Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2022         01            04                                            2022/ШЦТ/65

           

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Д.Хорлоо,     

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Л.Б-д холбогдох эрүүгийн 2106 00000 1393 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** дугаар давхрын шатны бариулаас тоон түгжээтэй цоожоор цоожилсон иргэн С.Гийн эзэмшлийн саарал өнгийн 1 ширхэг унадаг дугуй, иргэн О.М-ийн эзэмшлийн Expert гэсэн бичвэртэй цагаан цэнхэр өнгийн 1 ширхэг унадаг дугуйг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн: “... 304 гэсэн бичиглэл бүхий хаалга байх бөгөөд хаалга дотогш ороход уг гэрийн эзэн Л.Б, түүний эцэг Ч.Л нар байх бөгөөд... өрөөний зүүн урд хэсэгт 5 ширхэг унадаг дугуй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, унадаг дугуй тус бүрээр нь гэрэл зургийн аппаратаар бэхжүүлж авав... цоожтой сейф байсныг Л.Б-р уг цоожыг онгойлгуулахад 3 давхартай хамгийн доод давхарт нь 2 ширхэг тоон кодтой, хар өнгийн тасарсан түгжээ байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч, уг 2 түгжээг түр хураан авав... үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас),

 

            Хохирогч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Нарантуул ОУХТ-ийн ард байрлах ** дугаар байрны ** давхарын шатны бариулаас хар саарал өнгийн тоон түгжээтэй цоожоор цоожилсон Expert маркийн цагийн өнгийн 29 хэмжээтэй унадаг дугуйгаа хулгайд алдсан. Дугуйгаа 2018 оны 02 дугаар сард манай аав Оргилболд 870.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй... 650.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-** дүгээр хуудас),

 

            Хохирогч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Нарантуул ОУХТ-ийн ард байрлах ** дугаар байрны 3 давхарын шатны бариулаас саарал өнгийн тоон түгжээтэй цоожоор цоожилсон марк тодорхойгүй нарийн дугуйтай засмал зам дээр явах зориулалттай саарал өнгийн араамтай цэнхэр өнгийн обудтай 28 хэмжээтэй ундаг дугуйгаа хулгайд алдсан. 2017 оны 6 дугаар сард манай найз Эрхэс гэдэг хүүхдээс 200.000 төгрөгөөр худалдан авсан... 400.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

 

            Шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би Нарантуул зах дээр тэрэг түрдэг юм. 2021 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ орох үед байрны 1 давхрын шатнаас төмөр тросоор цоожилсон байсан хар саарал өнгийн унадаг дугуйны төмрийн хөрөөгөөр тасалж, 3 давхрын шатнаас тросоор цоожилсон хар саарал өнгийн унадаг дугуйны түгжээг төмрийн хөрөөгөөр тус тус таслан хулгайлж гэртээ оруулсан... хулгайлсан дугуйнуудаа ээлжилж унадаг байсан. 3 хоногийн дараа Нарантуул зах дээр хулгайлсан дугуйгаа унаж байгаад эзэнд нь баригдаж цагдаа дуудсан... хувьдаа хэрэглэх эсхүл авах хүн байвал  зарах зорилготой байсан... хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хулгай хийхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

            Дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

            Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 28, 29 дүгээр хуудас),

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 32 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 34 дүгээр хуудас),

Мэргэшсэн жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Эд хөрөнгөнтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Оршин суух хаягийн тодорхойлолт (хавтас хэргийн 39 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 103-122 дугаар хуудас),

Ялын тооцоо бодсон тодорхойлолт (хавтаст хэргийн 123 дугаар хуудас), ШШГЕГ-Хорих ял эдлүүлэх албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08-5/07 дугаар: “... Л.Б нь 409 дүгээр хаалттай хорих ангиас 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.” гэх агуулга бүхий албан бичиг (1 хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.** дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны 3 дугаар давхрын шатны бариулаас тоон түгжээтэй цоожоор цоожилсон хохирогч С.Гийн эзэмшлийн саарал өнгийн 1 ширхэг унадаг дугуй, хохирогч О.М-ийн эзэмшлийн Expert гэсэн бичвэртэй цагаан цэнхэр өнгийн 1 ширхэг унадаг дугуйг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 657.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч Л.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны 3 дугаар давхрын шатны бариулаас тоон түгжээтэй цоожоор цоожилсон хохирогч С.Гийн эзэмшлийн саарал өнгийн 1 ширхэг унадаг дугуй, хохирогч О.М-ийн эзэмшлийн Expert гэсэн бичвэртэй цагаан цэнхэр өнгийн 1 ширхэг унадаг дугуй нууцаар буюу эзэмшигч өмчлөгчид мэдэгдэлгүй авч явсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг хоёр дугуйг тус бүр нь 387.000, 270.000 төгрөгөөр, нийт 657.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ гарчээ.

 

Улмаар уг хоёр дугуйг хохирогч С.Г, О.М нарт хүлээлгэн өгсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Л.Б нь хохирогч С.Гийн эзэмшлийн саарал өнгийн 1 ширхэг унадаг дугуй, хохирогч О.М-ийн эзэмшлийн Expert гэсэн бичвэртэй цагаан цэнхэр өнгийн 1 ширхэг унадаг дугуйг зэргийг авч нийт 657.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.Б нь хохирогч нарын өмчлөлийн хохирогч С.Гийн эзэмшлийн саарал өнгийн 1 ширхэг унадаг дугуй, хохирогч О.М-ийн эзэмшлийн Expert гэсэн бичвэртэй цагаан цэнхэр өнгийн 1 ширхэг унадаг дугуйг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч С.Г, О.М нарт нийт 657.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогч нар тус тус унадаг дугуйг биет байдлаар авсан байх тул шүүгдэгч Л.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай.” гэв.            Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэв.

                       

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил  хийлгэх ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-д нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

                       

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасна гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,

мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршүүл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус заасан. 

 

            Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 19-20-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх байх боловч 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

 

Шүүгдэгч Л.Б-ийн 2021 оны 6 дугаар сарын 19-20-ны өдрийн үйлдэл нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг буюу “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”-д хамаарч байх боловч түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь хамаарахгүй байна.

 

            Иймд шүүгдэгч Л.Б-д Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглээгүй болно.

           

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ