бодсон боловч захиалгын хугацаа нь болоогүй учир бөөний бараа буюу аяга таваг захиалж, түүнийгээ зарж хүмүүсийн мөнгийг өөр зүйлд ашигласан. Дээрх аяга тавагны ком нь захиалга сайн байсан учир нэмж 7-8 хүнээс захиалга авсан. Хохирогч гэх 9 хүний 2 нь надаас цамц захиалсан, 7 хүн нь аяганы ком захиалсан. Хохирогч нарын хохирол 1.100.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Хохирол төлбөрийг хөдөөнөөс ирээд ажил хөдөлмөр эрхэлж, буцаан төлж барагдуулах бодолтой байсан боловч хохирогч нар гомдол мэдээлэл гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байсан. Миний бие хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Т /1хх-ийн 10-11/, хохирогч Т.С /1хх-ийн 54-55/, хохирогч О.Г /1хх-ийн 70-71/, хохирогч Х.А /1хх-ийн 85/, хохирогч Д.М /1хх-ийн 102/, хохирогч Д.Ш /1хх-ийн 128/, хохирогч Д.Н /1хх-ийн 147-148/, хохирогч О.Б /1хх-ийн 178-179/, хохирогч М.Н /1хх-ийн 227-228/ нарын мэдүүлэг, Х.Тийн дансны хуулга /1хх-ийн 30/, О.Бгийн дансны хуулга /1хх-ийн 171-172/, Д.Н-ийн дансны хуулга /1хх-ийн 149/, Д.Шын дансны хуулга /1хх-ийн 133-134/, О.Г-гийн дансны хуулга /1хх-ийн 73/, Т.Сн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 56/, Х.А дансны хуулга /1хх-ийн 90/, Д.Мийн дансны хуулга /1хх-ийн 106-116/, Т.Н-агийн дансны хуулга /1хх-ийн 214-215/, Г.Э-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 34-39, 231-236, 2хх-ийн 20/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 237-238/, Г.Э-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 183, 187-189, 2хх-ийн 18/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоогд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 22-25/, Г.Э-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 43-44, 60, 77, 94, 119, 138, 156, 175, 2хх-ийн 3-4, 28-29/ болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Э-гаас шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийгмийн цахим сүлжээ буюу фейсбүүкт “аяга тавагны ком, шинэ жилийн цамц зарна” гэх зэрэг хуурамч зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон Х.Т, Т.С, О.Г, Х.А, Д.М, Д.Ш, Д.Н, О.Б, Т.Нарантуяа нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь залилан мэхэлж авч бусдад 1.091.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Д.Мийн /1хх-ийн 102/: “...Би гэртээ байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүкийн зарын дагуу ... гэх фейсбүүк хаягтай хүнтэй чаталж “1 сарын дотор захиалсан бараа ирнэ” гэхээр нь захиалгаар 100 ширхэг оймс 1 худалдаж авахаар болж өөрийн данснаас 75.000 төгрөгийг “...” гэсэн утгатайгаар ... гэдэг хүний ХААН банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 11 дахиад ... гэх фейсбүүк хаягтай хүнтэй чаталж 6 ширхэг ноосон цамц худалдаж авахаар өөрийн данснаас 63.000 төгрөгийг “tsamts вово1810” гэсэн утгатайгаар ... гэдэг хуний ХААН банкны данс руу шилжүүлчихээд байж байтал 2021 оны 12 дугаар сарын 01-ний ... гэх фейсбүүк хаягтай хүн “маск зарна” гэж зар оруулахаар нь дахин тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чаталж 10 боодол маск 35.000 төгрөгөөр, 10 ширхэг ноосон цамц 60.000 төгрөгөөр захиалахаар болж өөрийн Хас банкны данснаас 95.000 төгрөгийг “mask tsamts ...” ... гэдэг хүний ХААН банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь тухайн фейсбүүк хаягаас бараагаа асуухад “бараа хилээр ороод ирсэн тань руу эргээд холбоо барина” гэх мэтээр шалтаг тоочиж байгаад сүүлдээ намайг бараагаа асуухад хариу өгөхгүй алга болсон...” гэх мэдүүлгээр,

Д.Мийн депозит дансын дэлгэрэнгүй хуулгаар /1хх-ийн 106-116/,

хохирогч Т.Н-агийн /1хх-ийн 227-228/: “...би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байхдаа фейсбүүкийн ... нэртэй цахим хаягнаас хувцас зарна  гэсэн зар оруулсан байхыг хараад уг хаягтай холбогдож онлайнаар шинэ жилийн цамцнууд захиалахаар болсон. Тэгээд тухайн хаягтай хүнээс 30 ширхэг цамц худалдан авахаар тохироод 336.000 төгрөгийг түүний над руу явуулсан данс руу өөрийн данснаас шилжүүлсэн. Маргааш нь дахин ...5 ширхэг цамц нэмж авахаар болоод өөрийн данснаас 56.000 төгрөгийг гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлснээс хойш миний захисан бараанууд ирэхгүй байхаар нь утас руу холбогдож ...асуутал “хил хаалттай, карго орж ирэхгүй байна” гэж хэлсэн. ...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... нэртэй цахим хаягаар холбогдож “захиалсан бараа ирэхгүй бол өөр бараа авъя” гэхэд миний чатыг харчихаад хариу бичилгүй, миний хаягийг блок хийсэн. Үүнээс хойш уг хаягтай хүнтэй холбогдож чадаагүй ба залилуулсан гэдгээ мэдээд цагдаад өргөдөл гаргасан...”  гэх мэдүүлгээр,

Т.Н-агийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-ийн 214-215/,

хохирогч Х.Тийн /1хх-ийн 10-11/: “...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны 12 давхарт байрлах Монгол Улсын Хөгжлийн банкин дээр ажил дээрээ байж байгаад ... гэх хаягнаас ... гэх хүнтэй чат бичээд аяга тавагны ком авахаар болоод төлбөр 110.000 төгрөгийг Энхтуяа Ганзориг гэх данс руу өөрийн Төрийн банкны данснаас шилжүүлсэн. Тэгээд бараагаа авах гээд чат бичтэл намайг блок хийгээд холбоо барихаа больсон...” гэх мэдүүлгээр,

 

Х.Тийн дансны хуулгаар /1хх-ийн 30/,

 

хохирогч Д.Шын /1хх-ийн 128/: “...Би гэртээ байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүк дээрээс ... гэх фейсбүүк хаягтай хүн “12 жилтэй шилэн хундаганы комны захиалга авч байна, 20 хоноод ирнэ 35.000 төгрөг болно” гэх утгатай зар оруулсан байхаар нь өөрийн Шифржаргал Доржмаа гэх фейсбүүк хаягаас тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чатлаж тухайн хундаганы комыг захиалахаар болж ... эзэмшигчтэй ХААН банкны данс руу өөрийн ХААН банкны данснаас 35.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахиад 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр аяганы ком захиалж ... эзэмшигчтэй ХААН банкны данс руу өөрийн ХААН банкны данснаас 40.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь тухайн хүн рүү бараагаа асууж чат бичихэд “бараа чинь ирээгүй байна” гээд шалтаг хэлээд хойшлуулаад байсан. Би тухайн фейсбүүк хаягтай хүнээс өмнө нь бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

Д.Шын дансны хуулгаар /1хх-ийн 133-134/,

 

хохирогч Т.С-агийн /1хх-ийн 54-55/: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүкээс зар харж байгаад “...” гэх хаягтай хүнтэй холбогдоод аяга тавагны ком захиалсан. Тэрээр надад “ХААН” банкны дансыг өгснөөр би өөрийн эзэмшлийн “ХААН” банкин дахь данснаас 49.000 төгрөг шилжүүлсэн. ...Дараа нь над руу “бараа ирсэн, каргоны мөнгө 15.000 төгрөг болсон тул шилжүүлнэ үү” гэхэд нь би “бараагаа авч байж шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд миний барааг болон мөнгийг өгөөгүй...” гэх мэдүүлгээр,

 

Т.С-агийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-ийн 56/,

 

Хохирогч Д.Н-ийн /1хх-ийн 147-148/: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк зар харж байгаад ... гэх хаягтай аяга тавагны ком худалдаж авахаар чат бичээд дансыг нь аваад урьдчилгаа мөнгө 20.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бараагаа авах гэтэл “бараа буугаагүй байгаа, цагаан сарын дараа ирэхээр нь хэлнэ” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш бараа ирээгүй, мөнгө буцааж өгөхгүй байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Д.Н-ийн дансны хуулгаар /1хх-ийн 149/,

 

Хохирогч О.Бгийн /1хх-ийн 178/: “...би фейсбүүк хаягнаасаа ... гэх хаягтай холбогдож байгаад аяга тавагны ком худалдаж авахаар тохироод 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн данснаас ... гэх нэртэй данс руу 45.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь каргоны мөнгө 20.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 65.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Н-ийн дансны хуулгаар /1хх-ийн 171-172/,

 

хохирогч О.Г-гийн /1хх-ийн 70-71/: “Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр фейсбүүк зар харж байгаад “...” гэх хаягтай аяга тавагны ком худалдаж авахаар чат бичээд дансыг нь аваад урьдчилгаа мөнгө 70.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бараагаа авах гэтэл “бараа буугаагүй байгаа ирэхээр нь хэлнэ” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш бараа ирээгүй мөнгө буцааж өгөхгүй байгаа...” гэх мэдүүлгээр,

 

О.Г-гийн дансны хуулгаар /1хх-ийн 73/,

 

хохирогч Х.Аын /1хх-ийн 85/: “...Би гэртээ байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр фейсбүүкийн Ховд аймгийн нэгдсэн групп дээр ... гэх фейсбүүк хаягтай хүн “аяга тавганы ком зарна, 84.500 төгрөгөөс 52.500 төгрөг болж хямдарсан байна” гэх утгатай зар оруулсан байхаар нь би өөрийн Х.А гэх фейсбүүк хаягаас тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чаталж 2 ширхэг ягаан өнгийн дотроо 82 ширхэгтэй ком захиалахаар болоод тухайн хүн мөнгөө хийчихээд утас руу залгаж хэлээрэй гэсэн. Тэгэхээр би эхлээд эгч ... /Ховд аймагт гэртээ байгаа тухайн үед эмнэлэгт үзүүлэхээр ирсэн байсан гэх/ ХААН банкны дансны картыг ашиглаж гэрийн гаднах ХААН банкны АТМ-ээс ... эзэмшигчтэй ХААН банкны данс руу 52.500 төгрөг шилжүүлсэн. Дараа нь нөхөр Кеншиликийн ХААН банкны данснаас мобайл банкаар ... эзэмшигчтэй ХААН банкны данс руу 25.000 

төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд тухайн дугаар руу залгахад миний гар утсыг авахгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

         Х.Аын дансны хуулгаар /1хх-ийн 90/,

                  

         Г.Э-гийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 28-29/: “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... “аяганы ком зарна” гэж хэлж 110.000 төгрөгийг дансаараа авсан, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн ашигладаг фейсбүүк хаягт “аяга тавагны ком зарна” гэж С-с 49.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Х.Аээс 77.500 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр М-с цамцны захилга авах нэрийдлээр 233.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ш-с 75.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сраын 09-ний өдөр Н.-с 20.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б-с 65.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шинэ жилийн цамцнууд зарна гэж зарыг оруулж Н-с 392.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр фейсбүүст “аяга тавагны ком зарна” гэх зарыг оруулж Г-аас 70.000 төгрөгийг тус тус өөрийн ХААН банкны дансаар авсан... “ гэх мэдүүлэг болон Г.Э-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 34-39, 231-236, 2хх-ийн 20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь нийгмийн цахим сүлжээ буюу фейсбүүкт “аяга тавагны ком, шинэ жилийн цамц зарна” гэх хуурамч зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэдийн эд хөрөнгийг нь шилжүүлж авснаа, хохирогч нар нь шүүгдэгчийн “аяга тавагны ком, шинэ жилийн цамц зарна” гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогч нарын мөнгө шилжүүлсэн баримтаар хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Г.Э нь хуурч мэхлэх аргаар нэр бүхий 9 иргэдийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

            Г.Э-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

       

         Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй Г.Э-гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох нийт 1.091.500 төгрөг буюу хохирогч Х.Тийн 110.000 төгрөгийн, хохирогч Т.С-агийн 49.000 төгрөгийн, хохирогч О.Г-гийн 70.000 төгрөгийн, хохирогч Х.Аийн 77.500 төгрөгийн, хохирогч Д.Мийн 233.000 төгрөгийн, хохирогч Д.Шын 75.000 төгрөгийн, хохирогч Д.Н-ийн 20.000 төгрөгийн, хохирогч О.Бгийн 65.000 төгрөгийн, хохирогч Т.Н-агийн 392.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Э нь нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

       1. Шүүгдэгч Наран овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Г.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ