Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1127

 

 

 

 

 

 

 

 

      2022          9            14                                      2022/ШЦТ/1127

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Төд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02125 1235 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 25 настай, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, гагнуурчин ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдийн хамт, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үлдэгдэл 1 жил 6 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоног дээр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож, 30 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 1 жил 7 сар 29 хоногоор тогтоож, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5 сар 18 хоногийн хорих ялыг эдлэх хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Чикен Хаус” нэрэй газрын 3 давхарт хохирогч Д.Гыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 972 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ө.Т.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Чикен Хаус” нэрэй газрын 3 давхарт хохирогч Д.Гыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч Д.Гын “...2022 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө өөрийн найз Мөнхжаргалын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Чикен хаусын 3 давхрын бааранд орсон. Тэгээд ороод бүжиглэж байгаад манай найз нэг үл таних залуутай маргалдсан. Эхлээд би салгасан. Буцаад бүжгийн талбайд гартал манай найзтай маргалдсан залуу миний хамарт 1 удаа цохисон. Тэгээд улмаар цагдаа дуудаж тэр залууг эрүүлжүүлсэн. Манай найзтай муудалцаж байхад нь би салгасанд уурлаж намайг цохисон гэж бодож байна. Эрүүл мэндийн сан болон Нийгмийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй. Толгойн зураг авхуулсан 140.000 төгрөгийн баримт байгаа. Хамрын хугарал болон сорвио эмчлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх10, 12/,

            - гэрч Д.Мын “...бүжиглэж байтал гаднаас архи уусан бололтой 25-30 орчим насны шар царайтай залуу орж ирээд надтай мөрлөлцөж маргалдсан. Маргалдаад байж байтал Гүрбазар салгаад холдуулсан бөгөөд буцаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал надтай анх муудалцсан залуу манай найзын нүүрэнд нэг удаа цохиж гэмтээсэн. Надтай маргалдахад манай найз Гүрбазар салгасан. Тэрнээс болж уурлаад цохисон байх...” гэсэн мэдүүлэг /хх15/,

шүүгдэгч Ө.Тийн яллагдагчаар өгсөн “...маргах зүйлгүй. Тухайн үед эхнэрээ хардан ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Хохирогч баримттай хохирол шаардвал би барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх29/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8798 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “Д.Гын биед хамарт зулгарал, зөөлөн эдийн гэмтэл, баруун доод зовхинд зулгарал тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх20/

            4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

            7. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байх бөгөөд хохирогч нь толгойн дүрс оношилгоо хийлгэсэн 140.000 төгрөгийн баримтыг хэрэгт гаргажээ. Иймд Ө.Төөс 140.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Гт олгохоор шийдвэрлэж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болно.

8. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

9. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ө.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

11. Шүүгдэгч Ө.Төд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

13. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Ө.Т нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тийг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая төгрөг/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  5 /тав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Төөс 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Гт олгосугай.

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР