Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/1126/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1222 |
Огноо | 2022-09-14 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1222
2022 9 14 2022/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Н.Улсболд,
шүүгдэгч П.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Пд холбогдох эрүүгийн 2208 02046 1311 дугаартай хэргийг 2022 оны 08 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, Төв аймгийн Заамар суманд уул уурхайн операторын ажил эрхэлдэг, ам бүл 4, эх, 3 хүүхдийн хамт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.П 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Колл центр" нэртэй гар утас худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг CU түргэн хоолны газарт "утсаар чинь ярьчхаад өгье" гэж П.Кг хуурч, улмаар түүний эзэмшлийн Самсунг А20 загварын гар утсыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 954 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч П.П.
1. Шүүгдэгч П.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч нь хохирогч П.Кгийн гар утсыг түр хэрэглээд өгье гэж авсан, улмаар гар утсыг нь буцааж өгөлгүйгээр авсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч П.Кгийн “...2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад би ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах CU түргэн хоолны газарт ажлаа хийгээд байж байтал гаднаас үл таних хүн орж ирээд “ах нь гар утсаа хаячихлаа, мөнгө шилжүүлж авах гэсэн юм, гар утсаараа нэг яриулаач” гэхээр нь би өөрийн гар утсаараа яриулахаар өгсөн. Тэгээд лангууны хажууд гар утсаар ярьж байхаар нь би хүмүүст үйлчлээд кассанд зогсож байтал тухайн хүн миний гар утсыг аваад цаашаа заал руу орж суухаар нь гар утсаар ярьж дуусчхаад өгөх байх гэж бодоод хүмүүст үйлчилж дуусчхаад заал руу очоод хартал миний гар утсыг гуйж ярьсан хүн байхгүй болчихсон байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...2020 онд Тэди худалдааны төвөөс 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. ...30-35 орчим насны, 160-165 см орчим өндөртэй, сахалтай, бор царайтай, ногоон эрээн өнгийн куртиктай, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн үл таних эрэгтэй байсан, хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 25, 28/,
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1055 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: гар утсыг 315.000 төгрөгөөр үнэлжээ. /хх 34/,
- 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх6/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх9-13/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх17-20/, П.Пгийн яллагдагчаар өгсөн “...би орой 22 цаг болж байхад “Колл центр” гар утас худалдааны төвд байрлах CU түргэн хоолны газар ороод худалдагч охины гар утсыг аваад ээж Ш.Золзаяагийн 99412411 дугаар луу залгаад яриад мөнгө асуухад ээж түр хүлээж бай гэхээр нь би утсыг нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх замаар эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан байх шинжтэй байдаг. Шүүгдэгчийн хохирогчийн гар утсыг авч ашиглаж байгаад буцаан өгөхгүй байх, өөрийн эзэмшилд бүр мөсөн үлдээх зорилгоор авч явсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэнийг хүлээн авч шийдвэрлэв.
4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн шүүгдэгч П.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хуурч эд зүйлийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
5. Хохирогч П.К нь 320.000 төгрөгийг хохирол авсан /хх59/, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
6. Улсын яллагчаас шүүгдэгч П.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
7. Шүүгдэгч П.П нь хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.
9. Шүүгдэгч П.Пгийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад учруулсан хохирлын хэмжээ, хөдөө орон нутагт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Пүрэвбазарын Пүрэвцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пд 600 нэгж буюу 600.000 /зургаа зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР