Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 10А

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч М.Очирбат,

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

            Шүүгдэгч Д.Цогтбаатар, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

            Шүүгдэгч Д.Болдбат, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Доржийн Цогтбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Дэмбэрэлийн Болдбат нарт холбогдох эрүүгийн 2014250001103 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 12 дугаар гудамжны 41 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй,

-Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 187 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 4 жил хорих, 168 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил хорих, 63 дугаар зүйлийн б-д зааснаар 3 жил хорих, 1741 дүгээр зүйлд зааснаар 3 жил хорих, 64 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 30 дугаар зүйлийг журамлан биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 441 дүгээр тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 22 хоногийн хорих ялын 1/4 болох 8 сар 5 хоногийн ялыг өршөөн хасч, 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн шүүхийн 47 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 9 сар 14 хоногийн ялыг тэнсэж сулласан,

-Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 270 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 325 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих, 267 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийг журамлан 3 жил хорих ялаар, мөн хуулийн 38 дугаар зүйлийг журамлан биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосон, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн 287 дугаар магадлалаар 1 жил 6 сар 06 хоногийн хугацааны өмнө сулласан,   

-Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жил хорих, 267 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийг журамлан 4 жил хорих ял, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан нийт биечлэн эдлэх ялыг  5 жил 6 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

-Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 1000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил хорих,  211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 4 жил хорих, 267 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоож, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан нийт ялыг 10 жил 3 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнийг онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцсон ба 2001 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан биечлэн эдлэх нийт ялыг 5 жил хорих ялаар тогтоосон, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Доржийн Цогтбаатар (РД:УС62021811),

2.Монгол улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн 123 тоотод оршин суух хаягтай,

Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 592 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 40 000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дэмбэрэлийн Болдбат (РД:Ч071041811),

(яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) Д.Цогтбаатар урьд нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлснээс хойш, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр ганцаараа 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын автобусны буудлаас иргэн А.Мянганбаярын халааснаас Самсунг галакси нөт-1 загварын 260.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлсан,

-Д.Болдбаттай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн И.Сувдын халааснаас 350.000 төгрөгийн үнэтэй Самсунг галакси эс-3 загварын гар утсыг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

-урьд хорих ангиас буюу давтан оргосон гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш, ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр эрүүгийн 2014250001103 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 371 хоног мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт,

Д.Болдбат нь яллагдагч Д.Цогтбаатартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлаас автобусанд суух гэж байсан иргэн И.Сувдын халааснаас 350.000 төгрөгийн үнэтэй Самсунг галакси эс-3 загварын гар утсыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.          

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:

            1.Д.Цогтбаатараас:-1984 онд би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Би 2014 оны 3 дугаар сард хулгай хийсэн. Би 11 дүгээр сарын 24-ний үйлдэл дээр шүүгдэгч Д.Болдбаттай хамт хулгай хийгээгүй. Тухайн үед намайг Бөмбөгөр дээр хоолны газарт байж байхад Д.Болдбат гаднаас орж ирээд бид хамт хоол идээд сууж байхад цагдаа ирээд Д.Болдбатын халаасыг ухаад утас гаргаад ирсэн. Би энэ үйлдэлд оролцоогүй. Намайг 371 хоног алга болсон гэдэг. Тухайн үед манай дүү мал маллаад өгөөч гээд надаас гуйгаад байхаар нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны орой би Батсүмбэр рүү явсан. Би байцаагчдаа энэ талаараа хэлэлгүйгээр явсан нь миний буруу гэв.

            2.Д.Болдбатаас:-Би хохирогч Сувдын гар утсыг авсан. Энэ үйлдлийг хийхэд би ганцаараа байсан. Тэгээд би хоолны газар руу ороход шүүгдэгч Д.Цогтбаатар байсан. Тэгээд би шүүгдэгч Д.Цогтбаатартай гар бариад мэндлэхэд араас цагдаа орж ирсэн гэв.

            Хохирогч нараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

   1.А.Мянганбаяраас:-...2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн оройн 19 цагийн үед найз охин Мөнхжаргалын хамт Ард кино театрын замын автобусанд суучихаад, халаасандаа байсан гар утсаа шалгаж үзтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд буцаад автобуснаасаа буугаад гар утас руугаа залгатал дуудаж байсан ба нэг эрэгтэй хүн аваад цагдаа байна, утсаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс ирж аваарай гэж хэлэхээр нь маргааш нь очиж утсаа авсан. Ягаан өнгийн гэртэй хар өнгийн Самсунг нөүт-1 загварын гар утас байсан. Би 8 хоногийн өмнө 250.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Автобусны буудал дээр нэг хар өнгийн савхин хүрэмтэй хөгшин настай ах авсан байсан. Харин нөгөө ахыг нь бол автобусны буудал дээр хараагүй. Тэр ах хулгай хийхэд нь байгаагүй байх. Би алдсан гар утсаа буцаан авсан одоо гомдол саналгүй гэжээ.

2.И.Сувдаас:-...Би 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14-15 цагийн үед 10 дугаар хорооллоос автобусанд сууж Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр буусан. Тэгээд Хайлаастын автобус 15-20 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь Дэнжийн мянгын автобусанд суучихаад гар утсаа гаргаж ирэх гэсэн чинь гар утас байхгүй болсон байсан. Тэгтэл манай нөхрийн гар утас руу миний утаснаас залгаад цагдаагаас ярьж байна, гар утсаа ирж ав гэж залгасан. Тэгээд би цагдаагийн газар ирсэн. Самсунг галакси эс-3 маркийн цагаан өнгийн утас байсан. Зургаан сарын өмнө Тэди худалдааны төв дээрээс 450.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо худалдаж авсан үнээрээ үнэлнэ гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Б.Амарсанаагаас:-...Би 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төв орчмоор ганцаараа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр урьд нь халаасны хулгайн гэмт хэргээр шалгагдаж байсан Цагдаагийн хэлтэст бүртгэлтэй Дорж овогтой Цогтбаатар нь тус автобусны буудал дээрээс Дэнжийн 1000 чиглэлтэй автобусанд суух гэж байсан иргэн Туяагийн гадна талын куртикны халааснаас Самсунг эс-3 маркийн гар утсыг хулгайлж байсныг илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст илтгэх хуудас бичин хүлээлгэн өгсөн. Тэр өдөр Д.Цогтбаатар ганцаараа буудал дээр зогсож байсан ба энэ өдөр Д.Цогтбаатартай хамтарч үйлдсэн хүн байхгүй ганцаараа үйлдсэн. Бөмбөгөр худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр ямар нэг хяналтын камер гэх зүйл байхгүй байсан. Би тухайн өдөр шалгаж үзсэн гэжээ.

2.Ө.Эрхэмбаяраас:-...Би 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад өөрийнхөө найзуудтай 1 пиво, 1 шил архи хувааж уучихаад харих гээд Ард кино театрын буудал зогсож байсан чинь манай талийгаач ахын найз Цогтбаатартай таарсан. Тэгэхэд Цогтбаатар нилээн халамцуу байснаа надтай таарангуутаа л ахдаа ганц шил архи аваад өгчихөөч гээд шалаад байхаар нь би надад мөнгө байхгүй архи авч өгч чадахгүй гэж хэлээд зам хөндлөн гараад автобусны буудал дээр очиж гэр рүүгээ харих гээд автобусны буудал руу алхсан чинь араас дагаад яваад ирсэн. Тэгтэл гэнэт араас цагдаа нар Цогтбаатар ах бид хоёрыг бариад авсан. Би гайхаад юу болсон бэ гэхэд хүний гар утас хулгайлсан байна гэж хэлсэн, би Цогтбаатар ахыг хаанаас хулгай хийсэн талаар огт мэдээгүй байсан. Цогтбаатар нь манай талийгаач ахын найз байсан. Би Цогтбаатар ахыг зүс л танихаас өөр зүйлгүй, сүүлийн 4-5 жил огт тааралдаагүй. Хаана юу хийдэг талаар мэдэх зүйл алга гэжээ.

3.Б.Мөнх-Оргилоос:-...би хууль сахиулах их сургуулийн цагдаагийн сонсогч О.Нармандахын хамт 2014-2015 оны хичээлийн жилд танилцах дадлагын удирдамжийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт халаасны гэмт хэрэг гарч болзошгүй олон хүн бөөгнөрсөн газарт дадлагын сонсогч нарыг хуваарилж ажилласан. Тухайн үед О.Нармандах бид хоёр 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ард кино театраас Мөнгөн завъяа дэлгүүрийн ойр орчимд ажиллах маршруттай явж байтал оройн 19 цагийн үед Ард кино театрын урд талын автобусны буудал дээр зогсож байсан 40-50 орчим насны зүүн талын нүд нь сохор хөгшин эрэгтэй хүн ирсэн автобус болгон руу суух гэж байгаа хүмүүсийн араас шахаад тэгсэн хэрнээ суулгүй буцаад бууж ирээд байсан. ...Одоо хаягийг нь санахгүй байна. Нэг автобус ирэхэд тус автобусны буудал дээрээс автобусанд суух гээд орж байсан 20-25 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүний араас нь шахаж байгаад яг автобусанд суух үед нь эрэгтэй хүний гадна талын куртикны баруун талын халааснаас ягаан өнгийн гэртэй гар утсыг нь суйлж аваад өөрийнхөө өмдний баруун талын хойд халаасанд хийж авсан. Тэгээд хулгайлсан гар утсаа аваад замын эсрэг талын буудал руу гүйж гарснаа нэг эрэгтэйтэй юм ярих гээд зогсож байхад нь сонсогч О.Нармадах бид хоёр очиж уулзаад хулгайлсан гар утсаа гаргаад ир гэтэл 50 орчим насны, зүүн нүд нь сохор хөгшин эрэгтэй хүн нь өмднийхөө халааснаас Cамсунг нөүт -1 маркийн ягаан өнгийн гэртэй гар утас гаргаж ирсэн ба харин цуг зогсож байсан залуу нь хулгай хийсэн талаар огт мэдээгүй, юу болоод байгаа юм бэ гээд гайхаад байхаар нь О.Нармандах бид хоёр шууд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст илтгэх хуудас бичин хүлээлгэн өгч ажилласан гэжээ.

4.О.Нармандахаас:-...Мөнх-Оргил бид хоёр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дадлага хийж, “Халаас” нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ард кино театрын орчимд ажилласан. Иргэн А.Мянганбаярын гар утсыг хулгайлахад Д.Цогтбаатар нь ганцаараа явж байсан ба ганцаараа энэ гэмт хэргийг үйлдсэн гэжээ.

5.Б.Цэндсүрэнгээс:-...Д.Цогтбаатар нь манай нөхрийн найз болохоор таньдаг юм. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэрт хамт амьдарч байсан боловч 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүүхэдтэйгээ уулзчихаад ирье гэж хэлээд гарч яваад ямар ч сураггүй болж, утас нь холбогдохоо больсон. Д.Цогтбаатарын очих боломжтой байршил хаяг гэх зүйл үнэндээ алга байна гэжээ.

6.Б.Мөнхжаргалаас:-...Би тухайн өдрийг сайн санахгүй байна. Ойролцоогоор 19 цагийн үед өөрийн найз залуу болох Мянганбаярын хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын автобусны буудал дээр зогсож байгаад автобусанд суусан юм. Энэ хооронд Мянганбаярын халаасанд байсан Самсунг нөүт-1 маркийн гар утас алдагдсан байсан. Тэгээд Мянганбаяр бид хоёр цагдаагийн хэлтэст дээр ирсэн гэжээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.02.18-ны ¹142 тоот дүгнэлтэд:

1.Д.Цогтбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2.Д.Цогтбаатар нь хэрэг үйлдэхээс өмнө болон үйлдэх үедээ мөн хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадвартай байсан байна.

3.Д.Цогтбаатар нь мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт цугларсан нотлох  баримтуудыг дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Цогтбаатар нь урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын автобусны буудал дээр иргэн А.Мянганбаярын халааснаас Самсунг галакси нөүт-1 загварын 260.000 төгрөгийн үнэтэй гар утас хулгайлсан,

мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.Цогтбаатар Д.Болдбат нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн И.Сувдын халааснаас 350.000 төгрөгийн үнэтэй Самсунг галакси эс-3 загварын гар утас хулгайлсан,

шүүгдэгч Д.Цогтбаатар нь урьд хорих ангиас оргосон гэмт хэрэгт  шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт буюу эрүүгийн 2014250001103 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үед буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 371 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

шүүгдэгч Д.Болдбат нь Д.Цогтбаатартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн И.Сувдын халааснаас 350.000 төгрөгийн үнэтэй Самсунг галакси эс-3 загварын гар утас хулгайлсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, Д.Цогтбаатарын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “Би 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ард кино театрын орчим иргэн Мянганбаярын гар утас хулгайлсан. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээрээс иргэн Сувдын халааснаас гар утас хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2015 оны 01 дүгээр сараас хойш мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэдгийг хэлмээр байна. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Отгонбаатар гэх малчны гэрт очиж үхрийг нь маллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ирээд, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гудамжинд явж байгаад  цагдаад баригдсан” гэх мэдүүлэг, сонсогч О.Нармандах, Б.Мөнх-Оргил нарын бичсэн илтгэх хуудас, 2014 оны 3 дугаар сарын 25-нд Д.Цогтбаатараас Самсунг галакси нөүт-1 маркийн гар утас хураан авсан тэмдэглэл /1-р хх 6/, хохирогч А.Мянганбаярт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 11/, эд зүйлийн үнэлгээ, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.Болдбатаас Самсунг галакси эс-3 маркийн гар утас хураан авсан тэмдэглэл, хохирогч И.Сувдад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 87-88/, эд зүйлийн үнэлгээ, шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.02.18-ны ¹142 тоот дүгнэлт, сэжигтэн Д.Цогтбаатарыг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай тогтоол, түүнийг Б.Цэндсүрэн, Ж.Хүрэл нарын батлан даалтад өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 93-95/, мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай 2016.01.15-ны өдрийн ¹19 дүгээр прокурорын тогтоол, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Д.Цогтбаатарыг урьд нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэнээс хойш, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч Д.Цогтбаатар нь 1984 онд дээрмийн гэмт хэрэгт 2 жил хорих ялаар шийтгүүлж, улмаар ялтай байх хугацаандаа 1987, 1993, 2004, 2006 онуудад удаа дараа өөр өөр гэмт хэргүүд үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д зааснаар дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлснээс хойш ялгүйд тооцох хугацаа тасалдаж, ялтайд тооцогдоно гэж үзсэн нь зөв байна.

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10-т “…шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Цогтбаатарын дээрэмдэх гэмт хэргийн ялтай байдлын хугацааг дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгчийн 1993 онд хорих газраас оргосон гэмт хэрэгт 4 жил хорих ялаар шийтгүүлсэн гэмт хэргийн ялгүйд тооцох хугацаа 2004, 2006 онд тасарсан тул уг ялтай байдлыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан  Өршөөлийн хуульд хамруулаагүй болно.

Иймд прокуророос шүүгдэгч Д.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 болгон өөрчилж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүгдэгч Боржигон овогт Доржийн Цогтбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хорих газраас оргосон гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан ял тус тус оногдуулах,

шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлийн Болдбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Болдбат нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан хөнгөн гэмт хэргийн ялтай байдлын хугацаа дууссан тул түүнийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Болдбат нь шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргасан тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Харин шүүгдэгч Д.Болдбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй тул Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түүнд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон болно.

Шүүгдэгч Д.Цогтбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулсан болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүд, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарын 1993 онд дээрмийн гэмт хэрэг шийтгүүлсэн хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Прокуророос шүүгдэгч Д.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Цогтбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлийн Болдбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

4.Шүүгдэгч Д.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 (тав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч Д.Болдбатыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Болдбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Болдбатад энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

8.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарын цагдан хоригдсон 291 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Болдбат цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

9.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

10.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Цогтбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Болдбатад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

                   ШҮҮГЧИД                                           Ё.ЦОГТЗАНДАН

         С.БАТГЭРЭЛ