Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 141

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Н.С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

хохирогчийн төлөөлөгч Н.С  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Н.С д холбогдох эрүүгийн 201625031080 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 01ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.... овгийн Н.С д, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр ... төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...... хамт, ... дүүргийн ….. дүгээр хороо, ….. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар …..

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.С  нь 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, ..... дүгээр сургуулийн байранд явагдсан 2016 оны 1 дүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас бие засаад ирье гэж гарч яваад зугтсан буюу оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би цэргийн байрнаас зугтаагаагүй, зөвшөөрөл авч гараад аав руугаа залгахад чи тайван бай би хүсэлтээ буцаагаад авна гэж хэлэхээр нь гэр рүүгээ явсан. Тухайн цэрэг татлагын байр нь ямар ч оргох боломжгүй, олон хүмүүс хяналт тавьж байсан. Ариун цэврийн өрөө нь хүртэл цонхгүй байсан. Өөрийн хайхрамжгүй зангаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Н.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн хэмжээнд 2016 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага явагдсан. Шүүгдэгчийн гэрт очсон боловч өөрөө байхгүй болохоор нь би зуслан дээр нь очиж, цэрэг татлагын байран дээр авчирсан. Н.С д би цэрэг татлагаар ороод тэнцвэл цэрэгт явах талаар тайлбарлаж хэлсэн. Н.С  нь цэрэг татлагын байранд ирээд, эрүүл, мэнд болон бусад үзлэгээр тэнцээд, анги хуваарилалтаа аваад, үсээ хусуулаад байж байсан. Тэгээд би шүүгдэгчид бичиг баримтаа бүрдүүлээд байж бай гэж хэлээд бусад цэргээ дамжин өнгөрүүлэх байранд хүргээд ирэхэд Н.С ыг алга болсон талаар надад мэдэгдээд бид эрэн сурвалжилж эхэлсэн. Нийт 3 хоног эрэн сурвалжилсан. Ингээд бид цэргээ алдсан учраас материалаа бүрдүүлээд цагдаагийн газар ханд гэсэн шаардлагыг тавьсан. Тухайн үед ар гэртэй нь холбогдож, цагдаатай хамт гэрт нь очиход гэрээсээ машины түлхүүрээ аваад машинаа унаад явчихлаа гэж байсан. Цэрэг татлага 3 өдөр явагддаг. Залуу хүүхэд байна өөртөө дүгнэлт хийх байх...гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэрч Я.Н  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Манай хүү Н.С  нь 2011 оноос хойш АНУ-ын …… их сургуульд Бизнесийн эдийн засгийн мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд 2013 оны сүүлээр манай аав Я-ын бие муудах болсон тул Н.С  сургуулиа төгсөж чадалгүй чөлөө авч Монгол улсдаа буцаж ирсэн. Тэгээд 2015 оны 01 дүгээр сараас буцаж сургуульдаа явах гээд АНУ-ын Элчин сайдын яаманд визний материалаа өгсөн боловч хариу ирээгүй юм. Тэгээд би Н.С ыг АНУ-ын виз гартал цэргийн алба хааж байг гэж бодоод өөрт нь хэлэлгүй Чингэлтэй дүүргийн цэргийн хэлтэст өөрийн биеэр очиж хүсэлт гаргасан юм. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн цэргийн хэлтсээс Н.С д зарлан дуудах хуудас өгч цэрэг татлагын байранд авчирсан юм байна лээ. Тэгтэл Н.С  сургуульдаа явах гээд дахин АНУ-ын Элчин сайдын яаманд материалаа өгөхөөр бүрдүүлсэн байсан ба үүнийг нь би мэдэлгүй цэргийн албанд явуулах гэж байсан. Тэгээд Н.С ын хувь цэрэг татлагын байрнаас шууд цэргийн албанд татагдвал сургуульдаа явж чадахгүй болчих байх гэсэн үүднээс цэрэг татлагын байрнаас явсан байсан…” гэжээ  /хх-14-16/.

Н.С  нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2010 оноос хойш Америкийн нэгдсэн улсын ………. дээд сургуульд бизнес менежментийн чиглэлээр суралцаж эхэлсэн юм. Ингээд жил бүрийн зуны амралтаар 05 дугаар сараас 08 дугаар сар дуустал Монгол улсдаа ирж амьдардаг юм. Тэгээд энэ жил буюу 2016 оны 4 дүгээр сард зуны амралт эхлээд Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгтэл 2016 оны 05 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Сэлхийн зуслан дээрээ амарч байхад цэргийн хувцастай танихгүй хүн орж ирээд чи Н.С  мөн үү гэхээр нь тийм байна гэж хэлэхэд цэргийн албанаас явж байна одоо явж цэрэг татлагад очно хувцсаа өмс гэсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд суралцдаг гэсэн тодорхойлолтуудаа авах гэсэн юм гэж хэлэхэд миний хүсэлтийг хүлээж аваагүй очоод тайлбарлаад хэлэхэд болно гэж надад хэлсэн. Тэгэхээр нь за тэгвэл очиж байгаад сургуульд суралцдаг талаараа хэлнэ, мөн ямар учиртай зүйл болоод байгаа талаар сураглая гэж бодоод тэд нарын шаардлагыг биелүүлээд дагаад явсан юм. Ингээд Чингэлтэй дүүргийн ..... дүгээр хороо .... дүгээр сургуулийн байранд байрлах Цэргийн штаб дээр очоод үзлэгт орсон. Тэгэхээр нь би Америкийн нэгдсэн улсад суралцдаг юм гэж хэлэхэд чиний баримт хаана байна вэ гэхээр саяхан би баримтаа авах гэтэл танай ажилтнууд авахуулаагүй юм гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би баримтаа авчрах хэрэгтэй байна гэж хэлээд нэг хүнд хэлчихээд цэрэг татлагын байрнаас гараад явсан юм. Ингээд цэрэг татлагын байрнаас гарч яваад аав Нэргүйтэй утсаар холбогдоод цэрэгт яв гээд байна ямар учиртай зүйл болоод байна вэ гэж асуухад аав өөрөө намайг цэрэгт явуулах хүсэлт гаргасан байсан. Тэгээд аав би хүсэлтээ буцаагаад авчихна санаа зоволтгүй явж болно гэхээр нь бичиг баримт үзүүлэх шаардлага байна уу гэхэд аав байхгүй би хүсэлтээ буцааж авахдаа бүх бичиг баримтыг чинь үзүүлье гэж хэлсэн юм. Ингээд би шууд гэртээ харьсан. Дахиж цэрэг татлагын комисс дээр очоогүй юм. Ингээд би Булган аймгийн ...... сум руу амрах зорилготой эмээгийнх рүүгээ явсан юм. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Булганы наадмаар төв рүү орж ирээд утас сүлжээтэй болж гэрийнхэнтэй холбогдоход яаралтай ирж уулзаа цагдаагаас дуудаад байна гэсэн. Түүнийг мэдээд би өөрөө цагдаагийн байгууллага дээр хүрэлцэн ирсэн юм...” гэжээ /хх-25-27/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, АНУ-д суралцаж байсан талаарх баримтууд, хохирогчийн төлөөлөгчийн бичгээр гаргаж өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.С  нь 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, ... дүгээр сургуулийн байранд байрлах цэрэг татлагын байранд ирж, эрүүл мэндээрээ тэнцэж, анги хуваарилалтаа авсны дараа оргон зайлсан буюу цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн гэм буруутай болох нь хохирогчийн төлөөлөгч Н.С-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Я.Н-н мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын зарлан дуудах хуудас болон шүүгдэгч Н.С-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.С-ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн буюу захиргааны хэв журмын эсрэг гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

            Шүүх, шүүгдэгч Н.С-д ял шийтгэхдээ түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нь гомдол саналгүй зэргийг харгалзан үзэв.

            Ял шийтгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овгийн Н.С ыг цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С д 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийг ажлын нэг хоногт тооцон баривчлах ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН