Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00220

 

 

Л.Оюунбэлэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01667 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1573 дугаар магадлалтай,

Л.Оюунбэлэгийн нэхэмжлэлтэй,

Ц.Лхагвасүрэнд холбогдох,

3.570.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Оюунбэлэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Ц.Лхагвасүрэнтэй 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түүний өмчлөлийн ХУД, 15 дугаар хороо, Рапид харш, 24 байр, 163 тоот, 2 өрөө байрыг 1 жилийн хугацаатай сарын 700.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож тэр өдөртөө түүний өөрийнх нь Хаан банкны 5026706180 тоот дансанд 8.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрөө уг байрыг Д.Энхтуяагаас зээлсэн 30.000.000 төгрөгөнд оруулан түүнийг суулгасан бөгөөд Ц.Лхагвасүрэн нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө тэднийхийг хөөж гаргасан байсан бөгөөд уг суугаагүй үлдэгдэл 5 сарын мөнгө буюу 3.500.000, түүнийг эрэн сурвалжлуулах шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.төгрөг, нийт 3 570 200 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Лхагвасүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Л.Оюунбэлэгт 24 байр 163 тоот байрыг түрээсэлсэн. Энэ хүн 3 сарын төлбөрөө өгсөн. 8 дугаар сарын 25-ны өдөр түрээсээ сунгах уу гэхэд сунгана гээд миний данс руу 1 жилийн төлбөр болох 8.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ хүнд байраа түрээсэлсэн. Энэ хугацаанд Д.Энхтуяа гэж хүн утасдаад би 30.000.000 төгрөгөө Л.Оюунбэлэгт өгөөд залилуулаа гэсэн. Л.Оюунбэлэг нь Ц.Лхагвасүрэн бол миний дүү Солонгост амьдардаг гээд 30.000.000 төгрөг зээлээд хүүнд нь миний байранд оруулаад орхиод явсан байсан. Д.Энхтуяа бид 2 Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Энэ хүн миний итгэлийг эвдсэн давхар түрээсэлж хүнийг залилан мэхэлсэн. Эрүүгийн хэргийн 148 дүгаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүссэн. Д.Энхтуяа нь Ц.Лхагвасүрэн ямар ч дарамт үзүүлээгүй би өөрөө нөхөртэйгээ хэрэлдээд гараад явсан гэдэг би өөрийн дугаар дээр 2000 оноос хойш өнөөг хүртэл байгаа. Миний гэрийн хаяг Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн гомдол дээр байгаа. Энэ хүн итгэл эвдэн хүний байрыг залилан мэхлэх байдлаар хаяж явсан. Л.Оюунбэлэг намайг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Цагдаа шүүхийг ингэж төөрөгдүүлж байгаад гомдолтой байна. Би эрүүгийн хэрэгт хохирогч байсан. 5 жилийн дараа ийм мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01667 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Ц.Лхагвасүрэнгээс 3.570.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Оюунбэлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Оюунбэлэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.073 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1573 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.073 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Энхээгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх ...гэрээний хугацаанд өөрөө амьдран сууж, эзэмшиж ашиглаагүйд хариуцагч Ц.Лхагвасүрэнг буруутгах үндэслэл тогтоогдохгүйн зэрэгцээ тухайн орон сууцыг Л.Оюунбэлэгээс дамжуулан хөлсөлж суусан Д.Энхтуяа гэгчийг хариуцагч хөөн гаргасан, улмаар орон сууцыг хөлслүүлэх төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл болсон гэж үзэж байна. Учир нь Л.Оюунбэлэг Ц.Лхагвасүрэнтэй амаар хэлцэл хийж зөвшөөрсөний улмаас 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцон төлбөр болох 8.400.000 төгрөгийг түүний Хаан банкны 5026706180 тоот дансруу шилжүүлсэн нь баримтаар нотлогддог. Гэтэл Ц.Лхагвасүрэн нь Л.Оюунбэлэгтэй биечлэн уулзахгүйгээр Д.Энхтуяаг удаа дараа дарамтлан эцэст нь гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө хөөн гаргаж н.Батсүх гэдэг айлд Л.Оюунбэлэгийн 8 нэр төрлийн 5.555.000 төгрөгийн үнэтэй тавилгыг буцаан өгөлгүй давхар түрээслэн ашиг олсон байдаг. Мөн Д.Энхтуяа Л.Оюунбэлэг 2-ын хоорондох өр зээлийн асуудал Ц.Лхагвасүрэнд огт хамааралгүй байхад дундуур нь хутган үймүүлж Д.Энхтуяаг хөөж гаргаснаа цайруулж түүнд туслах нэрийдлээр ятган сэнхрүүлж цагдаад зориуд өргөдөл өгүүлснийг Д.Энхтуяа нотолдог ба дундаас нь 5 сарын төлбөр 3.500.000 төгрөгийг завшсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа. Тухайн асуудлыг цаг тухайд нь шүүхэд хандах гэтэл Ц.Лхагвасүрэн утсаа авахгүй, уулзах гэхээр татгалздаг, гэр орноо зааж өгөхгүй байсан ба нөгөө түрээслэж байсан байраа удалгүй зарсан зэргээс болж арга буюу шүүхэд хандаж эрэн сурвалжлуулахад хүрсэн юм. Иймд Ц.Лхагвасүрэнгээс суугаагүй байрны 5 сарын төлбөр 3.500.000 төгрөг, эрэн сурвалжлуулсан 72.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Оюунбэлэг, Ц.Лхагвасүрэнд холбогдуулан 3.570.200 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ ...орон сууц хөлсөлж төлбөрт 8.400.000 төгрөг төлсөн, ...Д.Энхтуяагаас мөнгө зээлж, зээлийн хүүд орон сууцыг дамжуулан хөлсөлсөн, ...гэрээний хугацаа дуусахаас өмнө Д.Энхтуяаг хариуцагч гаргасан тул ашиглаагүй 5 сарын хөлс 3.500.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулна гэж тайлбарласан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, ...зөвшөөрөлгүйгээр дамжуулан хөлсөлсөн, Д.Энхтуяа өөрөө гарсан, ...гэрээний хугацаанд орон сууцыг ашиглаагүйд буруугүй... гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн татгалзалд дурдсан маргааны хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

1. Зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэргийн баримтаас үзвэл, Ц.Лхагвасүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Рапид харш, 24 байр, 163 тоот, 2 өрөө орон сууцыг Л.Оюунбэлэг 1 жилийн хугацаатай хөлсөлж сар бүр 700.000 төгрөг төлөхөөр зохигч харилцан тохирч 2013.09.04-ний өдөр амаар гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна.

Иймд зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Ц.Лхагвасүрэн орон сууцыг шилжүүлэх, Л.Оюунбэлэг хөлс төлөх үүргээ харилцан биелүүлжээ.

2. Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч, орон сууц хөлслөх гэрээг хариуцагч хугацаанаас өмнө цуцалснаас тэрээр ашиглаагүй 5 сарын хөлсөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн байна.

Зохигч гэрээг 2013.09.04-с 2014.09.04-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хөлслөгч Л.Оюунбэлэг орон сууцыг өөрөө эзэмшээгүй, Д.Энхтуяад дамжуулан хөлсөлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр хөлслөн авсан эд хөрөнгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслөх эрхтэйг Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1-д заасан ба Л.Оюунбэлэг орон сууцыг Д.Энхтуяад дамжуулан хөлсөлснөө Ц.Лхагвасүрэнд мэдэгдээгүй, түүнээс зөвшөөрөл аваагүй болохыг зохигч маргаагүй юм.

Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.2, 305.3 дах зохицуулалтын агуулгаас үзэхэд хөлслөгч орон сууцыг бусдад дамжуулан хөлслөх тохиолдолд хөлслүүлэгч нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол татгалзах эрхгүй байна.

Орон сууцыг Д.Энхтуяад дамжуулан хөлсөлснийг Ц.Лхагвасүрэн хожим мэдсэн боловч тэрээр дамжуулан хөлслөхөөс татгалзсан, үүний улмаас Д.Энхтуяа 2014.04.01-ний өдөр орон сууцнаас гарсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, энэ тухай шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нөгөө талаар дамжуулан хөлслөгч орон сууцнаас гарсан нь Л.Оюунбэлэг, Ц.Лхагвасүрэн нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний эрх, үүргээ хэн аль нь хэрэгжүүлэхэд саад болохгүй атал Л.Оюунбэлэг өөрөө орон сууцыг эзэмшээгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцлах шаардлагыг Ц.Лхагвасүрэнд хандаж гаргаагүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах нэг нөхцөл нь зохигчийн хооронд үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон тохиолдол бөгөөд ийм нөхцөл тогтоогдоогүй болно.

Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй болохыг Иргэний хуулийн 292 дугаар зүйлийг 292.4-т заасан тул 5 сарын хөлсөнд төлсөн 3.500.000 төгрөг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэв.

Түүнчлэн хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахаар шүүхэд хандахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шаардах эрх үүсээгүй, тухайлбал, нэхэмжлэгчид хохирол учрахад хариуцагчийн гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдоогүй тухай шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

3. Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01667 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1573 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Л.Оюунбэлэг нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 72.073 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                    Х.СОНИНБАЯР

                                       Д.ЦОЛМОН