Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
Хэргийн индекс | 105/2022/0424/Э |
Дугаар | 2022/ШЦТ/439 |
Огноо | 2022-03-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/439
2022 3 24 2022/ШЦТ/439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ж.Э-д холбогдох эрүүгийн 2106 03124 0539 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “********”-ын 9 давхарт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн албан өрөөнд хохирогч Б.У-г байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдууллаа, байгууллагын албан байрнаас гаргах талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэх шалтгаанаар хохирогч Б.У-ийн хоолойг боох, гарыг мушгих, гараас нь татах зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “9 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээр байхад танай энд хүн орилоод байна. Очиж үзээч гэсэн ба утас дугарсан. Хүний нөөц Э энд нэг хүн орилж хашхичаад, хаалга саваад байна. Бушуухан ороод ир гэсэн. Хажууд Ниссорагийн захирал байсан ба танайхан хороондоо юу болоод байна. Хүн орж ирээд хаалга үүд саваад, цонх хагалчих гээд байна. Наад хүнээ бушуухан гарга гэж хэлсэн. 9 давхар барилга хэр нь намайг 1 давхарт байхад бараг сонсогдож байсан. Тэгээд би яасан, юу болсон гэхэд нөхөр нь ажил дээрээ камераа унтраагаад унтсан байсныг хүний нөөцийн менежер тодорхойлолт бичүүлсэн байсан ба чи манай нөхөртэй 2 цаг заваарсан гэхээр нь би манай бүх оффис камертай, юу гэж хүний нөөц тэгээд сууж байх вэ, хэрвээ тийм бол та шүүх, цагдаадаа ханд гэхэд би нөхрөө ажлаас нь гаргаж цалинг нь авч, хөдөө дагуулж явна. Би ченж хүн, бүх мөнгийг нь авч байж гарна гэсэн. Би аргадаад 30 минут суусан. Би уг нь доор суух ёстой. Тэгээд явахгүй нягтлан, хүний нөөцийг янз бүрээр доромжлоод яваад байсан. Би босгоод гаргах гэсэн. Гар доогуур нь гараа оруулах гэхээр хөхөнд хүрэх гээд байсан болохоор дээгүүр нь гараа явуулаад, нэг гараас татаад босгох гэсэн... Тэгээд босгох гэхэд шууд хэвтээд өгсөн. Би хүнд юм өргөж болдоггүй болохоор унгачихсан... утсаараа оролдоод байсан. Хана дагаад босоод суусан байсан. Цагдаа орж ирсэн байсан. Хүний нөөц, нягтлан хоёрыг цайны цаг болж байгаа юм чинь та хоёр гарчих, тэгвэл энэ хүн ганцаараа байна шүү дээ гэхэд үгүй, гарахгүй гээд суугаад байсан. Цагдаа орж ирээд мэдүүлэг авсан. Тэр хүнийг аваад явсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нөхрөө дагуулаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисора тауврын 9 давхарт байрлах Скай кинг гэх газар ирээд манай нөхөр хүний нөөцийнхөө өрөөнд орсон... би нөхрөө аваад гадаа гартал манай нөхөр миний зүүн талын чих рүү алгадсан. Тэгээд буцаад тухайн байгууллага руу ороод ямар учиртай юм. Цалин мөнгийг нь өгдөггүй юм бол гэж асуухаар ортол О.М нь харуулаа дуудаад харуул гэх хүн нь орж ирээд намайг сандал дээр сууж байхад намайг араас багалзуурдаж сандал дээр унагаад миний баруун гарыг мушгиад газар унасан хойно хар юмаар далайгаад цохих гээд байсан. Тэгж байхад О.М нь эхэлж цагдаа дуудаад би бас цагдаа дуудсан... миний баруун гарын долоовор хуруу үе хугаралтын төмөртэй, гарыг мушгихдаа тэрийг хөндөж одоо тухайн төмөр арьсыг цоолох мэт голдоо хонхойчихсон зовуурьтай байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 10 дугаар хуудас),
Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хамгаалагч Ж.Э орж ирээд та гар орилж чарлаад байна гэсэн. Бид нар ч бас энэ хүнийг гарга гээд хамгаалагчдаа хэлсэн. Тэгсэн манай хамгаалагч нөгөө хүнийг сандал дээрээс суусан байхаар нь босгож гаргах гээд гараас нь татсан. Тэгээд хойшоогоо саваад унасан. Тэгээд Ж.Э босгох гээд нөгөө хүний 2 гараас татаад дийлэхгүй байсан... би Ж.Э-г боль боль өөрөө босно гэсэн. Тэгээд Ж.Э больсон... манай байгууллагаас гар энд орилж чарлаж болохгүй би танд тайлбар хэлээд өгье битгий орилж чарла гэсэн шаардлага тавьсан боловч тайлбар хүлээж аваагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
Гэрч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хамгаалагч Ж.Э ах орж ирээд тухайн хүнд гар гэдэг шаардлага тавьсан боловч гараагүй шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгээд тухайн эмэгтэй сандал дээр сууж байхад нь Ж.Э хамгаалагч босгох гээд гараас нь татсан чинь нөгөө эмэгтэй хүн босохгүй гээд хойшоо болсон. Тэгээд хүнд жинтэй хүн байсан болохоор өөрөө саваад унасан. Тэгээд газраас хамгаалагч Ж.Э босгох гэсэн боловч босоогүй намайг зодлоо, барилаа гээд орилоод байсан... Амгалан тайван байдал эвдээд байна манай байгууллагаас гар гэж хэлсэн боловч тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 8266 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Б.У-ийн биед баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27, 28 дугаар хуудас),
2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр СиДи-д үзлэг хийсэн: “... Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал: 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисора таурын 9 давхарт байх Сиай кинг харуул хамгаалалтын байгууллагын хамгаалагчид зодуулсан гэх хэрэгт Скай кинг харуул хамгаалалтын төвийн оффисын хяналтын камерын бичлэгийг СиДи дээр буулгаж хүргүүлснийг 1 ширхэг СиДи үзлэг хийв... 1641179318 гэсэн бичиглэл гарч ирснийг нээж үзэхэд Скай кинг харуул хамгаалалтын байгууллагын оффисын өрөөний 3 минут 17 секундийн бичлэг байв. Дүрс бичлийн өрөөний хойморт компьютерын ширээний ард эмэгтэй хүн компьютер хараад сууж байх ба өрөөний голын ширээний хажууд эмэгтэй хүн сууж байх ба хар өнгийн пиджактай, цайвар өнгийн өмдтэй, цайвар өнгийн гуталтай эмэгтэй хүн хар өнгийн өмдтэй, хар өнгийн жилетик өмссөн дотуураа цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүний хамт орж ирэх үед компьютерын ширээний хажууд сууж байсан хар өнгийн пиджактай, улаан өнгийн өмдтэй эмэгтэй хүн босож ирээд өрөөний голын ширээнд сууж байсан эмэгтэй хүнд цаас өгч байна өрөөний голын ширээн дуур сууж байсан хүн гар утсаа оролдож байгаад цаасан дээр юм бичиж байхад хар өнгийн өмдтэй, хар өнгийн жилетик өмссөн дотуураа цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн өрөөнөөс гарч явахад өрөөний голын ширээнд сууж байгаа хүнийг хар өмдтэй,цэнхэр цамцтай хүн зүүн гараас нь татаж байгаад дараагаар нь баруун гарын нь мушгиж өчиж ард нь гаргаж байгаад сандлаас татаж унагааж байх ба голын ширээний ард сууж байгаа эмэгтэй хүн газар хэвтээд гар утсаа оролдож байгаад 01 минут 50 секундэд босож ирээд хана налаад суугаад гар утсаа зүүн гартаа бариад баруун гарын алгыг дээш нь харуулаад юм ярьж байгаад 02 минутад газраас босоод сандал дээр сууж, баруун гараа дээш, доош болгож юм ярьж байгаад бал аваад цаасан дээр юм бичиж байгаа юм бичиж байгаад үсээ оролдож байгаад үргэлжлүүлж бичиж байхад баруун гарын долоовор хуруу нугалрахгүй байна минут 02 минут 40 секундэд хар өмдтэй, цэнхэр срочкон цамцтай нуруун дээрээ скай кинг цамцтай эрэгтэй хүн орж ирж байгаа дүрс бичлэг үлдсэн байна... Скай кинг харуул хамгаалалтын байгууллагын оффисын үүдний хэсэг рүү харсан хяналтын камерын 01 минут 59 секундийн дүрс бичлэг үлдсэн байна. 15 секундэд хар маск зүүсэн, дээгүүрээ цайвар өнгөтэй ханцуй болон доод хэсгээрээ бараан өнгийн цамцтай, дотроо саарал өнгийн урд хэсэгтээ цайвар өжийн цамцтай, эрэг өнгийн өмдтэй эмэгтэй хүн баруун гарын алгыг дээш нь харуулж орж ирж байна араас нь хар өмдтэй, цэнхэр цамцтай нуруун дээрээ скай кинг гэсэн бичигтэй хар зангиатай, цагаан маск зүүсэн эрэгтэй хүн дагаж орж ирээд өрөө рүү ороход хар пиджактай, цайвар өнгийн өмдтэй эмэгтэй хүн дагаж өрөөнд орж байна. 01 минут 18 секундэд хар өмдтэй, цэнхэр цамцтай нуруун дээрээ скай кинг гэсэн бичигтэй, хар зангиатай, цагаан маск зүүсэн эрэгтэй хүн өрөөнөөс гарч ирээд зогсож байна 01 минут 30 секундэд тонгойж байгаад баруун гараа далайж байгаад цохиж байгаа юм шиг үйлдэл үзүүлж байна 01 минут 45 дахь секундэд улаан өмдтэй, хар цамцтай, цагаан масктай эмэгтэй хүн хар өмдтэй, цэнхэр цамцтай нуруун дээрээ скай кинг гэсэн бичигтэй хар зангиатай, цагаан маск зүүсэн эрэгтэй хүнийг дагуулаад алхаж байгаа дүрс бичлэг үлдсэн байна... Скэй кинг харуул хамгаалалтын байгууллагын оффисын өрөөний 30 секундийн бичлэг байх ба хар маск зүүсэн, дээгүүрээ цайвар өнгөтэй, ханцуй болон доод хэсгээрээ бараан өнгийн цамцтай, дотроо саарал өнгийн урд хэсэгтэй, цайвар өнгийн цамцтай, эрээн өнгийн өмдтэй эмэгтэйг хүнийг хар өнгийн өмдтэй, цэнхэр цамцтай нуруун дээрээ скай кинг гэсэн бичигтэй, хар зангиатай, цагаан маск зүүсэн эрэгтэй хүн зүүн гарыг нь баруун гараагаа мушгиж ард нь гаргаж байгаад зүүн гараараа хоолойг нь боож байгаад сандлаас татаж байгаад газар унагааж байгаад эмэгтэй хүн нь газар унаад гар утсаа оролдож байгаад дуудлага хийж байхад хар өмдтэй, цэнхэр цамцтай нуруун дээрээ скай кинг гэсэн бичигтэй, хар зангиатай, цагаан маск зүүсэн эрэгтэй хүн тонгойж байгаад баруун гараараа далайж байгаад цохиж байгаа юм шиг үйлдэл үзүүлж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),
Шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би тухайн эмэгтэй хүнийг боогоогүй, хурууг нь мушгисан зүйл байхгүй. Би баруун гарын суганаас нь өргөсөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас),
“********” ХХК-ийн хүсэлт, хавсралт (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “... Шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “********”-ын 9 давхарт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн албан өрөөнд хохирогч Б.У нь хэрүүл маргаан үүсгэсэн байх бөгөөд шүүгдэгч Ж.Э нь “байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдууллаа, байгууллагын албан байрнаас гаргах талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэх шалтгаанаар хохирогч Б.У-ийн хоолойг боох, гарыг мушгих, гараас нь татах зэргээр гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Ж.Э нь “********” ХХК-д хамгаалагчаар ажилладаг болох нь уг компанийн тодорхойлолт, нийгмийн даатгалын лавлагаа зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 33, 41 дүгээр хуудас)
Хохирогчид Шүүхийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 8266 дугаар дүгнэлтээр “баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн бугалганы цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ж.Э нь хоолойг боох, гарыг мушгих, гараас нь татах зэргээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.У-д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 8266 дугаар дүгнэлтээр “баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн бугалганы цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.У-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх;
20.1.Харуул хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй бол харуул хамгаалалтын алба хаагч мэх, дараахь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно.
20.1.1.гав;
20.1.2.хүлэг;
20.1.3.резинэн ба цахилгаан бороохой;
20.1.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;
20.1.5.резинэн ба хуванцар сумтай буу гэж тус тус зааж өгсөн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх биеийн хүч хэрэглэх, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх буюу харуул хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй тохиолдол үүсээгүй байна.
Шүүгдэгч Ж.Э нь “Скай кинг” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байхад 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “********”-ын 9 давхарт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн албан өрөөнд Б.У-г байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдууллаа, байгууллагын албан байрнаас гаргах талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэх шалтгаанаар хохирогч Б.У-ийн хоолойг боох, гарыг мушгих, гараас нь татах зэргээр хүч хэрэглэн халдсан байна.
Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.У-ийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй улмаас нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогч нь хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн эсэх, мөн уг эсэргүүцлийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй нөхцөл байдал үүсээгүй байна.
Өөрөөр хэлбэл Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 20.1-д зааснаар нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх шаардлага тохиолдол үүсээгүй байхад хохирогч Б.У-д биеийн хүч хэрэглэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ж.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогч Б.У-ийн зүй бус буруутай үйлдлээс буюу албан байгууллагад хэрүүл маргаан үүсгэж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулснаас, мөн шүүгдэгч Ж.Э нь нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх талаар ойлголт, хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг дутмаг, энэ талаар тухайн байгууллага дутуу анхаарч, шаардлагатай хэмжээнд сургалт, холбогдох зааварчилгаа бүрэн гүйцэд өгөөгүйгээс гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Б.У нь хохиролтой холбоотой баримт гаргаж өгч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Ж.Э-ээс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.4 дэх хэсэгт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Ж.Э-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.У нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Ж.Э-ээс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ